Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 1884

 

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2016/01884

 

Д.Амарсанаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр дугаар 27-ны өдрийн 181/ШШ2016/00799 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Амарсанаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Баатаржавд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 6 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Ц.Баатаржавын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Амарсанаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Амарсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Мөстийн өвөр булаг” ББСБ-аас хашаа байшингаа барьцаалж 2015 оны 04 сарын 13-ны өдөр 1 500 000 төгрөгийг зээлж аван Ц.Баатаржаваас өмнө нь зээлж авсан 200 000 төгрөгийг өгч, үлдэх 1 300 000 төгрөгийг бид хоёр тус бүр 650 000 төгрөгөөр хувааж авсан. Өөрөөр хэлбэл би Мөстийн өвөр булаг ББСБ-аас зээлсэн мөнгөнөөсөө 650 000 төгрөгийг Ц.Баатаржавд зээлдүүлж, ББСБ-д мөнгийг хувааж төлөхөөр тохиролцсон. Дараа нь 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ц.Баатаржав мөнгө зээлээч гэж гуйхаар нь өөрийн данснаас 5 000 000 төгрөгийг түүний  хаан банк дахь 5006455435 тоот дансанд шилжүүлсэн.  Ц.Баатаржав нь уг 5 000 000 төгрөгийг авахдаа 2015 оны 12 сарын 01 ны өдөр буцааж өгөхөөр тохиролцож, хүүд нь “Мөстийн өвөр булаг” ББСБ-аас зээлж авсан 1 500 000 төгрөгийн үлдэх хэсэг болох 1 000 000 төгрөгийг төлж өгнө гэж амалсан. Гэтэл Ц.Баатаржав  хугацаандаа мөнгөө өгөхгүй, хэл амаар доромжилж, дарамталж, заналхийлэх болсон. “Мөстийн өвөр булаг” ББСБ-д  зээл, хүүгийн төлбөр төлөгдөөгүй байгаа. Зээлээс Ц.Баатаржав хүүд 180 000 төгрөг, дараа нь 400 000 төгрөг хийсэн. Мөстийн өвөр булаг ББСБ-ийн зээл 1 500 000 төгрөг, хүү 300 000 төгрөг болсон.  Иймд дансаар зээлсэн 5 000 000 төгрөг, “Мөстийн өвөр булаг” ББСБ-аас зээлсэн 1 500 000 төгрөг, хүү 300 000 төгрөг, нийт 6 500 000 төгрөгийг Ц.Баатаржаваас гаргуулж өгнө үү гэжээ.  

 

 Хариуцагч Ц.Баатаржав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Амарсанааг Чингэлтэй дүүргийн эцэст сургууль цэцэрлэгийн барилгын ажил хийх гээд мөнгөгүй байхад нь хувиасаа мөнгө өгч, “Мөстийн өвөр булаг” ББСБ-д хашаа байшинг нь барьцаалж, мөнгө авахад нь хамт явж урд нь зээлсэн 200 000 төгрөгөө буцааж авсан. Д.Амарсанаа нь 5003954470 тоот данснаасаа миний 5006455435 тоот дансанд 2015 оны 08 сарын 31-ний өдөр 5 006 754 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн. Д.Амарсанааг Чингэлтэй дүүрэг дэх сургууль, цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад нь тусалж ажлынхаа хөлсөнд 5 000 000 төгрөгийг авсан.

Мөстийн өвөр булаг ББСБ-аас авсан мөнгө бол Д.Амарсанаагийн өөрийнх нь асуудал. Би Д.Амарсанаагаас урд зээлсэн 200 000 төгрөгөө авсан бөгөөд тэр зээлсэн мөнгөнөөс нь 650 000 төгрөгийг авсан. Үүнээсээ 200 000 төгрөгийг, дараа нь 400 000 төгрөгийг төлсөн. Үлдэх  50 000 төгрөгөөр Д.Амарсанаатай хамт хоол унданд ороод дуусгасан. Тухайн үед зээл авахад хүүг нь урьдчилаад авч байсан санагдаж байна. Иймд нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй  гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Ц.Баатаржаваас 5 050 000 /таван сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж Д.Амарсанаад олгож, нэхэмжлэлээс 1 750 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Амарсанаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баатаржаваас 95 750 /ерэн таван мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж Д.Амарсанаад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Баатаржав давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Д.Амарсанааг Рокпэйнт групп ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад нь дэмжлэг үзүүлсний ажлын хөлсөнд 5 000 000 төгрөгийг авсан  байхад гэрч Л.Мөнхдалайн мэдүүлгээр туслалцаа үзүүлээгүй гэж шийдвэр гаргасанд гомдолтой.  Тухайн гэрээг хэлэлцэх үед инженер Төрөө, Амарсанаа, Баатаржав миний бие Л.Мөнхдалайтай Рокпейнт групп ХХК-д уулзаж ярилцсан. Мөн сантехникийн бараа материал нийлүүлэх хангах талаар ярилцсан нь нотлогдож байхад хэтэрхий нэг талыг барьж утасны мессэжний хуулбар үзэж шийдвэр гаргасанд гомдолтой.  Гэрч гэх Л.Мөнхдалайтай Д.Амарсанаа нь үгсэн хуйвалдаж иргэн надад өгсөн ажлын хөлсөө буцааж үгүйсгэж нэхэмжилж байгаад гомдолтой байна. Нэхэмжилж буй 5 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

Шүүх  маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Амарсанаа нь хариуцагч Ц.Баатаржавд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 800 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...Мөстийн өвөр булаг ББСБ-аас Д.Амарсанаагийн зээлсэн мөнгөнөөс 650 000 төгрөг авч буцаагаад 200 000 төгрөг, 400 000 төгрөгөөр цувуулан төлж дуусгасан. Үлдэх 50 000 төгрөгөөр нь Амарсанаа бид хоёр хоол унд авч идээд дуусгасан. Харин 5 000 000 төгрөгийг зээлж аваагүй, бусдад зуучилж барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж өгснийхөө төлөө ажлын хөлсөнд авсан” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Амарсанаа нь Мөстийн өвөр булаг ББСБ-аас 1 500 000 төгрөгийн зээл авч, 200 000 төгрөгийг хариуцагч Ц.Баатаржавд өрөндөө өгч, үлдэх 1 300 000 төгрөгөөс 650 000 төгрөгийг хариуцагчид зээлсэн бөгөөд Ц.Баатаржав нь уг зээлээс 600 000 төгрөгийг буцаан төлсөн, мөн нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөгийг хариуцагч   өмчлөлдөө шилжүүлэн авсан үйл баримтад зохигчид маргаагүй.

 

Харин 5 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Баатаржав зээл биш ажлын хөлс гэх боловч Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийх этгээдтэй нэхэмжлэгчийг холбож өгсөн, нэхэмжлэгч нь түүнд ажлын хөлс төлөх үүрэгтэй байсан болохыг хэрэгт авагдсан баримтаар нотолж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг няцаагаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.  

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт заасан “...нэхэмжлэлийн шаардлага  түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй.

 

Хэрэгт авагдсан дансны гүйлгээ хийсэн хуулга, зээлийн гэрээ, талуудын  тайлбараар зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч Ц.Баатаржав нь 5 050 000 төгрөгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв болжээ.  

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алддаг. Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд нийт 5 650 000 төгрөгийг шилжүүлснээ нотлож чадсан боловч хүү тооцохоор бичгээр тохиролцсон талаар нотлох баримт гаргаагүй тул нэхэмжлэлээс 1 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

 

Анхан шатны шүүх утасны мессэж гэх баримтад үзлэг хийх замаар бэхжүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу боловч хэрэгт цугларсан бусад баримт болох  Д.Амарсанаагийн депозит дансны хуулга, зохигчийн тайлбар,  Хаан банкны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 29/8605 тоот албан бичгээр Д.Амарсанаа нь Ц.Баатаржавын өмчлөлд 5 650 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтын талаар талууд маргаагүй болно. /хх-5, 44-45 хуудас/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр дугаар 27-ны өдрийн 181/ШШ2016/00799 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баатаржавын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Баатаржавын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                      ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

 

                                                                        Ш.ОЮУНХАНД