Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 740

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

Улсын яллагч: С.Цэрэндорж /томилолтоор/,

Хохирогч А.Н-,

Шүүгдэгч Л.Д-, түүний өмгөөлөгч С.Энхбат /ҮД:0213/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Л-ийн Д-д холбогдох эрүүгийн 1905026770000 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 25 настай дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Улаанбаатарглов” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эцэг эхийн хамт, Архангай аймаг Эрдэнэбулган 2 дугаар баг Арслан цохио 17 дугаар гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 17 дугаар хороо 0000 тоотод оршин суудаг улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Б овогт Л-ын Д- /          /

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Л.Д- нь 2019 оны 6 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Икс Эс” шөнийн цэнгээний газарт иргэн А.Н-тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар

Шүүгдэгч Л.Д- нь 2019 оны 6 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуудаг “Икс Эс” шөнийн цэнгээний газарт иргэн А.Н-тай маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгч А.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч А.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө их сургуулийн ангийн найз У ажиллуулдаг XS шөнийн цэнгээний газрынхаа тохижилтонд зөвлөгөө авахаар дуудахаар нь очсон. Тэгээд тус газрын тохижилтын талаар ярилцаж байгаад бид нар хоёр хоёр пиво ууж байсан. Би тэйк рүү очоод буцаж явахад Д- өсгөгч дээр сууж байхаар нь “наад өсгөгч дээрээсээ бос” гэдэг шаардлага тавьсан. Д-ын хэлж байгаагаар түүнийг өшиглөсөн үйлдэл гаргаагүй. Би түүний тохойноос татаад босгосон. Энэ талаар камерын бичлэгт тодорхой бичигдсэн. Тэгтэл Д- босож ирээд миний зүүн эгэм рүү хүчтэй цохисон. Би түүнийг барьж аваад газар унагааж боогоод үйлдэл хийх боломжгүй болгосон байхад 2 найз нь ирж салгасан. Тэгээд би найзыгаа дуудаад болсон асуудлын талаар хэлээд явах гэтэл Д- миний дагзны ар тал руу 2 удаа маш хүчтэй цохисон. Тэр үед миний ухаан балартаад байж байтал хамт явж байсан нэг найз нь миний эрүүн тус газарт хүчтэй цохисон. Миний амнаас цус гарахаар нь ариун цэврийн өрөө ороод цусаа угааж байтал Д- орж ирсэн ба ингэхдээ уучлалт хүсэх гэж байгаа юм уу эсхүл өөрийн үйлдэлд гэмшсэн шинжтэй байсан. Тэгтэл орж ирээд шууд миний зүүн талын нүд рүү хүчтэй цохисон. Тэрний дараа олон хүмүүсийн дунд бужигнаан болсон ба би нэг мэдэхэд ариун цэврийн өрөөний шалан дээр хэвтэж байсан...” гэв.

Хохирогч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө би манай найз У гээд байдаг юм. Тэр өдөр манай тохижилт хийх зөвөлгөө өгөөч гээд байхаар нь яваад очсон. Бид хоёр шил 0,5 литрийн савалгаатай Сэнгүр гэх пиво уусан. Цаг нилээд орой болсон байсан 03 цаг өнгөрч байх үед баарны дууны өсгөгч дээр нэг үл таних залуу сууж байсан. Тэгэхээр нь би наад дээрээ сууж болохгүй гээд хэлсэн. Намайг шаардлага тавьтал нөгөө залуу үл тоогоод унагаачих гээд байхаар нь зүүн гарын тохой орчмоос гараараа бариад босгох гээд татсан юм. Гэтэл босож ирээд намайг шууд баруун гараараа нэг удаа зүүн эрүү рүү цохисон. Тэгэхээр нь би татаж унагаагаад байж байтал найз нар нь ирээд салгасан. Гэтэл нөгөө залуу намайг шууд араас толгой хэсэгт хоёр удаа цохиод авсан. Тэгээд мөн хамгаалагч нар салгаад байж байхад ахиад нэг найз нь ч намайг цохьсон. Гол нь эхний залуу намайг цохих үед миний эрүүний зүүн талд хугарал авсан мөн тэр залуу дараа нь амнаас цус гараад ариун цэврийн өрөө ороод амаа цэвэрлэж байхад миний араас орж ирж намайг ахин шанаадаад зүүн нүдэн дээр цохисон. ...Гэмтэл ороод үзүүлэх үед эрүү хоёр газар хугарсан, хамар яс хугарч, зүүн нүд хөхөрч хавдсан байсан. Миний бие 2019 оны 6 дугаар сарын 24-нд төрийн тусгай хамгаалалтын нэгдсэн эмнэлэгт эрүүгээ хадуулсан. Одоо миний эрүүний хоёр газар дөрвөн хадаас хийсэн байгаа. ...Надад эмчилгээ хийлгэсэн эмнэлэгт хэвтсэн, мөн мэс засал зэрэгт нийт 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг гарсан. Одоо үүн дээр шүд хугарлаас шалтгаалаад зөрөөд суларсан байгаа. Энэ шүдийг авхуулж хийлгэнэ. Эдгээр зардал нийлээд 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөг нэхэмжилж байна. Надад хохирол барагдуулвал надад өөр гомдол гээд байх зүйл байхгүй. Надад хэн нэг хүн нөлөөлсөн дарамталсан хөтөлсөн зүйл байхгүй би өөрөө шийдвэрээ гаргаж үнэн зөвөөр мэдүүлж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-30 дугаар хуудас/

Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө багын хоёр найз болох Д- /0000000/, О /0000000/ нарын хамт явж байгаад хороололд байдаг XS гэд шөнийн цэнгээний газарт 00 цагийн үед орсон. Тэнд ороод нэг пиво уугаад байж байхад манай найз Д- бүжиглээд явж байгаад нэг хүнтэй маргаан хийсэн. Заамдуулаад газарт уначихсан байсан. Манай найз О бид 2 салгаад байж байхад Д-ийн эхнэр нь ороод ирсэн. Энэ үед Д- зүгээр байсан. 00 ороод ирье гээд эхнэртэйгээ хамт гарсан. Тэгсэн чинь ...нэг хамгаалагч нь гүйж ирээд найзаа аваарай найз чинь хүн алах гээд байна гэсэн. Тэгээд би араас нь яваад орох үед манай найз 00-н шалан дээр хэвтэж байсан нөгөө гомдол гаргаад байгаа ах байсан. Тэгээд намайг босгож ирэх үед хамраас нь цус гарсан байсан, баруун нүд нь хавдсан байсан. Бид нар найз Д-ыг аваад гарах гэж байхад манай найз нөгөө гомдол гаргаад байгаа ах цаана нүүрээ угаагаад байж байхад гэнэт эргэж очоод нэг удаа толгой орчим нь цохиод авсан. Тэгээд бид нар гараад би найзыгаа гадаа машинд суулгаад иргэж ороод нөгөө ах нар байсан тэр хэдээс юу болсон талаар асуугаад найз Д-ын өмнөөс уучлалт гуйсан. Маргааш нь 2019.06.19-нд үдээс хойш хохирогч гэх залуу над руу залгаад би эмнэлэгээр явж байна. Эрүү хоёр газар цуурсан байна  гэж хэлсэн. Надад хэлэхдээ нэгдүгээр эмнэлэгт таньдаг хүн байвал асуугаад өг гэж байсан. хоёр хоногийн дараа нөгөө ах надад ах нь ярьж болохгүй байна. Зурвас бичье гээд надад манай эхнэр цагдаад өргөдөл өгсөн байна гэж хэлсэн. ...Миний найз баруун нүд хавдсан хэвлий хэсэгтээ маажуулсан улайсан ором гарсан хамар нь хугарсан байсан. Тэрийг нь эмнэлэгт үзүүлээд зураг авхуулаад мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/

Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019.06.19-нд 03 цаг 40 минут орчим миний түрээсээр ажиллуулж байгаа XS гэх нэртэй караоке дотор манай их сургуулийн нэг ангийн залуу болох Н үйлчлүүлээд байж байгаад үл таних нэг залуутай маргаад зодолдоод байсан. Би очиж салгах үед найз нар нь гээд бас өөр залуучууд ирж салгасан. Тэгээд дараа нь манай найз болох Н ариун цэврийн өрөө ороод ахиад гар нүүрээ угааж байхад нь нөгөө ах маргаан хийгээд хоорондоо ноцолдоод байсан. Яг хаана нь хэдэн удаа цохисон талаар би сайн мэдэхгүй байна. Тэгээд салгаад нөгөө залуугийн найз нар нь мөн адил салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 тал/

 Гэрч Г.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 19-нд 00 цаг өнгөрч байх үед манай арван жилийн найз нар болох Д-, Б, О нартай уулзаад хороололд байдаг Экс эс гээд нэртэй нэг бааранд орсон. Тэгээд нэг нэг пиво уугаад бүжиглээд байж байхад манай найз Д-ыг нэг үл таних нэг эрэгтэй заамдаад дараад авсан байсан. Би очиж салгаад байж байхад Д- нөгөө хүнээ цохиод авсан. Тэгээд дахин зууралдаад байж байх үед нь би очиж салгаад байж байх үед нөгөө манай найзтай маргаан хийгээд байсан эрэгтэй хэл амаар өдөөд байхаар нь цаашаа зайл гээд нэг удаа цээж рүү нь түлхсэн. Энэ үед миний гарын бугуйвч тасраад газар тараад байсан болохоор нөгөөхөө түүж байх үед манай найз ариун цэврийн өрөө яваад орсон байсан. Тэгээд хамгаалагч орох үед хаалгаар манай найз хамраас нь цус гарсан байдалтай байсан учраас би Бын хамт ороод салгаад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 тал/

Шүүгдэгч Л.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 6 дугаар 18-наас 19-нд шилжих шөнө 00-01 цагийн үед манай багын найз нар болох Б, О нарын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХS гэх шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байгаад би бүжгийн талбайн хажууд байсан хөгжмийн өсгөгч дээр суусан гэтэл нэг үл таних залуу миний хөлрүү өшиглөөд наанаасаа бос үнэтэй цайтай юман дээр суулаа гээд байхаар нь би өндийгөөд нэг удаа гараараа цохисон гэтэл нөгөө эрэгтэй намайг цамцны захаар боогоод газар датаж унагаасан. Энэ үед манай найз нар ирээд салгасан. Тэгээд би газар шороон дээр унасандаа шар хөдлөөд нөгөө намайг боосон залууг хоёроос гурван удаа гараараа толгой орчим нь цохисон. Энэ үед манай найз нар болох О, Б нар салгаад бид нар гарах гээд байж байх үедээ хувцасны шороо тоосоо арилгах гээд ариун цэврийн өрөө орсон энэ үед баарны эзэн гэх залуу болон нөгөө надтай маргаан хийгээд байсан залуу нар байсан. Би нүүр гараа угаагаад байж байхад нөгөө надад цохиулсан залуу араас янз янзын юм яриад байхаар нь муудалцаж ганц нэг гар зөрүүлсэн. Энэ үед манай найз нар ахиж орж ирээд бид нарыг салгасан. Би гарах гээд явж байхад Н гээд нөгөө хохирогч залууг үүдэнд байхад нь нэг удаа цээжрүү нь тийрсэн тэгээд бид нар гараад манай найз Б эргэж ороод нөгөө хэдтэй уулзаад манай найз учраа олсон гээд гараад ирсэн. Тэгээд нөгөө баарны эзэн гэх залуу найз нь гэхээр нь хэрэг гарвал яриарай гээд Архангай аймаг явсан. Энэ үед нөгөө хүн цагдаагийн байгуулагад гомдол гаргасан байсан. Би дуудсан дараа нь ирээд хэргээ хүлээж мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-60 тал/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 0000 дугаартай “...А.Н-ын биед эрүү ясны хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 32 тал/, хохирлын талаарх нотлох баримтууд /хх-ийн 33, 69-71 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.  

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

         Хохирогч А.Н-ын биед эрүү ясны хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл үүссэн нь шүүгдэгч Л.Д-ын хохирогчийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

         Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 000000 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн №0000 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ

Шүүгдэгч Л.Д- нь хохирогч А.Н-ыг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Л.Д-ын 2019 оны 6 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” шөнийн цэнгээний газарт иргэн А.Н-ыг зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлоо тогтоолгох зорилгоор шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 8000 төгрөг, хор уршгаа арилгаж эмчилгээ хийлгэхээр Төрийн тусгай хамгаалалтын нэгдсэн эмнэлэгт эрүүний хоёр газар дөрвөн хадаас хадуулан эмчлүүлж 1,117,400 төгрөгийг бодит зардал гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирлын талаарх нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч Л.Д- хохирогчид 2.750.000 төгрөгийг нөхөн төлсөн нь /хх-ийн 71 тал/ тогтоогдож байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь цаашид эмчлүүлэх шаардлагатай, бие бүрэн эдгэрээгүй гэж мэдүүлж байх тул цаашид энэ гэмт хэрэгтэй холбоотой шүүгдэгчийн төлсөн хохирлоос илүү зардал гаргасан тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Л.Д- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Б.Б-гийн “...манай найз багаасаа даруу төлөв зантай, сурлага хичээл номондоо сайн айлын бага,  нэг эгчтэй, аав ээж нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, нутаг усандаа нэр хүнд сайтай айлын хүүхэд байгаа юм. Спортод дуртай, маш эвсэг хамт олонч хүүхэд. Манай найз Л.Д- нь Архангай аймаг 2 дугаар сургуульд сурч байсан аймгийн аварга болж байсан сайн залуу байгаа. Ганц дутагдал гэх юм бол өөрийгөө хүнд илэрхийлж харилцан ярихдаа жаахан муу байх. Энэ хэрэгт орсон талаар сонсоод маш их гайхсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 тал/, Л.Д-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36 тал/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 38 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 39 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 40 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 41 тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 42-52 тал/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч шинжлэн судлуулсан бөгөөд уг нотлох баримтуудаар шүүгдэгч нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1.2-д заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирол хор уршгийг нөхөн төлсөн зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Л.Д-д мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д- шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хохирогч А.Н- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Л.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 2.750.000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл байхгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА