Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2026/00128

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/09326 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 21,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд *******гийн эзэмшлийн ******* ХОЕ дугаартай ******* маркийн автомашинаар 50 тонн ачаа тээвэрлэн явж байгаад Архангай аймгийн Хотонт сумын төвд осол гаргаж, *******д 21,000,000 төгрөгийн хохирол учруулсан.

1.2. Цагдаад дуудлага өгч асуудлыг шийдвэрлэх гэсэн боловч *******, түүний эхнэр ******* нар нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн барагдуулахаар баталгаа гаргаж өгөөд явсан боловч одоо болтол мөнгөө төлөөгүй.

1.3. ******* нь өөрийнх нь автомашин ашиглах боломжгүй болсон тул иргэн *******ээс ******* маркийн чиргүүлгүй автомашиныг 20,000,000 төгрөгөөр худалдан авсан, чиргүүлээ засахад 8,000,000 төгрөгийн засвар хийсэн, асгарч ашиглах боломжгүй болсон гурилын эзэнд 3,000,000 төгрөг төлсөн, нийт 31,000,000 төгрөгийн хохирол учирснаас унасан автомашины ашиглах боломжтой эд ангиудыг зарж 10,000,000 төгрөг олсон, үлдэгдэл 21,000,000 төгрөгийн хохирол учраад байна.

1.4. Иймд *******гээс хохирол 21,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******гийн гуйлтаар 500,000 төгрөгөөр тохирч, түүний эзэмшлийн ******* ХОЕ улсын дугаартай ******* маркийн автомашиныг жолоодон Улаанбаатар хотоос Увс аймаг явах замдаа автомашиныг замын хажуу руу унагаж осол гаргасан.

2.2. Тухайн үед ******* нь эрүүл мэндийн хувьд ухаан санаа хэвийн бус, шокийн байдалтай байсан бөгөөд эхнэр нь хохирлыг барагдуулахаа илэрхийлж бичиг хийж, *******гээр гарын үсэг зуруулсан байдаг. Осол гарсан даруй ******* нь өөрийн ах, дүү нарын хамт тээвэрлэж явсан ачааг өөр автомашинд ачиж, асгарч ашиглах боломжгүй болсон гурилын төлбөрийг эзэнд төлж барагдуулсан. Хэдийгээр осол гаргаж, автомашиныг замын хажуу руу унагасан нь *******гийн буруу ч уг тээврийн хэрэгслийг засварлан, урд талын тэнхлэгийг хойш шилжүүлж, техникийн стандартыг өөрчилсөн нь бүрэн бус техниктэй хөдөлгөөнд оролцуулах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд энэ нь автомашин замын хажуу руу унах, зам тээврийн осол гарах эрсдэлийг бий болгосон гэж үзэж байна.

2.3. Нэхэмжлэгч нь уг тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй болсон тул 10,000,000 төгрөгөөр худалдсан гэж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Зах зээлийн өнөөгийн үнэлгээгээр уг автомашины мотор, кроп, дугуй болон бусад эд ангийг задлан зарахад 25,000,000 төгрөг орчим болох бүрэн боломжтой байхад ямар, ямар эд ангийг хэдэн төгрөгөөр зарсан талаарх баримтыг гаргаагүй, зөвхөн 20,000,000 төгрөгөөр автомашин авсан гэж хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.

2.4. Мөн чиргүүлийг 8,000,000 төгрөгөөр засварласан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд өгөөгүй, ямар чиргүүлийг хэрхэн яаж зассан нь тодорхойгүй байх бөгөөд уг чиргүүл нь 2,000,000 төгрөгөөр засварлах боломжтой байсан. Түүнчлэн, замын хажуу руу унасан автомашин нь ашиглах боломжгүй болоогүй, явах эд анги хэвийн ажиллагаатай байсан бөгөөд хариуцагч ******* нь автомашиныг жолоодон осол болсон Архангай аймгаас Улаанбаатар хотод авчирсан. Энэ нь тухайн тээврийн хэрэгслийг хэвийн ашиглах боломжтой байсныг харуулж байна.

2.5. Нөгөө талаар уг автомашин нь замын хажуу руу баруун талаараа унаж, кабин болон чиргүүл тодорхой хэмжээнд гэмтсэн нь ашиглах боломжгүй болсон гэж үзэхгүй бөгөөд түүнийг засварлах бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгч нь осол болсноос хойш автомашины кабин болон чиргүүлийг засуулах, хохирол төлбөрийн талаар хариуцагчид шаардлага гаргаж байгаагүй атлаа шууд сүүлд авсан автомашины төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.6. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас кабин болон чиргүүлийг засварлахад шаардагдах төлбөр буюу 4,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийн агуулга:

Нэхэмжлэгч хохирлоо барагдуулах гэж байгаа бол гарсан зардлаа баримтжуулах шаардлагатай байсан. Бодит нэхэмжлэх болж чадахгүй байсан учраас шүүх ажиллагаа сунжирсан гэж үзэж байна. Дансны хуулгаар батлагдаж байгаа нь 5,000,000 төгрөг гэж ойлголоо. Хариуцагч тал нь бусдад цаг хугацаа, эд хөрөнгөд учирсан хохирлыг төлөх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал мөн хайнга хандсан байна. Бодит гарсан зардлыг өгөх ёстой байх гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс 4,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 86,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 10,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4,500,000 төгрөг ханган шийдвэрлэсэн ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар 16,500,000 төгрөгийн хохирлын баримтыг хууль бусаар үнэлэлгүй шийдвэр гаргасан.

5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах эрхийг хангалгүй хариуцагчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн.

5.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй, шүүх ямар баримтыг хэрхэн үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн зөрчсөн зэрэг нь тодорхой бус гомдлыг гаргасан байна.

6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд өөрсдөө нотлох баримтыг бүрдүүлэх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2023 оны 12 дугаар сард нэхэмжлэл гаргаснаас хойш өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг гүйцэтгүүлэх бүрэн боломжтой байхад эрхээ хэрэгжүүлэхгүй 2 жил орчим хугацаа өнгөрсөн.

6.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд төлөөлөх эрхтэй өмгөөлөгч гэж өөрийгөө шүүх хуралдаанд танилцуулж байсан бөгөөд тэрээр удаа дараа шүүх хуралдаанд цахимаар оролцож, техникийн шаардлага хангахгүй, шүүх хуралдааны бэлтгэл хангахгүй байсан тул шүүхээс зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд биечлэн оролцохыг сануулсан тул хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өөрчилж ******* оролцох болсон.

 

6.4. ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан нь ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа нотлоогүй бөгөөд хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдааны бэлтгэл хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй тул энэ талаарх гаргасан гомдол үндэслэлгүй болно.

 

6.5. Түүнчлэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад хэрэгт авагдсан баримтыг шүүх нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаас 4,500,000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, нотлох баримт бүрдүүлэх хангалттай хугацаа байхад уг эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй атлаа шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

6.6. Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 21,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч кабин болон чиргүүлийг засварлахад шаардагдах төлбөр буюу 4,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч бусад нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

2.1. Нэхэмжлэгч нь ...түүний өмчлөлийн автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж ашиглах боломжгүй болгосны улмаас бусдаас чиргүүлгүй автомашин 20,000,000 төгрөгөөр худалдан авсан, чиргүүл засахад 8,000,000 төгрөгийн зардал гаргасан, зам тээврийн ослын улмаас асгарч ашиглах боломжгүй болсон гурилын үнэд бусдад 3,000,000 төгрөг төлсөн, нийт 31,000,000 төгрөгийн хохирол учирснаас ашиглах боломжгүй болсон автомашины зарим эд ангиудыг зарж олсон 10,000,000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 21,000,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч нь зам тээврийн осол гарахад автомашины урд талын тэнхлэгийг хойш шилжүүлж, техникийн стандартыг өөрчилсөн байсан нь нөлөөлсөн, тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй болсон байдал нь баримтаар нотлогдоогүй, автомашины ямар эд ангийг хэдэн төгрөгөөр зарсан талаарх баримтгүй, чиргүүлийг 8,000,000 төгрөгөөр засварласан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд өгөөгүй, нэхэмжлэлээс 4,000,000 төгрөгийг зөвшөөрөх боломжтой бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

 

3. Анхан шатны шүүх ******* болон ******* нарын хооронд анх үүссэн харилцааг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон ба уг гэрээний харилцааны явцад зам тээврийн осол гарсан, зам тээврийн ослын улмаас учирсан хохирол шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирол шаардсан шаардлага гэж зөв тодорхойлж, маргааныг хянан шийдвэрлэхэд баримтлах хуулийг зөв хэрэглэжээ.

 

4. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг нь тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүсэх бөгөөд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн ******* маркийн ******* ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа өөрийн буруугаас зам тээврийн осол гаргасан тухайгаа хүлээн зөвшөөрч тодорхойлолт бичиж өгсөн үйл баримтад талууд маргадаггүй тул анхан шатны шүүх хариуцагч *******г зам тээврийн осол гаргасан гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Хариуцагч нь зам тээврийн осол гарахад ******* тээврийн хэрэгслийг засварлан, урд талын тэнхлэгийг хойш шилжүүлж, техникийн стандартыг өөрчилсөн байсан нь нөлөөлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу баримтаар нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул зам тээврийн осол гарахад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

5.1. Нэхэмжлэгч нь зам тээврийн осолд орсон автомашин ашиглагдах боломжгүй болсны улмаас бусдаас автомашин худалдан авах шаардлагатай болсон гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан байх боловч зам тээврийн осолд орсон автомашин нь ашиглагдах боломжгүй болсон гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргийн хүрээнд уг тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн бусдаас худалдан авсан гэх автомашины үнийг нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй, уг зардлыг нэхэмжлэгчид төлөх үүргийг хариуцагч хүлээхгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.

5.2. Гэхдээ шүүх нэхэмжлэгч *******д автомашин худалдсан гэх *******ийн *******ийн дансаар дамжуулан хүлээн авсан гэх 9,500,000 төгрөгийн гүйлгээний дансны хуулгыг үндэслэн уг 9,500,000 төгрөгийг хохиролд тооцож дүгнэснийг хариуцагч маргаагүй тул талуудын зарчмын дагуу уг дүгнэлтийг хэвээр үлдээх нь зүйтэй.

5.3. Давж заалдах гомдолд дурдагдсан шүүх үнэлээгүй гэх баримтын тодорхой хэсэг нь *******ийн гаргасан гэх тодорхойлолттой холбоотой байх бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн огноо бүхий тодорхойлолтод ******* нь *******д өөрийн эзэмшлийн чиргүүлгүй, бичиг баримтгүй автомашиныг 20,000,000 төгрөгөөр худалдсан, 10,000,000 төгрөгийг бэлнээр авсан, үлдэгдэл төлбөрийг эхнэр *******ийн банкны дансаар авсан гэх агуулга бичигдсэн байна.

Анхан шатны шүүх уг тодорхойлолтыг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үнэлээгүй, хожим нөхөж үйлдэгдсэн тодорхойлолтод бичигдсэн 10,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэх үйл баримтыг нэхэмжлэгч өөр бусад эргэлзээгүй баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

6. Харин *******гийн данснаас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ХААН банкин дахь 5619338996 тоот дансанд чиргүүл засвар гэсэн утгатайгаар шилжсэн 1,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр засвар гэсэн утгатайгаар шилжсэн 1,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр чиргүүл гэсэн утгатайгаар шилжсэн 1,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр чиргүүл гэсэн утгатайгаар шилжсэн 500,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр чиргүүл гэсэн утгатайгаар шилжсэн 1,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийн гүйлгээний дансны хуулгад тус тус үндэслэн нэхэмжлэгчид чиргүүл засварлахтай холбоотой учирсан бодит хохирол гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, энэ талаар мөн хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

Нэхэмжлэгч нь чиргүүлийг засварлахад 8,000,000 төгрөгийн зардал гаргасан гэх боловч хэрэгт 5,000,000 төгрөгийн зардал гарсан үйл баримт тогтоогдсон, үлдэх 3,000,000 төгрөгийн зардлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

 

7. Мөн нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас асгарч ашиглах боломжгүй болсон гурилын үнэд бусдад 3,000,000 төгрөг төлсөн гэх боловч уг зардлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан 16,500,000 төгрөгийн хохирлын баримтыг хууль бусаар үнэлэлгүй шийдвэр гаргасан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй.

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах буюу хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн гэх агуулгаар давж заалдах гомдлыг гаргасан.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо гэрч оролцуулах талаар тусгаагүй ч нотлох баримтын үнэлгээтэй холбоотой гомдлын хүрээнд тайлбар гаргаж байна.

9.1. 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас *******ийг гэрчээр асуулгах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргасныг анхан шатны шүүх хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Үүнээс өмнө 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******ийг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхэд гаргасныг шүүх хангаж шийдвэрлэж байсан ч 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр уг хүсэлтээсээ татгалзсан байна.

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр *******ийг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан атлаа шүүх хуралдааны үеэр *******ийг гэрчээр асуулгах хүсэлтийг дахин гаргах болсонтой холбоотой зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан тодорхойгүй, хүсэлт ойлгомжгүй гэсэн үндэслэлээр тухайн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

9.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүй үндэслэлээ 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш даруй 2 жилийн хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх ёстой эрх, үүргээ хэрэгжүүлэх хангалттай боломжтой байсан гэх үндэслэлээр тайлбарлажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаан хугацаагаар үргэлжилсэн, уг хугацаанд нэхэмжлэгч тал өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэх хангалттай боломжтой байсан гэх үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох үүднээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

10. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн саналыг харгалзан маргааныг шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/09326 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР