| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/04326/И |
| Дугаар | 210/МА2026/00161 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2026/00161
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/08674 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч:*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 27,981,127 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн өмгөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1.Миний бие 2023 оны 09 дүгээр сард******* ХХК-д цахилгааны ажилтнаар орсон.******* ХХК-ийн дор******* ХХК-д ажилладаг ахлах******* гэж хүн байсан. Намайг ажилд ороод удаагүй байхад******* нь надаар зээл авхуулахаар ярихад над дээр зээл гарахгүй юм байна гээд зээл авч өгөөгүй. Түүнээс хойш 2-3 сарын дараа буюу 06 дугаар сарын 25-ны өдрөөс ирээд дахиад эгчийнх нь зээл бүтэх гээд байна, эгчийнх нь нэр дээр жаахан зээл үлдсэн байгааг хаагаад эргүүлээд зээл аваад 07 дугаар сардаа багтаагаад гаргаад өгнө, ямар ч асуудалгүй, зээл авах санхүүч нартайгаа ярьчихсан байгаа гэж хэлээд надаар 3 банкнаас зээл авхуулсан.
1.2.Миний бие 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр М банктай 6000227775 дугаар цахим зээлийн гэрээ байгуулан 12,300,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, Хаан банктай ЗГ/56835843 дугаар зээлийн гэрээг байгуулж өөрийн цалингийн орлогыг барьцаалан 10,000,000 төгрөгийг жилийн 19.80 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, Голомт банктай ЗГ-R001492985 дугаар дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлж авч өгсөн.
1.3.******* нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 2025 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд дээрх зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүү төлбөрийг төлсөн боловч 2025 оны 02 дугаар сараас эхлэн зээлийг хуваарийн дагуу төлөхөө больсон.
1.4.Иймд хариуцагч*******гаас М банктай байгуулсан цахим зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 9,531,774 төгрөг, Хаан банктай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 7,415,205 төгрөг, Голомт банктай байгуулсан дижитал зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 7,448,353 төгрөгийг тус тус миний өөрийн төлсөн 3,586,000 төгрөгийн хамт нийт 27,981,127 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Нэхэмжлэгчийн мөнгийг би ганцаараа аваагүй. 2021 оноос хамт амьдарч эхэлсэн*******гийн хүсэлт, шаардлагаар *******аас бид хамт зээлсэн бөгөөд мөнгөн дүн нь миний дансаар орж ирсэн учир дан ганц надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
2.2.******* нь цахим тоглоом тоглож, өрөө дарах зорилгоор надаар болон өөр хүмүүсээр зээл авхуулсан. *******аас******* нь зээл авхуулсан бөгөөд уг мөнгийг төлнө гэдгээ илэрхийлсэн ч төлөөгүй байна. Энэ нөхцөл байдлыг би нэхэмжлэгчид удаа дараа хэлсэн бөгөөд би төлөх боломжгүй,******* төлнө, түүнийг хариуцагчаар татаад өгөөч гэж түүнд хэлсээр ирсэн. *******,******* нар нэг компанид ажиллаж байсан бөгөөд 2025 оны 03 дугаар сард энэ зээл авхуулсан асуудлыг ******* удирдлагад мэдэгдсэний улмаас намайг асуудлаа шийдсэний дараа ажилдаа явах шаардлага тавиад ажлаас түр чөлөөлсөн.
2.3.2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойш миний биеийн байдал огцом муудсан бөгөөд эмчийн үзлэгээр Тархины хорейтост буюу сэтгэл түгших, нойргүйдэл, хэл яриа болон хөдөлгөөний саатал гэх онош тогтоогдсон. Уг өвчний улмаас өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд оролцох чадваргүй болж, эмчилгээ хийлгэж байна.
2.4.Нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн мөнгөө хасаад 8,140,127 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 19,840,000 төгрөг ээжийнх нь дансаар орсон тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч*******гаас зээлийн гэрээний үүрэгт 26,890,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,091,127 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,856 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 292,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Шүүх талуудын хооронд үүссэн харилцаанд эрх зүйн дүгнэлт өгөхдөө Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр М банк, Голомт банк, Хаан банктай тус тус зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлсэн үйл явдал нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлдэгч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа юм. Энэхүү харилцаанаас ангид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар*******,*******, ******* нарын хооронд үүссэн зээлийн харилцааг *******ын банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдтэй үүсгэсэн харилцаатай адилтган зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс хариуцагч*******г мөнгө зээлсэн гэж дүгнэн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулсан нь үндэслэлгүй.
4.2.******* болон ******* нар нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй атал шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хүү авах эрхээ алдах хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй.
4.3.Зээлийн хүүнд төлсөн гэх 3,586,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн болохоо бичгийн баримтаар нотолж чадаагүй байхад нэхэмжлэгчийн мөнгөн дүнг төлсөн болохыг тогтооход эргэлзээтэй харилцсан зурвас гэх баримтыг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байхад төсөөлөл, хийсвэрлэлээр хандаж шүүхийн шийдвэр гаргасан нь шийдвэр хууль ёсны байх шалгуурыг хангаагүй гэж үзэж байна.
4.4.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 3,586,000 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1.Нэхэмжлэгч нь 3 банкнаас нийт 32,300,000 төгрөгийн зээл авч,******* болон түүний ээжгийн данс руу 31,979,000 төгрөгийг зээл авсан 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр банк тус бүрээс шилжүүлсэн байдаг. Талуудын хооронд зээлийн талаар ямар нэгэн маргаан үүсээгүй тул хариуцагч нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч тухайн зээлийг*******гийн шахалт, гуйлтын дагуу авсан.
5.2.Хариуцагч нь нэхэмжлэгчээс 31,979,000 төгрөгийг зээлж, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн банк тус бүрийн зээлийн төлбөрийг хуваарийн дагуу 2025 оны 02 дугаар сарыг хүртэл төлж байсан. Гэтэл 2025 оны 02 дугаар сараас эхлэн зээлийн төлөлт хийгдээгүй учир банк зээлийн төлбөрийг нэхэмжлэгчээс шаарддаг. ******* тухайн зээлийг өөрийн цалингаасаа суутгуулан 2 сар төлсөн боловч цаашид төлөх боломжгүй болсон учир шүүхэд хандсан.
5.3.3,586,000 төгрөгийн тухайд,******* зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг хамтад нь төлж байсан бөгөөд тухайн зээлийг төлөх талаар *******тай харилцаж байсан и-мэйлдээ тодорхой бичсэн байдаг. Мөн******* 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа би тухайн мөнгийг зээлсэн боловч******* гэх хүн намайг зээл авхуулсан гэж тайлбарладаг. Харин шүүх хуралдааны үед ээжийнхээ данс руу шилжүүлсэн мөнгө болон өөрийнхөө төлсөн мөнгөний талаар огт маргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.
******* банкнаас авсан зээлээсээ ямар ч мөнгө авалгүй, шимтгэлийг нь хасаад 31,979,000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн эргэн төлөлтийн хуваарьт байсан эцсийн үлдэгдлийг тооцож, мөн өөрийн төлсөн 3,589,000 төгрөгийг нэмж, 27,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, 2025 оны 02 дугаар сараас 05 дугаар сар хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг ******* төлсөн учир тухайн хугацааны 3,586,000 төгрөгийг нэмж шаардсан нь үндэслэлтэй.
5.4.Хариуцагч зээлийн хүү төлөхгүй гэж байгаа тохиолдолд талууд анхнаасаа бодит байдал дээр үндсэн зээл болон зээлийн хүү төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд мөн цаашид төлнө гэдгээ илэрхийлж байсан. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хариуцагч талын эс зөвшөөрч байгаа 3,586,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Уг зээлийн төлбөрөөс болж ******* маш их хохирол амссан гэдгийг дурдах нь зүйтэй байх гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,981,127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...19,840,000 төгрөг ээжийнх нь дансаар орсон, мөнгийг******* авч зарцуулсан, бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү авах эрхгүй, тооцоолол тодорхойгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1.******* нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр М банктай 6000227775 дугаар цахим зээлийн гэрээ байгуулан 12,300,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж, тухайн өдөр 12,239,000 төгрөгийггийн эзэмшлийн М банкны******* тоот дансанд шилжүүлсэн. /хх-ийн 7-12, 29-р тал/
3.2.******* нь Хаан банктай 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/56835843 дугаар зээлийн гэрээ, БГХ/56835843 дугаар барьцааны гэрээ байгуулан цалингийн орлогоо барьцаалж, 10,000,000 төгрөгийг жилийн 19.80 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж, мөн өдөр 4,950,000 төгрөг, 4,990,000 төгрөгөөр тус тус*******гийн эзэмшлийн Төрийн банкны тоот дансанд шилжүүлсэн байна. /хх-ийн 13-19, 27-28-р тал/
3.3.******* нь Голомт банктай 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ЗГ-R001492985 дугаар дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж, 4,900,000 төгрөг, 4,900,000 төгрөгөөр*******гийн эзэмшлийн Төрийн банкны тоот дансанд гэрээ байгуулсан өдөр шилжүүлжээ. /хх-ийн 20-25-р тал/
3.4.Талуудын хоорондоо харилцсан фэйсбүүк чатад хийсэн үзлэгийн тэмдэглэлд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ...чи бид хоёрын нийт тооцоо хэд үлдсэн байгаа вэ... гэхэд ...Би хараадахъя, 26,890,000+142,000... гэж харилцсан байна. /хх-ийн 69-70, 76-р тал/
4.******* нь *******ын нэр дээр банкнаас зээл авхуулж, уг зээлийн төлбөрийг өөрөө төлөхөө илэрхийлж харилцан тохиролцсоны үндсэн дээр ******* нь дээрх 3 банкнаас зээл авч, зээлсэн мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.
5.******* нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд дээрх 3 банкны зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу *******ын өмнөөс төлсөн боловч 2025 оны 02 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна.
6.Нэхэмжлэгч ******* нь М банктай байгуулсан цахим зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 9,531,774 төгрөг, Хаан банктай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 7,415,205 төгрөг, Голомт банктай байгуулсан дижитал зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 7,448,353 төгрөгийг тус тус өөрийн төлсөн 3,586,000 төгрөгийн хамт нийт 27,981,127 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн боловч эдгээр зээлийн гэрээний төлбөрөөс өөрийн болон хариуцагчийн төлсөн төлбөр, мөн үлдэгдэл төлбөрийн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Мөн хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Түүнчлэн хариуцагч ...19,840,000 төгрөг ээжийнх нь дансаар орсон тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарласан байх боловч хэрэгт авагдсан талуудын хоорондоо харилцсан фэйсбүүк чатад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр хариуцагч*******гийн заавраар ******* нь түүний ээжгийн эзэмшлийн М банк дахь******* тоот дансанд М банкнаас зээлсэн 12,239,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон байх тул хариуцагчийн уг татгалзал, тайлбар үндэслэлгүй.
7.Хэдийгээр нэхэмжлэгч дээрх 3 банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг баримтаар нотлоогүй боловч талуудын хоорондоо харилцсан фэйсбүүк чатад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 26,890,000 төгрөг болохыг баталгаажуулсан гэж үзэхээр байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан 26,890,000 төгрөгийн хэмжээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Тухайн үзлэгийн тэмдэглэлээр хариуцагч нь үлдэгдэл тооцооны талаар ямар нэгэн хариу өгөөгүй, мөн тухайн үзлэг хийсэн баримтыг үгүйсгэж, няцаагаагүй тул хариуцагчийг нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл нь 26,890,000 төгрөг болохыг зөвшөөрсөн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.
8.Хариуцагчийн зөвшөөрсөн 26,890,000 төгрөгийг нэхэмжлэгчийн банк, эрх бүхий хуулийн этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү орж тооцогдсон дүн гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр тогтоосон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн үнийн дүнд нэхэмжлэгчийн дээрх 3 банктай байгуулсан зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү орсон гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
9.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/08674 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,326 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
Ч.МӨНХЦЭЦЭГ