| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 128/2025/0752/З |
| Дугаар | 001/ХТ2026/0096 |
| Огноо | 2026-10-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2026/0096
“М***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах
зөвлөлд холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Батбаатар
Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2026/0322 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2026/0387 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2026/0323 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан (№0963), Р.Болдбаатар (№1023), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***, Х.О***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал (№0413) нарыг оролцуулан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“М***” ХХК-аас Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдуулан “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэргийн нөхцөл байдал:
2.Нэхэмжлэгч “М***” ХХК нь Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар шилжүүлэн эзэмшүүлэх эрх олгох тухай” *** дүгээр захирамжаар “Б***” ХХК-аас тус дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8***,*** м.кв газрыг шилжүүлэн эзэмшиж, Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны А/*** дүгээр захирамжаар эзэмшлийн газрын хэмжээг *** м.кв нэмж, *** м.кв болгож; мөн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/*** дугаар захирамжаар *** м.кв нэмж; газрын хэмжээг *** м.кв болгосон байна.
2.1.Налайх дүүргийн Засаг даргын “М***” ХХК-д нэмэгдүүлэн олгосон талбай нь “С***” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтын “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журмын 1.2 дугаар зүйлийн 1.2.5 дахь заалт “байршлын хувьд давхцалгүй байх” гэснийг тус тус зөрчсөн гэх гомдлыг “С***” ХХК-аас Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргажээ.
2.2.Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь “С***” ХХК-ийн гомдлыг хянаад, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар дүгнэлтийн 1 дэх заалтаар “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан Налайх дүүргийн Засаг даргын 2022 оны А/*** дугаар захирамж”-ийг хүчингүй болгожээ.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.12, 27 дугаар зүйлийн 27.1.14, 36 дугаар зүйлийн 36.1, 49 дүгээр зүйлийн 49.13, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 60 дугаар зүйлийн 60.1.1, 601 дүгээр зүйлийн 601.1, 601.1.1, 601.1.3, 603 дугаар зүйлийн 603.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгүүдийг тус тус баримтлан нэхэмжлэгч “М***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгон шийдвэрлэжээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2026/0322 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 60 дугаар зүйлийн 601.1.1, 601.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М***” ХХК-аас Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдуулсан гаргасан “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “С***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгч “М***” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б***-ны хяналтын журмаар гаргасан гомдлыг 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2026/0323 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээгч тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б*** нь магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол (агуулгаар нь тусгав) гаргасан. Үүнд:
Нэг.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж, хэрэглэсэн тухай:
6.1.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах бүрэн эрхийг дээд шатны Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилсан. Харин уг хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл (эс үйлдэхүй)-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.
6.1.2.Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон Засаг даргын захирамжийг тухайн Засаг дарга өөрөө буюу түүний дээд шатны Засаг дарга, эсхүл шүүх хүчингүй болгохоор байна. Иймд Налайх дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээ Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хуулиар олгогдоогүй. Газрын тухай хуулийн 603.1-д “Маргаан таслах зөвлөл нь хууль тогтоомжид нийцүүлэн дүгнэлт гаргана”, 603.2-т “Маргаан таслах зөвлөл нь маргаанд оролцогч талуудаас нотлох баримт шаардах эрхтэй бөгөөд нотлох баримт ирүүлээгүй бол ирүүлсэн нотлох баримтын хүрээнд гомдлыг хянан дүгнэнэ” гэж тус тус маргаан таслах зөвлөлийн эрх хэмжээг тодорхой хуульчилсан байдаг. Харин Газрын тухай хуулийн 603 дугаар зүйлийн 603.3-т зааснаар маргаан таслах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг үндэслэн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба гаргаж болдог. Иймд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл (цаашид “Маргаан таслах зөвлөл” гэх)-д манай компанид газар эзэмшүүлсэн Налайх дүүргийн Засаг даргын 2022 оны А/*** дугаар захирамжийг шууд хүчингүй болгох эрх хэмжээ Газрын тухай хууль тогтоомжоор олгогдоогүй болохыг анхааран үзэхийг хүсэж байна.
6.1.3.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийж, хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэлээ. Маргаан таслах зөвлөлд Налайх дүүргийн Засаг даргын 2022 оны 228 дугаартай захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй юм. Тодруулбал, Маргаан таслах зөвлөлд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрхгүй болох нь туйлын тодорхой асуудал билээ.
6.1.4.Үүнээс гадна анхан шатны шүүх гуравдагч этгээд “С***” ХХК болон Налайх дүүргийн Засаг даргын хооронд үүссэн газрын эрхийн маргааныг хариуцагч Маргаан таслах зөвлөл харьяалан шийдвэрлэхгүй гэж үзсэн, энэ нь үндэслэл бүхий болсон. Учир нь энэ талаар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга”, 601.1-д “Газартай холбогдон үүссэн дараах маргааныг доор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ:” гээд мөн хэсгийн 601.1.1-т “газартай холбоотой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг нийслэл, дүүргийн газрын алба”, 601.1.3-т “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбоотой болон газар чөлөөлөх, газрын төлбөртэй холбоотой маргааныг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл” гэж маш тодорхой хуульчилсан. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд, Маргаан таслах зөвлөл иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбоотой маргааныг харьяалан шийдвэрлэхээр хуульчлагдсан байна. Маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч Маргаан таслах зөвлөл Налайх дүүргийн Засаг даргын шийдвэртэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.
6.1.5.Өөрөөр хэлбэл, хариуцагч Маргаан таслах зөвлөл шийдвэрлэх эрх хэмжээгүй, өөрийн харьяалан шийдвэрлэхгүй маргааныг хянан шийдвэрлэсэн юм. Тийм учраас анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 3.14-т заасан хуулийн энэ заалтаар газартай холбоотой олон төрлийн маргааныг шийдвэрлэх байгууллага, албан тушаалтныг ялгаж тогтоосон бөгөөд “С***” ХХК-ийн Налайх дүүргийн Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Маргаан таслах зөвлөл шийдвэрлэх эрх хэмжээгүй, өөрийн харьяалан шийдвэрлэхгүй маргааныг хянан шийдвэрлэж, хууль зөрчжээ гэсэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагч Маргаан таслах зөвлөлийг нэхэмжлэгч “М***” ХХК-д газар эзэмшүүлсэн Налайх дүүргийн Засаг даргын захирамжийг 1 дүгээрт хүчингүй болгох болон даалгах эрх хэмжээгүй, 2 дугаарт гуравдагч этгээд “С***” ХХК болон Налайх дүүргийн Засаг даргын хооронд үүссэн маргааныг харьяалан шийдвэрлэхгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.
6.1.6.Гэтэл давж заалдах шатны шүүх дээр дурдсан хуулийн зохицуулалтуудыг анхан шатны шүүхээс зөрүүтэй, буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Энэ талаар магадлалын хянавал хэсгийн 20 дугаарт “... иргэн, аж ахуйн нэгж хооронд үүссэн нийслэлийн нутаг дэвсгэр дэх газартай холбоотой маргааныг нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба шийдвэрлэх бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болохоор буюу гомдол гаргагчид сонгох боломжийг олгосон хуулийн зохицуулалттай байна” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
6.1.7.Давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль зүйн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 601 дүгээр зүйлийн 601.1.3-т “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбоотой болон газар чөлөөлөх, газрын төлбөртэй холбоотой маргааныг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл” гэж маш тодорхой хуульчилсан болохыг дээр тодорхой тайлбарласан. Гэтэл давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох заалтыг анхан шатны шүүхээс зөрүүтэй, буруу тайлбарлаж бидний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо. Өөрөөр хэлбэл, Маргаан таслах зөвлөлд хуулиар олгогдоогүй эрх хэмжээг давж заалдах шатны шүүхийн магадлалаар олгосонд гайхан эргэлзэж байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хуулийн шаардлагыг хангахгүй юм.
6.1.8.Мөн түүнчлэн давж заалдах шатны шүүх дээр дурдсан хууль бус дүгнэлтийг хийхдээ маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч “М***” ХХК болон гуравдагч этгээд “С***” ХХК-ийн хооронд газар эзэмших, ашиглах, ашигт малтмал олборлох, үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой ямар нэгэн маргаан үүссээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх “С***” ХХК болон Налайх дүүргийн Засаг даргын хооронд үүссэн маргааныг 2 компанийн хооронд үүссэн мэтээр буруу тодорхойлж, улмаар Маргаан таслах зөвлөлийн гаргасан хууль бус захиргааны актыг зөвтгөсөн шийдвэр гаргасныг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.
6.1.9.Давж заалдах шатны шүүхийн дээрх хууль хэрэглээний зөрчил, алдаа нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 601 дүгээр зүйлийн 601.1, 601.1.1, 601.1.3 дахь заалтуудыг анхан шатны шүүхээс зөрүүтэй, буруу тайлбарлан хэрэглэсэн асуудал бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэж заасан үндэслэлд хамаарна гэж үзэж байна.
Хоёр.Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тухайд:
6.2.Улсын дээд шүүх нэхэмжлэгч “М***” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэснээр эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна.
6.2.1.Эрх зүйн хэм хэмжээний актууд хоорондоо зөрчилдөх тохиолдолд түүнийг эрэмбэлэх аргаар шийдвэрлэдэг дэлхий нийтийн практик байдаг. Эрх зүйн хэм хэмжээний актыг эрэмбэлэх нь онолын хувьд, “Нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээ нь ерөнхий зохицуулалтаас илүү хүчинтэй”, “Шинээр батлагдсан хэм хэмжээ нь хуучин хэм хэмжээнээс давуу хүчинтэй”, “Дээд хэм хэмжээ нь доод хэм хэмжээнээс илүү хүчинтэй” гэж тус тус үздэг билээ.
6.2.2.Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3-т “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” гэж заасан бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж хуульчилсан. Харин Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг шүүх хэрэглэхгүй”, 3.5-д “Хуульд заасан тохиолдолд Засгийн газар энэ хуульд нийцүүлэн гаргасан, ... нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно” гэж, 3.6-д “Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ” гэж тус тус заасан байна. Үүнээс үзэхэд шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан хэм хэмжээ тогтоосон актыг хэрэглэх бөгөөд хууль болон хэм хэмжээний акт хоорондоо зөрчилдвөл илүү хүчинтэй, дээд эрэмбэтэй хэм хэмжээ болох хуулийг хэрэглэхээр байна.
6.2.3.Маргаан бүхий энэ тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон Засаг даргын захирамжийг тухайн Засаг дарга өөрөө буюу түүний дээд шатны Засаг дарга, эсхүл шүүх хүчингүй болгох тул Налайх дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээ Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хуулиар олгогдоогүй тухай энэхүү гомдлын “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж, хэрэглэсэн тухай” хэсэгт тодорхой тайлбарласан.
6.2.4.Харин Газрын тухай хуулийн 602 дугаар зүйлийн 602.1-т “Газар өмчлүүлэх, эзэмших, ашиглах, чөлөөлөхтэй холбоотой энэ хуулийн 601.1.3, 601.3-т заасны дагуу гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл /цаашид “Маргаан таслах зөвлөл” гэх/ ажиллана” гэж, 602.2-т “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг Засгийн газар батална. Маргаан таслах зөвлөлийн ажиллах журамд хурлын ирц, зөвлөлийн гишүүдийн эрх, үүрэг, маргаанд оролцогчдын эрх, үүрэг, тайлбар, нотлох баримтыг хянах, дүгнэлт гаргах, шийдвэрлэх, зөвлөлийн шийдвэрийг мэдээлэх зэрэг асуудлыг тусгасан байна” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Засгийн газар 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 90 дүгээр тогтоол гаргаж, “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ыг хавсралтаар баталжээ. Ингэхдээ уг журмын 7.1.2 дахь заалтаар “захиргааны актыг хүчингүй болгох” гэж хуулиар олгоогүй эрхийг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд журмаар олгожээ. Энэ нь үндэслэлгүй болжээ. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2-т “... Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасан байдаг. Энэ утгаараа иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны газар эзэмшиж, ашиглах эрхийг хязгаарлах (хүчингүй болгож, дуусгавар болгох) үндэслэл, эрх хэмжээг холбогдох хууль тогтоомжид нарийвчлан зохицуулсан билээ. Тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль тогтоомжийн холбогдох зохицуулалтаас үзэхэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээ Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хуулиар олгогдоогүй юм. Гэтэл Монгол Улсын Засгийн газар Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг батлахдаа дээр дурдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдийг ноцтой зөрчиж, хуулиар олгоогүй эрх хэмжээг журмаар олгосон нь хууль бус юм. Ийнхүү Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдээр Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хуулиар олгогдоогүй байхад Монгол Улсын Засгийн газар дээрх агуулгаар журам баталсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн явдал юм. Иймд маргаан бүхий энэ тохиолдолд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д “Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газар 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 7.1.2 дахь заалт хэрэглэгдэх учиргүй юм. Учир нь Засгийн газар хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулаагүй буюу хуулиар олгоогүй эрх хэмжээг журмаар олгосон байна.
6.2.5.Иймд шүүх хүчин төгөлдөр хуулийг баримталж маргааныг хянан шийдвэрлэх үү, хуулиас давсан Засгийн газрын тогтоолыг баримталж маргааныг хянан шийдвэрлэх үү гэдэг асуудлыг Улсын дээд шүүх хяналтын шатны шүүх хуралдаанаараа авч хэлэлцээд шийдвэр гаргах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан “эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээний хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлд хамаарна гэж үзэж гомдлыг гаргасан болно гэжээ.
7.Гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргасан.
ХЯНАВАЛ:
8.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээв.
9.Хэргийн үйл баримтын тухайд шүүхүүдийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч “М***” ХХК нь Налайх дүүргийн Засаг даргын 2008 оны *** дүгээр захирамжаар 8**,*** м.кв газрыг шилжүүлэн эзэмшиж, улмаар 2017 болон 2022 онд газрын хэмжээг нэмэгдүүлсэн бөгөөд Налайх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/*** дугаар захирамжаар эзэмшил газрын талбайг нь *** м.кв болгож эзэмшүүлсэн; гуравдагч этгээд “С***” ХХК-ийн хувьд, 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар шийдвэрээр Налайх дүүргийн Налайх нэртэй газарт 1**.** га талбай бүхий MV-**** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Э***” ХХК-аас шилжүүлэн авсан; тус талбайд давхцуулан “М***” ХХК-д газар эзэмшүүлсэн талаарх гомдлыг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан бөгөөд дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар хариу хүргүүлснийг эс зөвшөөрч Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл (цаашид “Маргаан таслах зөвлөл” гэх)-д гомдол гаргасан; Маргаан таслах зөвлөл хянан хэлэлцэж, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар хуралдаанаас *** дугаар дүгнэлт гаргажээ.
10.Энэ хэргийн хувьд, Маргаан таслах зөвлөл дүүргийн газрын албанд холбогдуулан гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй эсэх, ийнхүү шийдвэрлэхдээ Засаг даргын газар эзэмшүүлсэн захирамжийг шууд хүчингүй болгох агуулгатай дүгнэлт гаргах эрхтэй эсэх талаар шүүхүүдийн хооронд хууль хэрэглээний зөрүү үүсжээ.
11.Нэг.Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ” гээд 60.1.1-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга”, 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга”, 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан.
12.Монгол Улсын Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Газрын тухай хуульд 601, 602, 603 дугаар зүйлийг нэмж, нийслэлийн нутаг дэвсгэрт газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх тусгай зохицуулалтыг шинээр бий болгосон байна.
13.Тухайлбал, Газрын тухай хуулийн 601 дүгээр зүйлийн 60¹.1-д газартай холбогдон үүссэн маргааныг шийдвэрлэх байгууллага, албан тушаалтныг ялгамжтай тогтоож, мөн зүйлийн 601.1.1-д “газартай холбоотой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг нийслэл, дүүргийн газрын алба”, 601.1.3-т “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбоотой болон газар чөлөөлөх, газрын төлбөртэй холбоотой маргааныг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл” шийдвэрлэхээр тус тус заажээ.
14.Мөн Газрын тухай хуулийн 601 дүгээр зүйлийн 601.2-т “Энэ хуулийн 601.1.1, 601.1.2-т заасны дагуу гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гомдлыг нийслэл, дүүргийн газрын алба нь 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 601.3-т “Энэ хуулийн 601.2-т заасан хугацаанд нийслэл, дүүргийн газрын алба хариу өгөөгүй, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, нийслэл, дүүргийн газрын албаны шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор энэ хуулийн 602 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно” гэж, 602 дугаар зүйлийн 602.1-д “Газар өмчлүүлэх, эзэмших, ашиглах, чөлөөлөхтэй холбоотой энэ хуулийн 601.1.3, 601.3-т заасны дагуу гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл (цаашид “Маргаан таслах зөвлөл” гэх) ажиллана” гэж хуульчилжээ.
15.Хуулийн дээрх зохицуулалтыг авч үзвэл, хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэх бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандахаар; харин газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг мөн зүйлийн 60.1.2-т зааснаар зохих шатны Засаг дарга, эсхүл 601.1.1-д зааснаар нийслэл, дүүргийн газрын алба (энэ тохиолдолд өрсөлдөх хэм хэмжээ) шийдвэрлэх бөгөөд тухайн Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны Засаг дарга, эсхүл шүүхэд; харин нийслэл, дүүргийн газрын албаны шийдвэрийг эс зөвшөөрвөл Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж хянуулах боломжтой.
16.Энэ хэргийн хувьд, гуравдагч этгээд “С***” ХХК (ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч) нь Налайх дүүргийн Засаг даргын шийдвэрээр нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар уг этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсны улмаас газар, түүнийг хэвлийг ашиглах эрх зөрчигдсөн, үүнийг дүүргийн газрын албыг шийдвэрлэх эрх хэмжээтэй гэж үзэж Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандсан; тухайн албанаас шүүхийн журмаар шийдвэрлүүлэх тухай хариуг авсны дараа эс зөвшөөрч Нийслэлийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх тул уг гомдлыг хянан шийдвэрлэсэн нь харьяаллын зөрчил байхгүй, Газрын тухай хуулийн 601 зүйлийн 601.3, 602 дугаар зүйлийн 602.1-д нийцжээ.
17.Гэтэл анхан шатны шүүх “... “С***” ХХК-ийн Налайх дүүргийн Засаг даргын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Маргаан таслах зөвлөл шийдвэрлэх эрх хэмжээгүй, өөрийн харьяалан шийдвэрлэхгүй маргааныг хянан шийдвэрлэсэн ...” хэмээн буруу дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 601.3 дахь хэсгийн агуулгыг тайлбарлахдаа нийслэл, дүүргийн газрын албаны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах боломжтой гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлтэй.
18.Өөрөөр хэлбэл, Маргаан таслах зөвлөлийн гомдол хянан шийдвэрлэх эрх хэмжээг зөвхөн нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбоотой маргаанаар хязгаарлахгүй, нийслэл, дүүргийн газрын албаны шийдвэртэй холбоотой гомдлыг Маргаан таслах зөвлөлд гаргах боломжийг тусгайлан зохицуулсан тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... Маргаан таслах зөвлөл иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбоотой маргааныг харьяалан шийдвэрлэхээр байна ... дүүргийн Засаг даргын шийдвэртэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн ...” гэх гомдлын хэсгийг хүлээн авах үндэслэлгүй.
19.Хоёр.Газрын тухай хуульд 601, 602, 603 дугаар зүйлийг Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль”-ийн төслийг дагалдуулан боловсруулсан байх боловч уг баримт бичгээс Маргаан таслах зөвлөлийн эрх хэмжээ, түүний гаргах дүгнэлтийн эрх зүйн үр дагаврын талаар хууль тогтоогчийн үзэл баримтлал тогтоогдохгүй тул уг зүйлийн агуулгыг Газрын тухай болон бусад хуулийн харилцан уялдаанд системчлэх аргаар авч үзэх шаардлагатай.
20.Газрын тухай хуулийн 603 дугаар зүйлийн 603.1-д Зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн дүгнэлт гаргах бол 603 дугаар зүйлийн 603.3-т нийслэлийн Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба нь Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гаргаж болохоор тус тус заажээ.
21.Дээрх зохицуулалтын агуулгаас үзвэл, гомдлыг хянаад гаргасан Маргаан таслах зөвлөлийн дүгнэлт болон уг дүгнэлтийг үндэслэн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг хууль тогтоогч ялгаатай байдлаар тусгасан. Тодруулбал, Зөвлөл нь газрын маргаан, гомдлыг хянан үзэж, холбогдох хууль тогтоомж, нотлох баримтад үндэслэн дүгнэлт гаргах эрхтэй; харин уг дүгнэлтийг үндэслэн өмнө гаргасан захиргааны актыг хүчингүй болгох, өөрчлөх эсэхийг нийслэлийн Засаг дарга, газрын алба бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх агуулгатай байна.
22.Тиймээс Маргаан таслах зөвлөлийн дүгнэлт нь Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамжийг шууд хүчингүй болгох эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, харин маргаан үүссэн нөхцөл байдлыг нотлох баримтын хүрээнд тогтоох, эрх бүхий этгээдэд өмнөх шийдвэрээ дахин хянаж, өөрчлөх эсэх шийдвэр гаргахад мэргэжлийн үүднээс дэмжлэг үзүүлж, санал болгох агуулгатай байна.
23.Нөгөө талаас, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 20.2.7-д “газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ” гээд 60.1.1-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.
24.Дээрх зохицуулалтын дагуу газартай холбоотой Засаг даргын хууль зөрчсөн шийдвэрийг гагцхүү дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд хянаж, хүчингүй болгох эрхтэй бөгөөд (хяналт тавих эрхтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мөн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй) хуулийн энэхүү үзэл баримтлалд үндэслэн Маргаан таслах зөвлөлд Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээг зориуд олгоогүй гэж үзэхээр байна.
25.Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч Газрын тухай хуульд 601, 602, 603 дугаар зүйлээр газрын маргаан, гомдлыг хянан шийдвэрлэх тусгай механизмыг бий болгохдоо Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээ олгоогүй, бусад хуулийн зохицуулалтад нийцүүлэн Маргаан таслах зөвлөлд дүгнэлт гаргах чиг үүргийг олгожээ.
26.Гэтэл Маргаан таслах зөвлөл нь 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар дүгнэлтээр Налайх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/*** дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй юм.
27.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:” гээд 47.1.3-т “захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж, мөн зүйлийн 47.2-т илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхаар тус тус заасан. Энэ хэргийн хувьд, Зөвлөл нь газрын маргааныг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргах эрхтэй боловч уг дүгнэлтээрээ Налайх дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь хуулиар олгосон чиг үүргээс хэтэрч, өөр байгууллага, албан тушаалтны бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэсэн байх тул маргаан бүхий дүгнэлтийн Засаг даргын захирамжийг шууд хүчингүй болгосон хэсэг дээрх хуулийн 47.1.3-т заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлтэй.
28.Энэ талаар анхан шатны шүүх “... аль ч шатны Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээг Маргаан таслах зөвлөлд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуулиар олгоогүй тул хариуцагч өөрт олгоогүй эрх хэмжээг эдэлсэн нь хуулийн зүйн зөрчил” гэж зөв дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх “...Засгийн газрын 2024 оны 90 дүгээр тогтоолоор баталсан журмын зохицуулалтыг үндэслэн Маргаан таслах зөвлөл Засаг даргын захирамжийг хүчингүй болгох агуулгатай дүгнэлт гаргах эрхтэй ...” хэмээн хуулийг буруу тайлбарлажээ.
29.Хэдийгээр Газрын тухай хуулийн 602 дугаар зүйлийн 602.2-т Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг Засгийн газар батлахаар заасны дагуу Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг баталж, уг журмын 7.1-д Зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд тухайн захиргааны акттай холбогдуулан шийдвэр гаргахаар, 7.1.1-д захиргааны актыг өөрчлөх, 7.1.2-т захиргааны актыг хүчингүй болгох зэргийг тус тус заасан боловч Монгол улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1-д “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна”, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн” гэж тус тус зааснаар Монгол улсын Засгийн газар нь гагцхүү хууль тогтоомжид нийцүүлэн тогтоол, захирамж гаргах эрхтэй; өмнө дурдсанаар хууль тогтоогч Маргаан таслах зөвлөлд аливаа Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх тусгайлан олгоогүй байхад ийнхүү журмаар эрх олгосныг хуульд нийцсэн хэмээн шүүх хэрэглэх боломжгүй.
30.Энэ талаар мөн анхан шатны шүүхийн “... уг журмаар хариуцагчид дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрхийг олгосон гэж тайлбарлах нь үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн “... Зөвлөл шууд Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрхгүй ...” гэх гомдлын хэсгийг хүлээн авах нь зүйтэй байна.
31.Иймд, дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн зарим дүгнэлтийг өөрчилж, нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2026/0387 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2026/0322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
М.БАТСУУРЬ