Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 715

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

Улсын яллагч: Г.Хатанцэцэг,

Хохирогч Ш.А, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг /ҮД:25-93/,

Шүүгдэгч Г.Ө-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /ҮД:19-54/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Г-ийн Ө-д холбогдох эрүүгийн 1905011370000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо, Их нарангийн 4 дүгээр гудамжны 00 тоотод оршин суудаг, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тоггоолоор Эрүүгиин хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, /                /, Б овогт Г-ийн Ө.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч Г.Ө- нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах K түргэн хоолны газрын орчим иргэн Ш.А-гаас түүний дүү П.С-ыг Толгойт өртөөнд ажилд оруулж өгнө гэж 4 сая төгрөг,

Мөн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хороооллын орчим иргэн Ш.А-гаас түүний дүү Ш.М-г замын 2 дугаар ангийн тосолгооны вагонд үйлчлэгчийн ажил оруулж өгнө гэж 4 сая төгрөгийг тус тус авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Ө-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Г.Ө- нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах K түргэн хоолны газрын орчим иргэн Ш.А-гаас түүний дүү П.С-ыг Толгойт өртөөнд ажилд оруулж өгнө гэж 4 сая төгрөг, мөн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хороооллын орчим түүний дүү Ш.М-г замын 2 дугаар ангийн тосолгооны вагонд үйлчлэгчийн ажил оруулж өгнө гэж 4 сая төгрөгийг тус тус өөртөө шилжүүлэн авсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Тодруулбал, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг шаардлагагүй. Би Ш.А-гаас 2018 оны 8 сарын 24, 9 дүгээр сарын 24-ний өдрүүдэд тус тус 4 сая төгрөг авч түүний дүү болох П.С-, Ш.М- нарыг ажилд оруулж өгнө гэж хэлсэн. Би тухайн үед ажил оруулж өгч чадна гэж бодсон. Н-д би 500.000 төгрөг өгсөн нь үнэн. Хүнээс юм гуйж байгаа юм чинь яаж зүгээр байх вэ гээд өөрөө өгсөн. Түүнээс Н- надаас мөнгө төгрөг өг гэж хэлсэн зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ш.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Миний бие 2018 оны 8 дугаар сарын 23-нд хөдөө очсон байхад манай эгч “...дүүдээ ажил мэдэж байгаарай, эхнэр нь төрөх гэж байгаа болохоор хот бараадсан нь дээр байх...” гэж хэлээд 200 литр айраг өгсөн. Тэгтэл манай нэг найз “дүүгээ Төмөр замд ажилд оруулахаар болчихлоо” гэж хэлсэн. Учрыг нь асуухад “...О-ын таньдаг эгч нь нилээн дээгүүр албан тушаалтай байдаг юм, дүүгээ Төмөр замд ажилд оруулахаар болчихлоо” гэхээр нь “...тийм бол намайг хэлээд өгөөч, би дүүгээ ажилд оруулах гэсэн юм” гэж хэлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 9910-тай утасны дугаар өгөөд Ө- гэдэг хүнтэй очоод уулзчих гэсэн. Би Ө-тай утсаар ярихад “...мөнгө нь бэлэн байгаа юу, Толгойт өртөөнд ажилд оруулж болох уу” гэж надад маш итгэлтэйгээр хэлсэн. Би түүнд “...мөнгө нь бэлэн” гэж хэлсэн. Тэгээд “би таны дансаар шилжүүлэх үү” гэхэд “...үгүй, Авлигатай тэмцэх газраас намайг шалгадаг” гэж хэлсэн. Би мөнгийг нь тэр даруйдаа өгсөн. Удаа ч үгүй байхад “...эгчид нь мөнгө хэрэг болоод байна” гэхээр нь 500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөг өгсөн. Тэгээд байж байтал Ө- “...хот ороод ирээч, уулзая” гэхээр нь уулзаад хоол идсэн. Манай аав, ээж тухайн үед жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 5.000.000 төгрөгийн зээл авсан байсан. Одоо манай байшинг хураана гэдэг мэдэгдэл ирсэн байгаа юм. Миний ээж мэргэжилгүй, ажилгүй байсан ч шил лааз түүж байгаад намайг сургууль төгсгөсөн, хэзээ ч хүн луйвардаж үзээгүй. Аав, ээжийн маань байшинг хураана гэдэг мэдэгдэл ирсэн гэхэд нь миний толгойд юм бодогдсон. Миний дүү Б-ын их сургуулийн нэгдүгээр курсэд сурдаг байсан. Би Ө-д аав, ээж маань асуудалтай болчихлоо яадаг юм билээ гэхэд “...миний дүү асуудалгүй шүү дээ, нэг сарын өмнө ч гэсэн үнэмлэх нь гарчихна шүү дээ, эгч нь чамд туслана” гэж хэлсэн. Тэгээд би нөхөртөө хүртэл худлаа ярьсан. Ө- надад “...миний дүү нэг сар хүлээчих, 1 дүгээр сарын 15-нд хамгийн сүүлийн хугацаа” гэж хэлсэн. Тэгтэл манай дүү “...та тэр хүнээсээ мөнгө авч өг” гэж хэлсэн. Би Ө-тай уулзаад “...та хамгийн эхлээд С-ын мөнгийг гаргаад өгчих” гэхэд “...эгч нь чамд 13 дахь сарынхаа цалинг аваад мөнгө өгье” гэхээр нь би өгчих юм байх гэж бодсон. Гэтэл цалингаа аваад надад нэг ч төгрөг өгөхгүй алга болсон. Ө-д миний мөнгийг өгөх сэтгэл байсан бол боломжоороо буцааж өгөх байсан. Ө- нь миний дүүг сургуульгүй болгоод өөрийн хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн. Би маш их гомдолтой байна. Манай дүү С-ын эхнэр аймагт айлд төрсөн байсан ба Н- нь манай  дүүг 7 хоног бүр дууддаг байсан. Би нэг өдөр өөрөө очиход “...за байж бай, одоохон” гээд л байсан. 2019 оны 5 дугаар сарын 26-нд Ө-ын ээжтэй нь холбоо барихад “...өнгөрсөн жил тэтгэврийн зээлээ аваад хохирлыг нь төлсөн, одоо тэнсэнтэй байгаа, эгч нь чамд 1.000.000 төгрөг өгье” гэж хэлсэн. Гэтэл Ө- ээжийнхээ 1.000.000 төгрөгийг аваад надад тэр өдөр 600.000 төгрөг шилжүүлсэн. Би ээжээс нь яагаад надад 1.000.000 төгрөг өгсөнгүй вэ гэхэд “...эгч нь чамайг хүүндээ авчихдаг гэхээр нь охиндоо өгчихсөн” гэж хэлсэн. Ө- өөрөө л намайг 500.000 төгрөг хүүндээ аваарай гэж хэлсэн. 7 дугаар сарын 02-ны өдөр над руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Бас надаас 300.000 төгрөг авсныхаа 150.000 төгрөгийн өглөгтэй байгаа. Ө- нь 2019 оны 2 дугаар сараас хойш ажил хийх боломжгүй гэж хэлдэг байсан. Ө-д надад “...надад 2 зам байна нэг нь шоронд орно, нөгөө нь чи мөнгөгүй үлдэнэ, намайг шоронд орчихвол чи юугаа олж авах юм” гэсэн мессеж хүртэл надад байдаг. Түүний сольсон утасны дугаар бүр надад байдаг. Ө- нь 4 өнчин хүүхдээрээ түрий барьдаг. Өнчин хүүхэдтэй хүмүүс байж л байдаг. Тэглээ гээд бусдыг залилаад явдаггүй. Ө- сүүлдээ миний хоёр охиныг цусаар уйлуулна, намайг ална даа гэх зэргээр заналхийлсэн. Би Ө-аас миний мөнгийг нэн даруй өгөхийг шаардаж байна. Би зээлээ төлөхийн тулд машинаа 5.500.000 төгрөгөөр яаралтайгаар зарсан. Ө- өөрийн амьдралыг болгох гэж хүний амьдралыг ингэж болохгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ш.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ө-тай 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр уулзаад хамаатны дүү С-ыг Узамын Толгойт өртөөнд Вагон үзэгчээр ажилд ажилд оруулах талаар ярилцахад ажилд оруулж өгч болно, хамгийн гол нь мөнгө нь бэлэн байх ёстой шүү гэж хэлж байсан. Тэгээд тэр өдөр би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах К-ийн АТМ-с 3.500.000 төгрөг авч бэлнээр Ө-д өгсөн. Дансаар өгөх гэтэл Авлигатай тэмцэх газраас манайхыг шалгаад байдаг юм гээд бэлнээр авсан. Ажилд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэхэд оруулж өгнө гэж хэлж байсан. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр дүү С-ыг зүтгүүрийн депо дээр ирээд Н- гэдэг хүнд бичиг баримтаа бүгдийг авчирч өгөөд уулзчих гэхээр нь тэр өдөр С-ыг явуулсан. Ө- нь надад 500.000 төгрөгөө өгчих гэхээр нь би 300.000, 150.000, 50.000, төгрөг, нийт 500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Мөн 2018 оны 9 дүгээр сард Ө-тай уулзаад хоол унданд ороод караокед суугаад ярилцаж байхдаа би өөрийн төрсөн дүү Ш.М-гийн талаар ярихад Ө- нь би танай дүү М-г Төмөр замын, замын 2 дугаар ангид тосолгооны вагонд суулгаад үйлчлэгчээр ажилд оруулж өгье гэж хэлээд 4.000.000 төгрөгийг дансаар авсан. Би сүүлд өгсөн мөнгөө 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Налайх дүүрэгт байх Хаан банкны АТМ-с хадам ээж С.Л-ын данснаас шилжүүлсэн. Дээрх өдрөөс хойш Ө-тай холбогдож ярихад удахгүй болох гэж байна, удахгүй бүтнэ гээд надад шалтаг хэлээд байнга хойшлуулаад байсан. Би үнэхээр манай 2 дүүг ажилд оруулах гээд хөөцөлдөж байгаа гэж итгэж хүлээсэн. Сүүлдээ гар утсаа ч авахгүй, холбоогүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/

 

Гэрч Ш.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын орчим манай төрсөн эгч Ш.А- надад “төмөр замын байгууллагад ажилд оруулаад өгчих нэг хүн байна. Чи төмөр замд орчихвол хэрэгтэй байна. Одоо сурч байгаа сургууль чинь төгсөөд ажлын байр баталгаагүй юм чинь ажил олох гэж хэцүү бас 4 жил сурах сургалтын төлбөр гээд зөндөө асуудал байна. Энэ хүнээр төмөр замд оруулчихвал шууд ажлаа хийгээд цалин хөлсөө аваад явчих юм чинь ар гэрт маань ч гэсэн хэрэгтэй” гэхээр нь би “за за үнэхээр л бүтэх юм бол хамаа алгаа тэгье” гэж хэлсэн. Би тэр үед Б- сургуулийн нийтийн удирдлагын 2 дугаар курсийн эхний семестрт сурдаг байсан юм. Тэр хугацаандаа Б- сургуульдаа яваад байж байхад хэзээ хэлснийг нь санахгүй байна 10 сардаа л байх эгч надад “чи сургуулиасаа бичиг баримтаа аваад ирээ нөгөө төмөр замд оруулах хүнд чиний бичиг баримт чинь хэрэгтэй гэж байна” гэхээр нь сургууль дээрээ очоод бичиг баримтаа авах талаар хандахад “хэрвээ бичиг баримтаа авах гэж байгаа бол сургуулиас хасалт хийнэ” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би 1 жилийн чөлөө авах хүсэлтэйгээр бичиг баримтаа авч болдоггүй юм уу гэхэд үгүй ээ манай сургууль хасалт хийж байгаа хэрвээ бичиг баримтаа авах л юм бол шууд хасалт хийнэ гэхээр нь эгчид сургуулиас бичиг баримтаа авахад шууд хасна гээд байна наад төмөр замд оруулах асуудал чинь яг баараагүй юм байгаа биз дээ би хасалт хийлгээд бичиг баримтаа авлаа шүү гэхэд эгч надад за за болох байхаа авчих гэсэн. Тэгэхээр нь сургуулиасаа хасалт хийлгээд бичиг баримтаа авчихсан юм. Тэгээд бичиг баримтаа аваад 2018 оны 10 сардаа Г.Ө-ын утсаар нь холбогдоод төмөр замын эмнэлгийн хүлээн авахын үүдэнд сургуулиас авсан өөрийнхөө бүх бичиг баримтуудыг өгсөн. Тэгэхэд надад одоо 12 сардаа багтаагаад төмөр замд вагоны үйлчлэгчээр ажилд оруулчихна тэр хүртэл тэсээд хүлээж байгаарай гэж хэлсэн. Ингээд холбоо бариагүй байж байгаад 11 сарын эхээр би Г.Ө- эгч рүү залгаад юу болж байна, бүтэж байна уу гэхэд одоо бүтэж байгаа 12 сардаа баараагүй бүтнэ хүлээж бай гэсэн. Тэгснээ 2018 оны 11 дүгээр сарын 10-ны орчим намайг ажилд нь дадлагажуулна гэж хэлээд вагонд явуулсан. Г.Ө- эгчийн өөрийнх нь явдаг тосолгооны вагонд дадлагажих зорилгоор 2 хоногийн хугацаатай үйлчлэгч нэг эмэгтэйтэй хамт Улаанбаатараас Сэлэнгэ чиглэлд явчихаад ирсэн. Тэгэхдээ гал түлэх, вагоноо арчих зэрэг наад захын ажил хийлгэсэн. Ингээд л тэр явдлаас хойш Ө- эгчтэй огт уулзаагүй. Манай эгч л Ө-тай яриад байдаг байсан. Би эгчээс л нөгөө хүн чинь яаваа гээд асуудаг байсан юм. Бас нээрээ 1 хоног вагонд ажиллахаар явахад чиний мэргэжлийн үнэмлэхийг гаргуулчихсан шүү гэхдээ гадна талын хавтас нь гараагүй байгаа. Тэр нь дутуу хүлээгээд байгаа гэж байсан. Гэхдээ би одоо болтол тэр мэргэжлийн үнэмлэхийг хараагүй л дээ. Би яг өөрөө мөнгө өгөөгүй л дээ. Манай эгч А л миний ирээдүйд санаа зовоод төмөр замд ажилд оруулчихъя гэж ярилцаад шийдсэн юм. Тэгээд эгч маань Г.Ө-д намайг ажилд оруулна гэж 4.000.000 төгрөг өгсөн байсан. Тэгэхээр энэ мөнгийг эгч нэхэмжлэх учиртай...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/

 

Гэрч П.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг Архангай аймагт гэртээ байж байхад манай ээжийн төрсөн дүүгийнх нь охин А над руу яриад чамайг төгссөн мэргэжлийн чинь дагуу воган үзэгчээр толгойт өртөөнд ажилд оруулаад өгөх үү гэж надад хэлж байсан юм. ...Ө- нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө нь намайг У замын толгойт өртөөнд воган үзэгчээр ажилд оруулж өгнө гэж хэлж байсан. Намайг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр дуудаж У замын воган тепо дээр Н- гэдэг хүнтэй уулзуулсан. Тэгээд Н- гэдэг ахтай уулзсан чинь тэр ах хүний нөөцийн ахлахтай уулзаж байгаад анкет бөглөчих гэхээр нь би хүний нөөцийн ахлах гэх нэг эгчтэй уулзаад анкет бөглөж өгсөн. 7 хоногийн дараа дахиад тэр Н-тэй уулз гэхээр нь Н-тэй уулзахад тэр ах надад шалгалтын материал өгөөд, чамаас шалгалт авахдаа утсаар дуудна гэж хэлсэн. Дахиад 14 хоногийн дараа Ө- нь Н-тэй уулзчих гэхээр нь дахин Н-тэй уулзахад тэр Н- гээд ах шалгалт авах хүнтэй уулзуулна чи байж бай гэсэн. Тэгээд тэр өдрөө шалгалт авах гэж байсан хүн больчихлоо гэхээр нь явж бай, би шалгалт авах гэж байгаа хүнтэйгээ өөрөө уулзъя гэж хэлээд надаас 50.000 төгрөг авсан. Тэгээд 7 хоногийн дараа байх гэж бодож байна. Нөгөө Н- гээд ах надруу залгаад чи хүрээд ирээ дахин шалгалтын материал ав гээд байхаар нь би фэйсбүүк хаягаар явуулчих гэсэн чинь өмнө өгсөн шалгалтын материал байсан. Та нар тоглоод байгаа юм уу гэсэн. Тэр Н- гээд ах би өгөх ёстой юм гэж байна. Чи Ө-тайгаа учраа ол гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандах болсон. Ө- нь надаас 4.000.000 төгрөг авсан бөгөөд надаас энэ мөнгийг авахдаа намайг ажилд оруулах 2-3 хүнтэй уулзана гэж хэлээд мөнгө авсан. Надаас мөнгө аваад 7 сар гаруй хугацаа өнгөрч байна. Намайг ажилд оруулна гээд худлаа хэлээд байсан. ...А эгч энэ хэрэгт миний өмнөөс оролцоод санал, гомдол гаргаад оролцох болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 тал/

 

Гэрч Б.О- мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн эгчээрээ дамжуулан Ө-ын гар утсаар холбогдож байгаад 2017 оны 7 дугаар сарын 4 юм уу, 5-ны үеэр хамгийн анх Төмөр замын эмнэлгийн хажуу талын /нэрийг нь мэдэхгүй байна/ паб-д уулзсан. Ө-тай уулзах болсон шалтгаан нь би өөрийн хадам дүүг ажилд оруулах талаар ярилцах гэж байсан. Харин тэр өдөр Ө- нь надад хэлэхдээ би танай дүүг ажилд оруулж чадна л гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэр өдрөө бэлнээр 4.000.000 төгрөг өгсөн. Тэгээд би сар гарны дараа үлдэгдэл 3.000.000 төгрөгөө өгвөл ажилд төрөл оруулна гэсэн. Тухайн үед надад мөнгө төгрөг олдохгүй байсан учраас би Ө-д надад 3.000.000 төгрөг олдохгүй юм байна. Би анх өгсөн 4.000.000 төгрөгөө авъя гэсэн чинь надад 1.000.000 төгрөгийг эргүүлэн өгсөн. Миний хувьд цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл байхгүй. Ө-тай учраа олчихно. Би өөрөө дөнгөж төрөөд 1 сар болж байгаа учраас цагдаа, шүүхийн асуудлаар явмааргүй байна. Миний хувьд А, Ө- нарыг албан ёсоор танилцуулсан зүйл байхгүй. А нь манай найз учраас бид хоёр юм ярьж баигаад би Ад хэлэхдээ өөрийн танилын дүүгээ Ө- гэдэг хүнээр дамжуулан ажилд оруулах гэж байгаа гэж хэлсэн чинь А тийм уу? надад Ө-ын дугаарыг нь өгчих гэхээр нь би дугаарыг нь өгсөн. Тэр хоёр хэзээ, хаана уулзаад юу ярьсан хэдэн төгрөг өгсөн, авсныг нь мэдэхгүй. Төмөр замд ажилладаг гэдгээр нь мэддэг байсан. Тэгэхдээ яг ямар ажил хийдгийг нь мэддэггүй байсан. Надтай уулзах үедээ манай дүүг ямар ч асуудалгүй ажилд оруулж өгнө гэж хэлж байсан. Тэгэхээр нь би одоохондоо гайгүй танил тал, гайгүй ажил хийдэг байх гэж боддог. Харин хэзээ сүүлд миний мөнгийг өгөхгүй байхаар нь хүнээс асуусан чинь Ө-ыг вагонд үйлчлэгч хийдэг гэдгийг нь мэдсэн. Одоогийн байдлаар надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/

 

Гэрч Д.Н- мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэж сайн тод санаж байна. Ө- нь надад 1.000.000 төгрөгийн өртэй байсан ба тухайн өдрийн 17 цагийн үед Ө- нь өөрийн биеэр намайг Төмөр замын вокзалын хойно байрнуудын дунд явж байхад надад 500.000 төгрөг авчирч өгсөн. Энэ өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Ө- дахиж ганцаараа манай ажил дээр ирээд манай нэг танилын хүүхэд байгаа юм би энэ хүүхдэд заавал туслах ёстой байгаа юм. Та энэ хүүхдийг ажилд оруулахад туслаад өг гэхээр нь би ямар мэргэжилтэй хүн юм бэ гэж асуухад манай воганы засварчин мэргэжлийн үнэмлэхтэй хүүхэд байгаа юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь үнэхээр тийм бол ном журмынхаа дагуу энэ ажилд оруулахад татгалзах зүйл байхгүй гэж хэлээд зөвшөөрсөн. Харин шууд тэр өдрөө Ө- надад тэр С- гээд байгаа залуугийн ажилд орох хүсэлт, өргөдөл, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар зэрэг материалыг надад өгсөн. Ингээд удаагүй 3-4 хоногийн дараа тэр залууг өөрөө дуудаж авчираад хүний нөөцийн ажилтан нартай уулзуулж ажилд орох анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, ажилд орох өргөдөл гэх мэт холбогдох бүх бичиг баримтыг өөрөөр нь биечлэн бүрдүүлж хүний нөөцийн тасагт өгсөн. Тухайн үед С- нь надад хэлэхдээ би Улаанбаатар хотод ажилд орно гэж хэлсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотод ажилд ороход хугацаа орно гэж хэлээд явуулсан. Тэгээд дахиад нэг сарын дараа хөдөө орон нутагт ажилд авах хүмүүсийн сонгон шалгаруулалт болох гэж байсан учраас би С-ыг ажил дээр дуудуулж ирүүлээд ажилд орох сонсон шалгаруулалт ямар байдгийг үз гээд шалгаруултыг үзүүлэх гэсэн боловч манай хүний нөөцийн ажилтан нар хэл ам гарна гээд зөвшөөрөөгүй юм. Үүнээс хойш бас л 1 сар орчмын дараа манайх Улаанбаатар толгойт гэж хариуцсан хэсгүүдэд орон гарах болсонтой холбогдуулан сонгон шалгаруулалт болохоор болоод С-ыг дуудаж ирүүлсэн. Харин тэр үед С-ын эгч А өөрөө над руу залгаад утсаар “та манай дүүг ажилд оруулах гэж байгаа юм чинь сонгон шалгаруулалт авах инженерүүддээ хоол аваад өгчихөөрэй гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Харин надад С- нь 50.000 төгрөг авчирч өгсөн. Тухайн үед шалгалтанд ороогүй би өөрөө болиулсан. Учир нь би А-гаас юу болоод байгааг асуухад А нь надад Ө- нь надаас манай дүүг ажилд оруулна гээд мөнгө авсан гэж өөрөө надад албан ёсоор хэлсэн. Тэгэхээр нь тухайн үед наадах чинь асуудал юм байна даа гэж хэлээд би болиулсан юм. Тэгээд л мөнгө авсан, мөнгө өгсөн гээд асуудал үүссэн. Тухайн үед ийм л зүйл болсон. Миний хувьд С- гэдэг залууг ажилд оруулна гэж А гэх эмэгтэйгээс мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. Миний хувьд Ө-ыг А, С- нараас мөнгө авсан гэж мэдээгүй. ...Би хүмүүсийг хуурч мэхлэх санаа бодол байгаагүй. Энэ талаар Ө- өөрөө сайн мэдэж байгаа. ...Сүүлд А над руу залгаад Ө- танд 500.000 төгрөг өгсөн гээд байна. Та надад 500.000 төгрөгийг буцааж өг гэхээр нь би Ө- надад өртэй байж байгаад өрөндөө надад 500.000 төгрөг өгсөн гэсэн чинь миний хэлсэн үгийг ойлгохгүй, над руу байнга залгаад байхаар нь би эргүүлээд тэр 500.000 төгрөгийг 2 хувааж Ад дансаар өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/

 

Шүүгдэгч Г.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Агаас дүү М-, хамаатны дүү С- нарыг төмөр замд ажилд оруулж өгнө гэж хэлээд 8 сая төгрөг, О-ын нөхрийнх нь дүү М-ийг мөн төмөр замд ажилд оруулж өгнө гэж хэлээд 3 сая төгрөгийг авсан нь үнэн. Буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрнө. Би С-ыг вагон ашиглалтын депод вагон үзэгчээр ажилд оруулж өгнө гэж хэлээд 2018 оны 7 дугаар сарын 20-ны орчим А-гаас 4 сая төгрөгийг бэлнээр 25 дугаар эмийн сангийн Кэй Эф Си-ийн дэргэд авсан. Дараа нь М-г суудлын вагон депод үйлчлэгчээр ажилд оруулж өгнө гэж хэлээд 2018 оны 10 сард Агаас 4 сая төгрөгийг хүү Х-ын 5990230000 дугаарын дансанд шилжүүлж авсан. О-ын нөхрийн дүү болох М-ийг Улаанбаатар өртөөнд ажилд оруулж өгнө гэж хэлээд 2018 оны 7 сард 3 сая төгрөгийг би бэлнээр авсан. Тэгэхдээ 1 сая төгрөгийг нь Төмөр замын эмнэлгийн урд талд, 2 сая төгрөгийг нь Бөхийн өргөөний замын хойд талд цайны газар авч байсан....” /хх-ийн 36 тал/, …Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийн талаар үнэн зөвөөр ярьж хэлсэн. Өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. ...Н- миний гуйлтаар надад тусалсан түүнээс биш энэ гэмт хэрэгт ямар нэгэн оролцоо хамаарал байхгүй. Намайг бусдад ажилд оруулна гэж хэлээд мөнгө авсныг мэдээгүй. …Би 2018 оны 6 дугаар сард Н-гээс 1.000.000 төгрөг зээлж авсан байсан. Тэгээд А-гаас мөнгө авсны дараа Н-д 500.000 төгрөг өгсөн байсан. Тэрнээс бол энэ гэмт хэрэгт холбоотой ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Н- нь надаас авсан 500.000 төгрөгөө эргүүлэн А-д буцааж өгсөн. Үүнээс гадна би А-д 600.000 төгрөг нийт 1.100.000 төгрөг өгсөн. Үлдэгдлийг нь өгч хохирлоо нөхөн барагдуулна...” /хх-ийн 54-57 тал/ гэх мэдүүлгүүд,

 

У замын дотоод аудитын хяналтын албаны шалгалтын материал /хх-ийн 3-16 тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 8, 68 тал/, Хөдөлмөрийн гэрээ, ажлаас халах тушаал /хх-ийн 64-65 тал/ нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Л.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ө-тай 2013 оноос 2018 оны 11 сар хүртэл хамтран амьдардаг байж байгаад салсан. Энэ хугацаанд Ө- нь миний хаан банкны виза картыг ашигладаг байсан. Миний хувьд хэнээс хэдэн төгрөг ямар зорилгоор авдаг байсан талаар мэдэхгүй. Миний мэдэж байгаагаар Ө- 2016 онд төмөр замын газарт воганы үйлчлэгчээр ажилд орж байсан. Тэгээд л воганы үйлчлэгч ажил хийдэг байсан. Миний бодлоор Ө- нь сэтгэл нь цайлган хүнд маш их тусархуу мундаг дайчин эмэгтэй шиг санагддаг. Ямар нэгэн элдэв муу зан ааш гаргадаггүй сайн эмэгтэй байгаа юм. Надтай хамтран амьдардаг байхдаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байр орон сууц түрээсэлж амьдардаг байсан. Ө- нь 14, 19, 21, 25 настай 4 хүүхэдтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/, гэрч С.Байгальмаагийн: “...Г.Ө- эгч бид цуг ажилладаг байсан юм. Миний мэдэж байгаагаар Ө- эгч 4 хүүхдүүд нарын хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй ба өөрийн гэсэн байр орон сууц байддаггүй тул түрээсийн байранд өрөө түрээслэж амьдардаг. Анхны нөхөр нь нас бараад сүүлд нэг залуутай амьдрах гэж байгаад салсан юм шиг байна лээ. Г.Ө- нь хамт олон дундаа нэр хүнтэй сэргэлэн тийм эмэгтэй байгаа юм. Ямар нэгэн муу зуршилгүй сайн л эмэгтэй байсан. Яагаад ямар шалтгааны улмаас гэмт хэрэгт холбогдсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/, Г.Ө-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 59 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 тал/, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 338 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 116-119 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, прокуророос ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ө- нь Узамын 2 ангид үйлчлэгчээр ажиллаж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаасаа халагдсан байх ба тэрээр воганы үйлчлэгчээр ажиллаж байхдаа Төмөр замд хүн ажилд оруулж өгнө гэж итгүүлэн иргэн Ш.А-гаас нийт 8 сая төгрөг, иргэн Б.О-аас 4 сая төгрөг тус тус авчээ.

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Иргэн Б.О- мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол санал байхгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл байхгүй гэсэн учир түүнийг хохирогчоор тогтоож ажиллагаа явуулаагүй...” гэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.Ө- нь Узамын 2 дугаар ангид буюу тосолгооны воганд үйлчлэгчээр ажилладаг атлаа төмөр замд гайгүй ажил төрөл эрхэлдэг, хүн ажилд оруулж өгөх бүрэн боломжтой гэж хохирогч Ш.А-д итгүүлэн түүний дүү Ш.М-г төмөр замын 2 дугаар ангийн тосолгооны воганд үйлчлэгчийн, дүү П.С- Толгойт өртөөнд воган үзэгчээр тус тус ажилд оруулж өгнө гэж хэлж, 2018 оны 8 дугаар сарын 24-нд 4 сая төгрөг, 9 дүгээр сарын 24-нд 4 сая төгрөг тус тус өөртөө шилжүүлэн авсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой бөгөөд шүүгдэгч Г.Ө- хохирогч Ш.А-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан түүний дүүг ажилд оруулж өгнө гэж нийт 8.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлтэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Ө-ыг “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан...” буюу “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “...хэргийн зүйлчлэлд маргаан байхгүй. Гэхдээ П.С-ыг гэрчээр асууж, Ш.А- итгэмжлэлээр төлөөлж оролцож байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. П.С- нь өөрөө бэлнээр мөнгөө Г.Ө-д өгсөн гэдгээ мэдүүлсэн тул хохирогчоор тогтоогдох ёстой...” гэж, харин хохирогч Ш.А-гийн өмгөөлөгч Г.Ганцэцэг нь “...Энэ хэрэгт Д.Н-гийн оролцоо байгаа гэж үзэж байна. Мөн Г.Ө- нь хуурамч баримт бичиг үйлдсэн байж болзошгүй байх тул  хэргийг прокурорт буцаах саналтай байна...” гэж тус тус мэтгэлцэж оролцсныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь:

 

Хохирогч Ш.А- нь шүүгдэгч Г.Ө-д 8 сая төгрөгийг өөрөө шилжүүлэн өгсөн болох нь хохирогч Ш.А-гийн “...Би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах КFC-ийн хажууд байх АТМ-ээс 3.500.000 төгрөгийг аваад бэлнээр Г.Ө-д өгсөн...” шүүгдэгч Г.Ө-ын “...Би мөнгийг Ш.А-гаас бэлнээр болон дансаар авч байсан...” гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ш.А-г хохирогчоор тогтоож ажиллагаа явуулсныг буруутгах үндэслэлгүй юм.

 

Мөн хэрэгт авагдсан гэрч Д.Н-гийн “...Улаанбаатар толгойт гэж хариуцсан хэсгүүдэд орон гарах болсонтой холбогдуулан сонгон шалгаруулалт болохоор болоод С-ыг дуудаж ирүүлсэн. Харин тэр үед С-ын эгч А өөрөө над руу залгаад утсаар “та манай дүүг ажилд оруулах гэж байгаа юм чинь сонгон шалгаруулалт авах инженерүүддээ хоол аваад өгчихөөрэй гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Харин надад С- нь 50.000 төгрөг авчирч өгсөн. Тухайн үед шалгалтанд ороогүй би өөрөө болиулсан. Учир нь би Агаас юу болоод байгааг асуухад А нь надад Ө- нь надаас манай дүүг ажилд оруулна гээд мөнгө авсан гэж өөрөө надад албан ёсоор хэлсэн. Тэгэхээр нь тухайн үед наадах чинь асуудал юм байна даа гэж хэлээд би болиулсан юм. Миний хувьд С- гэдэг залууг ажилд оруулна гэж А гэх эмэгтэйгээс мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. Миний хувьд Ө-ыг А, С- нараас мөнгө авсан гэж мэдээгүй. ...Сүүлд А над руу залгаад Ө- танд 500.000 төгрөг өгсөн гээд байна. Та надад 500.000 төгрөгийг буцааж өг гэхээр нь би Ө- надад өртэй байж байгаад өрөндөө надад 500.000 төгрөг өгсөн гэсэн чинь миний хэлсэн үгийг ойлгохгүй, над руу байнга залгаад байхаар нь би эргүүлээд тэр 500.000 төгрөгийг 2 хувааж Ад дансаар өгсөн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.Ө-ын “......Н- миний гуйлтаар надад тусалсан түүнээс биш энэ гэмт хэрэгт ямар нэгэн оролцоо хамаарал байхгүй. Намайг бусдад ажилд оруулна гэж хэлээд мөнгө авсныг мэдээгүй. …Би 2018 оны 6 дугаар сард Н-гээс 1.000.000 төгрөг зээлж авсан байсан. Тэгээд Агаас мөнгө авсны дараа Н-д 500.000 төгрөг өгсөн байсан. Тэрнээс бол энэ гэмт хэрэгт холбоотой ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй...” гэх мэдүүлгээр тухайн гэмт хэрэгт Д.Н-гийн бодитой үйлдэл, оролцоо байхгүй, шалгах ажиллагаа хийгдсэн гэсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэв.    

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.А-д 8.000.000 /найман сая/ төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Г.Ө- мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1.100.000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт 200.000 төгрөг, нийт 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул шүүгдэгч Г.Ө-аас гэмт хэргийн хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 6.700.000 /зургаан сая долоон зуун мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч Ш.А-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ө- нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

        Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 338 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байхдаа дахин нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус заасан.

 

          Шүүгдэгчийн 2019 оны 8 дугаар сарын 24, 9 дүгээр сарын 24-ний өдрийн буюу хохирогч Ш.А-г залилсан үйлдэлд шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор шинжлэн судалсан нотлох баримтууд болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр төлөх арга хэмжээ авч байгаа, хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг тус тус харгалзаж, шүүгдэгч Г.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч Г.Ө- нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 338 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сарын 24, 9 дүгээр сарын 24-ний өдөр дээрх аргаар бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул хуулинд заасны дагуу энэ шийтгэх тогтоолоор өмнөх шийтгэх тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна.

 

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар 1 жилийн хорих ял дээр нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, 40 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Ө-ын биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил, 40 /дөч/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Түүний биечлэн эдлэх 1 /нэг/ жил, 40 /дөч/ хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Л.А-, С.Б нарын мэдүүлгээр Г.Ө- нь 14, 19, 21, 25 настай 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй болох нь тогтоогдсон тул түүний насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулинд заасны дагуу сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэх болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Ө-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд хорих ял оногдуулсантай холбогдуулан өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-д 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалт Г.Ө-ыг 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 40 /дөч/ хоногоор тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Ө-д оногдуулсан 1 /нэг/ жил 40 /дөч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

        5. Шүүгдэгч Г.Ө- нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

        6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар  зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-аас 6.700.000 /зургаан сая долоон зуун мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч Ш.А-д олгосугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

       8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА