| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 182/2024/04293/И |
| Дугаар | 210/МА2026/00157 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2026/00157
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/09834 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 88,949,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр орж 171,898,600 төгрөгийн өртөгтэй, ******* өртөөний үерийн ус зайлуулах сувгийн ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, хийгдэх ажлыг гэрээний хавсралтаар тохирсон. ******* ХХК өмнө нь ******* ХХК-тай энэ ажлын талаар гэрээ байгуулсан боловч тухайн компани гэрээгээ цуцлахад хийгдээгүй үлдэгдэл ажлыг гүйцэтгүүлэхээр манай компанитай гэрээ байгуулсан.
1.2. Эхний болон дунд шатны ажлын гүйцэтгэлийн санхүүжилт 82,949,300 төгрөг хариуцагч ******* ХХК-аас ирсэн. Манай компани гэрээнд заасан 10 нэр төрлийн ажлыг 100 хувь хийж дуусгасан боловч хариуцагч нь үлдэгдэл төлбөрөө төлөхгүй 3 жилийн хугацаа болж байна.
1.3. Ажлын хөлсний үлдэгдэл төлүүлэхээр удаа дараа хариуцагч компани дээр удаа дараа очиж уулзаж, имэйл хаягаар ханддаг байсан боловч огт хариу өгдөггүй байсан. Иймд ажлын хөлсний үлдэгдэл 88,949,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* ХХК нь ******* ХХК-тай харилцан тохиролцож 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт ******* өртөөний гадаргуун ус зайлуулах байгууламжийн ажил үүргийг хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Уг гэрээнд ******* ХХК-ийг төлөөлж тус компанийн менежер ******* гарын үсэг зурж, тус гэрээ хүчин төгөлдөр болсон. Талууд гэрээний хугацааг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, гүйцэтгэсэн ажлын хөлс 171,898,600.86 төгрөг байна гэж тохиролцсон.
2.2. Манай компани гэрээнд заасан хуваарийн дагуу ажлын хөлс болох нийт 82,949,300 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр буюу тус компанийн нягтлан бодогч *******гийн эзэмшлийн ******* банкин дахь дансанд 15,000,000 төгрөгийг, *******" ХХК-ийн Төрийн банкин дахь ******* тоот дансанд 67,949,300 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
2.3. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгээгүй учраас манай компани ажлаа хурдан хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компанид урьдчилан удаа дараа сануулсан боловч үр дүн гараагүй тул 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээнээс татгалзсан.
Мөн ******* ХХК-ийн менежер ******* нь ..ажлыг гардан гүйцэтгэгч хүмүүс нь гомдол гаргаж, ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон... тухай бичгээр мэдэгдсэн. Иймд гүйцэтгэгч компани цаашид уг ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон гэж дүгнэсэн учраас манай компани гэрээг цуцалж өөр этгээдээр уг ажлыг хийж гүйцэтгүүлж дууссан.
2.4. Гэрээгээр хүлээсэн ажил үүргээ бүрэн гүйцэтгээгүй байж ажлын үлдэгдэл хөлс болох 88,949,300 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 88,949,300.86 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 602,697 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 602,697 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэж эхэлсэн боловч гэрээнд заасан хугацаандаа ажлаа хийж гүйцэтгээгүй, мөн тус компанийн менежер ******* нь ...ажлыг гардан гүйцэтгэж байгаа хүмүүс гомдол гаргаж, ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон... тухай бичгээр мэдэгдсэн.
******* нь дээрх ажил гүйцэтгэх гэрээг ******* ХХК-ийг төлөөлж байгуулсан хүн бөгөөд эрх бүхий албан тушаалтан нь цаашид үлдэгдэл ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй талаар мэдэгдсэн учраас ******* ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг цуцалсан тухайгаа утсаар мэдэгдэж, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэн *******тай гэрээ байгуулан үлдэгдэл ажлаа гүйцэтгүүлэн, ажлын хөлсөнд 88,949,300 төгрөгийг төлснөөр ажил дууссан.
4.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны гол үйл баримтыг ойлгоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж, нэхэмжлэгч компанийг төлөөлж ажилласан *******оос гэрээгээр тохирсон ажлаа гүйцэтгэж чадахаа больсон талаар мэдэгдсэн нотлох баримтыг үнэлж эрх зүйн дүгнэлт хийгээгүй, зохигчдын маргаагүй ажлын хэмжээний талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
4.3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ анх байгуулагдсан талаар дүгнэснийг хүлээн зөвшөөрч байна. Харин ийнхүү ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн бол уг гэрээг захиалагч ямар тохиолдолд цуцлах эрхтэй, ямар тохиолдолд гэрээнээс татгалзах эрхтэй талаар дүгнэх учиртай.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2, 355.3 дахь хэсгээр ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрх зүйн харилцааг зохицуулсан байдаг бол хоёр талын гэрээнд үүрэг зөрчих ерөнхий үндэслэлийг зохицуулсан Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5, 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1-д заасан зохицуулалт нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохыг анхаарч, эрх зүйн дүгнэлт хийгээгүй.
4.4. ******* ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан эрх бүхий албан тушаалтан нь цаашид үлдэгдэл ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй талаар мэдэгдсэн нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэж заасан хуулийн нөхцөлд шууд хамаарах бөгөөд бид ерөнхий захиалагчтай байгуулсан гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгэхийн тулд нэн даруй гэрээнээс татгалзаж бусдаар гүйцэтгүүлэх нь дээрх хуульд нийцнэ гэж үзсэн билээ.
Түүнчлэн, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж зааснаар бидний ажлыг хийж дуусгаж чадахгүй байгаа этгээдээр заавал гүйцэтгүүлэх гээд цаг хугацаа алдаад хүлээх боломжгүй.
Гэтэл ******* ХХК-ийн хийж гүйцэтгээгүй 88,949,300 төгрөгийн ажлыг тухайн компани хийсэн мэтээр дүгнэж, тогоочоор ажиллаж байсан гэх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж ажил хийж дуусгасныг нотлох баримт мэтээр ойлгомжгүй дүгнэлт хийснийг эс зөвшөөрнө.
4.5. Энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ******* ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан *******, үлдэгдэл ажлыг гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн ******* нараас гэрчээр мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолтой.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гэрчээр *******ыг, хариуцагч талаас гэрчээр *******ыг асуулгах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх гэрч *******, ******* нар нь хүсэлтэд дурдсан хаягт оршин суудаггүй, мөн утасны дугаар холбогдох боломжгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.
4.6. Мөн хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Австрали улс руу ажлаар явсан ба шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
5.1 Нэхэмжлэгч компани нь ******* ХХК-тай 171,898,600 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсаны дагуу хийсэн ажилд нь 82,949,000 төгрөг шилжүүлсэн. 10 нэр төрлийн ажлыг 100 хувь гүйцэтгэсэн гэж шүүх ******* ХХК-аас нотлох баримт шаардсан бөгөөд тус ажлыг 100 хувь гүйцэтгэсэн гэх нотлох баримт ирүүлсэн гэж дүгнэсэн. Гэрээнд заасан хугацаанд хийгдээгүй, ажлын гүйцэтгэлийг удаашруулсан гэж ярьдаг боловч хариуцагч тал гэрээнд заасан сувгийн тагийг өгөхгүй байсан тул хугацаа удааширсан.
5.2. ******* манай компанийн менежерээр ажилладаг байсан. Манай ажилтан хэвээрээ байж хариуцагч талд цаашид гэрээг цуцлах үндэслэлтэй болоо гэсэн ямар ч он сар, тамга тэмдэггүй бичиг хийж өгсөн. Тус бичгийг хариуцагч компани үндэслэж гэрээг цуцалсан, гэрээг хүчингүй болсонд тооцдог. Тус бичиг нь нотлох баримтын шаардлага хангахгүй.
5.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь анх удаа гадаад улс руу яваагүй. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд 2-3 удаа гадаад улс руу явж шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүхээс гурав дахь удаагаа шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж үзсэн.
5.4. *******, ******* нарын шүүхээс эрэн сурвалжилсан, тодорхой хаяггүй байсан. Хариуцагч компани тухайн хоёр хүнийг олох талаар ямар ч ажиллагаа хийгээгүй. Шүүх зохих ажиллагаа хийсэн тул хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 88,949,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ******* ХХК-ийн зүгээс ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон тухай бичгээр мэдэгдсэн тул гэрээг цуцалж, үлдсэн ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлсэн, хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг нь төлсөн, гүйцэтгээгүй ажлын хөлсийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 06/17-01 дугаартай ******* өртөөний гадаргуун ус зайлуулах байгууламжийн ажлын гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан;
3.2. Талууд ажилд гүйцэтгэх хугацааг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл байхаар, гэрээт ажлын нийт хөлс 171,898,600.86 төгрөг байхаар харилцан тохиролцсон;
3.3. ******* ХХК-аас ******* ХХК-д ажлын хөлсөнд 82,949,300 төгрөг шилжүүлсэн;
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон байна. Зохигчид талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үнийн дүн, ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн төлбөрийн хэмжээний талаар маргаагүй байна.
5. Харин нэхэмжлэгч гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгасан эсэх, гэрээ цуцлагдаж хариуцагч нь үлдэгдэл ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
5.1. Нэхэмжлэгч нь гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан гэдгээ нотлох үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанид тогоочоор ажиллаж байсан *******, ******* болон хэмжилтийн инженерээр ажиллаж байсан ******* нараас гэрчийн мэдүүлэг авахуулжээ. Гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгч компани гэрээт ажлыг гүйцэтгэж байсан талаар, гэрч *******-ийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 2 сар гаруйн хугацаанд ажиллаж байх үед гэрээт ажил буюу ******* өртөөний үерийн ус зайлуулах сувгийн ажил, төмөр замын ус зайлуулах хоолойн таг тавихаас бусад ажил хийгдсэн байсныг тус тус гэрчилжээ.
5.2. Гэрээт ажлын гүйцэтгэлтэй холбоотой өдөр тутмын тайлан мэдээ, хяналтын хуудсыг шүүхийн журмаар ерөнхий захиалагч болох ******* ХХК-аас нотлох баримтаар гаргуулан авсан ба уг баримтаас ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг зааглах боломжгүй боловч ******* ХХК нь ******* өртөөний үерийн ус зайлуулах сувгийн ажлын гүйцэтгэлийг ерөнхий гүйцэтгэгч ******* ХХК-д хяналтын хуудсаар хүлээлгэн өгч байсан байдал нь тогтоогджээ. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөс ******* өртөөний үерийн ус зайлуулах сувгийн ажил бүрэн гүйцэтгэгдэж дууссан эсэхийг тодруулахад бүрэн гүйцэтгэж дууссан талаар тайлбарласан.
5.3. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг 82,949,300 төгрөг гэж тодорхойлон, нэхэмжлэгч ажлыг цаашид гүйцэтгэж чадахгүй гэсэн тул гэрээг цуцалж үлдэх 88,949,300 төгрөгийн ажлыг иргэн *******аар гүйцэтгүүлж түүнд ажлын хөлс төлсөн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, иргэн *******тай 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан 09/02-1 дугаартай ******* өртөөний үерийн ус зайлуулах байгууламжийн ажлын гэрээ-г хэрэгт нотлох баримтаар гаргасан нь ******* тухайн 88,949,300 төгрөгийн ажлыг бодитоор гүйцэтгэснийг нотлохгүй байна.
5.4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт буюу ******* ХХК-ийн менежер ******* гэсэн гарын үсэг бүхий албан бичиг нь ******* ХХК-аас төлбөр шаардахад ******* ХХК нь ажлыг өөрсдөө гүйцэтгэхгүй хувь хүмүүсээр гүйцэтгүүлж байгаа тул гэрээг захиалагчийн хүсэлтээр цуцлах үндэслэл болно гэж мэдэгдсэн гэсэн агуулгатай байх ба гэрээг цуцлах үндэслэл болсон гэх уг албан бичиг огноо, дугаар, компанийн тамга, тэмдэггүй, гарын үсэг нь үнэн зөв эсэх нь тодорхойгүй, нотариатч уг баримтыг гэрчлэхдээ хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн баримт байна.
5.5. Хариуцагч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцалсан гэсэн татгалзал гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч гэрээний үүргээ хэрхэн зөрчсөнийг, уг зөрчил нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлд хамаарахгүй болохыг, мөн Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах журмыг хэрэгжүүлсэн байдлаа шүүхэд баримтаар нотлох үүрэгтэй.
5.6. Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн зөрчсөн, уг зөрчил нь хуульд заасны дагуу гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлд хамаарахгүй болохыг, мөн гэрээнээс татгалзах журмыг хэрэгжүүлсэн байдлыг, гэрээ цуцлагдсаны дараа үлдсэн ажлыг иргэн *******аар гүйцэтгүүлсэн тухайгаа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж, хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 88,949,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Хариуцагчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, гомдлын үндэслэлээ ******* ХХК-ийн менежерээр ажиллаж байсан ******* болон гэрээт ажлыг хожим үргэлжлүүлэн гүйцэтгэсэн ******* нарыг гэрчээр асуугаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэсэн үндэслэлүүдээр тайлбарласан.
6.1. Анхан шатны шүүх хариуцагч талын гаргасан *******ыг гэрчээр асуулгах хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн захирамжаар, *******ыг гэрчээр асуулгах хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн захирамжаар тус тус хангаж шийдвэрлэсэн байх ба гэрчүүд хүсэлтэд дурдсан хаягт оршин суудаггүй болох нь харьяалах хорооны Засаг даргын тодорхойлолтоор, хүсэлтэд дурдсан холбоо барих утсаар холбогдоход холбогдох боломжгүй, утасны дугаар буруу болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр тус тус тогтоогдсон, хүсэлт гаргагчийн зүгээс нэмж тодруулах хаяг, утасны дугаар өгөөгүй тул тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар гэрч оролцуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжуудын холбогдох хэсэгт *******, ******* нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг хангахгүй орхисон өөрчлөлт оруулж, хүсэлт гаргасан тал гэрчүүдийн хаягийг тодруулж, шүүхэд дахин хүсэлт гаргахад уг захирамж саад болохгүйг дурдсан байна.
6.2. Уг захирамжид хариуцагч тал хуульд заасан журмын гомдол гаргаагүй байх бөгөөд гэрчүүдийн хаягийг тодруулж, шүүхэд дахин хүсэлт гаргаагүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан *******, ******* нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба Австрали Улсад 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд аяллын журмаар зорчих тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
6.4. Анхан шатны шүүх хуулийн этгээдийг итгэмжлэлээр төлөөлж байгаа этгээд хувийн шалтгаанаар гадаад улсад зорчихоор болсон тохиолдолд энэ талаараа төлөөлүүлэгчдээ мэдэгдэх, төлөөлүүлэгч нь өөр төлөөлөгч томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхтэй тул тухайн нөхцөл байдал нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж дүгнэж хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт нийцсэн тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/09834 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 602,697 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Б.УУГАНБАЯР