Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 720

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Э.Ч-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-гийн Ч-т холбогдох эрүүгийн 1903000000000 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын материалын технологич мэргэжилтэй, УБТЗ-ын Барилга угсралтын ангид хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер ажилтай, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн  хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоот 000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /           /, Б овогт Э-гийн Ч-.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Ч- нь 2019 оны 6 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 23 цаг 40 минутын үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөөний зочид буудлын 00 тоот өрөөнд байрлаж байсан Ж.Д-гийн өрөөнд нэвтэрч, түүний эзэмшлийн “Майкл Корс” загварын эрэгтэй бугуйн цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 437.500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Э.Ч-ийг хүний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэл:

 

Шүүгдэгч Э.Ч- нь 2019 оны 6 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 23 цаг 40 минутын үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөөний зочид буудлын 52 тоот өрөөнд байрлаж байсан Ж.Д-гийн өрөөнд нэвтэрч, түүний эзэмшлийн “Майкл Корс” загварын эрэгтэй бугуйн цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 437.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Төмөр замын өртөөн дээр байрлах буудлаас “...өрөө байна уу...” гэж асуухад “...5 давхарт байрлах өрөө гарвал хэлье...” гэсэн. 11 цагийн үед над руу яриад “...өрөө гарсан байна...” гэж хэлсэн. Би 5 давхрын 00 тоот өрөөнд орсон. Өрөөндөө орчихоод би ариун цэврийн өрөө орох гээд явж байхад хохирогч Ж.Д-гийн 00 тоот өрөө онгорхой байсан. Би ус буцалгагч асуух зорилготой хаалгыг нь тогшоод “...хүн байна уу...” гэж асуухад “...айн...” гэх шиг дуу гарахаар нь өрөөнд орсон. Өрөөнд ороход хүн байхгүй ширээн дээр цаг харагдахаар нь аваад гарч явахдаа Ж.Д-тай таарсан. Удалгүй Ж.Д- нь “...цаг алга болчихлоо...” гэсэн. Хохирогч Ж.Д- намайг дуудаад “...чи миний өрөөнд орсон цаг гаргаж өг, үгүй бол цагдаа дуудна...” гэхээр нь тухайн үед би айсандаа цагийг нь цонхоор шидсэн. Маргааш өглөө нь цагдаатай хамт цагийг олж өгсөн. Тэр үед надад байцаагч “...чи зүгээр зөрчлийн хуулиар шийтгүүлэх эсхүл нийтэд тустай ажил хийх юм уу, тэнсээд гарна, нэг их айгаад байх зүйлгүй...” гэж зөвлөмж маягаар хэлсэн. Дараа нь би өмгөөлөгч авч энэ зүйл ангиа мэдсэн. Энэ хэргээ хурдан дуусгахыг бодсон. Аав ээждээ мэдэгдэхгүй болчих байх гэж бодсон боловч чадаагүй ийм байдалд хүрлээ...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ж.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оын 6 дугаар сарын 02-ны өдөр 02 цаг 40 минутад Дархан өртөөнөөс Сүхбаатар өртөө рүү явахаар галт тэргэнд суугаад 04 цаг 30 минутын үед Сүхбаатар өртөөн дээр очоод Улаанбаатар төмөр замын харъяа Сүхбаатар өртөөний зочид буудлын 00 тоот өрөөнд буусан. Сэлэнгэ аймгийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Сайханы хөтлөөс Сүхбаатар сум руу асфальтан зам тавих ажил явагдаж байгаа, уг зам хэсэгт Улаанбаатар төмөр замын оптик шилэн кабелийн трасс давхцаж байгаа тул уг кабелийг замынх нь эсрэг талд шилжүлэх ажил хийхээр 40 ажилтан, 4 инженерийн бүрэлдэхүүнтэй очсон юм. Уг ажил 2019.06.04-ний 23 цаг 40 минутад дуусаад өрөөндөө орж ирээд ажлын хувцасаа тайлаад бугуйн цаг, повер банк, утасны цэнэглэгч зэргээ ширээн дээр тавиад өрөөнийхөө хаалгыг хаачих шиг болсон, яг гүйцэд хаасан үгүйгээ мэдэхгүй байна. Тэгэхдээ өрөөнийхөө хаалгыг гадна талаас нь түгжилгүй ариун цэврийн өрөөнд орж бие засаад толгойгоо угаачихаад ойролцоогоор 10-аад минутын дараа ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд үүдэнд нэг танихгүй залуу намайг мөргөх шахаад зөрөөд орсон. Намайг өрөөнийхөө үүдэнд очих үед хаалга хагас нээлттэй байхаар нь өрөөндөө шууд яваад ортол ширээн дээр тавьсан бугуйн цаг байхгүй, газар тавьсан байсан цүнх доторхийг онгиччихсон байсан. Би өрөөнөөс дөнгөж гартал надтай ариун цэврийн өрөөний үүдэнд зөрсөн залуу 00-ын өрөөнөөс гараад ирэхээр нь би “чи манай өрөөгөөр орсон юм уу? миний цагийг авсан юм уу?” гэж асуутал “юу яриад байгаа юм бэ? би дөнгөж сая орж ирсэн” гээд өрөөндөө орох гээд байхаар нь би “чи наанаа байж бай би цагдаа дуудлаа” гэж хэлтэл “дууд дууд” гээд байхаар нь би буудлын жижүүр рүү залгаад “миний өрөөнд байсан цаг алга болчихжээ цагдаа дуудчих” гэж хэлээд нөгөө залуугийн байрлаж байсан 51 тоот өрөөний үүдэнд хамтдаа очтол нөгөө залуу өрөө лүүгээ яваад орчихсон. Өрөөнийх нь хаалга нь онгорхой байсан тул би өрөөнийх нь үүдэнд зогсч байгаад өөрийнхөө өрөө рүү явтал нөгөө залуу өрөөнийхөө хаалгыг хаагаад дотор талаас нь түгжчихсэн. Тэгээд удалгүй цагдаа хүрч ирэхээр нь би болсон явдлыг хэлсэн чинь намайг өрөөнд үлдээчихээд 51 тоот өрөөний хаалгыг тогшоод буудлын жижүүр цагдаатай хамт өрөөнд нь ороод юм ярилцаж байгаад манай өрөөнд орж ирээд “энэ хүн согтуу байна, би өрөөнийх нь ойр зуур болон ариуйн цэврийн өрөөнд цагийг чинь хайлаа олдсонгүй. Маргааш өглөө энэ хүний архи нь гарахаар дахиж уулзана, энэ хүнтэй ахиж битгий уулзаарай, та эд зүйлээ алдсан юм чинь өргөдлөө бичиж өгөөрэй” гэж хэлээд явсан. Би маргааш өглөө очоод өргөдлөө гаргаад мэдүүлгээ өгчихөөд явчихсан, тэрний дараахан надад миний цагийг олсон талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

 

Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Би 2019 оны 6 дугаар сарын 04-ний орой 20 цагаас ажил хүлээж авсан. Буудлын 51 дугаарт байрлаж байсан Ч- гэх залуу 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн оройн 23 цаг 30 минутын үед манай өртөөний буудалд байрласан юм. Буудлын 52 дугаартай өрөөнд Далай гэх залуу байрлаж байсан. 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 00 цаг 52 минутад 40371 дугаартай жижүүрийн өрөөний утас руу Далай гэх залуу залгаад Төмөр замын цагдаагаа дуудчих миний өрөөнд ширээн дээр байсан бугуйн цаг алга болчихлоо гэж надад мэдэгдсэн. Би тэгээд цагдаад мэдэгдсэн. Далай гэх залуу өрөөндөө ганцаараа байрлаж байсан. Мөн Ч- гэх залуу ганц хүний ортой 51 дугаартай өрөөнд ганцаараа байрласан. Ч- гэх залуу байрлаж байсан өрөөндөө архи уугаагүй гаднаас орж ирэхдээ архи үнэртүүлж орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

 

Гэрч Ч.Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар зангилааны цагдаагийн хэсэгт 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 00 цаг 10 минутад Сүхбаатар өртөөний буудлын жижүүр Д.С- 0000 дугаарын утас руу залгаж манай буудалд байрлаж байсан 00 дугаартай өрөөнд Ж.Д- гэх залуу 250 долларын үнэ бүхий бугуйн цагаа хулгайд алдчихлаа гэж дуудлага өгсөн. Би дуудлага хүлээн авч 00 дугаарын өрөөнд байрлаж байсан. Мөн хажуу өрөөнд нь 00 дугаартай өрөөнд байрлаж байсан Э.Ч- гэх залууг шалгасан. Тэгэхэд Э.Ч-оос цаг гарч ирээгүй Ч- нь би цаг аваагүй гэж хэлсэн. Тэгээд өглөө 06 цаг 00 минутад дахин Э.Ч-ыг шалгахад 00 дугаартай өрөөнийхөө цонхоор цагийг нь шидсэн гэж хэлээд буудлын гадна талын модны хажууд очиж харахад шар өнгийн бугуйн цаг байсныг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/

 

Шүүгдэгч Э.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 04-ний 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын харъяа “Бүжинхэн” цэцэрлэгийн барилгын ажлыг шалгахаар албаны машинтай гараад орой 19 цаг 30 минутын үед очсон. Би шууд барилгын талбай дээр очоод ажиллаж байгаад орой 22 цагийн үед ажлаасаа буугаад Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөөний буудалд очоод өрөө асуутал буудлын жижүүр “одоогоор өрөө байхгүй байна өрөө гарвал яръя” гээд миний утасны дугаарыг аваад үлдсэн. Тэгэхээр нь барилгын талбай хариуцсан мастер Б-ын хамт буцаад барилгын талбай дээр очоод Б-, түүний найзын хамт 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архийг 3-лаа хувааж уусаны дараа буудлын жижүүрээс миний утас руу залгаад “өрөө гарсан шүү” гэж хэлсэн. Би 23 цаг 40 минутын үед буудалд ирэхэд намайг 00 тоот өрөөнд оруулсан. Өрөөндөө ирээд хувцасаа сольчихоод ариун цэврийн өрөө орохоор коридороор явж байхад зүүн талын 00 тоот өрөөний хаалга нь хагас онгорхой байсан. Өрөөний ширээн дээр шар өнгийн оосортой бугуйн цаг харагдахаар нь шууд өрөөнд нь ороод цагийг нь аваад өмднийхөө зүүн халаасанд хийгээд ариун цэврийн өрөөний коридорт нэг залуутай зөрсөн. Тэгээд би ариун цэврийн өрөөнөөс гараад өрөө рүүгээ явж байхад надтай зөрсөн залуу над дээр ирээд “миний цаг байхгүй байна чи миний цагийг авсан уу?” гэж асуухаар нь “би аваагүй ээ” гэж хэлээд өрөө рүүгээ орох гэж байхад ардаас “цаг өгөхгүй бол цагдаа дуудлаа шүү” гэж хэлэхээр нь би дуугараагүй өрөө рүүгээ яваад орчихсон. Цагны эзэн залуу цагдаа дуудна гэхээр нь сандарсандаа болоод цагийг нь өрөөнийхөө цонхоор шидчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-45 тал/,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 05-09 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12, 70 тал/

 

2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “...Micheel kors бугуйн цаг эрэгтэй нэгжийн үнэ 625.000 төгрөг, элэгдэл тооцсон үнэ 437.500 төгрөг...” гэх Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-37 тал/ бүхий нотлох баримтууд хамаарч байна.  

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Э.Ч-ийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Г.Э-гийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суух хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, ажлын байрны тодорхололт, холбогдох бусад баримт /хх-ийн 28-29, 50-68 дахь хэсэг/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг.

 

Хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон зүйлчлэхээр хуульчилсан.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ч- нь 2019 оны 6 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 23 цаг 40 минутын үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөөний зочид буудлын 00 тоот өрөөнд байрлаж байсан Ж.Д-гийн байрлаж байсан өрөөнд түүний зөвшөөрөлгүй нэвтэрч, “Майкл Корс” загварын эрэгтэй бугуйн цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэрэг учрал гарсан газар нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөөний зочид буудал байх ба уг буудлын 00 тоот өрөөнд байрлаж байсан хохирогч Ж.Д-н өрөөнд хууль бусаар нэвтэрч эд зүйл авсан шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэсэн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөөний зочид буудал нь хүний үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байр мөн бөгөөд шүүгдэгч Э.Ч- нь өөрийн байрлаж буй 00 тоот өрөөнд л чөлөөтэй нэвтрэх эрхтэй болохоос бусад этгээдийн байрлаж буй өрөөнд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр /эзэмшигч нь байхгүй байхад/ нэвтрэн орох, улмаар бусдын эд зүйлсийг авах эрхгүй болно.

 

Мөн хулгайн эд зүйл болох “Майкл Корс” загварын эрэгтэй бугуйн цагийн зах зээлийн үнийг элэгдэл хорогдлыг тооцож 437.500 төгрөгийн үнэлгээтэй болохыг хэргийн 36 дахь талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотолсон, уг тайланг хэрэгт хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий 000000 тоот гэрчилгээтэй хуулийн этгээд гаргасан байх тул энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 437.500 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх ба энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

 

Тиймээс шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Цагдаа чи зүгээр, зөрчлийн хуулиар шийтгүүлэх, нийтэд тустай ажил хийх юм уу, тэнсээд гарна, нэг их айгаад байх зүйлгүй гэж хэлсэн тул энэ зүйл ангийн учир холбогдлыг ойлгоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад гэж бичих ёстой байхад 17.1 дүгээр зүйлийн 2.1-д гэж бичсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хаалга нь онгорхой байхаар орсон. Хүн байхгүй болохоор нь ширээн дээр цаг харагдахаар нь авсан. Цагийг зах зээлийн үнэлгээгээр үнэлснийг буруу гэж үзэж байна. Нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж...” өгнө үү гэх агуулга бүхий хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд хяналтын прокуророос Э.Ч-ийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Э.Ч- дээрх үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

 

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Э.Ч-ийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ж.Д- “хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Э.Ч-оос гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.Ч- нь хүний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Э.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.5-д заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг олоход тусалсан” буюу хулгайн эд зүйл болох цагийг хаана байгааг олоход тусалцаа үзүүлж оролцсон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Э.Ч- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд шүүх ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Э.Ч- энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шалгах ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэнтэй холбогдуулан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтлоо.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6,  36.7,  36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Э-гийн Ч-ийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б овогт Э-гийн Ч-т 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-т оногдуулсан нэг жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Шүүгдэгч Э.Ч- энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Ч-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА