Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2020/0330

 

2020.05.14-ний өдөр                                             221/МА2020/0330                                      Улаанбаатар хот

 

  “Эрдэнэсийн хотхон” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөгч Б.М, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 156 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/425 дугаар тушаалаар батлагдсан Ажлын хэсэгт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 156 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, ХV-006219 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хууль бус дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэрийг хууль бус захиргааны акт гэж шууд дүгнэх боломжгүй ч уг шийдвэрийг хүчингүй болгож байж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжтой. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасан мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлээгүй, 426 дугаар шийдвэрийг гаргахдаа асуудлыг нягталж тодруулаагүй яаран шийдвэрлэснийг зөвтгөх боломжгүй” гэжээ.

Төрийн захиргааны байгууллагын зүгээс ямар үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцална гэжээ. Дээрх хуулийн заалтыг үндэслэн тус газрын Кадастрын хэлтсийн даргын 426 дугаар шийдвэр гарсан болно.

Тодруулбал, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар албан бичгээр тус аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Э” ХХК-ийн явуулах үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байгаад холбогдох дүгнэлтийг гаргуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан байна.

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 дугаар бүхий дүгнэлт гарч, уг дүгнэлтээр “Э” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй” гэж үзсэн байна. Энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг хуульд нийцсэн эсэхийг хянан шалгах боломжгүй, хуулиар чиг үүрэг хүлээгээгүй юм.

Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар “тусгай зөвшөөрөл цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Э” ХХК-ийн ХV-006219 дугаартай эзэмшдэг хайгуулын тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Санал хүргүүлэх тухай Архангай аймгийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар албан бичгийг үндэслэн “Э” ХХК-ийн эзэмшдэг XV-6219 тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх ажлын хэсэг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг гаргасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална” гэж заасан ба 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол АМГТГ тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай.

Тухайн орон нутагтаа Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөрдүүлэх эрх бүхий байгууллага буюу нутгийн захиргааны байгууллагаас дээрх хуулийн дагуу саналаа ирүүлсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хяналт, шалгалтын байгууллага биш бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялагийг зохистой ашиглах нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасан.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-д “аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд 16.2.4-д “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлсэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж 16.2.10-д “байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах” гэж тус тус заасан.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-д “сум дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд 17.2.4-д “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж, 17.2.8-д “байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах” гэж тус тус заасан.

Эдгээр зохицуулалтыг шүүгч судалж хараагүй, орон нутгийн удирдлага байгаль орчны талаар ямар эрх, үүрэгтэй нь тодорхой байгаа төдийгүй шүүхэд эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхийг нь эдүүлээгүй.

Ашигт малтмалын харилцаа нь нутгийн иргэд, нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллага, БОАЖЯ, УУХҮЯ, АМГТАГ гэсэн 6-7 этгээдийн хооронд явагддаг. Харин шүүгч хамгийн чухал буюу ашигт малтмалын харилцаанд өдөр тутам хяналт тавьж ажилладаг этгээдээс төлөөлөл оролцуулахгүй байгаа нь хууль бус байна.

Энэ заалтын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Архангай аймгийн Засаг дарга санал, дүгнэлтээ ирүүлсэн. Гол нь нутгийн иргэдийг төлөөлж байгаа, эрх, хууль ёсны аишг сонирхлыг хамгаалж байгаа, төрийн нэрийн өмнөөс ажиллаж, байгаль орчны хууль тогтоомжийг биечлэн газар дээр нь хэрэгжүүлж байгаа субъектүүд албан ёсоор байр сууриа илэрхийлж байхад яам дүгнэлт гаргахгүй байх хуулийн зохицуулалт байхгүй юм.

Шүүгч яамны дүгнэлтэд хэт их ач холбогдол өгч харин нутгийн удирдлага албан бичиг, саналд хайхрамгүй хандаж байна. Өөрөөр хэлбэл хэт нэг талыг барьж, хуулийн дээрх зохицуулалтуудыг буруу тайлбарлаж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль хэрэглэх зарчмыг зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 дугаар албан бичгээр ирүүлсэн 2019/12 дугаар дүгнэлтийг үндэслэн, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн эзэмшлийн ХV-006219 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, ХV-006219 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгосон нь үндэслэлтэй.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах “Өлзийт тээл” нэртэй 1653 гектар талбайд ашигт малтмал хайх 6219Х лицензийн гэрчилгээг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албанаас /хуучин нэрээр/ 2003 оны 08 дугаар сарын 21-ний өдөр анх “А" ХХК-д олгосон, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 71 дүгээр шийдвэрээр “Э” ХХК-д шилжүүлж, мөн даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 175 дугаар шийдвэрээр 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан, тус XV-006219 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК эзэмшдэг, уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулж олборлолт хийгдээгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар уг үйл баримтуудтай маргаагүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 дугаар дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар албан бичгийг үндэслэн “Э” ХХК-ийн эзэмшдэг XV-006219 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Уг дүгнэлтээр, “Э” ХХК-ийн эзэмшдэг XV-006219 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд “ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй” гэх үндэслэлээр “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашиг малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу XV-006219 дугаар тус зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлтийг гаргасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан /бол тусгай зөвшөөрлийг цуцлах/”-аар зааснаас үзэхэд, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргах уг “дүгнэлт” нь гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд үүсгэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан үүргээ биелүүлээгүй “зөрчил гаргасан” болохыг тогтоосон, захиргааны акт байна.

Аливаа этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь түүний хуульд нийцээгүй “буруутай үйл ажиллагаа” нь зохих журмын тогтоогдсон байх эрх зүйн нийтлэг зарчимтай, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа нь зохих журмын дагуу тогтоогдсон тохиолдолд үр дагавар үүсэх бөгөөд, тухайн тохиолдолд, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 дугаар дүгнэлт нь “зөрчил тогтоосон” захиргааны актын хувьд агуулга болон хэлбэрийн нийтлэг шаардлага хангаагүй байна гэж үзлээ.

Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын “дүгнэлт гаргах” үйл ажиллагааг нарийвчлан зохицуулаагүй хэдий ч “удирдамж, томилолтын дагуу хяналт, шалгалтыг эхлүүлэх”, “хяналт шалгалтын үндсэн дээр зөрчлийг тогтоох”, “...мэдэгдэх, оролцоог хангах”, “гомдол гаргах боломжоор хангах” зэрэг суурь зарчмуудыг төрийн эрх бүхий байгууллага баримтлах ёстой, ийнхүү хуулиар нарийвчлан журамлаагүй нь хяналт шалгалт хийлгүйгээр зөрчил тогтоох, эсхүл албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардах эрх олгосон гэх үндэслэлгүй юм.

Тус дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэрийг хууль бус захиргааны акт гэж шууд дүгнэх боломжгүй.

Анхан шатны шүүх “Э” ХХК-ийн эзэмшлийн XV-006219 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, зөрчигдөж, өөрийн эзэмшлийн талбайд хайгуул эрэх, хайх зэрэг шаардлагатай үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон тул уг шийдвэрийг хүчингүй болгож байж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжтой” гэж зөв дүгнэлтийг хийжээ.

Харин нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ХV-006219 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх “Э” ХХК-ийн ХV-006219 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаснаар ямар эс үйлдэхүй зөрчигдсөн талаар дүгнэлт өгөөгүй байна.

Иймд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан баримтаар “Э” ХХК-ийн ХV-006219 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Эдгээр үндэслэлээр, шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 156 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “XV-006219 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай” гэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “нэхэмжлэгч “Э” ХХК-ийн XV-006219 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН