| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/05542/И |
| Дугаар | 210/МА2026/00070 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2026/00070
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/08305 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
******* захын 25 дугаартай 4.8 м.кв талбайтай гурил будааны зориулалттай лангууг чөлөөлж, цаашид тус лангууг үргэлжлүүлэн түрээслүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь 2022 оны 04 дүгээр сараас тус захад лангуу түрээсэлсэн. Хамгийн сүүлд 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрээг 1 жилийн хугацаагаар шинэчилж байгуулсан.
1.2. ******* ХХК-ийн зүгээс 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр түрээсийн гэрээг цуцалсан агуулгатай мэдэгдэл өгсөн. Үүний дараа 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр захын менежер ******* лангуун дээр ирээд та нар өөрсдөө чөлөөлөхгүй бол ачилтын компанаар барааг чинь ачуулах болно гэхээр нь аргагүйн эрхэнд лангууг чөлөөлсөн. Гэрээний 9.3.5-д Гэрээний 4-т заасан үүргийг зөрчсөн тухай Худалдааны захын захиргаа болон эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг 2 ба түүнээс дээш биелүүлээгүй тохиолдолд түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасан боловч түрээсийн гэрээний 4-т заасан ямар үүргээ зөрчсөн болох нь тодорхойгүй, мөн мэдэгдлийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон атлаа 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөр лангууг чөлөөлөхийг мэдэгдсэн.
1.3. Гэрээ цуцлах талаар бичгээр мэдэгдэхдээ түрээсийн гэрээний 9.1-д хэсэгт заасан 30 хоногийн өмнө мэдэгдэх журмыг баримтлаагүй тул уг мэдэгдэл хүчин төгөлдөр бус болно. Мөн мэдэгдэлд 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөр түрээсийн талбайг чөлөөлөөгүй тохиолдолд нэг сарын түрээсийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж түрээсийн гэрээнд байхгүй хариуцлага бичсэн байсан.
1.4. Түрээсийн гэрээний хугацаа үйлчилж эхлээд 3 cap ч хүрээгүй байхад түрээсийн гэрээний заалтыг баримтлахгүй, баримт нотолгоогүй зүйлийг мэдэгдэлдээ тусгаж, түрээслүүлэгч нэг талын санаачилгаар гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй тул ******* захын 25 дугаартай 4.8 м.кв талбайтай гурил будааны зориулалттай лангууг чөлөөлж, цаашид 8 сарын хугацаагаар лангууг үргэлжлүүлэн түрээслүүлэхийг ******* ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Манай компани нь *******тэй 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан.
2.2. Тус гэрээгээр түрээслэгч нь захын худалдаа үйлчилгээний үйл ажиллагааны журмыг дагаж мөрдөх үүргийг хүлээсэн бөгөөд гэрээний хугацаанд түрээслэгч ******* нь удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай компанийн зүгээс түүнтэй байгуулсан гэрээг цуцалж, энэ тухай 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн. Тодруулбал, түрээслэгч нь 2025 оны 06 дугаар сарын эхээр худалдааны төвд цахилгааны утасны хооронд богино холбоо үүсгэж, түрээслэгч *******, *******, ******* нарын хөргөгчний хэвийн үйл ажиллагааг доголдуулж, түүнийгээ хэлэхгүй нууж, гар түймэр гаргах эрсдэл үүсгэсэн. 2025 оны 03 дугаар сард их цэвэрлэгээ хийх явцад лангуун доторх бараанаас нь удаа дараа хулгана гарч ирсэн. 2024-2025 онд удаа дараа өөрийн лангуун дээр насанд хүрээгүй хүүхэд суулган, ажиллуулж байсан зэрэг зөрчлийг гаргаж байсан. Эдгээр зөрчил нь гэрээний 6.4., 6.6, 9.3.4-т тус тус заасныг зөрчсөн тул манай компанийн зүгээс түрээслэгч *******тэй байгуулсан гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан.
2.3. *******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* хаягт байрлах ******* захын ******* дугаартай лангууг нэхэмжлэгч *******д үргэлжлүүлэн 08 cap 11 хоногийн хугацаатай түрээслүүлэхийг ******* ХХК-д даалгаж, лангууг үргэлжлүүлэн түрээслүүлэх хоногийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* ХХК нь *******тэй 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. ******* нь түрээсийн гэрээний 6.4, 6.6, 9.3.4-т болон ******* захын худалдаа үйлчилгээний үйл ажиллагааны журмын 6.7.2-т заасныг тус тус зөрчсөн. Энэ нь хавтас хэрэгт авагдсан баримтаар буюу гар утаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогддог.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ мөн зүйлийн 37.2 дахь хэсэгт хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан. Гэтэл, дээрх үйл баримтыг анхан шатны шүүхээс ...хариуцагч талаас гаргасан тайлбарыг шүүх бичгийн бусад баримтаар нотлогдсон гэж үнэлэх боломжтой байтал хариуцагч талаас энэхүү баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул дээрх насанд хүрээгүй хүнийг удаа дараа лангуу дээр зогсоож ажиллуулж байсан нь эргэлзээтэй, мөн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээний 9.3.5-т заасныг нэхэмжлэгч зөрчсөн үйл явдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
4.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Маргаж байгаа зөрчлийн асуудлаа шүүхэд нотлох ёстой. Түрээсийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгсөн ба мэдэгдэлд дурдсан зөрчлийн хүрээнд асуудал яригдах ёстой. Тус мэдэгдэлд насанд хүрээгүй хүн зогсоосон гэх асуудлыг дурдсан байдаг. Насанд хүрээгүй хүн зогсоосон асуудал нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс хойш гараагүй. Хариуцагчийн гар утсанд үзлэг хийж судлуулсан. Өмнөх гэрээний хугацаанд буюу насанд хүрээгүй хүн зогсохыг хориглосон зөрчлийн агуулга тусгаагүй байх үед 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр болсон асуудлыг үндэслэж гэрээг цуцалсан.
5.2. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараах галын аюулгүй байдлын журам болон эрүүл ахуйн журам зөрчсөн асуудлууд мэдэгдлээс хальсан асуудал гэж үзэж байна. Эдгээр асуудал нь нотлох баримтаар тогтоогдоогүй.
5.3. Гэрчийн мэдүүлэг өгсөн ******* нь тухайн худалдааны төвийг хариуцсан менежерээр ажилладаг тул зүй бус шаардлагыг нь эсэргүүцэж түүнтэй харилцаж байсан. ******* нь нэхэмжлэгчтэй адил гурил будааны лангуу ажиллуулж байсан. Үүнээс хойш нэхэмжлэгчийн гурил будааны лангууг нэмж түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй гэж хариуцагч тал гомдолдоо дурдсан. Гэрчийн мэдүүлэг нь эх сурвалжаа заах ёстой ба бичгийн буюу хөндлөнгийн нотлох баримтаар батлагдах ёстой.
5.4. Эдгээр нөхцөл байдлууд тогтоогдоогүй, зөрчлийн гол үйл баримт болох насанд хүрээгүй хүн зогсоосон асуудал нь түрээсийн гэрээний хүчинтэй хугацаанд болсон асуудал биш байхад үндэслэлгүйгээр гэрээг цуцалсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* захын ******* дугаартай 4.8 м.кв талбайтай гурил будааны зориулалттай лангууг чөлөөлж, цаашид тус лангууг үргэлжлүүлэн түрээслүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. ******* болон ******* ХХК-ийн хооронд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 25 дугаартай түрээсийн гэрээ 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулагдсан;
3.2. Үүний дараа талуудын хооронд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ******* дугаартай түрээсийн гэрээ шинээр байгуулагдсан, уг гэрээгээр ******* ХХК нь *******д ******* захын худалдаа үйлчилгээний 25 дугаартай, 4.8 м.кв талбай бүхий лангууг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар түрээслүүлэхээр харилцан тохиролцсон;
3.3. ******* ХХК-аас 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн огноо бүхий мэдэгдлийг *******д өгч, түрээсийн гэрээний 9.3.4, 9.3.5-д заасныг зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалж байгаа талаар болон 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр түрээсийн талбайг суллахыг мэдэгдсэн.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.
5. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн болон 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийхдээ алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
5.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан түрээсийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй, гэсэн ч зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх шаардлагагүй гэж дүгнэсэн нь алдаатай болсон байна.
5.2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага нь ******* болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан лангуу түрээслэх гэрээний харилцаанд хамааралгүй бөгөөд бие даасан үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээтэй холбоотой зохицуулалт тул талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнүүдийг хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэхгүй, зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан эсэхээс үл хамааран анхнаасаа хүчин төгөлдөр байна.
6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.3.4-д заасан түрээсийн лангуунд насанд хүрээгүй хүн ажиллуулсан, мөн зүйлийн 9.3.5-д заасан түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тухай худалдааны захын захиргаа болон эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй зөрчил гаргасан эсэх нь зохигчийн маргааны зүйл болжээ.
6.1. Нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн түрээсэлж буй лангуун дээр насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн байх ба түрээсийн талбай, лангуунд насанд хүрээгүй хүн ажиллуулсан тохиолдолд түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах зохицуулалт бүхий 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ байгуулагдсанаас хойш лангуун дээрээ насанд хүрээгүй хүүхэд ажиллуулаагүй, өмнө болсон үйл явдлыг хожим байгуулагдсан гэрээний заалтыг үндэслэн зөрчил гэж үзэж гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж маргасан бол хариуцагч нь нэхэмжлэгч 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ байгуулагдсанаас хойш лангуун дээрээ насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан зөрчил гаргасан, уг зөрчлийг гаргасан болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэж маргасан.
6.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн огноо бүхий гэрэл зурагт 25 дугаартай лангууны худалдагчийн хэсэгт ногоон хантааз бүхий эрэгтэй хүүхэд зогсож байсныг бэхжүүлсэн, шүүхэд гэрчээр асуугдсан *******, ******* нар нь ******* 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ байгуулагдсанаас хойш лангуун дээрээ насанд хүрээгүй хүүхэд ажиллуулж байсан гэх мэдүүлгийг тус тус өгсөн байна.
6.3. Нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн түрээсэлж буй лангуун дээр насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн түрээсэлж буй лангуун дээр насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан болох нь тогтоогдсон үйл баримтын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ тухайн үйл баримт нь өмнөх буюу 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээний үйлчлэх хугацаанд хамаарч байгаа бөгөөд уг гэрээний түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах нөхцлүүдэд түрээсийн талбай, лангуунд насанд хүрээгүй хүн ажиллуулсан тохиолдол тусгагдаагүй байсан, шинэчлэн байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний 9.3.4-т түрээсийн лангуунд насанд хүрээгүй хүн ажиллуулсан тохиолдолд түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах заалт шинээр нэмэгдсэн гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгч *******г 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний 9.3.4-т заасан зөрчлийг тухайн гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд гаргаагүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн байна.
6.4. Шүүхэд гэрчээр асуугдсан *******, ******* нар нь ******* 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ байгуулагдсанаас хойш лангуун дээрээ насанд хүрээгүй хүүхэд ажиллуулж байсан гэх мэдүүлгийг тус тус өгсөн, гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны хэрэгсэл мөн боловч анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийг өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй тул үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Учир нь гэрч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ байгуулагдсаны дараа ******* насанд хүрээгүй хүн ажиллуулсан уу гэсэн асуултад Тийм. Өдөр тутам бараг байсан. Танд өгсөн 1-2 зураг байгаа гэж хариулсан, өгсөн гэх зургийг үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэхэд 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн огноо бүхий зураг байсан, гэрч ******* нь ... Хүүхдээ хэзээ суулгаж байсан юм. Таны санаж байгаагаар хэзээ суулгаж байсан бэ гэх асуултад Ямар ч байсан түрээсэлсэн цагаас хойш суулгаж байдаг шүү дээ гэж хариулсан зэргээс үзэхэд ******* нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ байгуулагдсанаас хойш лангуун дээрээ насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан гэх үйл баримт гэрчүүдийн мэдүүлгээр эргэлзээгүй нотлогдсон гэж үзэх боломжгүй байна.
6.5. Хариуцагч нь 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээг цуцлах болсон бас нэг үндэслэл буюу гэрээний 9.3.5-д заасан түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тухай худалдааны захын захиргаа болон эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээ 2025 оны 06 дугаар сарын эхээр худалдааны төвийн цахилгааны утасны хооронд богино холбоо үүсгэж бусдын хөргөгчний хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, гал түймэр гаргах эрсдэл үүсгэсэн, 2025 оны 03 дугаар сард лангуун доторх бараанаас нь удаа дараа хулгана гарч ирсэн зөрчлийг гаргасан гэж тайлбарлажээ.
6.6. Шүүхэд гэрчээр асуугдсан ******* нь ... 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ... цахилгааны инженерийг авч ирээд тестлүүлээд явсан. Гэтэл 25 дугаартай лангуунаас үүдэлтэй 3 хүний хөргөгч тасарсан байна гэсэн. Тиймээс би камераа хартал гал ширээнийхээ дор хийгээд явсан байсан ..., ... ******* дээр очиход надаас болоод тог тасарсан болохоор би чамд 15,000 төгрөг өгье гээд өгсөн байсан. Надад хэлэлгүй 3-4 хоносон байсан. Танай лангуунаас хулгана үнэртээд байна, ингэж байгаад эрүүл ахуйн шаардлага хангаагүй асуудал гарах вий дээ гэтэл лангуун доороос хулгана гүйгээд гараад ирсэн ... гэх мэдүүлгийг өгчээ.
Хариуцагчийн хариу тайлбар болон гэрчийн мэдүүлэгт дурдагдаж буй цахилгаантай холбоотой асуудал болон лангуун доороос хулгана гарч ирсэн гэх асуудал нь 2025 оны 06 дугаар сард болсон явдлын тухай байх бөгөөд нэхэмжлэгчийг гэрээний 9.3.5-д заасан зөрчил гаргасан гэх мэдэгдэл нь 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэл тул 2025 оны 06 дугаар сард болсон гэх асуудлын талаар 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэл өгсөн байх боломжгүй, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэлд дурдсан гэрээний 9.3.5-д заасан зөрчил нь юу байсан талаар хариуцагч тал шүүхэд баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.5-д заасан зөрчил гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
7. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээнд заасан түрээслэгч гэрээг дангаар цуцлах зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2, 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул уг алдааг залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хассан өөрчлөлт оруулна.
9. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт үргэлжлүүлэн түрээслүүлэх хугацааг 08 сар 11 хоног гэж буруу тодорхойлсон, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн уг хугацааг тоолохоор тогтоосон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулна.
9.1. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад ... хөрөнгө шилжүүлэх үүргийг буюу өөрийн түрээсэлж байсан лангууг хариуцагчийн буруугаас шалтгаалан эзэмшиж, ашиглаж чадаагүй хугацаагаар үргэлжлүүлэн түрээслүүлэхийг шаардах эрхтэй.
9.2. Үргэлжлүүлэн түрээслүүлэх хугацааг тодорхойлохдоо гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, түрээсийн талбайг чөлөөлсөн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс талуудын хооронд байгуулагдсан байсан түрээсийн гэрээний дуусах хугацаа болох 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаатай тэнцэх хэмжээний хугацаа буюу 8 сар 19 хоногийн хугацаагаар тодорхойлох бөгөөд уг хугацааг тоолохдоо түрээсийн лангууг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн хугацаанаас эхлэн тоолох нь зүйтэй юм.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/08305 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуаран хаягт байрлах ******* захын 25 дугаартай лангууг нэхэмжлэгч *******д түрээсийн гэрээний үлдсэн хугацаагаар түрээслүүлэхийг ******* ХХК-д даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Б.УУГАНБАЯР