| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/01252/И |
| Дугаар | 210/МА2026/00139 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00139
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/08967 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, *******нарт холбогдох
Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 35,826,238 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, А.Энхжин, хариуцагч *******, хариуцагч *******итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*******ХХК нь хариуцагч нартай 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 23082436 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу түүний эзэмшилд 40,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тoёота приус маркийн автомашиныг шилжүүлсэн. Хариуцагч нь дээрх 40,000,000 төгрөгийн 25 хувь буюу 10,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон төлсөн бөгөөд үлдэх 30,000,000 төгрөгийг нэг сарын 3.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаанд сар бүр 1,480,009 төгрөг төлөх замаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар тохирсон.
Хариуцагч нар нь үндсэн төлбөрт 2,982,911 төгрөг, хүүнд 10,915,249 төгрөг, алдангид 1,861,849 төгрөг, нийт 15,760,009 төгрөг төлсөн боловч 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй ба үндсэн төлбөр 27,017,089 төгрөг, хүү 5,483,251 төгрөг, алданги 3,325,898 төгрөг, нийт 35,826,238 төгрөгийн өр төлбөр үүссэн.
Хариуцагч нарын үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар тээврийн хэрэгслийг түр буцаан авах эрхээ хэрэгжүүлэн хураан авсан байгаа болно.
Иймд хариуцагч нараас 35,826,238 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч *******татгалзал, тайлбарын агуулга:
*******ХХК нь 35,826,238 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд түрээсийн эд зүйлийг хүч түрэн хураан авч иргэн намайг хохироосон, түрээсийн зүйлийг ашиглаагүй хугацаанд их хэмжээний төлбөр, хүү, алданги нэмж тооцож байгаад гомдолтой байна. Хуулийн болон санхүүгийн мэдлэггүйг далимдуулан удаа дараа дарамталж, их хэмжээний мөнгийг төлөх бүрт хүү, алданги хэмээн эхэлж суутгаж, үндсэн төлбөрөөс хасахгүй явсаар зориуд их хэмжээний өр төлбөрт унагасан. Дараа нь төлбөрөө төлдөггүй мэт айлган сүрдүүлж, түрээсэлж байсан автомашиныг ямар нэгэн баримт бичиг үйлдэж өгөхгүйгээр хураан авсан. Миний бие урьдчилгаа 10,000,000 төгрөг, гэрээний дагуу нэмж 15,760,000 төгрөг төлсөн. Энэ байгууллагаас гаргаж байгаа санхүүгийн нарийн тооцоолол, өр төлбөр, хүү, алданги нь Санхүүгийн зохицуулах хорооны мөрдүүлж байгаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг мэдэх боломжгүй байна. Иймд шинжээч томилж дүгнэлт гаргуулж өгөхийг хүсье. Мөн надад үйлчилгээ үзүүлэх үедээ Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан байсан эсэх, зөрчилгүй байсан эсэх талаар лавлагаа авах шаардлагатай гэж үзэж байна. Миний түрээсэлж байсан автомашиныг хэзээ хураан авсан, хаана хадгалж байгаа, хураан авснаас хойш өөр этгээдэд ашиглуулсан эсэх талаар тодруулах үүднээс үзлэг хийж өгөхийг хүсье гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 35,826,238 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,082 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 337,082 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч *******давж заалдах гомдлын агуулга:
4.1.Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах хуулийн шаардлагуудыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах хуулиар тогтоосон журам, мөн зохигчийн шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Тодруулбал, санхүүгийн шинжээч томилуулах, Санхүүгийн зохицуулах хорооноос нотлох баримт гаргуулах, гэрээний зүйлийг хураан авсан үйл баримтыг тодруулах зорилгоор нэхэмжлэгч байгууллагаас лавлагаа гаргуулах, гэрээний зүйл болох автомашинд үзлэг хийлгэх тухай хүсэлтүүд гаргасан бөгөөд анхан шатны шүүх хариуцагч *******гаргасан хүсэлтүүдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 47 дугаар зүйлийн 47.1, 38 дугаар зүйлийн 38.6, 38.3, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгүүдэд зааснаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэж чадалгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.
- Нэхэмжлэгч нь ямар тооцооллоор 35,826,238 төгрөг гарган нэхэмжилж байгаа нь тодорхой бус байгаа бөгөөд талуудаас гаргаж буй санхүүгийн тооцооллын зөрүүтэй байдлыг тусгай мэдлэг, мэргэжил бүхий этгээдийг шинжээчээр томилуулан дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн.
- Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч "*******" ХХК-ийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулах хууль зүйн нөхцлийн талаархи лавлагаа тодорхойлолтыг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргуулах тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй этгээд болох нь тогтоогдвол Авто машин лизинг /санхүүгийн түрээс/-ийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болох нь тогтоогдож нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэх байсан.
- Нэхэмжлэгч нь авто машиныг хариуцагч *******эзэмшлээс хууль бусаар хураан авсан бөгөөд уг үйлдэл нь Авто машин лизинг /санхүүгийн түрээс/-ийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.10, 2.10.1, 2.10.2, 2.10.3 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн зөрчил болсон. Үндсэн төлбөр болон хүү, алданги тооцохдоо гэрээнд заасан төлбөр нэмэх, хасах зохицуулалтуудыг хэрхэн хэрэглэсэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх үалйшгүй шаардлагатай бөгөөд нэхэмжлэлийн дүнд нөлөөлөх чухал ач холбогдолтой.
Нөгөө талаас нэхэмжлэгч нь авто машиныг хууль бусаар хураан авч буй үйлдэл нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзах хууль зүйн үр дагавар үүсгэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээнээс татгалзсан хууль үр дагавар тогтоогдож буй нөхцөлд үндсэн төлбөр, хүү, алданги тооцох, тооцоолох хугацаанд өөрчлөлт орж нэхэмжлэлийн үнийн дүн өөрчлөгдөх үр дагавар үүсэх юм.
- Хариуцагч *******татгалзлын үндэслэлээс шалтгаалан тодруулах зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал нь автомашины биет байдлын шинж чанар бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг цаашид хүлээн зөвшөөрөх, татгалзах эсэхээс үл хамаарч автомашиныг өөрийн өмчлөл, эзэмшилдээ буцаан авах эрхтэй. Нөгөө талаас гэрээ дуусгавар болоогүй, талууд шаардах эрхээ хэрэгжүүлэн маргаж байгаа үе шатанд гэрээний зүйлийг гуравдагч этгээдэд шилжүүлэх боломжгүй бөгөөд маргаан бүхий асуудлын хууль зүйн хэмжээ хязгаарыг тодорхойлоход хүндрэлтэй нөхцөл байдалд хүрнэ. Дээрх нөхцөл байдлыг нарийвчлан тогтоох зорилгоор автомашинд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй.
4.2.Мөн анхан шатны шүүх хариуцагч *******нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар тайлбарласан. Зээл, зэээлийн хүүгийн алданги бодсон тооцоололтой маргаагүй" гэж хэргийн оролцогчоос гаргасан тайлбар, татгалзлаас илт зөрүүтэй дүгнэж тухайн дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч *******үндсэн эрхийг удаа дараа ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр явуулсан шүүх хуралдаанд хамтран хариуцагчийг оролцуулалгүй шийдвэр гаргасан нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн зөрчил болсон. Хэргийн оролцогч нь хуулиар олгогдсон мэтгэлцэх эрхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хэрэгжүүлэх бүрэн эрхтэй бөгөөд тухайн эрхээр хангах үүрэг нь шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчим юм.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 35,826,238 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд хариуцагч *******эс давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид маргааны зүйлийн талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Тус эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч *******ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүн 35,826,238 төгрөгийн 1,826,238 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 34,000,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нар төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор сар бүрийн 15-ны өдөр 3,400,000 төгрөгөөр нэхэмжлэгч *******ХХК-д төлөх, нэхэмжлэгч *******ХХК *******арлын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч *******д эвлэрлийн гэрээг баталсан өдөр хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/08967 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ХХК нэхэмжлэлийн шаардлагын 1,826,238 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч *******, ******* нар үлдэх 34,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 3,400,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 3,400,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 3,400,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 3,400,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 3,400,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 3,400,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 3,400,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 3,400,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 3,400,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 3,400,000 төгрөг тус тус нэхэмжлэгч *******ХХК-д төлөх, нэхэмжлэгч *******ХХК-аас *******арлын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч *******д эвлэрлийн гэрээг баталсан өдөр хүлээлгэн өгөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******эс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 337,082 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Д.ЗОЛЗАЯА