Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 727

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

Шүүгдэгч: Г.А-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905029800000 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 1 дүгээр сарын 22-нд Сэлэнгэ аймагт төрсөн 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, 124 дүгээр цэргийн ангид биеийн тамирын албаны дарга ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагч Л.Б-ын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 43 байр 000 тоотод оршин суух хаягтай,

урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Батлан хамгаалах яамны хүндэт жуух бичиг, Цэргийн хүндэт медаль, Эх орны төлөө медаль зэрэг улсаас авсан шагналтай, /    / Ц овогт Г-ын А.

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Ц овогт Г-ын А- нь 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 43 дугаар байрны 000 тоотод хамтран амьдрагч Л.Б-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан биед нь хүзүү, зүүн мөр, хоёр бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Г.А-нь 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 хороо, 43 дугаар байрны 000 тоотод хохирогч Л.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 6-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо 43 байрны 000 тоотод оршин суух гэртээ ирэхэд хамтран амьдрагч Г.А-нь архи уучихсан согтуу унтлагын өрөөнд сууж байсан юм. Танай гэрийнхэн намайг муулж яриад, дээрэлхлээ гээд хэзээ танилцаж, хэзээ хурим хийх гэж байна гэж ярьдаг гээд надтай маргалдаж хэрүүл өдөж эхэлсэн. Тэгээд архины мөнгө нэхэж танай гэрийнхэн ядуу гэхчилэн яриа үүсгэж хэрүүл хийж зөндөө удсан юм. Би унтах гээд том өрөөний буйдан дээр хэвтэхэд А- нь чамайг өнөөдөр яадаг ч байсан ална, сүүлийн удаа нар хар гэхээр нь босч ирээд угаалгын өрөө руу орж угаалгын машинд жаахан юм хийж эргүүлчих хооронд араас орж ирээд түлхээд зодох гээд байсан. Удаагүй угаалгын өрөөнөөс гараад иртэл унтлагын өрөө рүү миний хоолойг багалзуурдаад түлхэж оруулаад миний толгой руу баруун гараараа 2-3 удаа цохисон. ...Машины түлхүүр надаас нэхэхээр нь гадаа нуучихсан байгаа гэж хэлээд үүд рүү дагуулж очоод түрүүлж гаргаад хаалгаа хаачихсан юм. Тэр үед түлхүүр, хувцас, утасгүй гэрээс гараад А- нь одоо болтол сураггүй байна. Өчигдөр өглөө буюу 2019 оны 7 сарын 7-ны өглөө 06 цагт гэрт ирээд хаалга нүдэхээр нь хаалгаа нээлгүй цагдаа дуудах үед гараад зугатаасан байсан. Миний хамаг бие хөндүүрлэн өвдөж байна. Хоолой хүзүү 2 хажуу талаараа гарын ором гарч зулгарсан. Баруун бугалга хэсэгт хөхөрсөн. Толгой дүүнгэтэж хэд хэдэн газар хавдсан. Шүүх эмэнэлэгт үзүүлнэ. Огцом ширүүн ууртай, уусан үедээ өөрийнхөө үйлдлийг хянах чадваргүй болдог. Бусад үедээ гайгүй, элдэв зан араншингүй, тайван дөлгөөн тийм хүн. Гомдол байхгүй. Надад нэхэмжлэх зүйл огт байхгүй. А- бид хоёр салсан байгаа. Цаашид цагдаагийн байгууллагаас дуудах үед ирэх боломжгүй, санал хүсэлт байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 15 тал/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 0000 дугаартай “...Л.Б-ын биед хүзүү, зүүн мөр, хоёр бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 19 тал/, 

 

Шүүгдэгч Г.А-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би гадуур архи уучихаад 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед гэртээ ирэхэд Б байхгүй байсан. Би гэртээ 21 цаг өнгөрч зурагт үзээд хэвтэж байхад Б гэрт ирсэн. Би согтуу байсан болохоор дандаа оройтож гэртээ ирэх юм, эрт ирж болохгүй байна уу гээд л хэрүүл эхлээд хэрүүл нь даамжирч танайхан ядуу, манайхан баян гээд л хэрэлдсэн. Хэрүүл 30-40 минут үргэлжлээд тэгээд намжаад Б бид хоёр унтахаар хэвтсэн. Тэгээд хэвтэж байхдаа дахин хэрүүл хийсэн. Эмэгтэй хүнийг цохиод яахав гэж бодоод би хүзүүг нь гараараа жоохон базаад тавьсан. Б-ын хүзүү улайсан байсан. Дараа нь гар луу нь нэг цохисон өөр юм болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/ хамаарна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Д.О-ийн: “...А- нь 1987 оны 1 дүгээр сарын 22-нд Сэлэнгэ аймаг Сүхбаатар хотод төрсөн. Айлын 2 дахь хүүхэд. Сэлэнгэ аймагт цэцэрлэг, сургуульд яваад 10 жилээ төгсөөд Үндэсний биеийн тамирын сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгсөөд дараа нь Батлан хамгаалах их сургуулийн ахлагчийн сургуулийг төгссөн. Одоо 000 дүгээр ангид биеийн тамирын албаны дарга ажлыг хийдэг. Манай хүү А- гадагш ажиллагаанд 8 удаа явсан. Манай хүү А- архи уугаад байгаа юм. Түүнээс ааш зан нь зөөлөн, хүний үгээр зөөлөн сэтгэлтэй хүүхэд юм. 2009 онд нэг хүнтэй суугаад 2012 онд тэр хүнээсээ  салсан. Нэг хүүхэд байгаа тэр хүүхэд нь ээжтэйгээ байдаг. А- албан ёсны гэрлэлтийн лавлагаа байхгүй. Б, А- хоёр 2018 онд 8 сард нэг гэрт ороод хамтран амьдарч байгаа. Манай бэр гуйгаагүй л байгаа. Энэ хоёр ямар харьцаатайг мэдэхгүй. Би Сэлэнгэ аймагт хол байдаг болохоор сайн мэдэхгүй. Манай хүү гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тийм муу хүмүүжилтэй хүн биш...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/, Г.А-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, боловсролын талаарх баримтууд /хх-ийн 23-32 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.А-нь согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 06-ны орой Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, 43 байрны 000 тоот гэртээ хамтран амьдрагч Л.Б-ыг зодож биед нь хүзүү, зүүн мөр, хоёр бугалганд цус хуралт гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогджээ.

 

Хохирогч Л.Б-ын биед учирсан дээрх гэмтэл хэргийн 19 дэх талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь нотлогдсон байх ба шүүгдэгч Г.А-гийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч Г.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.А-гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А-“хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэгт үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.А-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.А-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Г.А-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Г.А-д мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Г-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх ер хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.А-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.А-цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА