Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 706

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Н.Ундраххэрлэн /томилолтоор/,

өсвөр насны шүүгдэгч О.С, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Пүрэвдорж, тэдгээрийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн /ҮД:0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ны С-т холбогдох эрүүгийн 1903005250000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23 ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд, Эрдмийн өргөө цогцолбор 56 дугаар сургуулийн 11Д ангийн сурагч, ам бүл 3, өвөө, эмээгийн  хамт Булган аймаг, Хангал сум, Халгант тосгон Буурлын 2 гудамж, 9 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 0000 тоотод оршин түр оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, т         дугаарын регистртэй, Б овогт О-ны С.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өсвөр насны яллагдагч О овогтой С нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг 35 минутын орчимд Баянгол дүүргийн 6  дугаар хорооны нутаг дэвсгэр, G худалдааны төвийн зүүн талд байрлах замын явган хүний гэрлэн дохиогүй гарцан дээр мопед жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.3-д заасан явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч хурдаа хасах буюу зогсож энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэжлүүлнэ... гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 32 настай, эмэгтэй, Б-ын Б-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч О.С-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэл:

 

Өсвөр насны шүүгдэгч О.С- нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг 35 минутын орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, G худалдааны төвийн зүүн талд байрлах замын явган хүний гэрлэн дохиогүй гарцан дээр мопед жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.3-д заасан явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч хурдаа хасах буюу зогсож энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 5 дугаар сарын 16-нд Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах Ж худалдааны төв рүү орох гээд тус төвийн зүүн талаас нь гэрлэн зохицуулалгүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч байтал эрэгтэй 15 насны орчим хүүхэд өөрийн унаж явсан хар бараан өнгийн мопедоор зүүн талаас гарч ирж мөргөж унагасан. Би шоконд ороод сууж байтал надтай уулзах гээд хүлээж байсан найз Х , Х  2 ирж намайг сугадан замын эсрэг талд авч гаран таксигаар ГССҮТ-д хүргэж өгсөн. ...Эмчийн зааврын дагуу Алтангагнуурын ханд, кальци ууж чихэндээ дусаагуур 7 хоног дусаасан, мөн Алоё гээд тариа 10 хоног тариулсан одоогоор миний баруун чих жаахан дүнгэнээд байгаа орчны чимээг сонсоод бүдэг чимээг сайн сонсохгүй байгаа. Мөн амаа хэт том ангайхад баруун чихний хавиар зовиуртай байна. Өөр ямар нэгэн өвдсөн зүйл байхгүй байна. Эмчилгээ оношилгооны зардалд 700.000 орчим төгрөг гарсан үүнэс 500.000 төгрөгийг С-ын талаас өгсөн байгаа. Цаашид чихны давтан үзлэг, толгойн томографикийн шинжилгээ зэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-14-ны хооронд хийлгэ гэсэн байгаа. ...Эмчилгээ, оношилгооны зардалд 700.000 орчим төгрөгөөр үзүүлсэн байгаа цаашид гэмтлийн эмнэлэгт сар бүрийн давтамжтай 1 удаагийн чих, тархи толгойн Томографикийн шинжилгээний 240.000 төгрөг нийт 5 удаа үзүүлэх 1.200.000 төгрөг, чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгааны төлбөр болох 550.000 төгрөгийн зардал гарч байгаа. ...Мопедын жолоочоос би хохирлын мөнгө нийт 2.000.000 төгрөгийг хүлээн авсан. Өөрийн дансаар хүлээн авсан, одоо баримт байхгүй. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй, шүүх хуралд очих боломжгүй...“ гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 102 дахь тал/

 

Гэрч О.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, G худалдааны төвийн баруун талд байрлах авто замын голд явган хүний гарцан дээр Б- толгойгоо барьсан байдалтай сууж байсан. Би цуг явж байсан найз Х д хэлэн гүйгээд очтол Б- энэ банди намайг мопедоороо мөргөчихлөө чих дүнгэнээд юм сонсохгүй байна. Толгой огцом хөдлөхөөр өвдөөд, баруун хөл, гар нь өвдөж байна гээд баруун чихнээс нь цус гараад урсчихсан байдалтай байсан. Гэтэл нөгөө банди яанаа эгчээ бие нь яаж байна. Цагдаа битгий дуудалдаа гээд гуйгаад сандарсан байдалтай байсан. Эмнэлэг явъя эгчээ гэхээр Б-гийн бие муу байсан тул ГССТҮ төв эмнэлэг авч очин хүлээн авахын эмч дээр авч очиж бүртгүүлэн Б-г орон дээр хэвтүүлэн толгойны томографикийн зураг авахуулах гээд оочирлож байтал нөхөр болон ээж нь ирж цагдаа дуудан хүүхдийн гэрээс нь хүмүүс ирж Б-гийн толгойн зургыг авахуулчихаад нөгөө хүүхдийн ар гэр болон нөхөр нь цагдаатай явсан. Ингээд бид 2 ажил руугаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дэх тал/,

 

Гэрч Т.Х-мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Би 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Gхудалдааны төвд  байрлах ажил руугаа орох гээд явж байсан найз Х  тэнд Б- замын голд сууж байна гэхээр нь гүйгээд очтол Б- энэ банди намайг мопедоороо мөргөчихлөө миний чих дүнгэнээд юм сонсохгүй байна. Толгой огцом хөдлөхөөр өвдөөд, баруун хөл, гар нь өвдөж байна. гээд баруун чихнээс нь цус гараад урсцан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 3-9 дэх тал/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...Үзлэгээр хяналтын камер нь ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт харсан байх ба Ж худалдааны төвийн зүүн тал, түүний зүүн талд байрлах автомашины зогсоол хойшоос урагш чиглэсэн 4 эгнээтэй 2 урсгалтай автозам байв. Уг автозамын голд цагаан өнгийн төмөр хайсан хашаатай түүний гол хэсэгт уг замыг хөндлөн байрласан явган хүний гарцыг заасан цагаан өнгийн шугам зүүн талд цэнхэр өнгийн явган хүний гарцыг заасан замын тэмдэг зэрэг харагдаж байв. Уг бичлэгийн 13 цаг 35 минут 35 секундэд цайвар шаргал цамц бараан өнгийн өмдтэй эмэгтэй явган хүний гарц дээр ирж зам хөндлөн гарахаар зогсож байв. 13 цаг 35 минут 41 секунтэд уг эмэгтэй хар өнгийн суудлын машин, цагаан бүхээгтэй автомашины наад талаар хар бараан өнгийн хамгаалах малгай болон хувцастай хүн бараан өнгийн мопедтай хүн гарч ирж байв. 13 цаг 35 минут 42 секунтэд мопедтай хүн чигээрээ жигд хурдтай явж цагаан өнгийн бүхээгтэй автомашины урдуур гүйн гарч ирсэн эмэгтэйг мопедны урд хэсгээр уг эмэгтэйн зүүн талаас хөл хэсгээр мөргөж буй бичлэг байв...” гэх тэмдэглэл, бичлэг /хх-ийн 13 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 0000 тоот “...Б.Б-гийн биед баруун чамархайн яс, суурь ясны их далавчны хугарал, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дахь тал/

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн: “...Мопедны жолооч О-ны С- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.3-д заасан явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч хурдаа хасах буюу зогсож энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэжлүүлнэ гэснийг биелүүлээгүй улмаас явган зорчигчийг мөргөсөн байна...” гэх дүгнэлт  /хх-ийн 50-51 дэх тал/,

 

Шинжээч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг баруун чихний хэнгэргэн хальсны цоорол нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Үзлэгээр тусгасан байгаа, дүгнэлтэд уг баруун чихний хэнгэргэн хальсны цоорлын гэмтэл орхигдсон байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Өөрөө эдгэхгүй, хальсны цоорол нөхөх эмчилгээгээр эдгэрэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 104 дэх тал/

 

Өсвөр насны шүүгдэгч О.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Баянгол дүүрэгт байрлах Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 00 ангид сурдаг. Хичээл 13 цаг 15 минутад тарж би гэртээ харих гээд өөрийн эзэмшлийн моторт дугуй буюу мопедоо унан 25 дугаар эмийн сангийн баруун талаар дээш өгссөн Омерта дугуйн худалдааны төвийн зүүн хойно байрлах 4 замын уулзвараар зүүн гар тийш эргэх гээд автозамын 2 дугаар эгнээний баруун талыг барин явж байсан. Тэгтэл G худалдааны төвийн харалдаа явж байтал миний баруун талд явж байсан цагаан өнгийн бүхээгтэй автомашины урдуур цэнхэр жинсен өмд, цайвар өнгийн цамцтай эмэгтэй гэнэт гүйж гарч ирэн мөргүүлж унахдаа замын голд байрлах хайсыг толгой хэсгээрээ мөргөж унасан. Тухайн үед би 20 орчим килломерт цагийн хурдтай явж байсан. Миний урд машинууд зогсоогүй жигд хурдтай явж байсан. Надад ямар нэгэн явган зорчигч болон саад тотгор харагдахгүй. Ингээд би мопедоо унтраан мөргүүлсэн хүн дээр очиход баруун чихээ гараараа барьсан байдалтай сууж байсан. Би нөгөө эгчээс бие чинь гайгүй юу гэж асуухад чи тэнэг юм уу, хүн хардаггүй юм уу гээд тэгж байтал тухайн хүний найз 2 эмэгтэй ирээд болгоомжтой явахад яадаг юм бэ гээд би мопедоо замын голоос түрч нөгөө мөргүүлсэн эгч 2 найзтайгаа хөтлөлцөн G худалдааны төвийн урд байрлах авто зогсоол дээр очин мопедоо байрлуулчихаад 2 найзтай нь такси барьж ГССҮТ-д авч очин үзүүлсэн. Эмчид үзүүлэх гэтэл намайг эмч нь ор аваад ир гэсэн. Би орыг хайж олон аваад иртэл үзүүлчихлээ гээд зогсож байхаар нь бие нь яаж байна гэж асуутал толгойн зураг авахуулаад ир гэхээр нь төлбөртэй томографикийн зураг авахуулах гээд зогсож байтал нөхөр нь ээжтэй нь цуг ирэн намайг загнан цагдаа дуудсан. Тэр даруй цагдаа ирж мэдүүлэг өгч хэргийн газрын үзлэг хийсэн. Минйий мопедыг очиж журмын хашаанд тавьсан. Би тухайн үед бага хурдтай, 20 км/ц орчим хурдтай явж байсан. Надад явган зорчигч харагдаагүй, миний баруун гар талын бүхээгтэй машины хажуугаар уг эмэгтэй гараад ирсэн. Би тэгээд тормозлосон. Би тухайн үед гэртээ харих гээд зүүн гар тийш буюу гэмтлийн эмнэлэг тал руу гэрлэн дохиогоор эргэх гээд гурав дугаар эгнээнд явж байсан...” /хх-ийн 94-95 дахь тал/ зэрэг болно.  

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор О.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20 дахь тал/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 19 дэх тал/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21 дэх тал/, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөг Ж.П-ийн мэдүүлэг /хх-ийн 25 дахь тал/, гэрч П.С, П.У, М.Г нарын мэдүүлгүүд /хх-ийн 26-30 дахь тал/, “Эрдмийн өргөө” сургууль, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 55 дахь тал/, өсвөр насны шүүгдэгчийн авч байсан шагнал, өргөмжлөл зэрэг бусад баримтууд /хх-ийн 56-64 дэх тал/-ыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэв. 

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүйг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Хэрэг учрал болсон өдөр өсвөр насны шүүгдэгч нь өөрийн эзэмшлийн мопед унаж замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.3 дах хэсэгт заасан “явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл  зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-д заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэж заасныг зөрчиж зам тээврийн осол гарган явган зорчигч Б.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулжээ.

 

Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт зааснаар 16 нас хүрсэн хүн мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй байх ба өсвөр насны шүүгдэгч О.С- нь хэрэг гарсан 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 16 нас 11 сар, 3 хоногтой байсан байна.

 

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ...хэлнэ” гэж, Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.24-д “мопед гэж 50 куб.см-ээс ихгүй ажлын багтаамж бүхий дотоод шаталтат хөдөлгүүртэй, эсхүл 0,25 квтаас 4квт хүртэл хүчин чадал бүхий хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь цагт 50 км-ээс ихгүй, хоёр буюу гурван дугуйт тээврийн хэрэгслийг хэлнэ” гэж тус тус заасан тул О.С- нь насанд хүрээгүй боловч тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн буюу жолооч мөн юм.

 

Энэ зам тээврийн ослын улмаас хохирогч буюу явган зорчигч Б.Б-гийн биед нь баруун чамархайн яс, суурь ясны их далавчны хугарал, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, хоёр өвдөгт цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан болох нь хэргийн 44-45  дахь талд авагдсан шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол /гэмтэл/ нь өсвөр насны шүүгдэгч О.С-ын Замын хөдөлгөөний хууль, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн, мөн зүйлийн 2.3-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” үйлдсэн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байх тул өсвөр насны шүүгдэгч О.С-ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.С- нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй” гэж мэдүүлж оролцсон болно.   

        

Мөн энэ гэмт хэргийн хохирогч Б.Б-д эмчилгээний зардалд 2.000.000 /хоёр сая/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч О.С-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч О.С- нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Өсвөр насны шүүгдэгч О.С-ыг гэм буруутайд тооцох болон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, хохирогчид учирсан хохиролыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

Шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй зэргийг харгалзан өсвөр насны шүүгдэгч О.С-т хуулинд заасан ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, хянан хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Ж.П нарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалахаар тогтов.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч О.С-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт О-ны С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өсвөр насны шүүгдэгч О.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, хянан хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Ж.П нарт даалгасугай.

4. Өсвөр насны шүүгдэгч О.С- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалахаар тогтсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА