Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2026/00154

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/08706 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохиролд 587,014,278 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь *******даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/337 тоот захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч нартай гэрээ байгуулах эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байсан.

1.2. ******* ХХК нь гэрээ байгуулах эрх авснаас хойш нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас оршин суугч нартай хоёр болон гурван талт гэрээ байгуулах ажлаас бусдыг хугацаандаа хийж гүйцэтгэж байсан. Гэтэл *******даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай захирамжаар манай компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Манай компанийн зүгээс дээрх захирамжийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0089 дугаар шийдвэрээр А/165 дугаар дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шүүх ******* ХХК нь төсөл хэрэгжүүлэх нийтийн зориулалттай 35, 36 дугаар байрны орон сууц өмчлөгч айл, аж ахуйн нэгжтэй гурван талт гэрээг оршин суугчдын 80 хувьтай байгуулсан гэрээг хэрэгт ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч орон сууц өмчлөгч иргэдтэй гэрээ байгуулж, хариуцагч байгууллагад албан бичгээр хандсан байхад хариуцагч энэ талаарх нотлох баримтыг үнэлээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэж Хот, суурин газрын хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

1.3. Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *******даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/MA2023/0225 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 199 дугаар тогтоолоор хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

1.4. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж, өнөөдрийн байдлаар ******* ХХК-ийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш шинэчилсэн төлөвлөгөө батлуулах тухай хүсэлтийг Хот байгуулалт, хөгжлийн газарт удаа дараа гаргаж байхад өнөөдрийг хүртэл төлөвлөгөөг баталж өгөхгүй, оршин суугчдад төслийн талаарх үнэн зөв мэдээллийг өгдөггүй, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүргээ биелүүлдэггүй дахин *******даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан байдалтай байна.

1.5. *******даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг шүүхээс хууль бус гэж тогтоосны улмаас ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төсөлд 587,014,278 төгрөгийн зардал гарч, уг зардал нь үр дүнгүй зардал болон хувирч байна.

1.6. Гарсан зардлуудыг нэгтгэн дүгнэвэл: үйл ажиллагааны зардал 260,586,923 төгрөг, үйл ажиллагааны зардал зураг төсөлд 185,200,000 төгрөг, харилцаа холбооны зардал 453,980 төгрөг, зөвлөх үйлчилгээний зардал 78,200,000 төгрөг, хэвлэх үйлчилгээний зардал 1,449,750 төгрөг, шатахууны зардал 472,569 төгрөг, ахуйн хэрэглээний зардал төсөлд 6,631,753 төгрөг, бичиг хэргийн зардалд 4,902,385 төгрөг, тоног төхөөрөмжийн зардал 19,164,400 төгрөг, оффисийн зардал 22,158,118 төгрөг, ажилчдын нийгмийн даатгалын төлөлт 7,794,400 төгрөг, нийт 587,014,278 төгрөг. Шүүхээс *******даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хууль бус болсон болохыг тогтоосон тул түүний улмаас учирсан хохирол болох 587,014,278 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тоног төхөөрөмжийн зардал 19,164,400 төгрөгөөр багасгасан тул 567,849,878 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/337 дугаар захирамжаар ******* ХХК-д ******* дүүргийн ******* дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны байрыг буулган дахин барилгажуулах, гэрээ байгуулах эрх олгосон.

2.2. ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар захирамжаар 35, 36 дугаар байрны Хяналтын хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. *******даргын 2022 оны А/165 дугаар захирамжаар газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчидтэй зөвшилцөлд хүрэх явцад төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах талаар сууц өмчлөгч иргэдээс гомдол гарч, сууц өмчлөгчидтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулж чадаагүй тул тус компанид олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.

2.3. ******* ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд *******даргын захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0089 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/MA2023/0225 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 199 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

2.4. Тус газраас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10/1227 дугаартай албан бичгээр дахин төлөвлөлтийн төслийн ажлыг эрчимжүүлж, шинэчлэн батлуулах график төлөвлөгөөг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор ирүүлэхийг шаардсан бөгөөд ******* ХХК-аас 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 67/23 дугаартай албан бичгээр 2023-2028 онд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны график төлөвлөгөөг ирүүлснийг хянахад сууц өмчлөгчдийн 80 хувьтай гэрээ байгуулсан гэж шүүхэд нотлох баримтаар өгч байсан тул гэрээ байгуулах хугацааг 9 сарын турш төлөвлөснийг боломжит бодитой хугацаанд төлөвлөж, график төлөвлөгөөгөө дахин боловсруулж ирүүлэх шаардлага тавьсан.

******* ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 115/23 дугаартай албан бичгээр төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны график төлөвлөгөөг дахин боловсруулж ирүүлсэн нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.б-д заасны дагуу сууц өмчлөгч иргэдээс санал аваагүй болох нь иргэдийн эсэргүүцэл, өргөдөл гомдол, санал зэргээр нотлогддог бөгөөд ******* ХХК-ийг төсөл хэрэгжүүлэхийг сууц өмчлөгчид дэмжихгүй байгаа тул төлөвлөгөөг шинэчлэн батлах боломжгүй болсон.

2.5. Төсөл хэрэгжүүлэгчийг дэмжихгүй байгаа талаар гомдол санал ихээр гарсны дагуу дахин төлөвлөлтийн ажлын талаар сууц өмчлөгч иргэн аж ахуйн нэгж, төсөл хэрэгжүүлэгчтэй албан уулзалтыг 2023 оны 09 дүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, дүүргийн ******* дугаар хороо болон дахин төлөвлөлтийн хяналтын хороотой хамтран зохион байгуулсан.

Уулзалтаар төсөл хэрэгжүүлэгч ******* ХХК-ийн дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэн дэмжих эсэх талаар сууц өмчлөгч, эзэмшигчдээс санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн. Саналын дүнг нэгтгэхэд нийт 61 сууц өмчлөгчдөөс 50 сууц өмчлөгч буюу 82 хувь сууц өмчлөгч санал өгч, 11 сууц өмчлөгч буюу 18 хувь нь санал хураалтад оролцоогүй байна. Өгсөн саналыг тоолж үзэхэд нийт өмчлөгчдөөс 3 сууц өмчлөгч буюу 4.9 хувь нь төсөл хэрэгжүүлэгч ******* ХХК-ийн дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэхийг дэмжиж, 47 сууц өмчлөгч буюу 77.1 хувь нь төсөл хэрэгжүүлэгч ******* ХХК-ийн дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэн явуулахыг дэмжээгүй.

2.6. Нэхэмжилж байгаа учирсан хохирол гэх 587,014,278 төгрөг нь төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох үйл ажиллагааны зардал бөгөөд үүнийг төсөл хэрэгжүүлэгч гаргах үүрэгтэй.

Нэхэмжлэгч ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих төслийн хүрээнд байгуулсан хоёр болон гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тул ******* дүүргийн ******* дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 35, 36 дугаар байрны Хяналтын хорооны саналын дагуу ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 35, 36 дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ******* ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг *******даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/35 дугаар захирамжаар цуцалсан. ******* хуулиар өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/35 дугаар захирамжийг гаргасан эрх зүйн зөрчилгүй захиргааны акт юм.

2.7. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам-ын 7.7-д Энэ журмын 7.4-т заасан үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг төр хариуцахгүй гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийн агуулга:

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэрэгт анхны шийдвэр болох *******даргын захирамжийг хууль бус гэж үзсэн шийдвэр гарах хүртэл хугацааны зардлыг нэхэмжилсэн дүнгээр бус биет хөрөнгө худалдаж авахад зарцуулсан зардлыг хассан дүнгээр нэхэмжлэгч талд олгох нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******д холбогдох Хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох 567,849,878 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,093,022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шийдвэрт ******* ХХК-д гэм хор учирсан байх, үйлдэл хохирол хоорондоо шалтгаант холбоотой буюу *******даргын захирамжийн улмаас нэхэмжлэгчид хор хохирол учирсан байх тогтоогдсон тохиолдолд гэм хорын арилгах үүрэг үүсэх бөгөөд энэ байдал баримтаар тогтоогдохгүй байна гэжээ

Гэтэл ******* ХХК нь хүчин төгөлдөр шийдвэр, магадлалын дараа төслийн ажлаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн шинэчилсэн төлөвлөгөө батлуулах хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан боловч *******ас дээрх төлөвлөгөөг батлахгүй эс үйлдэхүй гаргасны улмаас хугацаа алдаж төсөл хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг зориуд бий болгож 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалж түүнээс хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0143 дугаар магадлалаар ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай орон сууцны 35, 36 дугаар байрын дахин төлөвлөлттэй холбоотой энэ талаарх зардлаа тодорхойлон иргэний журмаар хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй хэмээн дүгнэсэн юм.

5.2. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал болон холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шийдвэрт Хуулийн энэ зохицуулалтаар хариуцагч гэм буруутай болох нь тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байдал тогтоогдохгүй байна гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч нь эд хөрөнгөд хохирол учруулсан биш Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 489.2 дахь хэсэгт заасан төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол буюу гаргасан зардлаа гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлд дурдаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна.

5.3. Шийдвэрт ...хариуцагч гэм буруутай болох нь тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчид хохирол учирсан байдал тогтоогдохгүй байна гэжээ.

Гэтэл хариуцагч нь боломжит хугацаанд эс үйлдэхүй гаргасан талаарх өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөөр байтал анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хариуцагчийн гэм буруутай үйлдэл нотлогдохгүй байна хэмээн дүгнэж байгаа нь хэт нэг талыг баримталсан эрх бүхий байгууллагын шийдвэрийн улмаас учирсан хохирол хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй нэхэмжлэгчийг хохироосон шийдвэр гаргаж байгаа илт үндэслэлгүй болсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас 332,012,278 төгрөгөөр хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

6.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамгийн анхны Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг тайлбарлаж байна. Тухайн үед нэхэмжлэгч компанийн төсөл хэрэгжүүлэх эрх нь хэвээрээ үлдсэн буюу цуцлагдаагүй. 2024 оны *******даргын сүүлийн захирамж гарах хүртэл үргэлжилсэн.

6.2. Тухайн захирамжийг 2 шатны шүүх хянан үзээд эрхийн зөрчилгүй акт болохыг нь тогтоосон. Журмын 7.4, 7.7-т тодорхой заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан *******даргын 2022 оны А/165 дугаартай Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай захирамжаар компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохиролд 587,014,278 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 567,849,878 төгрөг болгон багасгасан байна.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. *******даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/337 дугаар Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай захирамжаар ...Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр ******* ХХК шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олгосугай гэж шийдвэрлэж, батламж олгосон;

3.2. *******даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжаар ******* ХХК нь гэрээ байгуулах эрх авснаас хойш нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас *******даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/337 дугаар захирамжийн 3 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдсэн, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчидтэй зөвшилцөлд хүрэх явцад төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах талаар сууц өмчлөгч иргэдээс гомдол гарч, сууц өмчлөгчидтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулж чадаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан;

3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/0089 дугаар шийдвэрээр Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ******* ХХК-аас *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, *******даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хүчингүй болгосон;

3.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2023/0225 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0089 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон;

3.5. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн;

3.6. *******даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/35 дугаар Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамжаар ... Иргэдийн саналыг тусгаагүй график төлөвлөгөө ирүүлсэн, сууц өмчлөгч иргэд болон Хяналтын орооноос төсөл хэрэгжүүлэгчийг дэмжихгүй байгааг мэдэгдсэн гэх үндэслэлээр ******* ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/337 дугаар төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгосон захирамжаа цуцалсан;

3.7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 876 дугаар шийдвэрээр ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* холбогдуулан гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/35 дугаар Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон;

3.8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2025/0143 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 876 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон;

 

4. Дээр дурдсан үйл баримтын талаар талууд маргаангүй боловч *******даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжаар ******* ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг үндэслэлгүйгээр цуцалсны улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

5. Нэхэмжлэгч нь *******даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжаар ******* ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг үндэслэлгүйгээр цуцалсны улмаас үйл ажиллагааны зардалд 260,586,923 төгрөг, зураг төслийн зардалд 185,200,000 төгрөг, харилцаа холбооны зардалд 453,980 төгрөг, зөвлөх үйлчилгээний зардалд 78,200,000 төгрөг, хэвлэх үйлчилгээний зардалд 1,449,750 төгрөг, шатахууны зардал 472,569 төгрөг, ахуйн хэрэглээний зардал 6,631,753 төгрөг, бичиг хэргийн зардал 4,902,385 төгрөг, оффисын зардал 22,158,118 төгрөг, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зардал 7,794,400 төгрөг, нийт 567,849,878 төгрөгийн хохирол учирсныг гаргуулахаар хариуцагчаас нэхэмжилсэн байна.

 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу дээр дурдсан зардлын хэмжээгээр нэхэмжлэгчид гэм хор учирсан явдалд хариуцагчийн гэм буруу тогтоогдсон байх, хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор бодитой учирсан байхыг шаардах ба хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан байдал тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

7. Анхан шатны шүүх хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан байдал тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн дүгнэлтэд өөрчлөлт оруулна.

7.1. *******даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/0089 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрх *******даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/35 дугаар Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамж гарах хүртэл хугацаанд үргэлжилсэн гэж үзнэ.

7.2. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд гаргасан зардлын баримтуудаас зардлын төрөл болон төлбөрийн баримтын огноогоор авч үзэхэд дараах баримтууд *******даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжтай холбоотой асуудлаар нэхэмжлэгч талд гарсан нэмэлт зардалтай холбоотой гэж үзэж болохоор байна. Үүнд:

- 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,200 төгрөгийн баримт;

- 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нотариатын үйлчилгээний төлбөрт төлсөн 19,500 төгрөгийн баримт;

- 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нотариатын үйлчилгээний төлбөрт төлсөн 19,000 төгрөгийн баримт;

- 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хуулийн зөвлөх үйлчилгээний төлбөрт Д.Мөнхтуяад төлсөн 34,000,000 төгрөгийн төлбөрийн баримтууд;

7.3. Гэсэн хэдий ч дээр дурдсан баримтууд нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

- Нотариатын үйлчилгээний төлбөр төлсөн баримтууд нь *******даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргахтай холбоотой нотлох баримтуудыг гэрчлүүлэхэд гарсан зардал гэдэг нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, уг зардал нь *******даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчид гарсан нэмэлт зардал гэдэг нь өөр бусад байдлаар тогтоогдоогүй;

- 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,200 төгрөгийн зардал нь *******даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/0089 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2023/0225 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 199 дугаартай тогтоолоос хойших хугацаанд төлөгдсөн, уг зардал нь *******даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчид гарсан нэмэлт зардал гэдэг нь өөр бусад байдлаар тогтоогдоогүй;

- *******даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл бүхий захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр ******* оролцсон нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал зэргээр тогтоогдож байх боловч 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хуулийн зөвлөх үйлчилгээний төлбөрт *******д төлсөн 34,000,000 төгрөгийн төлбөр нь *******даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл бүхий захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцохтой холбоотой төлөгдсөн төлбөр болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал тул түүнтэй холбогдон гарах зардлыг гэм хорын хохиролд тооцох үндэслэлгүй;

7.4. Бусад зардлын хувьд нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан *******даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжтай холбоотой нэхэмжлэгч талд гарсан нэмэлт зардал буюу хохирол гэж үзэх үндэслэл байхгүй, төслийн хэрэгжилттэй холбоотой нэхэмжлэгчийн зүгээс гаргасан зардал гэж үзэх үндэслэлтэй, ... Иргэдийн саналыг тусгаагүй график төлөвлөгөө ирүүлсэн, сууц өмчлөгч иргэд болон Хяналтын хорооноос төсөл хэрэгжүүлэгчийг дэмжихгүй байгааг мэдэгдсэн гэх үндэслэлээр ******* ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан *******даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/35 дугаар Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамжийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 876 дугаар шийдвэрээр үндэслэлтэй гэж үзсэн. Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул төслийн хэрэгжилттэй холбоотой нэхэмжлэгчээс гарсан үйл ажиллагааны зардал, харилцаа холбооны зардал, зөвлөх үйлчилгээний зардал, хэвлэх үйлчилгээний зардал, шатахууны зардал, ахуйн хэрэглээний зардал, бичиг хэргийн зардал, тоног төхөөрөмжийн зардал, оффисын зардал, ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зардал зэргийг хариуцагч хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв болжээ.

 

8. Нэхэмжлэгч нь *******даргын хууль бус захирамжийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан гэх үндэслэлээр *******д холбогдуулан уг гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь заалт буюу төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгахтай холбоотой хуулийн зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгийг баримталсныг хассан өөрчлөлт оруулна.

 

9. Анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгасан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/08706 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 498 дугаар зүйлийн 498.2 ... гэснийг хассан өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,818,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

 

Б.УУГАНБАЯР