Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2026/00155

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/08340 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* сургуулийн харьяа ******* цогцолборт 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 8 жил 8 сарын хугацаанд байрны багш, дотуур байрны зохион байгуулагч гэсэн ажлын байранд ажиллаж байсан.

1.2. Ажлын ачаалал их, ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэл бэрхшээлтэй байдаг ч олон жил ажилласан ажлын туршлага, оюутнуудынхаа сэтгэл зүйг ойлгон мэдэрч харьцаж ирсэн чадвар мөн хамт олонтойгоо харилцан ойлголцож ирсэн цаг хугацаа, сэтгэл зүйг үл тоон урьдчилан мэдэгдэлгүйгээр, ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд ажлын байр сэлгэн ажиллуулах тушаал гаргасан явдал нь сэтгэл зүйн хувьд хүнд дарамт учруулсан.

1.3. Ажил хүлээлцэх комиссын 3 гишүүнээс гадна комисст багтаагүй ******* сургуулийн Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга ******* нь бусад хүмүүсийн хамт өөрийн биеэр ажлын байран дээр ирж, ажлаа хүлээлгэн өгөхийг тулган шаардаж, яг одоо өг, үгүй гэвэл орны чинь хүн томилсон байгаа, ажил хүлээлцэх гарын үсгээ зур гэж олон хүний нүдэн дээр айлган сүрдүүлж, ичгэвтэр байдалд оруулж, дарамталсан.

1.4. Миний хувьд ажлаас чөлөөлөгдөх өөрийн чин хүсэл байгаагүй, удахгүй тэтгэвэртээ гарах гэж байгаа, тухайн ажлыг хийхгүй бол ажлаас гарах хүсэлтээ бичиж өг гээд байхаар нь ******* сургуулийн захирал *******т байгаа нөхцөл байдлыг уламжлан, ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл хүсэлтээ өгсөн. Би ажлаас чөлөөлж өгөөч, аргагүй дарамт шахалтад байна гэсэн хүсэлтээ 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн үдээс хойш өгсөн бөгөөд энэ миний хүсэл зориг байгаагүй.

1.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт ... ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно ... гэж заасан. Иймээс ******* сургуулийн ректорын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/229 дугаартай Сэлгэн ажиллуулах тухай тушаал, мөн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/255 дугаартай *******той хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд нь эрхэлж байсан ******* сургуулийн харьяа ******* цогцолборын 2 дугаар байрны Зохион байгуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******ын ээлжийн амралтын хугацаа 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болж 15-ны өдөр ажилдаа орох хуваарьтай байсан. Энэ хуваарийн дагуу нэг ажлын байранд удаан ажилласан оюутны дотуур байрны 4 зохион байгуулагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-д заасан үндэслэлээр хооронд нь сэлгүүлэн ажиллуулахаар ******* сургуулийн ректорын 2024 оны Б/229 дугаар тушаал гарсан.

2.2. Б/229 дугаар тушаалын 2 дахь хэсэгт сэлгүүлэн ажиллуулж буй зохион байгуулагч нарын ажлыг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээлцэхийг ажил хүлээлцэх комиссын гишүүдэд үүрэг болгосон ба нэхэмжлэгчийг ээлжийн амралтын хугацаагаа дуусгаад ажилдаа орсны дараа ажил үүрэг гүйцэтгүүлэх, ажил үүргийг хүлээлцүүлэхийг Б/229 дугаар тушаалд тодорхой зохицуулсан тул нэхэмжлэгчийн ...ээлжийн амралттай байхад... гэж тодорхойлсон нь үндэслэлгүй.

2.3. Нэхэмжлэгч 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ******* сургуулийн ректорт хандан ....халагдах өргөдлөө уламжилж байна өргөдлийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.... гэсэн утгатай ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй... гэж зохицуулсан байх ба ******* өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ажил олгогчид илэрхийлж өргөдөл гаргасан нь өөрийнх нь хүсэл зориг байсан гэж үзэж байна.

2.4. ******* нь ажиллаж байх хугацаандаа оюутны байранд дур мэдэж мөнгөний машин байрлуулж, мөн оюутнуудаас гомдол гаргаж байсан учир байгууллагын болон оюутнуудын эрх ашгийн үүднээс ажилтныг сэлгэн ажиллуулсан. Ажилтныг байгууллагын удирдлагаас дарамталж, шахсан зүйлгүй бөгөөд дарамталж байгаа талаар ёс зүйн хороонд хандаж, асуудал шийдвэрлүүлж байсан баримтгүй байна.

2.5. Мөн нэхэмжлэгч нь сэлгэн ажиллуулах талаар гарсан шийдвэртэй маргах эрх нь нээлттэй байхад өөрөө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байх бөгөөд шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******д холбогдуулан гаргасан ******* сургуулийн ректорын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/229 дугаартай Сэлгэн ажиллуулах тухай тушаал мөн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/255 дугаартай *******той хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь түүнийг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой тушаалыг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан болох нь ******* ХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 18/413 дугаартай албан бичгээр тогтоогдсон.

Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан гэж тооцно. Энэ хугацаанаас хойш 30 хоног тоолоход 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөр хуульд заасан 30 хоногийн хугацаа дуусах бөгөөд нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гурван талт хороонд хандсан нь хуулийн хугацаандаа байна.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 14-т Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийг үндэслэн ...Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны... шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй... гэж заасан атлаа мөн 15 хэсэгт ...нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гурван талт хорооны шийдвэрийг гардан авсан гэж тайлбарладаг боловч үүнээс хойш 10 хоног дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргахад 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор хандаж нэхэмжлэлээ гаргах байсан... хэмээн буруу тооцсон.

Дээрх хуулийн дагуу ажлын 10 хоногоор тооцвол 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусах бөгөөд нэхэмжлэгч дээрх хугацааг зөрчөөгүй байхад ажлын хоногийг хуанлийн хоногоор тооцож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4.3. Нэхэмжлэгч *******ыг ажилдаа орохоос нэг өдрийн өмнө буюу 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б/229 дугаартай Ажлын байр сэлгэн ажиллуулах тухай тушаалыг гаргасан ба ажилдаа орсон өдөр нь танилцуулсан боловч гардуулж өгөөгүй байна.

Сэлгэн ажиллуулах гэдэг нь анх илгээсэн байгууллага, нэгж болон ажилтан хоёрын хоорондох хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, сэлгэн ажиллуулж буй байгууллагатай өөрчлөгдсөн албан, тушаал цалингийн хэмжээгээр шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулан хөдөлмөрийн харилцаанд оролцдог.

4.4. Дээрх үр дагавар бүхий сэлгэн ажиллуулах тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, хүлээлгэн өгөх шаардлага мөн үйлчилнэ гэж үзэхээр байна. Гэтэл ийнхүү хүлээлгэн өгөөгүй талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 10-т хариуцагчаас нэхэмжлэгчийг сэлгэн ажиллуулах болсон тушаалыг гардуулаагүй талаар дүгнэсэн байна.

4.5. Нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригоос гадуур, дарамт шахалтын үндсэн дээр ажлаас халагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Мөн шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд сэлгэн ажиллуулах талаар зохицуулсан ба мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж заасан. Гэтэл хэргийн үйл баримтаар талууд сэлгэн ажиллах талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч *******той зөвшилцсөн үйл баримт тогтоогдоогүй буюу сэлгэн ажиллуулах тушаалыг түүний ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд гаргаж, ажилдаа орсон эхний өдөр энэ талаар танилцуулсан болох нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн сэлгэн ажиллуулах тухай тушаал болон гэрч, талуудын тайлбараар тогтоогдсон. Түүнчлэн, нэхэмжлэгч нь удирдлагын сэлгэн ажиллуулах шийдвэр, үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь түүнтэй энэ талаар урьдчилан ярилцаж, ажилтантай харилцан тохиролцоогүй болохыг харуулж байна хэмээн дүгнэсэн.

4.6. Мөн дээрх нөхцөл байдалтай холбогдуулан ажилтан, ажил олгогч хооронд таагүй харилцаа, шахалт шаардлагаар ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичиж өгсөн талаар дүгнээд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай тушаал үндэслэлгүй байна гэжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажилт хийлгэхийг даалгах байсан. Ийнхүү ажлаас халагдсан нь үндэслэлгүй талаар дүгнэлт хийсэн атлаа нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна.

4.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр ямар, шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргасан талаар шийдвэртээ тодорхой заах нь ...нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийн аль нэгийг гаргах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасантай нийцнэ. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаас хангах үндэслэл байгаа талаар дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

4.8. Дээр дурдсанчлан сэлгэн ажиллуулах тухай тушаалын хувьд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу тухайн тушаалд холбогдуулан Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хугацаандаа хандаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэв ийнхүү шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлд хамаарах ба хэрэв тухайн үндэслэл тогтоогдсон бол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэвэл зохих байсан.

Ийнхүү дээр нэг бүрчлэн дурдсаны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч тал шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байсан гэж хугацааг буруу тоолсон гэж маргадаг.

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын шийдвэрийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гардаж авсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийн аль нэгийг нь хангаагүй байвал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалттай.

5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан гэх үйл баримтыг нотлох баримт гаргаж өгөөгүй. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан гэх үйл баримт байдаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу шүүгч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх захирамж гаргана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд 7 хоногийн хугацаа яригдана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Шүүх нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

5.3. Сэлгэн ажиллуулах шийдвэрийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хамт олны хурлаар танилцуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус шийдвэрийг гардуулж өгөх ёстой гэж тайлбарладаг. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сэлгэн ажиллуулах хуулийн шаардлага нь ажилтантай тохиролцсон байхыг шаарддаг. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тохиолдолд тус ажилтанд шийдвэр гарахаас өмнө танилцуулах, шийдвэрийн хувийг гардуулж өгөх зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасан. Сэлгэн ажиллуулахтай холбоотой шийдвэрийг хуульд зааснаар ажилтантай тохиролцсон байх шаардлага тавигддаг. Шийдвэрийг гардуулж өгөх хуулийн зохицуулалт байдаггүй.

5.4. Хуулиар тогтоосон хугацаагаар гомдол гаргах хугацаа хязгаарлагддаг. Шүүхээс сэлгэн ажиллуулах талаар хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргах хуульд заасан хугацааг 16 хоногоор хэтрүүлсэн. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

5.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилгүй байсан хугацааны цалинг 51,000,000 гаруй төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны дундаж цалин хөлс тооцох 190 дүгээр тушаалаар нийгмийн даатгал төлсөн сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр дүн 4,644,574 төгрөг, нэг сарын дундаж цалин 1,548,048 төгрөг, нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгснөөс хойш өнөөдрийг хүртэл тооцвол 26,246,000 төгрөг болж байгаа гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* нь *******тай 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 3 дугаартай Хөдөлмөрийн гэрээг ******* цогцолборын зохион байгуулагчийн ажлын байранд байгуулсан;

3.2. ******* сургуулийн ректорын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/93 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан ээлжийн амралтын хуваарийн дагуу ******* нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг дуустал ээлжийн амралттай, ажилд орох өдөр нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байсан;

3.3. ******* сургуулийн ректорын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/229 дугаартай тушаалаар *******ыг оюутны 1 дүгээр байрны зохион байгуулагчаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн, тушаалыг *******од 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр танилцуулсан;

3.4. ******* нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ******* сургуулийн ректорт хандан ажлын байранд гарч байгаа асуудлууд болон өөрийн зүгээс сэлгэн ажиллуулж байгаа үндэслэл, үүсч буй асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа, хариуцагч байгууллагын удирдлагуудаас хэрхэн шударга бус хандаж байгаа талаар болон дарамт шахалтад байсаар сэтгэл санаа болон цаг хугацааны хувьд хохирч байгаа болохоо дурдсан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн;

3.5. ******* сургуулийн ректорын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/255 дугаартай тушаалаар *******ын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөр цуцалсан;

 

4. Анхан шатны шүүх ******* сургуулийн ректорын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Ажлын байр сэлгэн ажиллуулах тухай Б/229 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт нийцээгүй талаар болон *******ын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт нь ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус оролцоо мөн ямар нэгэн хөндлөнгийн оролцоогүйгээр цэвэр өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр гаргасан хүсэлт биш тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах хууль зүйн үндэслэл байгаагүй, ******* сургуулийн ректорын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/255 дугаартай *******той хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт нийцээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хөдөлмөрийн эрхийн маргааны гомдол гаргах хугацаатай холбоотой дүгнэлтийг буруу хийсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн эрхийн маргааны гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж алдаатай дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулна.

5.1. Сэлгэн ажиллуулах тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргах эрхтэй байсан ба гомдол гаргах хугацааг сэлгэн ажиллуулах тушаалын талаар мэдсэн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс тоолоход 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дууссан, нэхэмжлэгч 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хандсан тул хуульд заасан хугацаа хэтрүүлж гомдол гаргасан гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хийжээ.

Анхан шатны шүүх хариуцагч нэхэмжлэгчид сэлгэн ажиллуулах тушаалыг гардуулаагүй үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш гомдол гаргах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, тушаалын талаар мэдсэн өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс гомдол гаргах хугацааг тоолсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д нийцээгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

5.2. Ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгч 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан 30 хоногийн хугацааг тоолоход 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуусах бөгөөд нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан тул хуульд заасан хугацаанд хандсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг гардан авсан тул 2024 оны 12 дугаар сарын 01-ний дотор шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах байсан, шүүхэд нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хийжээ.

Анхан шатны шүүх ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгч 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаас хойш хуульд заасан хугацааны дотор хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан талаар болон хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хугацааг тоолохдоо нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг хүлээн авсан 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш хуанлийн 10 хоногоор тооцсон нь алдаатай болжээ.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг хүлээн авсан 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш ажлын 10 хоногийг тоолоход нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хугацаа 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөр дуусах бөгөөд нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан тул хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

6. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8 дахь хэсгүүдэд заасан хугацааг хэтрүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагчид даалгасан өөрчлөлтийг оруулна.

Нэхэмжлэгч нь ******* сургуулийн ректорын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/229 дугаартай Сэлгэн ажиллуулах тухай тушаал, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/255 дугаартай *******той хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь бие даасан шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын үндэслэл гэж үзнэ.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх заалтад Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч ******* сургуулиас гаргуулж нэхэмжлэгч *******од олгоно.

7.1. Өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрын хэмжээг тооцохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3.5 дахь заалтад заасныг баримтлан *******ын бүтэн олгогдсон сүүлийн 3 сарын цалин хөлс болох 2024 оны 05 дугаар сарын цалин хөлс 1,839,612 төгрөг, 06 дугаар сарын цалин хөлс 1,906,008 төгрөг, 07 дугаар сарын цалин хөлс 2,042,531 төгрөг, нийт 5,788,151 төгрөгийг 3-т хувааж 1 сарын дундаж цалин хөлсний хэмжээг тодорхойлоход 1,929,383 төгрөг, үүнийг 21.5-д хуваан 1 өдрийн дундаж цалин хөлсний хэмжээг тодорхойлоход 89,738 төгрөг болж байна.

7.2. 1 өдрийн дундаж цалин хөлс болох 89,738 төгрөгийг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын өдөр болох 358 хоногт үржүүлэн тооцоход нэхэмжлэгчид олгох олговрын хэмжээ нь 32,126,204 төгрөг болно.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үүрэг тул нэхэмжлэгч *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаагаар нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч хариуцагч *******д даалгана.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/08340 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ыг ******* сургуулийн оюутны 2 дугаар байрны зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 32,126,204 төгрөгийг хариуцагч ******* сургуулиас гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэгч *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаагаар нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч *******д даалгасугай гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 318,581 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Б.УУГАНБАЯР