Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 41

 

П.Б-, Г.Ц-, Б.М-  нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                       О.Доржмаа

Ялтан нарын өмгөөлөгч               Н.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 115 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан нарын өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бярзавын М-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэвдаваагийн Б-, Ганбаатарын Ц- нарт холбогдох  эрүүгийн 201609000561 тоот 2 хавтас хэргийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1986 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 2 дугаар баг Хушаатын 10 дугаар гудамж 9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт П-ийн Б- /РД:********/

Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1989 онд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Хүнсчдийн 4 дүгээр гудамж 60 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

- Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 43 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын М-, /РД:********/

Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1988 онд төрсөн, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, дүү болон хүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Үйлдвэрийн 2 дугаар гудамж 10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Дархан-Уул аймаг дах сум дундын шүүхийн 2009 оны 37 дугаар шийтгэх тогтолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 5 хоногийн хорих ял  оногдуулсныг 2009 оны 2893 дугаар өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 10 хоногийн хорих ялаас өршөөн хасаж суллагдсан

- Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 196 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 10 хоногийн хорих ялыг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан журмын дагуу өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Х овогт Г-ын Ц- /РД: ********/ нар нь архи ууж согтуурсан үедээ 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 23 цагийн орчим Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сутай” баарны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Б.Шинэбаярыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, Б.М- нь танхайрах гэмт хэрэгт шийтгүүлж тэнсэн хянан харгалзсан хугацаанд дээрх гэмт хэрэг үйлдсэн танхайрах гэмт хэргийг давтан үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас П.Б-, Г.Ц- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, Б.М-ид Эрүүгийн хуулийн усгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх П.Б-, Г.Ц-, Б.М- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар П.Б-, Г.Ц- нарт 3 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Б.М-ид 4 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Б.М-ид энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаар тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар П.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 3 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Ц-аас 410.164 төгрөг, Б.М-оос 410.164 төгрөг тус тус гаргуулж хохирогч Д.Шинэбаярт олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Ялтан нарын өмгөөлөгч Н.Баярмаа шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдлодоо: “...манай шүүгдэгчид болон өмгөөлөгч би мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаж нотлоогүй Г.Ц- болон Б.М- нарын бүруутай эсэх мөн буруугүйг нотлох, эцэслэн шийдвэрлэхэд нотолгоо болох гэрчүүдийг олж байцаагаагүй зөвхөн хохирогч түүний талын ганцхан гэрчээр хязгаарласан нь учир дутагдалтай гэж үзэж байна. Камерийн бичлэгээс харахад зодоон болох үед хашлаган дээр сууж байсан 2-3 гэрчийг, мөн хамгийн сүүлд А.Муратхаан утсаар ярихад туслаад баарны гадаа зогсож байсан хоёр бармен эмэгтэйн нэгийг асуугаад нэгийг нь байцаагаагүй. Хэрвээ эдгээр иргэдээс байцаалт авсан бол хэн хэнийг хэдүүлээ зодож танхайрсан нь тодорхой болох байсан. Камерийн бичлэгээс харахад Б.М-, Г.Ц- нар нь хохирогч Д.Шинэбаярыг зодсон нь харагдахгүй байгаа бөгөөд П.Б-, А.Муратхаан нар нь энэ 36 минутын турш камераас гарч орон зодолдсон байгаа байдал харагдаж байна. Эдгээр нөхцөл байдлуудыг шалгаж Б.Магмардорж, Г.Ц- нарт холбогдох нөхцөл байдлыг тодруулахын тулд нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.” Гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ялтан нарын өмгөөлөгч Н.Баярмаа: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Ялтан Б.М- нь бичиг үсэг мэдэхгүй учраас түүний хүсэлтээр шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Б.М- болон Г.Ц- нарын хохирогч Д.Шинэбаярыг П.Б-той бүлэглэн зодож танхайрсан үйлдэл хангалттай нотлогдоогүй гэж үзэж байна. Хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн камерийн бичлэгээс үзвэл хохирогчийг зодсон үйлдлийн бичлэг байхгүй, харин ялтан П.Б- гэрч А.Муратхаантай хөөцөлдөж камерийн бичлэгт орж гаран зодолдож, ноцолдож байгаа үйлдлүүд байгаа бөгөөд тухайн үед баарны гадаа хашлаган дээр сууж байгаа залуучуудыг гэрчээр асууж камерийн бичлэгт ороогүй хохирогчийг зодсон үйлдлүүдийг тодруулах шаардлагатай байсан гэж үзэж байгаа бөгөөд энэ үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж давж заалдах гомдлын үндэслэл гаргасан. Б.М-, Г.Ц- нар нь хохирогчийг зодоогүй П.Б-ийг салгаад аваад явсан гэдэг бөгөөд камерийн бичлэгт энэ талаар бичигдээгүй учраас баарны гадаа хашлаган дээр сууж байсан иргэдээс зодооны талаар тодруулж асууж гэрчээр байцаах ажиллагаа хийгээгүй учраас дээрх ажиллагаануудыг хийлгэх нь Б.М- болон Г.Ц- нарын гэм бурууг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Ийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокурор О.Доржмаа гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч нарын үйлдэл холбогдол хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн камерийн бичлэг нь хэргийн талаар шууд нотлох баримт биш бөгөөд камерийн бичлэгийг үндэслэн хэрэг учрал болсон байдлыг нотлох боломжгүй. Энэ бичлэгийг анхан шатны шүүх хуралдаан дээр хангалттай шинжлэн судалсан бөгөөд бичлэгт хохирогч Д.Шинэбаярыг П.Б-, Б.М-, Г.Ц- нар зодож танхайрсан үйлдэл байхгүй. Хэдийгээр Б.М-, Г.Ц- нар нь Д.Шинэбаяр, А.Муратхаан, П.Б- нарыг зодолдож байхад нь салгасан гэж мэдүүлж байгаа боловч хэрэг учрал болсон нөхцөл байдал, хохирогч болон гэрч А.Муратхааны мэдүүлэг бусад гэрчүүдийн  мэдүүлгээр  хохирогч Д.Шинэбаярыг  П.Б-, Б.М-, Г.Ц- нар зодсон болох нь нотлогдсон. Үл ялих зүйлээр шалтаглан танхайрч, танхайрах явцдаа хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь тогтоогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Ийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Тодорхойлох нь:

Ялтан П.Б-, Б.М-, Г.Ц- нар нь 2016 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 23:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сутай” баарны орчим П.Б- нь хохирогч Д.Шинэбаярыг өдөөн хоргоож “чи надтай тамхи хувааж татдаг хэн юм бэ” гэж үл ялих зүйлээр шалтаглан танхайрч улмаар түүнийг Б.М-, Г.Ц- нартай бүлэглэн зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж П.Б-, Г.Ц- нарт Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заааснаар, Б.М-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн П.Б-, Б.М-, Г.Ц- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, шийтгэх тогтоолд ялтнуудын үйлдсэн хэргийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн,  шүүхээс тэдэнд оногдуулсан ял шийтгэлийг төрөл, хэмжээ нь тэдний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байна.

Ялтан нарын өмгөөлөгч Н.Баярмаагийн шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдлын “... хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж Эрүүгийн байцаан шийтгэх хулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тогтоолгох, нэмж гэрч асуулгах...” гэсэн үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан нарын өмгөөлөгч Н.Баярмаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

П.Б-, Б.М-, Г.Ц- нар нь архи согтуууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн шөнө 23:00 цагийн орчим Дархан-Уул аймгйн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сутай” баараар үйлчлүүлж улмаар баарны орчим хохирогч Д.Шинэбаярыг  үл ялих зүйлээр шалтаглан өдөөн хоргоож, зодож танхайран түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хохирогч Д.Шинэбаяр, гэрч А.Муратхаан, гэрч Х.Хишигбаяр нарын мэдүүлгүүд болон ялтнуудын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудаар  давхар нотлогдож байна.

Хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн камерийн бичлэг нь хэргийн үйл баримтын талаар шууд нотлох баримт биш боловч 2016 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн шөнө 23.00 цагийн орчим “Сутай” баараар ялтан П.Б-, Б.М-, Г.Ц- нар үйлчлүүлсэн, гэрч А.Муратхаан, ялтан П.Б- нар баарны гадаа хөөцөлдөж, ноцолдож, зодолдож байсан гэсэн гэрч А.Муратхаан, ялтан П.Б- нарын мэдүүлгүүд болон гэрч Х.Хишигбаярын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүдийг давхар нотолсон хэрэгт ач холбогдол бүхий нотлох байгаа боловч  ялтны өмгөөлөгч Н.Баярмаагийн давж заалдах гомдолд дурдснаар камерийн бичлэгт үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Учир нь дээрх камерийн бичлэг нь хэргийн үйл баримтыг шууд нотлох баримт биш  байгаагийн зэрэгцээ өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо камерийн бичлэгт “хашлаган дээр сууж байгаа 2-3 иргэн”-ийг гэрчээр асуусан бол “хэн нь хэнийг хэдүүлээ зодож танхайрсан нь тодорхой болох байсан” гэсэн  үндэслэл нь  камерийн бичлэгээр нотлогдохгүй байна. Камерийн бичлэгт хашлаган дээр сууж тамхи татаж, өөр  хоорондоо ярилцаж байгаа “иргэд“ нь баар луу орж гаран солигдож байнгын хөдөлгөөнтэй байгаагаас үзвэл ”тэднийг хэргийн үйл баримтын талаар бүрэн дүүрэн гэрчилнэ, хэн нь хэнийг зодож танхайрсан нь тодорхой болно” гэсэн өмгөөлөгчийн давж заалдах гомдол  хууль зүйн үндэслэлгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан нарын өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                             ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                             ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                           Ц.АМАРЖАРГАЛ