Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 737

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч:Б.Дэлгэрмаа,

Хохирогч Ц.Ж-,

Шинжээч О.Болор,

Шинжээч И.Б-,

Шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ж-гийн Б-т холбогдох эрүүгийн 1803008970000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 03 дугаар хороо, Нарны хороолол 000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй,      дугаар регистртэй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Ж-гийн Б-.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ж- овогтой Б- нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 09 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын урд уулзвар замд Lexus маркийн 0000 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ц.Ж-гийн жолоодож явсан “Mitsubishi Delica” маркийн 0000 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Ц.Ж-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ж.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 18 өдөр 9 цаг 30 минутад болсон. Би уулзвар нэвтрэхдээ туслах замаас орж очсон. Уг уулзварыг нэвтрэхдээ би жолоочийн үүргээ гүйцэжгэж замын хөдөлгөөний дүрмээ хангасан гэж үзэж байна. Уулзвар нэвтрэх үедээ зүүн гар талаас ирж байгаа гол зам харахад Ланд крузэр маркийн цагаан өнгийн хамгаалалтын 1 машин хол харагдаж байсан учир би гол замд ямар нэгэн саад болохгүйгээр нэвтэрч чадах юм байна гэж 15 жилийн жолоочийн туршлагаараа бодсон. Гэтэл нэг машин урсгал сөрж орж ирээд л намайг маш хүчтэй мөргөж би дунд гол руу унасан. Унахдаа би доошоо харж унасан толгойгоо хажуу талын шилэнд цохиж маш их зулгарал болон хүзүү гэмтсэн байдалтай байсан. Намайг хохирогч Ж болон тэр үед байсан залуучууд машинаас гаргасан. Эмнэлэг орохгүй бол болохгүй гэж байхад би өөрийнхөө биеийн байдлыг мэдэж байсан учир цагдаагаа ирэхээр хэмжилтээ хийлгэчихээд явъя гэж бодоод цагдаагаа ирэхээр мэдүүлэг өргөдлөө бичиж өгөөд гэр бүлийн хүнээ дуудсан. Дараа нь 11 цагийн үед Гэмтлийн эмнэлэг рүү Ж-тэй хамтдаа явсан. Очоод үзлэг хийсэн. Ж-д цээжин биеийн бүх хувцсыг тайлж 2 гарыг дээш нь өргөж үзлэг хийж байсан. Намайг доошоо харж унасан юм чинь рентгенд толгой хүзүүгээ зайлшгүй үзүүлэх ёстой гээд бид 2 цуг явж рентгенд үзүүлэхэд намайг компьютер оношилгоонд үзүүл гээд бид хоёрт хүзүүний бэхэлгээ хийж өвчин намдаах эм бичиж өгсөн. Бид 2 цуг гэмтлийн эмнэлгийн доор байрлах эмийн санд ортол 2 хүн чамайг хагалгаанд ор гэсэн бол заавал мөрний бэхэлгээ зүүх шаардлагагүй ач холбогдолгүй гэж хэлэхэд Ж- яриад нь оролцож би ч гэсэн 2 мөрөндөө гэмтэлтэй мөрний бэхэлгээ зүүсэн. Надад ямар ч хэрэг болоогүй, харин Солонгос улс руу явж жижиг хэмжээний мэс засал хийлгэх шаардлагатай гэж зөвлөсөн гэж хэлж байсныг би маш соргогоор сонсож авсан. Гэтэл Ж- за 2-уулаа ингэж осолд ороод амьд сэрүүн байгаадаа их баяртай гэж баярлаж байна гээд төлбөрийн асуудлыг бол 2 уулаа дараа нь шийдэж болно гэж хэлсэн. Тухайн үед би шоконд орсон байсан ч энэ хүнд итгэж байсан. Энэ хүний буруутай үйл ажиллагаанаас болж би ийм байдалд орсон. Маргааш өглөө нь бид 2 цагдаагийн хэлтэс дээр уулзсан. Тухайн үед Ж- үүргэвч үүрээд тасралтгүй зураг аваад бичлэг хийж явж байсан. Энэ үед бүгд тэр бичлэгт бичигдсэн байгаа. Тэр үед Ж- мөр нь өвдсөн зовиурласан зүйл огт ажиглагдаагүй. Ж- ослын гэмтэл дараа илэрдэг учир чи сайн үзүүлээрэй гэж хэлэхэд би эмнэлэгт ч хэвтээгүй. Бид 2 адилхан амьдралтай тэгээд за чи хохирлоо гаргуулчих дараа учраа олъё гээд зөрчлийн хэрэг үүссэн. Тухайн үед би тэнд камерын бичлэг байдгийг мэдээд эд мөрийн баримтаар хэрэг бүртгэгчид өгсөн. Дараа бид 2-ийг дуудаад камерын бичлэг үзүүлээд чиний буруутай үйлдлээс болоод энэ осол болсон байна гэхэд Ж- би огт ойлгохгүй байна гэж хэлээд гараад явсан. Тэрнээс хойш би Ж-тэй уулзаагүй. Үүний дараа 10 дугаар сарын 10-ний өдөр хэрэг бүртгэгчтэй уулзахад та гэмтлээ үзүүлсэн үү, шүүх эмнэлэгт үзүүлээрэй  гэхэд за тэгнээ гээд үзүүлсэн. Тэгсэн хэрэг бүртгэгч Ж- бас үзүүлнэ гэсэн гэхээр нь за үзүүлээд гэмтэл гарч ирэхгүй юм чинь гэж өөрийн дотоод итгэлээрээ бодсон. Хэд хоногийн дараа хэрэг бүртгэгч дуудсан Ж-гийн шинжээч эмчийн дүгнэлт гарсан байна гэж хэлээд би дүгнэлтийг харахад 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үзүүлсэн 0000 дугаартай шинжээч дүгнэлтэд Ж-гийн биед гэмтэл тогтоогдоогүй байна гэсэн дүгнэлт гарсан байсан. Маргааш нь хэрэг бүртгэгч яриад Ж-гийн шинжээчийн дүгнэлтийг Г эмч ирээд солиод аваад явлаа хүндэвтэр гэмтэл үүссэн байна гэсэн дүгнэлт гарсан байна гэсэн. Эхний гаргасан шинжээчийн дүгнэлтийг солих үндэслэл байхгүй энэ бол хууль зөрчсөн үйлдэл юм. Надад сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтийг танилцуулалгүйгээр Тээврийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн байсан. 2 хоногийн дараа би шинжээч эмч Гт гомдол гаргасан. Миний гомдлын хариуд арга хэмжээ авсан гэсэн хариу ирсэн байсан. Би өөрийгөө хайхрамжгүй, болгоомжгүй үйлдэл гаргаагүй гэм буруутай үйлдэл хийгээгүй гэж үзэж байна. Тиймээс яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэн зөв шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Ц.Ж-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Нарны хорооллын урд замаар зүүнээсээ баруун тийш чиглэлтэй гол замаар явж байсан. Намайг уулзвар нэвтрэхэд туслах замаас машин орж ирнэ гэж бодоогүй. Миний хувьд уулзвар нэвтрэхдээ эгнээ байр буруу эзэлсэн байсан. Би гол замаар явж байсан учир туслах замаар орж байгаа машин зам тавьж өгнө гэж бодсон. Тэгэхэд Б- зам тавьж өгөөгүй миний урдуур орж осол болсон. Ослын үйл явцыг Б- нь үнэн зөв ярьсан гэж бодож байна. Ганцхан гэмтлийн эмнэлгийн эмийн санд тийм яриа ярьснаа санахгүй байна, тэрийгээ нотлох хэрэгтэй. Би тийм зүйл яриагүй. Г эмчийн гаргасан дүгнэлтийн хувьд бол би очиж үзүүлсэн. Тэгтэл намайг томографикийн зураг авхуулаад ир гэсэн. Тэр даруйдаа зургаа авхуулаад аваад очтол зургаар би дүгнэлт гаргахгүй ээ, зургийн дүгнэлт гэж гардаг тэрийгээ авчирч өг гэсэн. Тэр өдөр зургийн дүгнэлт гараагүй. Маргааш нь зургийн хариу гарсан. Тэр өдөр Г эмч жижүүртэй байсан болохоор би маргааш нь амрах байх гэж бодоод нөгөөдөр нь очиход Г эмч чамайг ирэхгүй болохоор чинь дүгнэлтийг чинь гаргаад явуулсан гэж хэлсэн. Би та зургийг нь харах уу гэхэд дүгнэлтийн бичгийг нь хараад ахиж шинжээчийн дүгнэлт гарсан. Тиймээс л 2 өөр дүгнэлт гарсан. Өмнөх дүгнэлт нь Г эмч өөрөө томографикийн зургийн дүгнэлтийг харалгүйгээр дүгнэлт гаргасан байсан. Дараа нь томографикийн зургийн дүгнэлтийг уншаад гаргасан. Тиймээс 2 өөр дүгнэлт гарсан байгаа. Үнэн зөвийг тогтоож өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

 

3. Шинжээч О.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Рентген зургийн шинжилгээгээр тогтоогдсон. Компьютер томографикийн оношилгоо хийгдсэн. Бид дахин шүүх эмнэлгийн шинжээч эмч болох Оюунбаясгалангаар уншуулсан байсан учир үндэслэлтэй байна гэж үзсэн.  Дээрх гэмтлийг үүссэн даруйд нь мэргэжлийн эмч анхны үзлэгээр тогтоох боломжгүй компьютер оношилгоо болон томографикаар тогтоогдох боломжтой. Гэмтэл нь ил байдлаар харагдахгүй. 2 талын эгэм шингэнтэй хавантай байгаа учраас тухайн үед үүссэн гэмтэл байх боломжтой гэж үзсэн. Тухайн хүний гар бүх чиглэлдээ хөдөлж байх ёстой. Гэтэл аль нэг чиглэлдээ хөдлөхгүй эмзэглэж зовуурилж байгааг хөдөлгөөн хязгаарлагдах гэдэг. Мохоо зүйл гэдэг нь хурц ирмэгтэй зүйлээс бусад зүйлийг мохоо зүйл гэнэ. Жолооч хүн жолоо барьж явахдаа 2 гараараа хүрдийг барьдаг. Ийм гэмтэл авсан хүнд зовуурилж өвдөх зүйл тодорхой хэмжээгээр ажиглагдана. Огт өргөгдөхгүй байх зүйл байхгүй. Зовиуртай байсан ч өргөх боломжтой. Өвчин намдаах эм хэрэглэсэн байх үед өвчин зовиурийг дарах боломжтой. Дегенератив өөрчлөлт гэдэг нь бүтцийн өөрчлөлт орсон гэсэн үг. Хөдөлгөх боломжтой гэж хариулсан байсан. Засвартай баримт бол Г эмчийн гаргасан дүгнэлт. Г эмч нь эмчлүүлэгчийн карт болон шинжилгээний хариуг үзэж дахин анализ хийж байж дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг,

 

4. Шинжээч И.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гүйцэж түрүүлэх тодорхой зайг зааж өгсөн байдаг. Туслах замаас орж ирж байгаа машин гол замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд ямар ч саад болохгүйгээр зам тавьж өгөх ёстой байдаг. 2 авто машинд хоёулаа бие биенээ харах боломжтой. Харин давхцал байсан тохиолдолд харагдахгүй. Туслах замаар явж байсан тээврийн хэрэгсэл гол замаар явж байсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ гүйцэжгээгүй нь энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан. Хохирогч нь гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийж 2.20 гэсэн дүрмийг зөрчсөн нь үнэн. Хохирогчийн хурд хэтрүүлсэн, мөн зорчих хэсгийн урсгал биш эсрэг урсгал руу орж ирсэн гэх тодорхой хэмжээний буруутай үйлдлийг яагаад дүгнээгүй вэ гэвэл гэм бурууг шүүх тогтооно. Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дээр гүйцэж түрүүлэх үйлдлийг 2 эгнээтэй байхад зөвшөөрнө. Гэхдээ хохирогч нь хүн гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсэн тул давхардуулах шаардлагагүй гэж үзсэн. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийн тулд заавал эсрэг урсгал сөрж байж гүйцэж түрүүлэх үйлдэл хийдэг юм. Хохирогчийн хувьд яаж явсан, хэзээ зогсох гээд энэ нь хүний онцлогоос хамаарна. Хурд хэтрүүлснийг хэн ч нотолж чадахгүй байна. Хурдыг тодорхойлох тооцох ямар ч боломжгүй. Монголд лав чадахгүй. Шүүгдэгч дүрэм зөрчсөн үйлдэл нь буруу. Хэрвээ аюулгүй байдлаа хангаад гарсан бол осол болохгүй. Хохирогч нь гол замаар яваа тээврийн хэрэгсэл мөн. Хохирогч гол замаар дүрэм зөрчиж явж байгаа боловч туслах замын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх дүрмийн заалт нь хэвээрээ байна. Эгнээ байр буруу эзэлсэн гэдэг нь урсгал сөрсөн үйлдэл. Гол  замаар явж байгаа тээврийн хэрэгсэл нь өөрийн зорчих ёстой замаар л явах ёстой нь хууль ёсны дүрэм мөн. Хохирогч нь гүйцэж түрүүлэх үйлдлийг хийгээгүй байсан бол энэ осол гарах байсан эсэхийг хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 1803008970000 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ж-гийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цаг 35 минутын орчим Торус энтертайментийн нэр дээр байдаг delica маркийн 0000 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Нарны хорооллын урд замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй 55-60 орчим км цагийн хурдтай явж байгаад Нарны хорооллын урд уулзварыг нэвтрэх үедээ туслах замаас орж ирсэн LEXUS RX450 маркийн 0000 УНД улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Тухайн үед цэлмэг нартай өдөр байсан, замын хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин хязгаарлах зүйл байгаагүй, төв замаар явж байсан болохоор туслах замаар орж ирсэн автомашин зам тавьж өгнө гэж бодоод өөр бусад зүйлийг анзаараагүй, би гүйцэж түрүүлэхийг хориглоно гэдэг тэмдгийг хараагүй. Урьд явж байсан цагаан автомашин удаан яваад байхаар нь уулзвараас 50 орчим метрийн зайнаас гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Миний өөдөөс ирж байсан урсгалд автомашин байгаагүй учраас шулуун явж байсан юм. Буцаад өөрийн эгнээнд орох гэхээр миний гүйцэж түрүүлсэн машин араас ирж байсан тэгээд ч өөдөөс автомашин ирээгүй байсан, би туслах замаас ирж байсан автомашиныг хараагүй байсан бөгөөд яг автомашины урдуур орж ирэх үед харсан. Зогсоох үйлдэл хийж амжилгүй автомашиныг очоод мөргөчихсөн. ...Гол зам гэсэн тэмдгийг харсан, өөрийгөө гол замын автомашин гэж бодоод явж байсан болохоор туслах замаас машин орж ирнэ гэж бодоогүй. Тухайн үед ослын улмаас миний баруун гарын эрхий хуруу тулсан, суудлын бүсээ зүүчихсэн явсан учраас миний баруун эгэм, цээж хавиар хөхөрсөн, 2 мөр гэмтсэн. Энэ нь шүүх эмнэлэгийн дүгнэлтэнд тусгагдсан байгаа... Автомашинаа үнэлүүлсэн 12,170,500 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /1 хх-ын 58-59 тал/,

 

  2. Гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрий 9 цаг өнгөрч байхад Энхтайваны гүүрний доод замаар Нарны хорооллын чиглэлтэй АТМ сервис Монголиа ХХК-ны “Хамгаалалтын албаны автомашины жолоодон 40 км цагийн хурдтай явж байтал Нарны хорооллын зүүн урд уулзвараас 50-100 мерийн зайнд /яг тодорхой хэлж мэдэхгүй байна/ М.Делика маркийн автомашин миний жолоодон явсан машины хажуугаар хурдтай өнгөрөн, эсрэг урсгалаар хурдаа хасалгүй явсаар байгаад уулзвар нэвтрэх үедээ туслах замаас орж ирсэн цагаан өнгийн Lexus RX 450 маркийн автомашинтай мөргөлдөн цагаан өнгийн автомашин дунд гол руу уначихсан. Би 40 км цагийн хурдтай явж байсан. М.Делика маркийн хар автомашин /0000 УНЯ/ хурдтай явсаар байгаад хурдаа хасалгүй Lexus маркийн автомашинтай /0000 УНД/ мөргөлдсөн. Хир хурдтай явсанг би хэлж мэдэхгүй байна. Би цагаан өнгийн Lexus маркийн автомашин уулзвар уруу орж ирж байгааг хараагүй. 2 автомашин мөргөлдөх үед харсан, намар байсан болохоор мод, хашаа, саравч гэх мэт зүйлсээс болоод үзэгдэх орчин хязгаарлагдмал байж болох юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 107-109 тал/,

 

3. Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Осол болсны дараа Ж.Б- над руу залгаж дүү нь осолд орчихлоо гэж хэлсэн. Би хэргийн газар дээр очсон юм. Б-ийн биеийн байдлыг асуухад хүзүү эвгүй оргиод байна. Харахад хүзүү нь хавдсан байсан. Өөр газар чинь гайгүй байна уу өвдөж байгаа зүйл байна уу гэхэд одоогоор мэдэгдэхгүй байна гэж байсан. Тэр үед осол гаргасан гэх машины жолоочоос би бие чинь зүгээр үү гэж бас асууусан. Тэгэхэд тэр жолооч би зүгээр байх шиг байна гэж байсан. Нүдээр харахад бол бэртэж гэмтсэн зүйл огт харагдахгүй, хэвийн хөдөлгөөнтэй, зовиурласан шинж тэмдэг огт харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 111-112 тал/,

 

4. Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зам тээврийн осол гарсны дараа би очсон. Намайг очиход Ц.Ж- нь өөрийнхөө бурууг ойлгосон байдалтай. Эгчийн бие зүгээр бол автомашины хохирол хамаагүй гэж ярьж байсан бөгөөд одоо манай эхнэрийн буруу болсонд гайхаж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 113-114 тал/,

 

5.  Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын өдөр хувиарын дагуу Гэмтэл согог үндэсний төвийн хүлээн авахын яаралтай тусламжийн тасагт жижүүр эмчээр гарсан. Зам тээврийн осолд орсон гээд нэг эмэгтэйн хамт ирсэн. Тухайн үеийн өвчтөний зовиур, бодит үзлэгийг үндэслэж онош тавьсан. Гэмтлийн онош гэх нүдэнд хүзүүний зөөлөн эдийн няцрал гэсэн онош тавигдсан, өөрт нь зөвлөгөө бичиж өгч явуулсан. Авсан арга хэмжээ дээр нь үзлэг зөвлөгөө гэсэн тэмдэглэгээ хийсэн. Тухайн үед өвчтөн үйлчлүүлэгч өөр зовиур хэлсэн бол бодит үзлэг, шинжилгээ хийгдэх байсан. Хэлээгүй болохоор зөвлөгөө өгч явуулсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 116-117 тал/,

 

6. Гэрч А.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.Ж- гэх хүнийг танихгүй. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ирж үзүүлсэн.  Ирж үзүүлэхдээ 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зам тээврийн осолд орсон гэж байсан бөгөөд уг хүн нь төрийн тусгай алба хаагч биш учраас цахим бүртгэлд оруулалгүй үзлэг хийж зөвлөгөө өгсөн. Уг хүнийг үзэхэд баруун болон зүүн мөрөөр өвдөнө. Баруун гарын 1-р нуруу өвдөнө гэж байсан учир би зөөлөн эдийн гэмтэл /үе хобоосны гэж бичээд болон гарынхаа рентгэн зургийг авахуулаад дахин ирж үзүүлээрэй гэсэн зөвлөгөө тэмдэглэл хийсэн. Уг хүн эргэж ирж үзүүлээгүй. Үүнээс хойш 2019 оны 1 дүгээр сард ОХУ-д хувийн ажлаар явж байхад миний өөрийн ээж рүү “нэг эмэгтэй хүн залгаад та П эмч мөн үү, танай хүү Ц.Ж- гэх хүнийг үзлэгийн цаг авалгүй үзсэн байна.  Танай хүүхдийн нэр дээр байгууллагад нь гомдол гаргаж, арга хэмжээ авахуулна. Эсвэл Ц.Ж- гэх хүнийг Цагдаагийн байгуулагаас гомдлоо авахлуулах юм бол гомдол гаргахгүй гэж утсаар ярьсан. Манай ээж над руу юу болоод байгаа юм бэ гэж гайсан байдалтай утсаар хэлсэн. Намайг ажилдааа орсноос хойш энэ талаар надтай ирж уулзсан хүн байхгүй байна. Ц.Ж- нь төрийн тусгай алба хаагч биш учир манай эмнэлэг үзлэгийн цаг олгодоггүй юм. Би Солонгос болон ОХУ-д мөр, өвдөгний үений дурангийн мэс заслын чиглэлээр нарийн мэргэшсэн эмч. Хүмүүс таны талаар FB болон сонин сэтгүүлээс мэдээлэл авлаа гээд их ирж үзүүлдэг би тангараг өргөсөн эмч хүн учраас үзүүлэхээр ирсэн хүмүүст үзлэг, зөвлөгөө өгөөд гаргадаг. Тэдгээр хүмүүсийн л адил Ц.Ж- гэх хүнийг үзэж зөвлөгөө өгсөн. Тэрнээс бол би тэр хүнийг танихгүй, мэдэхгүй. Сар эхлээд удаагүй байсан болохоор 10 дугаар сарын 04-н гэж бичих гэж байгаад 9 дүгээр сарын 04 гэж тэмдэглэсэн байсан учир “завсарлав” гэж бичин эмчийн хувийн тэмдгээрээ баталгаажуулсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 121-123 тал/,

 

7. Шинжээч В.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0000 дугаартай осол гарах үеийн бичлэгээс М.Делика маркийн 0000 УБЯ улсын дугаартай автомашин “хамгаалалтын алба” бичиглэл бүхий автомашиныг гүйцэж түрүүлэх үеийн байрлалыг 2 автомашин мөргөлдсөн гэх “А” цэг рүү хэмжин тодорхойлж, гүйцэж түрүүлэхээс мөргөлдөх үеийн цаг хугацааны зөрүүгээр ойролцоогоор М.Делика маркийн автомашины хурдыг тодорхойлох боломжтой. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн огтлолцсон хэсэгт тодорхой дарааллын дагуу нэвтрэхийг /Давуу эрх/, зам тавьж өгөх тодорхойлолтын хүрээнд үндэслэлийг тодорхой тайлбарласан байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн уулзварын зүүнээс баруун, баруунаас зүүн, зорчих чиглэл нь 3.1 буюу “Гол зам” тэмдэгтэй байгаа нь давуу эрх бүхий тээврийн хэрэгсэл, урдаас хойш, хойноос урагш зорчих чиглэл нь 3.4 буюу “Зам тавьж өгнө” тэмдэгтэй уулзвар байх тул М.Делика маркийн 0000 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түрүүлж нэвтрэх, Лексус маркийн 000 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл түүний дараа нэвтрэх дараалалтай. Иймээс уулзварын тухайн хэсгийг нэвтрэх дарааллын журам зөрчигдснөөс уг зам тээврийн осол, хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 169 тал/,

 

   8. Иргэний нэхэмжлэгч П.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг газар нь 2014 онд Нийслэлийн автозамын газрын захиалгаар хйигдэж байсан. Үнэлгээг нь мэдэхгүй байна. Урьд нь нийслэлийн эзэмшлийн гудамж зам хариуцсан байгууллага нь зам тээврийн ослын зөрчлийн улмаас нийтийн устгах, эвдэрч гэмтсэн, дахин ашиглах боломжгүй болсон тохиолдолд иргэний нэхэмжлэгчээр оролцдог байсан. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн ажлын чиг үүрэгт хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа бүхлээрээ хамаарагддаг учраас нэгдсэн удирдлагын дор нэгтгэх нь зөв гэж үзэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хяналт тавихаар болж 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 00000 дугаар албан бичгээр П.Ч намайг томилсон. Хөрөнгийн үнэлгээний төвийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 000 дугаар “Хөрөнгө үнэлгээний” дүгнэлттэй танилцлаа. Уг үнэлгээгээр хохирлоо тооцно. Одоогоор улсад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй... Үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 20 тал/,

 

9. Шинжээч И.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Уг дүгнэлтэнд байгаа хурдыг техникийн шинжээчид тогтоогоогүй бөгөөд техникийн шинжилгээнд тавигдсан өмгөөлөгчийн асуултанд дурьдаж оруулсан байсан. Өмгөөлөгчийн хийсэн тооцоонд камерын хурд, давтамж өссөн эсхүл бууруулсан хэмжээ тээврийн хэрэгслийг бичиж буй камерийн байрлал, өнцөг ямар программ ашиглан тооцоог хийсэн, уг программын нарийвчлал нь тодорхой бус байсан учир тодорхойлсон хурдыг үндэслэлтэй гэх боломжгүй, жолооч нь аюул саадыг урьдчилан мэдсний дараа зогсоох арга хэмжээ авах хүртэл тодорхой хугацаа өнгөрдөг. Учир нь жолооч аюул саадыг хараад тормозон дээр гишгэх хүртэл (ямар нэгэн үйлдэл хийх хүртэл) тодорхой хугацаа өнгөрдөг үүнийг жолоочийн реакцийн хугацаа гэдэг. Энэ нь дунджаар 0,8 секунд байдаг. Тормозон дээр гишгэсний дараа тормозны систем ажиллаж дугуй эргэхээ болин автомашин тормозлож эхлэх хүртэл 0,2 секунд өнгөрдөг. Нийт 1 секундын дараа автомашин тормозлож эхэлдэг. Энэ 1 секунд 36 км/цагийн хурдтай явж байгаа автомашин 10 метр, 60 км/цагийн хурдтай явж байгаа автоммашин 16,6 метр явсан байдаг. Иймд жолооч аюул саадыг хараад шууд автомашин тоормозлож эхэлдэггүй дундажаар 1 секундийн дараагаас тооромзлож эхэлдэг. Жолооч Ж- нь аюул саадыг хараад зогсоох арга хэмжээ аваагүй гэж хэлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хугацааны хувьд хангалттай байсан эсэхийг техникийн шинжээч тогтоож чадахгүй. Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөнийг техникийн шинжээчийн дүгнэлтэд дэлгэрэнгүй тусгасан байгаа, урдаа явж байгаа автомашиныг гүйцэж түрүүлнэ гэдэг нь өөрийн явж буй эгнээнээс гарч зэргэлдээ эгнээнд орон гүйцэгдэж байгаа автомашиныг өнгөрсний дараа буцаж эгнээндээ орж, гүйцэгдэж байгаа автомашины урд (ижил эгнээнд) орохыг хэлнэ...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 109-112 тал/, 

 

10. Яллагдагч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би өөрөө хэдийгээр туслах замаас орж ирсэн ч гэсэн 0000 УБЯ улсын дугаартай Ж- жолоочтой автомашинд зам тавьж өгөх үүрэггүй гэж үзэж байна. Учир нь намайг нэвтрэх үед Ж-гийн автомашин гол зам дээрх өөрийнхөө явах ёстой урсгалд буюу зорчих хэсгийн ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд үзэгдэх хүрээнд харагдаагүй. Тухайн автомашин нь ослын бичлэгээс харахад цагаан өнгийн том оврын автомашиныг холоос гүйцэж түрүүлээд буцаж өөрийн явах ёстой эгнээндээ орохгүй явсаар осол болдог уулзвар руу эсрэг урсгалаар нэвтэрч миний жолоодож явсан автомашиныг зүүн урд дугуй болон зүүн крылон талаас хүчтэй мөргөж, дунд гол руу унагаасан. Гэтэл техникийн шинжээч Ж-г замын хөдөлгөөний дүрмийн 10.6 буюу зөвхөн гүйцэж түрүүлэх үйлдлийг л буруу хийсэн гэсэн дүгнэлт гаргасанд би гомдолтой байна. Миний зам тавьж өгөх ёстой тээврийн хэрэгсэл цагаан өнгийн автомашин холоос ирж байсан учраас би тухайн уулзварыг хангалттай нэвтрэх хугацаа байгаа гэж үзэж уулзвар нэвтэрсэн. Ж- жолоочийн талд хурд сааруулагч, явган хүний гарц зэрэг байдаг бөгөөд тэрээр уулзвар гарц руу дөхөж ирээд автомашиныхаа хурдыг хасаагүй, осол болох үед зогсоох арга хэмжээ аваагүй, уулзвар дээр урсгал сөрсөн гэх мэт замын хөдөлгөөний дүрмийн олон заалтыг зөрчсөн байхад энэ тухай техникийн шинжээчийн дүгнэлтэнд огт тусгагдаагүй байна. Өөрөө гол руу унаж эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон байхад надад эрүүгийн хэрэг үүсгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зам тээврийн осол болсон өдөр Ж- бид 2 Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн. Ж-гийн биед болон мөр даланд ямарч гэмтэл байгаагүй бөгөөд тухайн үед өвдөж зовиурласан шинж тэмдэг огт байгаагүй. Бид хоёр гэмтлийн эмнэлэг дээр үзүүлээд явж байхад Ж- нь “би урьд нь дал мөрөндөө гэмтэл авсан бөгөөд БНСУ-д явж хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай гэж эмч хэлсэн талаар” өөрөө ярьж байсан. Тиймээс түүний биед үүссэн хүндэвтэр зэргийн гэмтлийг тухайн ослын үед үүссэн гэмтэл гэж үзэхгүй байна. Би бусдыг хохироосон гэм буруутай аливаа үйлдэл хийгээгүй тул ямар ч хохирол төлбөр барагдуулахгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 191-194 тал/,

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 00000 дугаартай “...Ж.Б-ийн биед цээжний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун нүдний дээд зовхи, гадна булан, хэвлийн баруун хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 хх-ийн 142 тал/,

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 00000 дугаартай “...Ц.Ж-гийн биед 2 талын далны тогооны лабрумын урд дээд хэсгийн урагдал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алталтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 хх-ийн 222, 144 тал/,

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 00000 дугаартай “...Ц.Ж-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1 хх-ийн 220 тал/,

 

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаартай “...Урьд гаргасан 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12050 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2018 оны 10 дугаар сарын 10-ны хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 00000 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Учир нь тухайн үед нэмэлт шинжилгээнд хохирогчийг явуулсан боловч ирээгүй тул дүгнэлтийг гаргасан байна.   

Шинжилгээнд ирүүлсэн эмнэлгийн бичиг баримт, дүрс оношлогооны зургуудад урьд гаргасан дүгнэлтэнд дурьдагдсан гэмтлээс өөр шинэ гэмтэл тогтоогдсонгүй.  

Ц.Ж-гийн биед учирсан 2 талын далны тогооны лабрумын урд дээд хэсгийн урагдал гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна.

СРТ шинжилгээний хариунд дурьдсан “дегенератив өөрчлөлттэй” гэсэн нь эргэшгүй өөрчлөлт” гэсэн үг болно.

Далны лабрумын урагдал гэмтэлтэй хүн гараа хөдөлгөх боломжтой.

Дээрх гэмтлийг эмчийн анхны бодит үзлэгээр тогтоох боломжгүй, дүрс оношлогоо буюу СРТ-ийн шинжилгээгээр оношлоно...” гэх дүгнэлт / 1 хх-ийн 174-175 тал/,

 

   15. “Итгэлт Эститэйт” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00000 дугаартай “... Эзэмшигчийн нэр: “Торус энтертаймент” ХХК ... Үйлдвэр загвар: Mitsubishi Delica, Улсын дугаар 0000 УБЯ... Үнэлгээгээр тогтоогдсон дүн:12,170,500...” автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /1 хх-ийн 124-128 тал/,

 

  16. “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11503424 дугаартай “...Эзэмшигчийн нэр: Худалдаа хөгжлийн банк ... Үйлдвэр загвар: LEXUS RX450h, Улсын дугаар 0000 УНД... Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 32,144,700...” автомашин эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /1 хх-ийн 129-140 тал/,“

 

 17. Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 000 дугаартай “...2019 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар Баянгол дүүрэг, Нарны хорооллын урд уулзварт байрлах зам тээврийн ослын улмаас эвдэрсэн далангийн төмөр хашлага, замын бетон хашлагад учирсан хохирлын үнэлгээг 215,0 мянган /хоёр зуун арван таван мянган/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх үнэлгээ /2 хх-ийн 22-34 тал/,

 

 18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 2018 оны 0000 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Ch11_20180918093005.mp4, Ch13_20180918093005.mp4 гэсэн нэртэй дүрс бичлэгүүдийн дэлгэцийн цагаар 09:31:30 секундэд “Хамгаалалтын алба” гэсэн бичигтэй, цагаан өнгийн авто машиныг хар бараан өнгийн автомашин гүйцэж түрүүлж байна. Ch14_20180918093005.mp4 гэсэн нэртэй дүрс бичлэгийн 09:31:33 секундэд хар бараан өнгийн автомашин нь авто замын уулзвар хэсэгт цагаан цайвар өнгийн автомашинтай мөргөлдөж буй дүрс дүрслэгдэж байна. Ch11_20180918093005.mp4,Ch13_20180918093005.mp4,14_20180918093005.mp4 гэсэн нэртэй дүрс бичлэгүүдэд дүрслэгдэж буй Делика маркийн 0000 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Лексус 450 маркийн 0000 УНД улсын дугаартай гэх тээврийн хэрэгслүүд нь хяналтын камерт бичигдэхдээ ташуу өнцөгөөс, өнцгийн гажилттай, богино хугацаанд богино зайд дүрслэгдсэн байх тул автомашинуудын хурдыг тогтоох боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 153-158 тал/,

 

19. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000 дугаартай “1. Осол хэргийн материалын зам тээврийн үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтээр авагдсан замын тэмдэг, тэмдэглэл болон зохицуулдаггүй уулзварын байдал, зорчих хэсэгт үлдсэн ул мөр, осол гарах үеийн болон осол гарахаас өмнөх үеийн камерийн бичлэг, түүнд хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий шинжээчийн 0000 дугаартай дүгнэлт, тээврийн хэрэгслүүдийн мөргөлтүүдийн дараах байрлал, тэдгээрийн эвдрэл, гэрчүүдийн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий шинжээчдийн гэмтэгсдийн гэмтлийн талаарх дүгнэлтүүд зэргийг үндэслэхэд М.Делика маркийн 0000 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.Ж- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.6 дахь заалт “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: б/зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр (баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд)” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

Лексус маркийн 0000 УНД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ж.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9 дэх заалт “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа жолооч тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.4 дэх хэсэгт “Зам тавьж өгөх” гэдгийг замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүй тулд хөдөлгөөнөө эхлэлгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл, “Давуу эрх” гэдгийг бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх үйлдэл гэж тодорхой томьёолж өгсөн.

Зам тээврийн осол гарахад зам орчны байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Зам тээврийн осол гарсан гэх зохицуулдаггүй уулзварт хөдөлгөөний дараалал тогтоосон “Гол зам /3.1/ ба “Зам тавьж өгнө” /3.4/ тэмдэг байрлуулсан байх ба уулзварын тухайн хэсэгт тээврийн хэрэгсэл байрлан явах эсрэг хөдөлгөөнийг тусгаарлах, эгнээний захын тэмдэглэлгүй зам /зорчих хэсгийн тэмдэглэл арилсан байх магадлалтай/ байна. Мөн уг уулзварын зүүнээс ирэх зүгт тодорхой зай /Энхтайваны гүүрний зүүн доод хэсэгт/-д цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглосон 2.20 дугаартай тэмдэг /уг тэмдэглэлйн үйлчлэх хүрээ нь осол гарсан гэх уулзвар хүртэл үргэлжлэх/ байрлуулсан байна. Иймд тухайн хэсэгт хөдөлгөөний дэг журам тогтоох зорилгоор замын тэмдэг, тэмдэглэлийг хангалттай байрлуулсан гэж үзэхээр байна.

Хавтаст хэрэгт зам тээврийн осол хэрэг гарахын өмнөх үе /09:31:30/-ийн болон гарах үеийн /09:31:33/-ийн дүрс бичлэг авагдаж шинжилгээ хийгдсэн байна. Иймд цаг хугацааны зөрүү /3 секунд/-нд М.Делика маркийн 0000 УНЯ улсын дугаартай автомашины хурд саарсан, үгүй эсэх нь тодорхойгүй байна.

Зам тээврийн осол гарах үеийн бичлэг /Ch14_20180918093005.mp4/ болон хэргийн газрын үзлэгээр 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн гэх А цэг нь зорчих хэсгийн хойд хашлагын үргэлжлэлээс 4 метр зайд авагдсан байх ба /нийт өргөн 7.4 метр/ нь М.Делика маркийн 0000 УНЯ улсын дугаартай автомашин нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ эсрэг урсгалд Лексус маркийн 0000 УНД улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.6 дахь заалт “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: б/зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр /баруун талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиодолд” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан дүрс бичлэг /ch11_20180918093005/-аас М.Делика маркийн 0000 УНЯ улсын дугаартай автомашин урдаа яваа цагаан өнгийн автомашин /Хамгаалалтын алба гэсэн бичиглэлтэй/-ыг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.6 б/ дэх заалтыг зөрчсөн үйлдэл байна.

Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгээр М.Делика маркийн 0000 УНЯ улсын дугаартай автомашины ирсэн гэх чиглэлийн зорчих хэсгийн хэвтээ тэмдэглэл тодорхойгүй байх бөгөөд хэрэв 7.1 тэмдэглэлтэй тохиолдолд энэ тэмдэглэл хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, орохыг хориглосон утгатай байхаар хөдөлгөөний горим тогтоогдсон.

Хавтас хэргийн материалд авагдсан осол гарах үеийн бичлэг, бусад нотлох баримтыг үндэслэвэл уг зам тээврийн осол хэрэг нь 2 автомашин харилцан мөргөлдөх хэлбэрээр гарсан гэж үзэхээр байна. Үүнийг 2 тээврийн хэрэгслийн харилцан хөдөлгөөнтэй /V=0 бус/ байх үед мөргөлдөлт үүссэн буюу аль нэг тээврийн хэрэгсэл нь зогсож байгаагүйгээр тайлбарлана.

Уг зам тээврийн осолд холбогдсон 2 автомашинуудын тухайн үеийн хурдыг хурдны тооцоолол /Энерги хадгалах хууль болон бусад/-аар тодорхойлох боломжгүй ба М.Делика маркийн 0000 УНЯ улсын дугаартай автомашин нь автомашинууд мөргөлдөх зайд шулуун, жигд хөдөлгөөнөө хадгалж байсан, бичлэгийн цаг бодитой тохиолдолд үеийн дүрс бичлэгийг ашиглан туулсан замыг хэмжин хурдыг тогтоох боломжтой гэж үзэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх 161-165 тал/,

 

20. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 000 /нэмэлт/ дугаартай “...Хэргийн газрын бичлэгийг үндэслэн тогтоосон М.Делика маркийн 0000 УНЯ улсын дугаартай автомашин нь урдаа яваа цагаан өнгийн автомашин /Хамгаалалтын алба гэсэн бичиглэлтэй/-ыг  гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үеэс автомашинууд мөргөлдөх үеийн зай буюу нөхөн үзлэгээр хэмжсэн 43.3 метр зайг харгалзах 3 секундын хугацаанд хэдий хэмжээний дундаж хурдтайгаар туулсныг хурдны томъёогоор тодорхойлбол, V=S/t=43.3м /3сек= 14.4Ч3.6= 51,9 км/цаг байна.

Ц.Ж- нь эсрэг хөдлөгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийх үед жолооч Ж.Б- нь түүнийг өөрийн урсгалдаа явж байгаа гэж харах боломжтой эсэхэд шинжээч хариулт өгөх боломжгүй ба жолоочийн биеийн физиологийн онцлог, тухайн үеийн байдал, мэдрэмж, харагдац, боломжоос шалтгаална гэж үзэж байна. Өмнөх дүгнэлтээр зам тээврийн осол гарах үеийн бичлэг /ch14-20180918093005/ болон хэргийн газрын үзлэгээр 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн гэх А цэг нь зорчих хэсгийн хойд хашлагын үргэлжлэлээс 4.0 метр зайд авагдсан байх /нийт өргөн 7.4 метр/ нь М.Делика маркийн 17-83 УНЯ улсын дугаартай автомашин нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ эсрэг урсгалд Лексус маркийн 84-43 УНД улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн байх тул Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.6 дахь заалт “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол б/ зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр /баруун талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд/ гэснийг зөрчсөн үндэслэлтэй гэж үзсэн. Осол гарахаас өмнөх үеийн бичлэгийг үндэслэхэд “Гүйцэж түрүүлэх хориотой. 2.20/ тэмдгийн заалтыг жолооч Ж- зөрчсөн байна.

М.Делика маркийн автомашин нь анх камерын бичлэгт бичигдсэн 09:31:23 дахь секундээс урдаа яваа цагаан өнгийн автомашин /”Хамгаалалтын алба” гэсэн бичиглэлтэй/-ыг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үе, мөн үеэс нөхөн үзлэгээр тодорхойлсон 1 дугаартай цэг хүртэлх замыг туулсан үеүдийн хурд хувьсах боломжтой учраас түүний харгалзах утгууд өөр өөр байх магадлалтай.

Жолооч Ц.Ж- нь гүйцэж түрүүлэхдээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний журмын 10.6 б/дэх заалтын шаардлагыг биелүүлээгүйгээс эсрэг урсгалд мөргөлдсөн байх үндэслэлтэйг өмнөх дүгнэлтдээ дурьдсан. Гүйцэж түрүүлэх үйлдэл нь явцын хувьд гүйцэж түрүүлэх үйлдлийг эхлэх, гүйцэж түрүүлэх /өрнөх/, тухайн үйлдлийг дуусгаж эгнээ, байрандаа буцаж орох дараалалтай байх ба эгнээ, байрандаа буцаж орох цаг хугацаа, орон зайн боломж үүсээгүй, эсвэл ороогүй үйлдэл, эс үйлдлээс эсрэг урсгалд мөргөлдсөн байх магадлалтай гэж шинжээч үзэж байна....” гэх  нэмэлт дүгнэлт /1 хх-ийн 180-181 тал/,

 

21. Механик тээврийн сургуулийн 2019 оны 3 дугаар сарын 12-ний өдрийн 12/50 дугаартай техникийн шинжээчийн “...Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.2-д “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ”, ШШТХ-ийн 17.4 хэсэгт “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтээ үнэн зөв эсэхийг хариуцна” гэж заасан байдаг тул бусад шинжээчдийн гаргасан дүгнэлтийг үндэслэн бид хариулт өгөх боломжгүй. LEXUS маркийн 0000 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б-ийг Монгол Улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын ямар нэгэн заалтыг зөрчсөн эсэхэд техникийн шинжээч хариулт өгөх боломжгүй. Delica маркийн 0000 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Ц.Ж-г Монгол Улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын ямар нэгэн заалтыг зөрчсөн эсэхэд техникийн шинжээч хариулт өгөх боломжгүй. Ж.Б- нь Lexus маркийн 0000 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад уг зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 0000 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ж- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6. “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: б/ зохицуулдаггүй уулзвар буюу... (баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд)” гэснийг зөрчсөн нь уг зам тээврийн ослоос үүдэлтэй гэмтэл, хохирлын хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна. Ц.Ж- нь 0000 УБЯ улсын дугаартай М.Делика маркийн автомашиныг жолоодон хөдөлгөөнд оролцож байхдаа хурд сааруулагчтай, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирээд хурдаа хассан эсэхийг хавтаст хэрэгт авагдсан материалаас тогтоох боломжгүй байна.  Delica маркийн 0000 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Ж- нь гүйцэж түрүүлэх үйлдлийг гүйцэтгэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: б/зохицуулдаггүй уулзвар буюу .../баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд/; гэснийг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан материалаар /хавтаст хэрэгт авагдсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гаргасан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч/ тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд уг зам тээврийн осол хэрэг нь хоёр автомашинууд харилцан мөргөлдөх хэлбэрээр гарсан гэж үзэхээр байна. Дээрх автомашинууд тодорхой хурдтай харилцан хөдөлгөөнтэй байх үедээ мөргөлдсөнөөр тайлбарлаж болно. Жолооч Ц.Ж- нь эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийх үед жолооч Ж.Б- түүнийг өөрийн урсгалдаа явж байгаа гэж харах эсэхэд техникийн шинжээч хариулах боломжгүй. Харин жолооч Ж.Б- нь гол ба туслах замаар яваа үедээ гол замаар тээврийн хэрэгсэл явж байгаа эсэхийг шалгаж, аюулгүй байдал хангагдсан тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэх, харин аюулгүй байдал хангагдаагүй, зам, тээврийн осол гарах нөхцөл үүсэхээр тохиолдолд гол замаар яваа, давуу эрх бүхий бүх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй. Дээрх тооцоог хийхдээ камерын хурд, түүний давтамжийн хурд, өсгөж, эсвэл бууруулсан хэмжээ /zoom/, камераар тээврийн хэрэгслийн бичлэгийг ямар өнцгөөр /босоо, хэвтээ/ бичсэн зэргийг хэрхэн хэмжиж авсан, ямар нарийвчлалтай программ ашигласныг дурьдаагүй байгаа нь тооцоог үндэслэлтэй гэж үзэхэд учир дутагдалтай байна. Учир нь уг гарын авлагад дурьдсан аргууд нь хэмжилт, харьцуулалт хийдэг, эмпирик томьёог шууд ашигладаггүй учир дээрх үзүүлэлтүүдийг зайлшгүй хавсаргах шаардлагатай. Мөн нэг цэгт, хөдөлгөөнгүй байрлах камерт бичигдсэн тээврийн хэрэгслүүдийн тооцоог хийхдээ “дүрс бичлэгийн кадрын давтамж”-ыг өөрөөр авсан байна. Энэ тохиолдолд хоёр тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлохдоо нэмэлт коэффициент тооцох шаардлагатай. LEXUS маркийн 0000 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Гол ба туслах замын уулзварт гол замаар яваа тээврийн хэрэгсэл уулзварыг эхэлж нэвтэрнэ. Зам тавьж өгөх гэдэг нь замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлүүлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл юм...” гэх дүгнэлт /2 хх-ийн 44-50 тал/,

 

         22. Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол /1 хх-ийн 170-172, 2 хх-ийн 15 тал/,

 

23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “...шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Г нь ажлын хариуцлага алдсан байх тул захирлын зөвлөлийн хурлаар оруулж дахин ийм зөрчил дутагдал гаргахгүй байх талаар сануулж арга хэмжээ авсан болно...” гэх 12/326 дугаартай албан бичиг /1 хх-ийн 223, 2 хх-ийн 78 тал/, 

 

24. Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /1 хх-ийн 119, 224 тал/,

 

25. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 00 дугаартай “Ц-ын Ж- нь манай эмнэлгийн цахим бүртгэлийн санд бүртгэлгүй байна” гэх албан бичиг /1 хх-ийн 225, 2 хх-ийн 79 тал/,

 

26. Vaid Mongolia ХХ-ийн эмчилгээний зардал, эмчилгээ төлөвлөгөө гэх баримт / 1 хх-ийн 230-232 тал/,

 

27. Шийтгэврийн хуудас /1 хх-ийн 234 тал/,

 

28. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 000 дугаартай шүүгчийн захирамж /2 хх-ийн 103-104 тал/,

 

29. 2018 оны 9 дүгээр сарын 18, 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 4-12, 15-22, 2 хх-ийн 7-13 тал/,

 

30. Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, нотлох баримт хүлээлгэн өгсөн тухай баримт, мөрдөгчийн тэмдэглэл, ослын дуудлагын талаарх лавлагаа /1 хх-ийн 24, 30-31, 50-52 тал/,

 

31. Хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1 хх-ийн 55 тал/,

 

32. Хохирогчийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт болон хохиролтой холбоотой нотлох баримтууд /1 хх-ийн 88--99 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.    

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:      

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Б-ийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 9 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 3 хороо, Нарны хорооллын урд уулзвар замд Лексус маркийн 0000 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гол замаар Ц.Ж-гийн жолоодож явсан Мицибуши Делика маркийн 0000 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Ц.Ж-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1803008970018 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

“Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдэгдсэн гэх дээрх үйл баримтыг хэргийн бодит байдалтай шүүх харьцуулан дүгнэвэл:

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны хорооллын урд уулзвар замд 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 9 цаг 31 минут 33 секундэнд зам тээврийн осол болсон байна.

Уг зам тээврийн ослын улмаас хохирогч, шүүгдэгч нар эрүүл мэндийн хохирол хүлээсэн, мөн хохирогч Ц.Ж-гийн жолоодож явсан Мицибуши Делика загварын 0000 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 12.170.500 төгрөгийн, шүүгдэгч Ж.Б-ийн жолоодож явсан Лексус 450 загварын 0000 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 32.144.700 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч буюу Улаанбаатар хотын захирагчийн албанд 215.000 төгрөгийн эд хөрөнгийн бодит хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэг, зөвлөгөө хийсэн баримтууд, “Итгэлт Эститэйт” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00000 дугаартай, “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11500000 дугаартай, Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 000 дугаартай үнэлгээний тайлангуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. /1-р хх-ийн 95, 203, 124-140, 2-р хх-ийн 22-34 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Ж-гийн мэдүүлсэн “...Гол зам гэсэн тэмдгийг харсан, өөрийгөө гол замын автомашин гэж бодоод явж байсан болохоор туслах замаас машин орж ирнэ гэж бодоогүй. Тухайн үед ослын улмаас миний баруун гарын эрхий хуруу тулсан, суудлын бүсээ зүүчихсэн явсан учраас миний баруун эгэм, цээж хавиар хөхөрсөн, 2 мөр гэмтсэн. Энэ нь шүүх эмнэлэгийн дүгнэлтэнд тусгагдсан. ...Автомашинаа үнэлүүлсэн, 12,170,500 төгрөгний хохирол учирсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 58-59 тал/, иргэний нэхэмжлэгч П.Ч-ын “...Одоогоор улсад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо гаргуулж авах хүсэлтэй...”  гэх мэдүүлэг /2 хх-ийн 20 тал/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 00000 дугаартай “...Ц.Ж-гийн биед 2 талын далны тогооны лабрумын урд дээд хэсгийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 хх-ийн 144 тал/, шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаартай “...Урьд гаргасан 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 00000 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ...урьд гаргасан дүгнэлтэнд дурьдагдсан гэмтлээс өөр шинэ гэмтэл тогтоогдсонгүй. ...Ц.Ж-гийн биед учирсан 2 талын далны тогооны лабрумын урд дээд хэсгийн урагдал гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 хх-ийн 174 тал/, “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00000 дугаартай “... Эзэмшигчийн нэр: “Торус энтертаймент” ХХК ... Үйлдвэр загвар: Mitsubishi Delica, Улсын дугаар 0000 УБЯ... Үнэлгээгээр тогтоогдсон дүн:12,170,500...” автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /1 хх-ийн 124-128 тал/, Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 000 дугаартай “...2019 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар Баянгол дүүрэг, Нарны хорооллын урд уулзварт байрлах зам тээврийн ослын улмаас эвдэрсэн далангийн төмөр хашлага, замын бетон хашлагад учирсан хохирлын үнэлгээг 215,0 мянган /хоёр зуун арван таван мянган/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх үнэлгээ /2 хх-ийн 22-34 тал/, техникийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000 дугаартай “...М.Делика маркийн 0000 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.Ж- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.6 дахь заалт “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: б/зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр (баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд)” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Лексус маркийн 0000 УНД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ж.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9 дэх заалт “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 163-165 тал/, Механик тээврийн сургуулийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 0000 дугаартай техникийн шинжээчийн “...Ж.Б- нь Lexus маркийн 0000 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...” /2 хх-ийн 44-50 тал/, шинжээч И.Б-гийн “...уг дүгнэлтэнд байгаа хурдыг техникийн шинжээчид тогтоогоогүй бөгөөд техникийн шинжилгээнд тавигдсан өмгөөлөгчийн асуултанд дурдаж оруулсан байсан. ...Өмгөөлөгчөөс тодорхойлсон хурдыг үндэслэлтэй гэх боломжгүй...” /2 хх-ийн 109-110 тал/ гэх мэдүүлэг, мөрдөгчийн 2018 оны 9 дүгээр сарын 18, 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт бүхий нотлох баримтуудыг улсын яллагчийн зүгээс яллах талын нотлох баримт болгов.

Дээрх яллах талын нотлох баримтаар шүүгдэгч Ж.Б-ийн жолоодож явсан 0000 УНД улсын дугаартай Лексус 450 загварын автомашин нь туслах замын автомашин мөн боловч хэргийн үйл баримтаар түүнийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мөрдөж байсан Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд тавьж өгнө” гэснийг зөрчсөн, үүний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдаж талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “...хэрэг болсон уулзвар дээр зохицуулагддаггүй, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, хоёр эгнээтэй, хашлагатай, хайсгүй зам байна. А цэгээс хашлага 0000 машин мөргөсөн цэг хүртэл 10,50 м, А цэгээс 0000 УНД машин унасан Б цэг 16,80 м, ...”, 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “...А цэгээс 1 тоо хүртэл 43.30 м, 1 тооноос зорчих хэсгийн урд хашлага хүртэл 2.0 м, зорчих хэсгийн өргөн 7.40 м, В цэгээс А цэг хүртэл шулуун тэгш өнцгөөр хэмжихэд 21.0*6.30 м, А цэг уулзварын хойд ирмэг хүртэл 4.0 м, ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсэгт 3.1 буюу Гол зам, хойноос урагш чиглэлд 3.4 буюу Зам тавьж өгнө гэсэн тэмдэгтэй, зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн уулзвар хэсэгт хурд сааруулагчтай, осол гарсан уулзвараас зүүн тийш Энхтайваны гүүрний зүүн талд 2.20 буюу гүйцэж түрүүлэх хориотой тэмдэгтэй...”,

2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “...Босоо тэнхлэгтэй замын өргөн 8.30 м хэвтээ тэнхлэгтэй замын өргөн 7.0 м, А цэгээр автомашин мөргөлдсөн гэх цэгийг, 1 тоогоор Делика маркийн автомашин хамгаалалтын алба гэсэн бичигтэй автомашиныг гүйцэж түрүүлсэн гэх цэгийг, 4 тоогоор Том Томс кофе шопын камерт Делика маркийн автомашин орж ирж буй цэгийг тэмдэглэж хэмжилт хийв. ...1 тооноос хурд сааруулагч хүртэл 27,90 м, хурд сааруулагчийн өргөн 0,60 м, хурд сааруулагчнаас уулзварын эхлэл хүртэл 10.80 м, 1 тооноос осол болсон газраас ертөнцийн зүгээрээ зүүн талд байрлах гүйцэж түрүүлэхийг хориглоно тэмдэг хүртэл 606.80 м, 4 тооноос 1 тоо хүртэл 49.9 м, босоо тэнхлэгтэй автозамын уулзварын эхлэлээс А цэг хүртэл 3.0 м...” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд,

мөн хэрэг учрал болсон цаг хугацаанд ямар үйл явдал болсныг харуулсан хяналтын камерын бичлэгүүд, хяналтын камерын бичлэгт зам тээврийн осол хэрхэн яаж дүрслэгдэж байгааг тогтоосон 0000 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Ch11_20180918093005.mp4, Ch13_20180918093005.mp4 гэсэн нэртэй дүрс бичлэгүүдийн дэлгэцийн цагаар 09:31:30 секундэд “Хамгаалалтын алба” гэсэн бичигтэй, цагаан өнгийн авто машиныг хар бараан өнгийн автомашин гүйцэж түрүүлж байна. Ch14_20180918093005.mp4 гэсэн нэртэй дүрс бичлэгийн 09:31:33 секундэд хар бараан өнгийн автомашин нь авто замын уулзвар хэсэгт цагаан цайвар өнгийн автомашинтай мөргөлдөж буй дүрс дүрслэгдэж байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

хэргийн үйл явдлыг харсан гэрч Г.О-ын “...2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 9 цаг өнгөрч байхад Энхтайваны гүүрний доод замаар Нарны хорооллын чиглэлтэй АТМ сервис Монголиа ХХК-ны “Хамгаалалтын албаны автомашиныг жолоодон 40 км цагийн хурдтай явж байтал Нарны хорооллын зүүн урд уулзвараас 50-100 метрийн зайнд /яг тодорхой хэлж мэдэхгүй байна/ М.Делика маркийн автомашин миний жолоодон явсан машины хажуугаар хурдтай өнгөрөн, эсрэг урсгалаар хурдаа хасалгүй явсаар байгаад уулзвар нэвтрэх үедээ туслах замаас орж ирсэн цагаан өнгийн Lexus RX 450 маркийн автомашинтай мөргөлдөн цагаан өнгийн автомашин Дунд гол руу уначихсан...” гэх мэдүүлэг,

 хохирогч Ц.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цаг 35 минутын орчим Торус энтертайментийн нэр дээр байдаг Delica маркийн 0000 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Нарны хорооллын урд замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй 55-60 орчим км цагийн хурдтай явж байгаад Нарны хорооллын урд уулзварыг нэвтрэх үедээ туслах замаас орж ирсэн LEXUS RX450 маркийн 0000 УНД улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан...”, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Намайг уулзвар нэвтрэхэд туслах замаас машин орж ирнэ гэж бодоогүй. Миний хувьд уулзвар нэвтрэхдээ эгнээ байр буруу эзэлсэн байсан. Би гол замаар явж байсан учир туслах замаар орж байгаа машин зам тавьж өгнө гэж бодсон. Ослын үйл явцыг Б- нь үнэн зөв ярьсан...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг уулзвар нэвтрэх үед Ж-гийн автомашин гол зам дээрх автомашины өөрийнхөө явах ёстой урсгалд буюу зорчих хэсгийн ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд тухайн автомашин үзэгдэх хүрээнд харагдаагүй...”, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Осол 2018 оны 9 дүгээр сарын 18 өдөр 9 цаг 30 минутад болсон. Би уулзвар нэвтрэхдээ туслах замаас орж очсон. Уг уулзварыг нэвтрэхдээ би жолоочийн үүргээ гүйцэтгэж замын хөдөлгөөний дүрмээ хангасан гэж үзэж байна. Уулзвар нэвтрэх үедээ зүүн гар талаас ирж байгаа гол зам харахад Ланд крузэр маркийн цагаан өнгийн хамгаалалтын 1 машин хол харагдаж байсан учир би гол замд ямар нэгэн саад болохгүйгээр нэвтэрч чадах юм байна гэж 15 жилийн жолоочийн туршлагаараа бодсон. Гэтэл нэг машин урсгал сөрж орж ирээд л намайг маш хүчтэй мөргөж би дунд гол руу унасан...” гэх мэдүүлэг, нотлох баримтуудаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны хорооллын урд замын уулзварт 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 9 цаг 30 минут өнгөрч байхад гол замаар явж байгаа “Хамгаалалтын алба” гэсэн бичигтэй, цагаан өнгийн авто машиныг 0000 УБЯ улсын дугаартай Мицибуши Делика загварын автомашин буюу хохирогч Ц.Ж-гийн жолоодож явсан хар бараан өнгийн автомашин гүйцэж түрүүлж, улмаар 3 секундын дараа авто замын уулзвар хэсэгт туслах замаас орж ирсэн 0000 УНД улсын дугаартай Лексус 450 загварын автомашин буюу шүүгдэгч Ж.Б-ийн жолоодож явсан цагаан цайвар өнгийн автомашинтай мөргөлдсөн хэргийн үйл баримт тогтоогдлоо.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор, мөн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2, 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хуульчилсан.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

 

Гэвч хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс гэмт хэрэг гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Үүнд:

 

Нэг: Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ”, мөн зүйлийн 13.2.1-д “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж заасан.

 

Гэтэл хохирогч Ц.Ж- нь 0000 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо гүйцэж түрүүлэх хориотой 2.20 тэмдэг байсаар байхад уг тэмдгийг зөрчиж өмнөө яваа хамгаалалтын алба гэсэн бичигтэй цагаан өнгийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн байна. Энэ нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

 

Тодруулбал, хэрэг учрал гарах үед мөрдөж байсан Замын хөдөлгөөний дүрмийн 7.11-д “жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ”, 8.1-д “...эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”, 10.6, б/-д заасан “зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно”, мөн 8.2-д “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тус тус хуульчилсан тул хохирогч Ц.Ж-гийн гүйцэж түрүүлэх үйлдэл огт зөвшөөрөгдөөгүй нөхцөлд урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлсэн, мөн өөрийн эгнээнд буцаж орохгүйгээр эсрэг урсгалаар уулзвар нэвтэрсэн нь дээрх заалтуудыг зөрчсөн үйлдэл юм.

 

Мөн шүүгдэгч Ж.Б-, хохирогч Ц.Ж-, гэрч Г.О- нарын ослын талаар өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн дээрх мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг учрал болсон цаг хугацаанд ямар үйл явдал болсныг харуулсан хяналтын камерын бичлэгүүд, хяналтын камерын бичлэгт зам тээврийн осол хэрхэн яаж дүрслэгдэж байгааг тогтоосон 0000 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээс шүүгдэгч Ж.Б- нь туслах замаар яваа тээврийн хэрэгслийн жолооч мөн боловч өөрийн зам тавьж өгөх ёстой уулзвараар ямар нэгэн саадгүй нэвтэрсэн байна. Энэ нь уулзвар гарахын өмнө эсрэг урсгалаар явж байсан хохирогч Ц.Ж-гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн, уг зам тээврийн осол болсоны дараагаар гол замаар хууль ёсоор яваа буюу хохирогчийн автомашинд гүйцэгдэж буй хамгаалалтын алба гэсэн бичиглэлтэй тээврийн хэрэгсэл тухайн уулзварыг нэвтрэн гарсан байдлаар тодорхой харагдаж байна.

 

Хохирогч Ц.Ж- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хурд хэтрүүлсэн байж болно, мөн гүйцэж түрүүлэх хориотой тэмдэг зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдэл хийж эсрэг урсгалаар явж байсан ч гэсэн гол замаар яваа давуу эрхтэй жолооч. Иймд туслах замаар явж байгаа жолооч Ж.Б- надад зам тавьж өгөх үүрэгтэй...” гэж мэдүүлж, мэтгэлцэж оролцсон.

 

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар давуу эрх гэж бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрх бөгөөд энэ нь замын хөдөлгөөнд хууль ёсны дагуу оролцож яваа этгээдэд хамаарах ойлголт болохоос хууль, дүрмийн заалт зөрчиж замын хөдөлгөөнд оролцож яваа жолоочид хамаарахгүй. 

 

Түүнчлэн, шүүгдэгч Ж.Б-ийн “...би туслах замаар уулзвараар нэвтрэн гарахдаа гол замаас ирж явсан АТМ сервис Монголиа ХХК-ийн хамгаалалтын албаны цагаан цайвар өнгийн жийп автомашин ирж байгааг хараад уулзвар нэвтэрч амжина гэж тооцоолж гарсан. Би уг гол замаар яваа машинтай мөргөлдсөн бол хайхрамжгүй болгоомжгүй үйлдэл өөрийгөө гаргасан гэж үзнэ. Би Ц.Ж-г гол замаар яваа давуу эрхтэй тээврийн хэрэгсэл гэж үзэхгүй байна. Ц.Ж- нь маш хурдтай явж байсан тул миний унаж явсан автомашин мөргүүлж дунд гол руу 16.8 метр доошоо унасан...” гэх мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хэргийн үйл баримтаас жолооч Ц.Ж- урдаа яваа хамгаалалтын алба гэсэн бичиглэлтэй тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс хойш хоромхон хугацаанд буюу 3 секундын дараа уг зам тээврийн осол болсон байх тул шүүгдэгч буюу жолооч Ж.Б-ийг зам тавьж өгөх боломжтой байсан гэж дүгнэх боломжгүй байна.

 

Иймд хохирогч Ц.Ж- Замын хөдөлгөөнд хууль, дүрмийн заалтыг сахин биелүүлж оролцсон бол уг зам тээврийн осол гарах нөхцөл үүсэхгүй байсан гэж дүгнэх үндэслэлтэй байх тул прокурорын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 163А дугаартай яллах дүгнэлтэд дурдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг буруутгаж буй яллах талын гол нотлох баримтаар шинжлэн судлуулсан Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0000 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 163-165 тал/, Механик тээврийн сургуулийн техникийн шинжээчдийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 0000 дугаартай дүгнэлт / 2 хх-ийн 44-50 тал/, шинжээч В.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /1 хх-ийн 169 тал/ шинжээч И.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд / 2 хх-ийн 109-112 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг шүүх хэргийн үйл баримттай нийцээгүй үндэслэлээр үнэлээгүй болно. 

 

Дээрх нөхцөл байдлаас тухайн зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн буруутай үйл ажиллагаа буюу Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн, прокурорын яллах дүгнэлтэнд “...жолооч Ц.Ж-гийн жолоодож явсан Мицибуши Делика загварын 0000 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл...” гэж хохирогч Ц.Ж-гийн жолоодож явсан 0000 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн серийн дугаарыг буруу бичсэн, мөн зам тээврийн осол 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 9 цаг 31 минут 33 секунд болсон байхад цаг хугацааг 9 цаг 45 минутын үед гэж эрс зөрүүтэй тодорхойлсон зөрчил байгааг тэмдэглэх нь зүйтэй.  

 

Хоёр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ...ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хэргийн 1 хавтасны 144 дэх талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 00000 дугаартай “...Ц.Ж-гийн биед 2 талын далны тогооны лабрумын урд дээд хэсгийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алталтанд нөлөөлөхгүй...” гэх,

Хэргийн 1 дүгээр хавтасны 174-175 дахь талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаартай “...Урьд гаргасан 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0000 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2018 оны 10 дугаар сарын 10-ны хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 00000 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Учир нь тухайн үед нэмэлт шинжилгээнд хохирогчийг явуулсан боловч ирээгүй тул дүгнэлтийг гаргасан байна. Шинжилгээнд ирүүлсэн эмнэлгийн бичиг баримт, дүрс оношлогооны зургуудад урьд гаргасан дүгнэлтэнд дурьдагдсан гэмтлээс өөр шинэ гэмтэл тогтоогдсонгүй.  Ц.Ж-гийн биед учирсан 2 талын далны тогооны лабрумын урд дээд хэсгийн урагдал гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна. СРТ шинжилгээний хариунд дурдсан “дегенератив өөрчлөлттэй” гэсэн нь эргэшгүй өөрчлөлт” гэсэн үг болно. Далны лабрумын урагдал гэмтэлтэй хүн гараа хөдөлгөх боломжтой. Дээрх гэмтлийг эмчийн анхны бодит үзлэгээр тогтоох боломжгүй, дүрс оношлогоо буюу СРТ-ийн шинжилгээгээр оношлоно...” гэх дүгнэлтүүдийг шүүх хууль ёсны, эргэлзээгүй, үнэн зөв гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

Учир нь хохирогч Ц.Ж-гийн биед хүндэвтэр гэмтэл үүссэн гэх 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 00000 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан 2 талын далны тогооны лабрумын урд дээд хэсгийн урагдал гэмтэл нь зам тээврийн ослоос шууд шалтгаалсан шинэ гэмтэл мөн эсэхийг бүрэн эргэлзээгүй тогтоож чадаагүй байна.

 

Тодруулбал, хэргийн 2 дугаар хавтасны 15 дахь талд авагдсан 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн  “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол”-ын 5-д учирсан гэмтэл бэртэлд хуучин бэртэл байсан эсэх, 6-д Асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илэрвэл дүгнэлтэд дурдаж болно гэж, мөн хэргийн 1 хавтасны 170-172 дугаар хуудаст авагдсан 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 00 дугаартай прокурорын “Дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоол”-ын 5, 6, 7-д шинэ гэмтэл илэрсэн бол ямар, ямар гэмтэл болох, шинэ гэмтэл илэрсэн бол ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох, Ц.Ж-гийн биед шинэ гэмтэл илэрсэн бол уг гэмтэл нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр үүссэн байх боломжтой эсэх гэсэн асуултууд тавигдсан байхад уг асуултуудад хариулт өгөөгүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.6-д заасан “шинжилгээний аргачлал, явц, үр дүн, шинжилгээнд тавьсан асуулт, түүнд өгсөн хариултыг шинжээчийн дүгнэлтэнд тусгана” гэж заасантай нийцэхгүй байна.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 220 дугаартай хуудсанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 00000 дугаартай “...Ц.Ж-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлтийн хуулбар байх ба энэ эргэлзээтэй нөхцөл байдлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ж- “...Г эмчийн гаргасан дүгнэлтийн хувьд бол би очиж үзүүлсэн. Тэгтэл намайг томографикийн зураг авхуулаад ир гэсэн. Тэр даруйдаа зургаа авахуулаад аваад очтол зургаар би дүгнэлт гаргахгүй ээ, зургийн дүгнэлт гэж гардаг тэрийгээ авчирч өг гэсэн. Тэр өдөр зургийн дүгнэлт гараагүй. Маргааш нь зургийн хариу гарсан. Тэр өдөр Г эмч жижүүртэй байсан болохоор би маргааш нь амрах байх гэж бодоод нөгөөдөр нь очиход Г эмч чамайг ирэхгүй болохоор чинь дүгнэлтийг чинь гаргаад явуулсан гэж хэлсэн. Би та зургийг нь харах уу гэхэд дүгнэлтийн бичгийг нь хараад ахиж шинжээчийн дүгнэлт гарсан. Тиймээс л 2 өөр дүгнэлт гарсан...” гэж, шүүгдэгч Ж.Б- “...11 цагийн үед Гэмтлийн эмнэлэг рүү Ж-тэй хамтдаа явсан. Ж-д цээжин биеийн бүх хувцсыг тайлж 2 гарыг дээш нь өргөж үзлэг хийж байсан. Намайг доошоо харж унасан юм чинь рентгенд толгой хүзүүгээ зайлшгүй үзүүлэх ёстой гээд бид 2 цуг явж рентгенд үзүүлэхэд намайг компьютер оношилгоонд үзүүл гээд бид хоёрт хүзүүний бэхэлгээ хийж өвчин намдаах эм бичиж өгсөн. Бид 2 цуг гэмтлийн эмнэлгийн доор байрлах эмийн санд ортол 2 хүн чамайг хагалгаанд ор гэсэн бол заавал мөрний бэхэлгээ зүүх шаардлагагүй ач холбогдолгүй гэж хэлэхэд Ж- яриад нь оролцож би ч гэсэн 2 мөрөндөө гэмтэлтэй мөрний бэхэлгээ зүүсэн. Надад ямар ч хэрэг болоогүй, харин Солонгос улс руу явж жижиг хэмжээний мэс засал хийлгэх шаардлагатай гэж зөвлөсөн гэж хэлж байсан. ...Хэрэг бүртгэгч дуудсан Ж-гийн шинжээч эмчийн дүгнэлт гарсан байна гэж хэлээд би дүгнэлтийг харахад 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үзүүлсэн 00000 дугаартай шинжээч дүгнэлтэд Ж-гийн биед гэмтэл тогтоогдоогүй байна гэсэн дүгнэлт гарсан байсан. Маргааш нь хэрэг бүртгэгч яриад Ж-гийн шинжээчийн дүгнэлтийг Г эмч ирээд солиод аваад явлаа хүндэвтэр гэмтэл үүссэн байна гэсэн дүгнэлт гарсан байна гэсэн. Эхний гаргасан шинжээчийн дүгнэлтийг солих үндэслэл байхгүй энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Надад сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтийг танилцуулалгүйгээр Тээврийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн байсан...” гэж тус тус мэдүүлсэн, хэргийн 2 дугаар хавтасны 78 дахь талд “...Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Г нь ажлын хариуцлага алдсан байх тул захирлын зөвлөлийн хурлаар оруулж дахин ийм зөрчил дутагдал гаргахгүй байх талаар сануулж арга хэмжээ авсан...” гэх албан бичиг хэрэгт авагджээ.

 

Мөн шинжээчийн 00000, 000 дугаартай дүгнэлтийн үндэслэлд тусгагдсан хохирогчийн амбулаториор эмчлүүлэгчийн картанд бичигдсэн тэмдэглэл 2 өөр балаар бичигдсэн, Төрийн албан хаагчийн нэгдсэн эмнэлэгийн эмч А.Пүрэвдоржийн картанд бичигдсэн тэмдэглэлийн огноо 2018 09/04 гэж тэмдэглэсэн, доод хэсэгт 10/04 гэж завсарласан байх бөгөөд хэргийн 2 хавтасны 79 дэх талд авагдсан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 00 дугаартай “Ц-ын Ж- нь манай эмнэлгийн цахим бүртгэлийн санд бүртгэлгүй байна” гэх албан бичиг, эмчилгээний төлөвлөгөө “...мөрний тасарч бэртсэн булчингийн дурангийн мэсэл засал болон тасралтийг үүсгэж буй даралтыг эмчлэх мэс засал...” гэх баримт, А.Пүрэвдорж эмчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр мэдүүлсэн “...Уг хүнийг үзэхэд баруун болон зүүн мөрөөр өвдөнө. Баруун гарын 1-р нуруу өвдөнө гэж байсан учир би зөөлөн эдийн гэмтэл /үе хобоосны гэж бичээд болон гарынхаа рентгэн зургийг авахуулаад дахин ирж үзүүлээрэй гэсэн зөвлөгөө тэмдэглэл хийсэн. Ц.Ж- нь төрийн тусгай алба хаагч биш учир манай эмнэлэг үзлэгийн цаг олгодоггүй юм. Би Солонгос болон ОХУ-д мөр, өвдөгний үений дурангийн мэс заслын чиглэлээр нарийн мэргэшсэн эмч. Хүмүүс таны талаар FB болон сонин сэтгүүлээс мэдээлэл авлаа гээд их ирж үзүүлдэг би тангараг өргөсөн эмч хүн учраас үзүүлэхээр ирсэн хүмүүст үзлэг, зөвлөгөө өгөөд гаргадаг. Тэдгээр хүмүүсийн л адил Ц.Ж- гэх хүнийг үзэж зөвлөгөө өгсөн. Тэрнээс бол би тэр хүнийг танихгүй, мэдэхгүй. Сар эхлээд удаагүй байсан болохоор 10 сарын 04-н гэж бичих гэж байгаад 9 сарын 04 гэж тэмдэглэсэн байсан учир “завсарлав” гэж бичин эмчийн хувийн тэмдгээрээ баталгаажуулсан...” гэж, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлсэн “...Би Өвөрхангай аймагт төрж өссөн. Мэдээж нэг аймгийн хүмүүс бие биенийгээ мэднэ. Гэхдээ дотно харьцаатай хүмүүс биш, зүс мэднэ, Фэйсбүүкээр ч харж байсан. Харъяа бус хүмүүс цаг авдаггүй. Би эмч хүн намайг зориод хүн ирсэн хүнийг би үзэх үүрэгтэй. Би үзлэг хийгээд зөвлөгөө өгдөг. Тухайн хүний хувьд зөөлөн эдийн гэмтэл байсан. Энэ карт дээр тод хар балаар бичигдсэн бичвэрийн хувьд дараагийн шатны  эмч буюу физик эмчилгээний эмчийн үзлэг байх...” гэсэн өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг, нотлох баримтууд байна.

 

Дээрх хохирогчид учирсан “...2 талын далны тогооны лабрумын урд дээд хэсгийн урагдал...” гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл эсхүл хуучин гэмтэл эсэхийг тогтоогдоогүй шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 00000 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн адил дугаартай хохирогчид “гэмтэл тогтоогдоогүй” гэх шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт болон хохирогчид учирсан гэмтэл шинэ хуучин гэмтлийн аль нь буюу хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тогтоох зорилготой “имрай зурагны шинжилгээний хариулт дээрх дегенератив өөрчлөлтэй гэсэн нь хуучин, шинэ гэмтлийн аль нь болох”-ыг тодруулсан асуултанд дурдснаас өөрөөр “дегенератив өөрчлөлттэй гэсэн нь эргэшгүй өөрчлөлт гэсэн үг болно” гэж хариулсан шинжээчдийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаартай дүгнэлтийг тус тус үндэслэж шүүгдэгч Ж.Б-ийг бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэж дүгнэх боломжгүй гэж шүүх үзэв.  

 

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ж.Б-ийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн, түүний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлогдон тогтоогдоогүй гэж дүгнэн, түүнд холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Б-ийг цагаатгаж шийдвэрлэв.    

 

Ж.Б-т холбогдох эрүүгийн 1803008970000 дугаартай хэрэгт Тээврийн прокуророос анх 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 000 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг ба тус шүүх хэргийг хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 000 дугаартай шүүгчийн захирамжаар Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Ингээд дахин прокуророос 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 000А дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ шинжээч И.Б-гаас мэдүүлэг авснаас өөр ажиллагаа хийгээгүй, өөрөөр хэлбэл өмнөх шүүх хуралдаанаар тогтоогдсон эргэлзээтэй байдлыг буюу шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн хийгээгүй байна. 

Иймд шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэж, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлт, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “...хэргийг прокурорт буцаах тухай” дүгнэлт тус тус гаргасныг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт Ж.Б- нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураан авсан 2 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий Сиди нь шүүхийн хэлэлцүүлгээр хэргийн үйл баримтыг нотолсон нотлох баримт болох нь тогтоогдож байх тул энэ хэргийн хадгалах хугацаа дуустал тухайн хэрэгт хавсаргаж үлдээх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Ж.Б-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2, 2.2 дахь хэсэгт “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих“ гэж зааснаар хохирогч Ц.Ж-гийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор тогтлоо.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-3, 5-6 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д овогт Ж-гийн Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Б-ийг цагаатгасугай.

 2. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.2  дэх хэсэгт заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал тухайн хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

4. Хохирогч Ц.Ж-гийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч Ж.Б- нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл хохирлоо нөхөн төлүүлэхээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.БОЛОРТУЯА