Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2026/00156

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/08637 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Орон сууц, автозогсоол албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний хүү ******* нь 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр маргаан бүхий орон сууц, автозогсоолыг өөрийн нэр дээр худалдан авсан байдаг. 2024 оны 01 дүгээр сард ******* нь гэр бүлийнхээ буюу ээж, эгчийнхээ эмчилгээний зардалд зарцуулаарай гэж үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* миний нэр дээр шилжүүлж өгсөн.

1.2. ******* нь өнгөрсөн хугацаанд төрсөн дүү ******* болон түүний нөхөр ******* нарыг өөрийн 100 хувийн эзэмшлийн ******* ХХК-д ажлын байраар хангаж ажиллуулж байсан ба ажлын байртай нь ойрхон гэж маргаан бүхий орон сууцанд түр амьдруулсан. *******, ******* нар нь өр төлбөрийн асуудлаар орон сууцаа бусдад худалдаж, орон байргүй болсон байсан. Мөн тухайн орон сууцанд өндөр настай эх нь хамт амьдарч байсан тул орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардаагүй өнөөдрийг хүрсэн.

1.3. Манай гэр бүл дээрх эд хөрөнгийг эмчилгээний зардалд зарцуулах шаардлагатай болсон. Би өөрийн охин *******д хандан орон сууцыг суллаж өгөхийг шаардахад ******* бид хоёр тусдаа амьдарч байгаа, би орон сууцыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан. Улмаар *******тай утсаар холбогдож, орон сууцыг суллаж өгөхийг шаардахад тэрээр шаардлагыг хүлээж аваагүй тул орон сууц, автозогсоолыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* нь 2002 онд нэхэмжлэгч *******ын охин *******тэй танилцсан ба мөн ондоо ******* БНСУ-руу ажиллахаар явж, 2003 онд ******* тухайн үед амьдарч байсан орон сууцаа барьцаалан зээл авч, *******-ийг БНСУ руу татсан. 2005 онд тэд Монгол улсад буцаж ирээд 2006 онд гэрлэлтээ батлуулж, 2009 онд тэдний дундаас охин ******* төрсөн.

2.2. 2005 оноос *******, ******* нар *******ийн төрсөн ах *******тай хамтран БНХАУ-аас гэр ахуйн тавилга оруулж ирэх бизнесээ эхэлсэн бөгөөд улмаар бизнес өргөжиж ******* ХХК-ийг *******гийн нэр дээр байгуулан тус компани нь ******* ХХК болж өргөжсөн. Тус компанийн ерөнхий захирлаар *******, гүйцэтгэх захиралаар *******, менежерээр ******* нар ажиллаж байсан.

2.3. Сайн ажиллаж байгаа хувь нэмрийг үнэлж, ******* захиралтай ******* ХХК-аас маргаан бүхий ******* дүүргийн ******* дугаар хороо, *******, зайсан гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, 136,4 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон энэ орон сууцны В1 давхарт байрлах, 8, 9 тоот хоёр автозогсоолыг *******ын гэр бүлд өгсөн.

2.4. *******ын эх ******* нь *******, ******* нарын охин *******г төрсөн цагаас нь эхэлж, харж хандаж байгаад 2019 онд тархинд цус харван өнөөдрийг хүртэл хэвтрийн байдалтай байгаа бөгөөд уг орон сууцанд *******, *******, ******* нар амьдарч байна. Эх *******ийг өвдсөнөөс хойш ******* сална гэж охин бид хоёрыг хаяж явсан. ******* гэр бүлийн дундын эд хөрөнгийг дур мэдэн эхийнхээ нэр дээр шилжүүлчихээд эх ******* нь орон сууц, автозогсоолыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хангаж, ******* дүүргийн ******* дугаар хороо, *******, зайсан гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 136,4 м.кв талбайтай, 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, автозогсоолын зориулалттай, ******* дүүргийн ******* дугаар хороо, *******, зайсан гудамж, ******* дугаар байр, ******* давхар, ******* тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* 2002 онд нэхэмжлэгч *******ын охин *******тэй танилцсан ба энэ ондоо би БНСУ-руу ажиллахаар явж, 2003 онд Монгол улсад амьдарч байсан орон сууцныхаа гэрчилгээг барьцаалан зардлын мөнгийг нь гарган *******-ийг БНСУ-руу татсан бөгөөд хамт ажиллаж амьдарч байгаад 2005 онд Монгол улсад буцаж ирээд 2006 онд гэрлэлтээ батлуулсан, 2009 онд охин ******* төрсөн.

4.2. 2005 оноос *******, ******* нар *******ийн төрсөн ах *******тай хамтран БНХАУ-аас гэр ахуйн тавилга оруулж ирэх бизнесээ эхэлсэн бөгөөд улмаар бизнес өргөжиж ******* ХХК-ийг *******гийн нэр дээр байгуулан тус компани нь ******* ХХК болж өргөжсөн. Тус компанийн ерөнхий захирлаар *******, гүйцэтгэх захиралаар *******, менежерээр ******* нар ажиллаж байсан.

4.3. Сайн ажиллаж байгаа хувь нэмрийг үнэлж, ******* захиралтай ******* ХХК-аас маргаан бүхий ******* дүүргийн ******* дугаар хороо, *******, зайсан гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, 136,4 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон энэ орон сууцны ******* давхарт байрлах, 8, 9 тоот хоёр автозогсоолыг *******ын гэр бүлд өгсөн.

*******ын эх ******* нь *******, ******* нарын охин *******г төрсөн цагаас нь эхэлж, харж хандаж байгаад 2019 онд тархинд цус харван өнөөдрийг хүртэл хэвтрийн байдалтай байгаа бөгөөд уг орон сууцанд *******, *******, ******* нар амьдарч байна. Эх *******ийг өвдсөнөөс хойш ******* сална гэж охин бид хоёрыг хаяж явсан.

4.4. ******* гэр бүлийн дундын эд хөрөнгийг дур мэдэн эхийнхээ нэр дээр шилжүүлчихээд эх ******* нь орон сууц, автозогсоолыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэснээр үүсдэг. Хариуцагч талд өмчлөх эрх шилжүүлсэн талаар бичгийн гэрээ болон шийдвэр байдаггүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмч хөрөнгө гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

5.2. Уг орон сууцыг анх 2011 онд хууль ёсны өмч болгож авсан хүн нь ******* байдаг бөгөөд ******* нь гэрчээр асуугдахдаа *******д орон сууц болон автозогсоолыг шагналд өгсөн зүйл байхгүй. Түр амьдруулж байсан гэж маш тодорхой мэдүүлсэн.

5.3. Хариуцагч маргаан бүхий орон сууцанд амьдарч байгаа нь өмчлөх эрхийг тодорхойлохгүй. Харин түр эзэмшлийг тодорхойлсон нөхцөл байдлыг үндэслэж гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгө гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Шүүхийн үзлэгээр орон сууцыг шагналд өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тухайн үед мөнгөн шагналын урамшуулал олгож байсан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Гэвч мөнгөн шагналын урамшууллыг орон сууц болгон гэр бүлийн дундын өмч болгосон гэх тайлбар үндэслэлгүй. Иймд гэрчийн мэдүүлэг болон шүүхийн үзлэгийн баримтаар энэ нөхцөл байдал тодорхой дүгнэж нотлогдсон.

5.4. Тус хөрөнгийг *******гийн хүсэл зоригийн үндсэн дээр нэхэмжлэгч *******д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх хүсэл зоригийн дагуу шилжүүлсэн. Энэ нь *******ын гэр бүлийн харилцаанд хамааралгүй. Гуравдагч этгээдийн хувийн өмч юм. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий эд хөрөнгийг шагналд өгсөн, гэр бүлийн дундын өмч гэж тайлбарладаг бөгөөд татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүрэгтэй боловч нотолж чадаагүй.

5.5. Хэрэгт авагдсан түүхчилсэн лавлагаагаар маргаан бүхий эд хөрөнгө бусдад болон нэхэмжлэгчид шилжсэн үйл баримтыг гэр бүлийн дундын өмч гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Ийнхүү тухайн эд хөрөнгийг ямар учраас шилжүүлсэн талаарх зорилго, эд хөрөнгийн үнийн дүн, хэмжээ, татвар төлж байсан нөхцөл байдлаар шагналд авсан гэх үйл баримт бүхэлдээ үгүйсгэгддэг. Хариуцагчийн татгалзлын үндэслэл, тайлбаруудын хувьд 16 жилийн хугацаанд бодитоор нэхэмжлэл гаргаж, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, тухайн эд хөрөнгийг шагналд авсан гэж тайлбарладаг боловч энэ талаараа огт хандаж байгаагүй.

2025 оны 06 дугаар сарын 09-нд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авсны дараа гэр бүлийн дундын өмч хөрөнгө гэж маргадаг. Цаг хугацаа нөхцөл байдлын хувьд хэргийн бодит байдал тайлбарлагдаж ойлгогдож байгаа тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

5.6. Хэргийн 28, 30, 32, 33, 34, 37, 51 дугаар талд авагдсан нотлох баримтуудаар ******* нь тухайн үл хөдлөх хөрөнгийн анхдагч өмчлөгч болох нь тодорхой нотлогдон тогтоогддог. Хэрэгт ******* банк ХК-ийн ******* ХХК-ийн эргэлтийн хөрөнгөд зориулалтаар 294,000,000 төгрөг зээлж авч буцаан төлсөн талаарх үйл баримт хэрэгт авагдсан. Энэ нь гэрчийн мэдүүлэгтэй тохирч байгаа. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

5.7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, түүхчилсэн лавлагаа зэрэг нотлох баримтуудын хүрээнд үнэн зөв үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууц болон автозогсоолыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь уг орон сууц болон автозогсоол нь түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс хариуцагчийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бусаар эзэмшиж байгаа гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар *******ын гэр бүлийн байдал болон маргаан бүхий орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:

4.1. ******* нь *******тэй 2006 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсныг 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэсэн;

4.2. ******* нь ******* нарын гэр бүлд 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин ******* төрсөн;

4.3. Маргаан бүхий орон сууц болон автозогсоол нь 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр *******гийн өмчлөлд анх бүртгэгдсэн;

4.4. Орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийг 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *******гаас *******д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн;

4.5. Орон сууцны өмчлөх эрхийг 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр *******эс *******д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн;

4.6. Орон сууцыг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* ХХК болон ******* банк ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн үүргийн гүйцэтгэлд ******* барьцаалсан;

4.7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн орон сууц болон автозогсоолын захиран зарцуулах эрхийг сэргээсэн;

4.8. Орон сууцны өмчлөх эрхийг *******гаас *******д 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн;

4.9. Орон сууцны өмчлөх эрхийг *******эс *******д 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр худалдах, худалдах авах гэрээгээр шилжүүлсэн;

4.10. Автозогсоолын өмчлөх эрх *******эс *******д 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шилжсэн;

 

5. Дээрх үйл баримтаас үзэхэд орон сууц болон автозогсоолын өмчлөх эрх дээр дурдсан байдлаар хариуцагчийн эхнэр *******, түүний төрсөн ах ******* болон төрсөн эх ******* нарын хооронд удаа дараа шилжиж байсан нөхцөл байдлаас үл хамааран хариуцагч ******* нь эхнэр *******, охин *******, төрсөн эх ******* нарын хамтаар тухайн орон сууц болон автозогсоолыг 2012 оноос хойш бодитоор эзэмшиж ашиглаж байжээ.

 

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан ба тухайн хэсэгт заасан хууль бус эзэмшил гэдэгт тухайн хөрөнгийг эзэмших эрхгүй этгээдийн эзэмшлийг ойлгоно.

6.1. Хариуцагч *******ын хувьд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх 2012 оноос хойш түүний эхнэр болон эхнэрийн төрсөн ах нарын хооронд шилжиж байсан нөхцөл байдлаас үл хамааран үл хөдлөх эд хөрөнгүүдийг бодитоор эзэмшиж ашиглаж байсан, тухайн хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээд нь түүний эзэмшлийг хууль бус гэж үзэж, албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаагүй, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх нэхэмжлэгч *******д шилжихээс өмнө түүний эхнэр *******ийн өмчлөлд байсан, *******эс *******д өмчлөх эрх нь шилжсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч татгалзаж байгаа, ******* болон ******* нар нь гэрлэлт цуцлуулах маргааныг шүүхээр шийдвэрлүүлж байгаа зэрэг байдлаас дүгнэхэд хариуцагч *******ын эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хууль бус эзэмшил гэх урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй байна.

6.2. Хариуцагч ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй боловч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нь түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэх түүний татгалзалтай холбоотой асуудал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэгдээгүй байгаа тохиолдолд *******ын эзэмшлийг хууль бус гэж үзэн хариуцагчийн эзэмшлээс орон сууц болон автозогсоолыг чөлөөлөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/08637 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******д холбогдуулан гаргасан орон сууц болон автозогсоолыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Б.УУГАНБАЯР