Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 185

 

Д.Д-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр, Б.Гүнбилэг, Г.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1515 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1368 дугаар магадлалтай, Д.Д-т холбогдох 1902 00000 0111 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр, Г.Мөнхболд, Б.Гүнбилэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ *** ажилтай байсан, ял шийтгэгдэж байгаагүй, М овогт Д-ын Д.

Д.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-ыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Д-т нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.А гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тоггоол, давж заалзах шатны шүүхийн магадлалд дурдсан Д.Д-ыг гэм буруутайг нотолж буй нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, нотлох чадваргүй болох тухай:

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгч, комиссар Б.Б-ын шинжээч томилж, шинжилгээ хийпгэх тухай мөрдөгчийн тогтоолоор шинжээчээр “Т” ХХК-нийг “С” ХХК нь жижиг дунд үйлдвэрлэгч мөн эсэх, зээлийн материал нь шалгуур шаардлагыг хангаж байгаа эсэх, барьцааны гэрээний дагуу барьцаалсан эд хөрөнгүүд нь барьцааны шаардлага хангаж байгаа эсэх, барьцааг зохих журмын дагуу үнэлсэн эсэх, ЖДҮС олгосон зээлийн санхүүжилтийг төслийн дагуу зарцуулсан эсэх асуултуудыг хариулахыг даалгаж томилсон байдаг. Мөрдөн байцаагчийн тогтоолд шинжээч С.Наранцэцэгт эрх, үүрэг танилцуулсан. Үүний дагуу “Т” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 02/02 дугаар шинжээчийн дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтэд шинжээч С.Н, захирал В.О нар гарын үсэг зурсан. Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д ..., мөн хуулийн 4.1-д ... гэж заасан байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлт гаргасан “Т” ХХК нь Аудитийн тухай хуульд заасан шинжилгээ хийх эрхтэй эсэх, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт хавсаргаагүй байна. Энэ нь Аудитын тухай хуульд заасан хуулийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд эсэх нь тодорхойгүй байна. Мөн шинжээчийн дүгнэлтийг “Тэд аудит” ХХК-иар гаргуулах мөрдөгчийн тогтоол гарсан. “Т” ХХК-с С.Н-ийг шинжээчээр томилсон шийдвэр, тэрээр тухайн хуулийн этгээдэд ямар албан тушаал хашдаг талаар баримт хавсаргаагүй нь шинжээч томилсон этгээдээс өөр этгээд дүгнэлт гаргасан нь харагдаж байна.

2. Анхан шатны шүүхийн тогтоолын 16 дугаар хуудсанд “Тод үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг Д.Д-ын гэм буруутай болохыг дүгнэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн байна. Мөрдөн байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор “Тод үнэлгээ" ХХК-ийг “С" ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан 3 үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор даалгасан. “Тод үнэлгээ” ХХК-нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12/23 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан байдаг. Дүгнэлт гаргасан үнэлгээчин С.Ц нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан тусгай зөвшөөрөлтэй эсэх талаарх баримтыг хавсаргаагүй. Шинжээчийн дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөлтэй иргэн мөн эсэх талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.2-т "шинжээч" гэж ..., мөн хуулийн 6.1.5. "шинжээчийн дүгнэлт” гэж ..., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд ... гэж заасан. Мөн хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчээр томилох тохиолдолд тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг байгаа эсэхийг шалгана гэж заасан. Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Аудитын тухай хуульд заасан заалтуудыг зөрчсөн нь дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хууль бус байна. Хууль бус шинжээчийн дүгнэлтүүдийг шийтгэх тогтоолд яллах талын нотлох баримт болгож байгаа үндэслэлгүй хууль зөрчсөн байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар энэ хэрэгт иргэний хариуцагчаар Ц.М-ыг татсан. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад “С” ХХК нь М.Б-ын 100 хувийн эзэмшлийн компани байх ба жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгө болох 1.200.000 төгрөг уг компанийн дансанд орсон байдаг. Гэтэл улсын яллагчийн зүгээс Ц.М-ыг иргэний хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тогтоосон. ЖДҮДСангаас авсан зээл М.Б-ын эзэмшлийн “С” ХХК-ний дансанд орсон байхад Ц.М-ыг иргэний хариуцагчаар татаж байгаа нь буруу, хуулийн этгээдийг буюу “С-”-ыг иргэний хариуцагчаар татах ёстой байсан. Мөн яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд дурдсанаар Д.Д нь Ц.М-тай хамтран гантиг чулууны ордыг ашиглах зорилгоор гэж бичигдсэн байдаг. Гэтэл Ц.М нь иргэний хариуцагч биш бол хэргийн ямар оролцогч байх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн хамтран оролцогч мөн эсэх, энэ талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Шүүх Ц.М-ыг энэ хэрэгт хамтран оролцсон үйлдэлд нь татах ёстой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс ямар нэгэн хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Ц.М гэдэг хүн өнөөдөр энэ хэргээс хуурай гарчихсан. Хохирол төлсөнгүй, ял шийтгэл аваагүй. Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд дурдсанаар хамтран энэ хууль бус гээд байгаа ажлыг эхлүүлчихээд энэ үйл ажиллагаандаа оролцуулаад яваад байхад яагаад М-ыг татахгүй байгаа юм. Татсан юм уу, тусгаарласан юм байна уу байхгүй. Энэ гэмт хэргийг Ц.М гэдэг хүн санаачилсан. Гэтэл энэ талаар хавтаст хэрэгт шалгасан, мөрдөн шалгах ажиллагаа хийсэн зүйл байхгүй.

4. Шийтгэх тогтоолд гэрч Ц.М-ын мэдүүлгийг яллах нотлох баримт болгосон. 1-р хавтаст хэргийн 234-р хуудсанд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ц.М-ыг гэрчээр байцаахад өмгөөлөгчөөр Б.Цэнгэлийг байлцуулан мэдүүлэг авсан. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дахин гэрчээр мэдүүлэг авч яллах талын нотлох баримт болгожээ. Д.Д-ыг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн прокурорын 1802004880258 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.

...Хавтаст хэрэгт авагдсан М.М-ын мэдүүлэгт хамт байлцан түүнд хууль зүйн туслалцаа үзүүлж, түүний эрх ашгийг хамгаалж Д.Д-ын эсрэг байр суурьтай байсан уг өмгөөлөгч нь уг хэрэгт яллагдаж буй Д.Д-ын өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Гэтэл үүнийг тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөн байцаагч болон уг хэрэгг хяналт тавьж буй прокурор нар таслан зогсоогоогүй, энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг шүүх залруулахгүй, мөн түүнийг нотлох баримтаар тооцож яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

5. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 23, 24 дүгээр хуудсанд зааснаар улс төрд нөлөө бүхий этгээд болох Д.Д нь ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ гэжээ.

Д.Д-ыг гэм буруутайд тооцохдоо хавтаст хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй болох Ц.М-ын хүү М.Б-ын үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаагүй “С” ХХК-ний нэрээр “Гантиг чулуу боловсруулах үйлдвэр байгуулах төсөл бичүүлэн гэх үйлдлийг шүүх анхаарч үзээгүй. 2-р хавтаст хэргийн 178-182 талд авагдсан гэрч М.Ц-ын “...Гантиг чулуу боловсруулах үйлдвэр бол миний толгойд бэлэн байсан. Би гантиг чулууны үйлдвэрийг “Ц" ХХК-нд ажилпаж байхдаа олж авсан ажлын туршлага байсан учраас гадаад хэл дээр мэдээлэл цуглуулсан ...Б нь жижиг дунд үйлдвэр тухай хуульд заасан шалгуур үзүүлэлт, хууль, сонгон шалгаруулалтын журмыг олж өгсөн. Ингээд төслөө шалгуур үзүүлэлтийнх нь дагуу бичиж эхлээд дунд нь О төслөө жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мэргэжилтнээр хянуулсан.”, 2-хх 207-209 хуудсанд гэрч О.О-ын “...М.Ц нь надад хандан Гантиг чулууны төсөл бичих хэрэгтэй байна гээд манай хадам аав гээд Ц.М-тай танилцуулсан... Би “С” ХХК-ний Гантиг чулуу боловсруулах төслийг М.Ц-ын хамт бичиж 7.800.000 төгрөг авсан” зэрэг гэрчийн мэдүүлгээр Д.Д нь уг төслийг бичүүлээгүй байна. Гэтэл шүүх шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаж, хэлэлцэлгүйгээр төслийг бичүүлэн гэж хууль зүйн дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна.

6. Мөн яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд ялласан: “..Улс төрд нөлөө бүхий, нэр бухий хүмүүстэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах..’ шаардлагатай гэж Б.Б-ийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга гишүүдэд чиглэл өгсөн гэж байгаа ч хавтаст хэрэгт энэ талаар нотолсон нотолгоо байхгүй, эрүүгийн 1902000000111 дугаар хэрэгт Б.Б-ийг байцаагаагүй, Д.Д-ыг хууль бусаар Б.Б-т нөлөөлсөн талаар Б.Б-оос заавал мэдүүлэг авах ёстой байсан. Гэтэл үүнийг шүүх анхаарч үзэлгүйгээр шүүхийн хэлэлцүүлэгт тодруулалгүйгээр шууд гэм буруутай гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Д.Д-т холбогдох 1902000000111 тоот Эрүүгийн хэрэгт 1802004880258 дугаар эрүүгийн хэргээс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б.Б-оос авсан мэдүүлэгт 1902000000111 дугаар хэрэгтэй холбоотой буюу Д.Д-той холбоотой нэмж асуулт асууж тодруулаагүй, Д.Д Б.Б-т хэрхэн нөлөөлсөн талаар нэг ч асуулт асууж тодруулаагүй ба Б.Б-ийн хэргээс хуулбарлан авсан мэдүүлэгт Д.Д-ын талаар нэг ч зүйлийг дурдаагүй байдаг.

Д.Д-ыг Б.Б-т нөлөөлсөн талаар зөвхөн Б.Б л мэдэх ёстой. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байж түүнийг нөлөөлсөн гэж яллаж байгаа нь үндэслэлгүй буюу нотлох баримтаар хавтаст хэрэгт нотлогдоогүй байна.

7. 9-р хх-ийн 228 дугаар хуудсанд тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуулын даргалагчаар шүүгчээр Г.Хатанцэцэгийг томилсон захирамж байна.

Н.Одонтуул нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 172 дугаар зарлигаар тус шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдсон. ...түүний бүрэн эрх 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах сонгон шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зарласан. Өнөөдрийг хүртэл тухайн шатны ерөнхий шүүгчийг албан ёсоор Ерөнхийлөгч зарлиг гарган томилоогүй байна. ...Д.Д-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж авсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, зайлшгүй хийгдэх мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар ...шийтгэх тогтоолтой, ...магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүхээс ял оногдуулахдаа, түүнчлэн шүүгдэгчээс хохиролд тооцож төлсөн 1.3 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэжээ.

Нэг. Ял оногдуулсан байдлын тухайд: Шүүгдэгч Д.Д нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэргийн зүйлчлэл, гэмт хэрэгт хамтран оролцсон арга, хэлбэр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг журамласан үндэслэлийн тухайд, өөрийн гэм буруугийн тухайд маргаагүй, улмаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бусдын өмнөөс төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг шүүх харгалзан үзсэний үндсэн дээр ял оногдуулах, ингэхдээ хорих ялыг хөнгөрүүлэх эсхүл хорихоос өөр төрлийн ялыг оногдуулах хуулийн үндэслэл байжээ гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. ...Ямар нотлох баримт, үйл баримт болон хууль зүйн үндэслэлээр “...торгох ял оногдуулах нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирохгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй...” гэх дүгнэлтэд хүрсэн тухайд шүүх үндэслэл бүхий тайлбар, дүгнэлтийг гаргаагүй явдал нь шүүхийн шийдвэр хууль зүйн болон бодит үндэслэл бүхий байх хуулийн үндсэн шаардлагыг хангахгүй, түүнчлэн яллах болон цагаатгах, ялыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх, улмаар хуульд заасан хэмжээнээс ялыг хөнгөрүүлэх зэрэг хэргийг шийдвэрлэх, ял оногдуулахад анхаарвал зохих бүхий л нөхцөл байдлыг бүх талаас бүрэн үнэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид ашигтай, эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх хууль зүйн боломжийг хэрэглээгүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. ...Иймд дээр дурдсан хууль зүйн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж тухайн зүйл ангийн ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгөх эсхүл хуульд заасан бусад төрлийн хөнгөн ялыг Д.Д-т оногдуулж өгнө үү...

Хоёр: Хохиролд төлсөн төлбөрийг иргэний хариуцагчаас гаргуулах шүүгдэгчийн хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй, орхигдуулсан тухайд: ...Өөрөөр хэлбэл, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас авсан зээл, зээлийн хүүгийн болон холбогдох бусад төлбөрийн тооцооллыг шүүх бүрэн дүүрэн хийсэн, энэ талаар цаашид нэмэлт ажиллагаа явуулах, эсхүл цаашид хүү, нэмэгдүүлсэн хүү, торгууль зэрэг нэмэгдэл үүрэг үүсэх нөхцөл байдал байхгүй нь нэгэнт тодорхой болсон, түүнчлэн зээлийг хэн авсан, тиймээс төлөх үүрэг бүхий этгээд нь хэн болох, түүний өмнө шүүгдэгч төлбөрийг төлж барагдуулсныг шүүх нэгэнтээ дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар эл төлбөрийг иргэний хариуцагчаас гаргуулан шүүгдэгчид олгож, эрүүгийн хэргийг бүхэлд нь, тэр дундаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломж шүүхэд байжээ. Анхан шатны шүүхийн энэ мэт оновчгүй /алдаа/ шийдвэрийг залруулах боломж давж заалдах шатны шүүхэд байсан хэдий ч шийдвэрийг хэвээр үлдээсэн. Давж заалдах шатны шүүхийн эл алдааг залруулж, 1.3 тэрбум төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулан Д.Д-т олгоно уу хэмээн хяналтын шатны шүүхээс хүсч байна” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гүнбилэг гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...хавтаст хэрэгт Ц.М, Д.Д хоёр шууд хоорондоо үүнийг ажиллуулж ашиглая гэсэн тохиролцоог нотолсон нотлох баримт байхгүй. Д.Д төсөл бичүүлсэн тухай бас нотлох баримт байхгүй. Д.Д нь гэм буруугаа хүлээхдээ Ц.М-ын хүү М.Б-ын үүсгэн байгуулсан компанид буюу бусдад давуу байдал олгон тусалж, зээл олгох ажилд тусласан гэм буруугаа бол хүлээн зөвшөөрсөн. Харин өөртөө буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашигласан, урьдчилан тохиролцсон гэдгийг прокурор, шүүх юугаар нотолсон харагдахгүй байна.

...Шүүх яагаад эсрэг сонирхолтой этгээдийн мэдүүлгийг нотлох баримтад аваад байгааг давахын хурал дээр өмгөөлөгч миний бие хэлсэн боловч, харин ч магадлалын тодорхойлох хэсгийн 24-25 дахь нүүрт үндэслэл болгож оруулсан байна. ...Энэ хэргийг яагаад Б.Б, С.Т нарын хэргээс тусад нь шийдсэн, мөн С.Т яллагдагч буюу өөрөө эсрэг сонирхолтой этгээд гэдэг нь тодорхой байсаар байтал өөр хэрэгт байцаалтаар өгсөн мэдүүлгийг энэ хэргийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь тодорхойгүй байна.

...Д.Д Ц.М-ын хүү болон өөрийн дүүдээ тусалж бичиг гаргаж өгсөн нь үнэн гээд гэм буруугаа хүлээсэн. Харин авсан зээлийн зарцуулалт Д.Д-т огт хамаагүй. Зээл гартал тусалсан. Зээл гарснаас хойш, эрх зүйн өөр этгээдүүдийн хариуцлага, захиран зарцуулалт яригдаж байгаа. Түүний төлөө энэ хүнийг 3.5 жилээр яллах нь хүндэдсэн. ...1.2 тэрбумыг Д.Д захиран зарцуулаагүй, бүр харин өөрөө бусдын өмнөөс төлчихсөн, мөн гэм буруугаа хүлээчихсэн байна. Шинэ Эрүүгийн хуулийн онцлогийг харгалзах байтал харгалзаагүй. ...Өмгөөллийн байр суурь Г.С, Б.У нарын ялаас бага байх ёстой гэсэн байр суурьтай байна. ...” гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:Шүүгдэгч Д.Д нь Улсын Их Хурлын гишүүн, улс төрд нөлөө бүхий этгээд болохын хувьд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Б-т хууль бусаар нөлөөлж “С” ХХК-д 1.200.000.000 төгрөгийн зээлийг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас гаргуулж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтууд болон үйл баримтаар нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Д.Д-т оногдуулсан хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирч байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Батзоригт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тусгай журмаар буюу хялбаршуулсан журмаар буюу ялаа тохиролцож шийдвэрлэгдсэн учир ялын хувьд ярих боломжгүй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Д.Д-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос улс төрд нөлөө бүхий этгээд болох Д.Д-ыг Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр иргэн Ц.М-тай хамтран "Б" ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Гантиг чулуун ордыг ашиглах зорилгоор түүний хүү М.Б-ын үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаагүй "С" ХХК-ийн нэрээр "Гантиг чулуу боловсруулах үйлдвэр" байгуулах төсөл бичүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б-т хууль бусаар нөлөөлөн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар "С" ХХК-д 1.200.000.000 төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг түүнээс гаргууж, бусдад болон өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Д.Д-т холбогдох хэргийн нотлох баримтыг зөв үнэлж дүгнэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд түүний гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул тэрээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч болох этгээдээс өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын “...хэргийг прокурорт буцаах”, Г.М-ын “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх, ...иргэний хариуцагчаас 1.3 тэрбум төгрөгийг гаргуулан Д.Д-т олгох”, Б.Г-ийн “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх” агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1515 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1368 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр, Г.Мөнхболд, Б.Гүнбилэг нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                            С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.ЦОГТ

Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН