| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/04189/И |
| Дугаар | 210/МА2026/00071 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2026/00071
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08791 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
103,088,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь ******* ХХК-тай******* дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцнаас худалдан авахаар харилцан тохиролцож, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 127,400,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэтэл удалгүй хариуцагч талын бүрэн бус, зохион байгуулалтгүй үйл ажиллагааны улмаас орон сууцыг худалдан авах боломжгүй болж, мөнгөө буцаан өгөхийг шаардахад 89,500,000 төгрөг төлсөн ба үлдэх 37,900,000 төгрөгийг өгөхгүй өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийг хохироосоор байна.
1.2. Нэхэмжлэгч элэгний өвчний улмаас эмчилгээ хийлгэж, 2023 оны 12 дугаар сард БНСУ руу эмчилгээнд явж, хариуцагч талаас үлдсэн мөнгөө шаардах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Иймд хариуцагч талаас худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 37,900,000 төгрөг, хүү 65,188,000 төгрөг, нийт 103,088,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* ХХК-ийн ******* капитал брокер оффисын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зуучлалын үйл ажиллагаа болон захирал *******-ийн 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хохирол барагдуулах тухай албан бичгээр ... арилжааны банкны жишиг хүүг тооцох, хохирлыг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төлнө ... гэсэн нь одоо үйл ажиллагаа явуулж буй ******* ХХК-ийн ******* капитал брокер оффис болон гүйцэтгэх удирдлагад ямар ч хамааралгүй.
2.2. ******* нь уг асуудлаар 2025 оны 08 дугаар сард шүүхэд хандаж байгаа нь ойлгомжгүй, Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. ******* ХХК-ийн ******* капитал брокер оффис нь тухайн үеэс өөр гүйцэтгэх удирдлагатай болсон, өмнөх удирдлагаас иргэн *******ийн асуудлыг шилжүүлж өгөөгүй, шүүхээс нэхэмжлэл ирэхэд энэ талаар мэдсэн.
2.3. *******д төлөх ямар нэгэн төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 37,900,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 65,188,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 673,390 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 347,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 103,088,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбар гаргасан.
4.2. Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэх санал байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 60,000,000 төгрөгт эвлэрэх санал гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчээс тодруулж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн.
4.3. Эвлэрэх боломжтой дүн асуухад хэрэв төлөхөөр бол үлдэгдэл 37,900,000 төгрөгийг төлж болох эсэх дээр ярилцана гэдэг хариу хэлсэн байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар тоолоход шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. Гэхдээ хариуцагч 37,900,000 төгрөгийг байгууллагын нэр хүнд, ажил хэргийн нэр хүнд, хариуцлага эрх зүйн ухамсрын үүднээс хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичигдсэн байгууллагын нэр хүнд, ажил хэргийн нэр хүнд, хариуцлага эрх зүйн ухамсрын үүднээс гэдэг тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлсэн.
4.4. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааж өгсөн, дээрх хугацааг хэтрүүлснийг мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй татгалзсан байхад анхан шатны шүүх зөрүүтэй дүгнэлт хийсэн, уг дүгнэлтийг зөвтгөх үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч шударга хандсан гэдгийг нэн түрүүнд хэлэх ёстой гэж үзэж байна. Шударга ёсны зарчмыг шүүх баримталж ажиллах ёстой. Үүнийг хариуцагчийн шударга бус байдалтай холбогдуулан хэлж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. Анх бүх мөнгөө бэлнээр өгсөн ба үүргээ гүйцэтгээгүй учраас буцаан авсан. Шударга байсан эсэхээс эхлүүлэн олон асуудлууд мөнгө буцаан авах үед үүссэн.
5.2. Нэхэмжлэгч нь элэг солиулах эмчилгээнд орж, БНСУ руу олон удаа явсан. Одоо хэр нь ирж очсоор байдаг. Нэхэмжлэгчид Иргэний хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлүүд хангалттай байсан. Төлбөр төлөх тухай хариуцагчийн байр суурь болон буцаан төлж байсан үйл баримтыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна.
5.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд үүссэн харилцааг зуучлагчаар дамжуулан үүссэн гэж дүгнэсэн. Мөн тодорхой хугацаа заагдаагүй учир цуцлах эрх нь нээлттэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн ба үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дэмжиж байна. Үүнийг хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэж байна.
5.4. 37,900,000 төгрөгийн үнийн дүнг буулт хийсэн үнийн дүн болсон гэдгийг хэлмээр байна. Хуулийн хүрээнд бид үүнийг хүндэтгэж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл өгөх ёстой мөнгөө өгөөгүй хариуцлагагүй компаниас авах ёстой зүйлээ авч, уг маргааныг дуусгах байр суурьтай байгаа учир бид анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 37,900,000 төгрөг, хүү 65,188,000 төгрөг, нийт 103,088,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь өмнөх гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаатай холбоотой тул компани хариуцах үндэслэлгүй, тухайн шаардлагыг гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. ******* нь ******* дүүргийн нутаг дэвсгэрт ******* хотхон дахь 91 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,400,000 төгрөгөөр нийт 127,400,000 төгрөгөөр худалдан авахад зуучлуулахаар ******* ХХК-д 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 127,400,000 төгрөгийг төлсөн;
3.2. Зуучлал амжилтгүй болсноор ******* ХХК нь *******д 127,400,000 төгрөгөөс 89,500,000 төгрөгийг буцаан төлсөн;
3.3. ******* ХХК нь *******ийн хохирлыг тодорхой хугацаанд барагдуулахаа илэрхийлж, *******ээс хүлээж авсан мөнгөн дүнд арилжааны банкны жишиг хүү 2.5 хувийг тооцож олгохоор талууд 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тохиролцсон.
4. Талуудын хооронд үүссэн харилцааг анхан шатны шүүх Иргэний хуулийн 410 дүгээр зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.
5. Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд, зуучлагч нь зуучлуулагчаас орон сууцны үнэ болох 127,400,000 төгрөгийг хүлээн авсан боловч зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ******* гэрээнээс татгалзсан, ******* ХХК нь *******д 89,500,000 төгрөгийг буцаан төлсөн, 37,900,000 төгрөгийг буцаан төлөөгүй үйл баримтад зохигчид маргаагүй байна.
5.1. Хариуцагч нь дээр дурдсан үйл баримтын талаар маргахгүй байх боловч өмнөх гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг компани болон одоогийн гүйцэтгэх удирдлага хариуцах үндэслэлгүй гэж маргасан, анхан шатны шүүх энэ талаар хариуцагч компанийн гүйцэтгэх удирдлага солигдсон нь хариуцагчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдөх нь тухайн хуулийн этгээдийн бусадтай байгуулсан хэлцлийн үндсэн дээр үүссэн аливаа үүргийг үгүйсгэх, дуусгавар болгох, үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
5.2. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.
Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******ийг ******* хотхон дахь 91 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан авахад зуучлах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ******* ХХК-д шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 37,900,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
6. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй нэг үндэслэлээ Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тайлбарласан ч үлдэгдэл төлбөр 37,900,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан байна.
6.1. Хариуцагч нь шүүх зохигч талуудаас эвлэрэн хэлэлцэх санал байгаа эсэхийг асуух үед л 37,900,000 төгрөгийн шаардлагатай холбоотой асуудлаар тайлбар гаргаснаас бус уг шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгч зохигч талуудаас эвлэрэн хэлэлцэх санал байгаа эсэхийг асууснаас хойш буюу хариуцагч талын татгалзлын үндэслэл, тайлбарыг сонсох үед ... Хүүг бол зөвшөөрөхгүй. Монгол Улсад амьдарч байгаа ******* гэдэг хүнд чинь үндсэн төлбөрөө л төлнө гэж байгаа ... гэсэн тайлбар гаргажээ. Хэрэв хариуцагч тал шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах санал гаргах эрхтэй, энэхүү эрхийн хүрээнд шүүхэд хүсэлт гаргасан байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна
6.2. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчаас 37,900,000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрсөн гэсэн дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт нийцсэн бөгөөд ийнхүү дүгнэхдээ хариуцагч талын гаргаагүй тайлбар буюу байгууллагын нэр хүнд, ажил хэргийн нэр хүнд, хариуцлага, эрх зүйн ухамсрын үүднээс гэж тусгасан байх боловч энэ нь дээрх дүгнэлтийг өөрчлөх үндэслэл болохгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй.
6.3. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд, анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь зөв хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж зөрүүтэй дүгнэснийг залруулах шаардлагатай.
Гэрээнээс татгалзсанаар үүсэх үр дагаварт үндсэн үүргийн гүйцэтгэлд чиглэсэн шаардах эрх дуусгавар болж, харин өгсөн авснаа харилцан буцаах, хохирол нэхэмжлэх зэрэг солилцооны болон дагалдах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үүрэг болж хувирдаг.
Иймээс гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар болох харилцан буцаах үүргийг гэрээний үндсэн үүрэг гэж үзэх үндэслэлгүй тул энэ тохиолдолд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх тусгай хугацаа хамаарахгүй, хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарна.
Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, хариуцагч 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр "... 127,400,000 төгрөгийг нэхэмжлэгчид 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулах, төлж барагдуулах хүртэл хүлээн авсан мөнгөн дүнд 2.5 хувийн хүү тооцож төлөх" агуулга бүхий албан бичгийг өгсөн өдрөөс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа буюу 10 жилийн хугацааг тоолоход 2027 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дуусахаар байна.
Дээр дурдсан байлдлаар хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс залруулах бөгөөд хариуцагчаас 37,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдэлд нөлөөлөхгүйг дурдах нь зүйтэй.
7. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 65,188,000 төгрөгийн хүүг нэхэмжилсэн бөгөөд үндэслэлээ "төлөгдөөгүй төлбөр болох 37,900,000 төгрөгөөс талууд сарын 2.5 хувийн хүү төлөх тохиролцооны дагуу, гэхдээ хүүгийн хэмжээг багасган сарын 2 хувиар тооцож, хэтэрсэн хугацааны буюу 86 сарын хүү нэхэмжилж байгаа" гэж тайлбарласан байна.
7.1. Хүү гаргуулах шаардлага нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгт хамаарах шаардлага байх ба 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр талууд төлбөрийг барагдуулах хүртэл хугацаанд төлбөрийн үлдэгдэлд 2.5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон нь тус зохицуулалтыг зөрчөөгүй.
7.2. Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү шаардах эрхтэй боловч анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.
7.3. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих заалт буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсгийг баримтлаагүй алдааг залруулж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08791 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 ... гэсний дараа 222 дугаар зүйлийн 222.5 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР