Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2026/00132

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/08349 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ТӨХК-д холбогдох,

 

******* ТӨХК-ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/261 дугаар тушаалын 2 дахь хавсралтын *******д холбогдох хэсгийг хууль бусд тооцуулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 41,772,472 төгрөг гаргуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу түүнтэй дүйцэх ажил, албан тушаалд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* ТӨХК-д 2016-2024 оны 10 дугаар сар хүртэл хуулийн мэргэжилтэн, хуулийн зөвлөх, хуулийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан.

1.2. Компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/261 дугаар тушаалаар нийт ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2 дахь заалтаар үндэслэлгүйгээр албан тушаал болон цалин хөлс бууруулан захиргаа удирдлагын хэлтсийн хуулийн мэргэжилтнээр ажиллуулахаар хууль зөрчсөн тушаал гаргасан. ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/261 дугаар тушаалын 2 дахь хэсгийн надад холбогдох хэсгийг хууль бусд тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, хамтын гэрээний 5.16-д заасны дагуу 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж болох 41,772,472 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.3. Мөн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу түүнтэй дүйцэх ажил, албан тушаалд буцаан томилох, ажлаас хууль зөрчиж чөлөөлсөн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд томилогдох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулсантай холбоотойгоор гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/261 дугаар тушаалаар компанийн бүтцийг шинэчлэн баталж, зарим албан тушаал хасагдаж, нэршил өөрчлөгдсөн.

2.2. Компанийн зохион байгуулалт шинэчлэгдсэнтэй холбоотойгоор гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/261 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар компанийн бүх ажилчдыг ажлаас нь чөлөөлж, 2 дугаар хавсралтаар шинэчлэгдсэн бүтцийн дагуу бүх ажилтнуудыг ажлын байранд нь буцаан томилсон.

2.3. ******* ТӨХК-ийн бүтцийн өөрчлөлтөд *******ийн эрхэлж байсан хуулийн ахлах мэргэжилтэн албан тушаал нь хууль эрх зүйн мэргэжилтэн болж, ахлах мэргэжилтэн гэдэг албан тушаал нь байхгүй болоод хууль эрх зүйн мэргэжилтэн гэсэн албан тушаал батлагдсан. Түүний эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэг нь хэвээрээ хадгалагдаж, үргэлжлүүлэн ажиллуулах тушаалыг гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 82 дугаар зүйлийн 82.1, 61 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлгүй тул ******* ТӨХК-д холбогдох *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байх бөгөөд хариуцагч ******* ТӨХК-ийн хувьд энэ хуульд заасан ажлын байр хасагдсан нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байна. гэж дүгнэсэн байна.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасныг зөрчсөн.

Мөн ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал *******гийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/261 дүгээр тушаалын төсөлтэй танилцаж гарын үсэг зурсан тушаалын хавсралттай танилцаагүйг мэдэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тухайн тушаалын төсөл хавсралттай танилцсан гэж үзвэл 30 хоногийн дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний хөдөлмөрийн гэрээг цуцлах ёстой байжээ гэж үзэж байна.

4.3. Иймд үндэслэлгүй гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Эрчим хүчний яамны дотоод хяналт үнэлгээ, дотоод аудитын газраас хийсэн аудитын үнэлгээ, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах үүднээс хэрэгжүүлсэн ажлын хүрээнд Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 18 дугаар тушаалаар Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтний орон тоо хасагдаж захиргаа удирдлагын хэлтэст хуулийн мэргэжилтний 2 орон тоог шинээр баталсан.

5.2. Бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилтнуудыг ажлаас чөлөөлж эгүүлэн томилох тухай тушаалын төслийн саналыг нийт ажилтнуудаас авсан. Тухайн тушаалын төсөлд нэхэмжлэгч ******* нь ашиг сонирхлын зөрчилгүй болохоо илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан. Ашиг сонирхлын зөрчилгүй болохоо илэрхийлсэн тул 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/261 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар нийт ажилчдыг ажлаас чөлөөлж 2 дугаар хавсралтаар эгүүлэн томилсон. 2 дугаар хавсралтаар эгүүлэн томилсон тушаалыг хууль зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5.3. 2024 оны 11 дүгээр сарын тушаал гарсан буюу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш нэхэмжлэгч ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрандаа ирээгүй. Хариуцагч байгууллагын зүгээс удаан хугацаанд ажилласан нөхцөлийг харгалзан ажилдаа эгүүлэн орох тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өмнө нь эрхэлж байсан ажилд дүйцэхүйц ажлын байранд эгүүлэн томилуулахаар өөрчилсөн. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй дүйцэхүйц ажлын байр буюу Захиргаа удирдлагын хэлтсийн хууль эрх зүйн мэргэжилтний ажлын байранд нэхэмжлэгчийг томилж өнөөдрийг хүртэл ажлын байрыг хэвээр хадгалж байгаа гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/261 дугаар тушаалын 2 дахь хавсралтын *******д холбогдох хэсгийг хууль бусд тооцуулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 41,772,472 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу түүнтэй дүйцэх ажил, албан тушаалд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч нь *******ийн ажиллаж байсан хуулийн ахлах мэргэжилтний ажлын байр байхгүй болсон ч түүнийг хуулийн мэргэжилтний ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан, ажлын байрны чиг үүрэг нь хэвээрээ хадгалагдаж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас ******* ТӨХК-ийн 2023 он болон 2024 оны эхний 5 сарын үйл ажиллагаанд дотоод аудит хийж, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн огноо бүхий дүгнэлт гаргасан;

3.2. Эрчим хүчний яамны Дотоод аудитын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 24/05 дугаартай тогтоолоор дотоод аудитын дүн, зөвлөмжийг баталж, мөн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 24/06 дугаартай тогтоолоор ******* ТӨХК-ийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын зөвлөмжийн биелэлтийг ханган ажиллаж, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор тайлагнахыг гүйцэтгэх захирал *******д үүрэг болгосон;

3.3. ******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, зохион байгуулалтын бүтцийн схемийг баталсан;

3.4. ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/261 дугаартай Ажилтнуудыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан тушаалын нэгдүгээр хавсралтад заасан нэр бүхий ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр цуцалж, шинээр батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажиллах ажилтнуудын нэрс, үндсэн цалин болон бусад нэмэгдлүүдийг тушаалын хоёрдугаар хавсралтаар баталж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тус тус албан тушаалд томилсон;

3.5. ******* ТӨХК-ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/261 тоот тушаалаар компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж, нэхэмжлэгч *******ийн ажиллаж байсан Дотоод хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн Хуулийн ахлах мэргэжилтний ажлын байр хасагдсан, нэхэмжлэгч *******ийг Захиргаа, удирдлагын хэлтсийн Хууль эрх зүйн мэргэжилтнээр 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар томилсон;

 

4. Нэхэмжлэгч нь ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/261 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар түүнийг Захиргаа, удирдлагын хэлтсийн Хууль эрх зүйн мэргэжилтнээр 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар томилсныг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж гаргуулахаар 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШЗ2024/21054 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар хүлээн авахаас татгалзсан, шүүгчийн захирамжид дурдсан зөрчлийг арилган 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг дахин шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар маргалдагч тал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах, мөн зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч аль нэг тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах, мөн зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн зохицуулалттай.

4.2. Нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацааны дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, өөр ажилд шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэртэй холбоотой хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан гэж үзнэ.

Улмаар ******* ТӨХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэлийг хүлээн аваад 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааны дотор ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/261 дугаар тушаалын *******д холбогдох хэсгийг хууль бусд тооцуулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 41,772,472 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийн ажиллаж байсан Дотоод хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн Хуулийн ахлах мэргэжилтний ажлын байр хасагдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд хамаарах талаар зөв дүгнэсэн атлаа ******* ТӨХК-ийн бүтэц зохион байгуулалтад хуулийн ахлах мэргэжилтэн гэх ажлын байр байхгүй болсон, нэхэмжлэгчийг хуулийн ахлах мэргэжилтэн албан тушаалаас чөлөөлж, хууль эрх зүйн мэргэжилтэн албан тушаалд томилсон байдал нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийг хууль эрх зүйн мэргэжилтэн гэх албан тушаалд томилсон байгааг түүнтэй дүйцэх ажил, албан тушаалд томилсон байна гэж үзэх боломжтой гэсэн дүгнэлтийг хийсэн нь алдаатай болсон байна.

5.1. Ажлын байр нь хасагдсан ажилтныг адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахтай холбоотой харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсгээр зохицуулагдах ба уг заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтанд хамааралтай бөгөөд ажил олгогч уг ажилтантай адил чанарын өөр ажлын байранд ажиллуулах талаар тохиролцсон байхыг шаардана.

5.2. Нэхэмжлэгч *******ийн ажлын байр Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хадгалагдаж байсан гэж үзэх үндэслэл байхгүй, нэхэмжлэгч нь Захиргаа, удирдлагын хэлтсийн Хууль эрх зүйн мэргэжилтнээр ажиллахыг зөвшөөрөөгүй, энэ талаар ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл байхгүй, Дотоод хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн Хуулийн ахлах мэргэжилтний ажлын байр болон Захиргаа, удирдлагын хэлтсийн Хууль эрх зүйн мэргэжилтний ажлын байр нь ажлын байрны тодорхойлолтын хувьд ижил гэх боловч ажлын байрны нэршил, цалин хөлсний хувьд ялгаатай байна.

5.3. Хариуцагч нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрыг хасаж, улмаар нэхэмжлэгчтэй тохиролцолгүйгээр ажлын байрны тодорхойлолтын хувьд ижил гэх боловч ажлын байрны нэршил, цалин хөлсний хувьд ялгаатай, өөр ажлын байранд томилсон байхад анхан шатны шүүх хариуцагчийг бүтэц зохион байгуулалтад нь хуулийн ахлах мэргэжилтэн гэх ажлын байр байхгүй болсон тул нэхэмжлэгчийг хуулийн ахлах мэргэжилтэн албан тушаалаас чөлөөлж, хууль эрх зүйн мэргэжилтэн буюу хуулийн ахлах мэргэжилтний ажил албан тушаалтай дүйцэх ажил, албан тушаалд томилсон байдал нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

5.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно.

******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А161 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан албан тушаалын жагсаалт, орон тоогоор нэхэмжлэгч *******ийн ажиллаж байсан Дотоод хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн Хуулийн ахлах мэргэжилтний ажлын байр хасагдсан болох нь тогтоогдсон, ******* нь ажил олгогч түүнтэй тохиролцолгүйгээр түүнийг Захиргаа, удирдлагын хэлтсийн Хууль эрх зүйн мэргэжилтний ажлын байранд томилсныг эс зөвшөөрсөн тул хариуцагч нь нэхэмжлэгчтэй үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж үзнэ.

5.5. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тохиолдолд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд ажилласан хугацаанаас нь хамааран тэтгэмж олгох үүрэгтэй.

5.6. ******* нь ******* ТӨХК-д 2016-2024 оны 10 сар хүртэл ажилласан гэсэн үндэслэлийг нэхэмжлэлд тусгасныг хариуцагч үгүйсгэж маргаагүй, ******* ТӨХК-ийн Захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2024 оны хамтын гэрээний 5.16-д Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ... орон тоог цомхотгох ... тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор ... ажилтанд тус салбарт ... 5-10 жил ажилласан бол 8 сар ...ын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг бодож олгоно гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-т Энэ хуулийн ... 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 5 жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж тус тус заасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-т заасан тэтгэмж олгох үүргийн хүрээнд хамтын гэрээнд заасан хэмжээгээр буюу 8 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

5.7. Нэхэмжлэгчид олгох тэтгэмжийн хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т заасны дагуу тухайн ажилтны бүтэн авсан сүүлийн 3 сарын цалин хөлс буюу 2024 оны 07 дугаар сарын цалин хөлс болох 5,328,132 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын цалин хөлс болох 6,715,384 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын цалин хөлс болох 3,652,161 төгрөг, нийт 15,695,677 төгрөгийг 3-т хувааж гарсан дүн болох 5,231,892 төгрөгийг 8 сараар үржүүлж тооцоход 41,855,136 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 41,772,472 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 41,772,472 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

5.8. Нэхэмжлэгч нь ******* ТӨХК-д холбогдуулан ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/261 дугаар тушаалын 2 дахь хавсралтын *******д холбогдох хэсгийг хууль бусд тооцуулах шаардлагыг гаргасан байх боловч уг шаардлага нь бие даасан шаардлага биш харин хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж гаргуулах шаардлагын үндэслэл гэж үзнэ.

 

6. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу түүнтэй дүйцэхүйц ажил албан тушаалд буцаан томилуулах, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд томилогдох хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах шаардлага гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, хариуцагчид гардуулан хуульд заасан ажиллагааг хийжээ.

6.1. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр цуцлагдсан гэж үзэж, түүнийг өөр ажилд шилжүүлэн томилсон тушаалыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийг гаргасан атлаа 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 11 сар 16 хоногийн дараа урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу түүнтэй дүйцэхүйц ажил албан тушаалд буцаан томилуулах, ажилд томилогдох хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах шаардлага гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохоор байх боловч хариуцагч энэ талаар маргаагүй байна.

6.2. Нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу түүнтэй дүйцэхүйц ажил албан тушаалд буцаан томилуулах, ажилд томилогдох хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах шаардлагын үндэслэлээ анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа ... шүүхийн маргаан эхлээд жил гаруй боллоо, ... хууль бус тушаалаас болж дараагийн үр дагавар гарч хохирч байна, ... ажилгүй байна, ... нийгмийн даатгалын шимтгэл тасарч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэж тайлбарласан, мөн ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлийг заасан.

6.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн ... 80.1.1...-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан.

******* ТӨХК нь *******д ажлын байр хасагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг өгөөгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт нийцээгүй байх боловч ******* ТӨХК нь *******д өөр ажлын байр санал болгосон, нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан ажлын байр хасагдсанаас хойш 22 хоногийн хугацаанд нэхэмжлэгчид цалин хөлс олгосон, уг хугацаанд нэхэмжлэгч өөрийн ажиллаж байсан ажлын байр хасагдсаныг мэдсэн бөгөөд өөр ажлын байранд шилжин ажиллахыг зөвшөөрөөгүй, улмаар маргаан таслах комисст хандан хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг эхлүүлсэн байсан зэргийг харгалзан үзвэл дээрх нөхцөл байдал нь орон тоо бодитоор байхгүй байгаа байгууллагад ажилтныг урьд эрхэлж байсан эсхүл түүнтэй дүйцэх ажилд эгүүлэн авах үүргийг хүлээлгэх үндэслэл болохгүй.

6.4. Иймд нэхэмжлэгчийн гаргасан урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу түүнтэй дүйцэхүйц ажил албан тушаалд буцаан томилуулах, ажилд томилогдох хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах шаардлагын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг дээр дурдсан байдлаар өөрчилж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй.

7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийг баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/08349 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ТӨХК-аас 41,772,472 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу түүнтэй дүйцэхүйц ажил албан тушаалд буцаан томилуулах, ажилд томилогдох хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ******* ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 366,812 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

 

Б.УУГАНБАЯР