Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 204/МА2026/00002

 

2026 оны  01 сары  19                                                204/МА2026/00002                       

 

Д.М-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанд

                                          Нэхэмжлэгч Д.М

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа

                                          Хариуцагч байгууллагын төлөөлөгч  Б.У  

          Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч     М.Дамбийням

                                           Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 314/ШШ2025/00880 дугаар шийдвэртэй Д.М-ийн  нэхэмжлэлтэй Э  компанийн Өвөрхангай салбарт холбогдох “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 8,400,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж баталгаажуулахыг даалгах” тухай иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч  Б.У-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Д.М  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний бие Э компанийн Өвөрхангай салбарт 2017 онд анх засварын монтёроор ажилд орж, 2021 оноос диспетчрийн ахлах инженер, 2023 оноос шуурхай үйлчилгээний ээлжийн инженерээр тус тус ажиллаж байсан. Гэтэл өнгөрсөн 8 сард ажил олгогчийн зүгээс 2025 оны 08 сарын 05-ны өдрийн Б/79 дугаартай Д.М-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай даргын тушаал гарч намайг ажлаас халсан. Ажлаас халах тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123.2 дугаар зүйлийн 123.2.5 зэрэг заалтуудыг үндэслэсэн байсан. Миний хувьд ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй тул хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас халах шийдвэр гаргасныг хууль зүйн үндэслэлгүй, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна. Намайг өмнөх даргын хүн гэдэг үндэслэлээр халсан гэж хардаж байгаа, хардах нь миний эрх байх гэж бодож байна. Өрөөндөө дуудаад чи тэгээд хэлчхээч гэж нэг удаа хэлж байсан. Намайг ганцааранг нь хувийн ашиг сонирхол ихтэй халтуур хийлээ энээ тэрээ гэж ярьж байгаа юм. Би бол ажлын цагаар тэр ажлыг хийгээгүй, тэр ажлыг би ганцаараа ч гүйцэтгээгүй. Бүх инженерүүдийн хурлын протокол гээд байгаа. Тэр дээр инженерүүд бүгд дутуу байгаа. Техникийнх нь инженерүүдийг бүгдийг нь оруулаад намайг ч гэсэн оруулаад тэр хурлыг хийчхэж болоогүй юм уу, тэгсэн бол тэр дээр хэн хэнийгээ ойлгочих байсан. Жишээ нь намайг ахалдаг ээлжийн ахлах инженер гэдэг хүн байхгүй, манай техникийн хэнийг бүгдийг нь хариуцдаг ахлах инженер байхгүй. Тэгээд автын механик өөр салбар, өөр хэсэг цехийн хүмүүс оруулж ирээд ер нь дандаа өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсийг оруулж ирээд хурал хийсэн. Хоёрхон хүн татгалзсан байгаа. Халтуур хийсэн л гэж байна, халтуур хийсэн гэх юм бол намайг ажлаас гарснаас хойш өөрийн чинь хамаарал бүхий гэрлийн хамгаалалтын инженер Төмөрийн барьсан станц байна. Таны хамаарал бүхий танай найз Од барилгын материалын худалдааны төвийн А-ын барилгын гадаах байна. Урд талын Богд буудлын хос 2-ын гадаа барьсан байна. Баянхонгорын Ж суманд барьсан байна. Тэгээд бас бус хүмүүсээс сонсоод байхад Баян Н-н цэцэрлэгт хүрээлэн байна. Хэнээр ажлыг нь хийлгэсэн, хаанахын ямар техникээр хийлгэсэн, ер нь бол яривал асуудал зөндөө байгаа. Би бол аливаа юманд шударга хүний төлөө хэдэн үг хэлчихье гэж боддог хүн л дээ. Б.У  даргын буруу ч биш. Б.У  даргын ард хатгаад байгаа хүмүүс байгаа. Надтай адилхан инженерүүд, тэд нар бол араас нь чиглүүлээд одоо наадхаа халчих гэдэг ч юм уу, би бол тиймэрхүү байх л гэж бодож байгаа. Тэрнээс Б.У даргатай хувийн ямар нэгэн өш хонзон надад байхгүй, өмнө нь таньдаг ч үгүй байсан. Сая байгууллагад орсных нь дараа танилцсан. Намайг албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн байна лээ. Би бол гүйцэтгэх түвшний инженерийн албан тушаалтай, миний дээр миний ээлжийн ахлах гэдэг хүн байна. Түүний дээр байгууллагын ахлах инженер гэдэг хүн байгаа. Би дур мэдээд тэр шугамыг шууд аваад таслаад буцаж ирээд залгана гэсэн тийм ойлголт байхгүй. Бүх юм ном журмынхаа дагуу ээлжийн ахлах инженер дээр орж ирсэн үндэслэлийнх нь дагуу тасдах эрхийг чинь ахлах инженер гаргаж өгдөг. Нэг хүн юм оруулаад ирлээ. Энийг таслах уу яах вэ, бид нар асууна, тасалж болох уу, болно гээд ахлах инженер гарын үсэг зурна. Манайх чинь ганцхан бүх асуудлыг шийдэхгүй. Эрдэнэт булганы төв салбар руугаа мэдэгдэнэ. 10-ын шугам тасдуулах процесс дээр бол цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ гээд компанийн хангайн бүсийнх нь ерөнхий инженер рүү хүртэл телефоноо гарангуут явуулж байж тойрог холбоогоор бүгд хүлээн зөвшөөрсний дараагаар бүх юм баталгааждаг. Түүнээс нэг хүн ганцаараа очоод шууд таслаад гэрийн разетка сольж байгаа юм шиг хийгдээгүй. Эмнэлгийн тоног төхөөрөмж, шатсан гээд байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж фаз солигдсоноос болж 2 аппаратын программ нь хаачихсан юм байна лээ. Сүүлд нь хотоос ирсэн инженерүүдтэй эмнэлэг дээр очсон. Программ нь хийгээд болчихсон. King tower компанийг 3, 80-ын хөдөлгүүр эсрэг зүгтээ эргэхээр туйл нь эсрэг болонгуутаа хөдөлгүүр нь шатчихсан байсныг нэхэмжлэл гаргаж өгснийх нь дагуу би мөнгөн төлбөрийг нь хувиасаа төлчихсөн. Тэр дээр буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ би ажлын цагаар хийгээгүй, дур мэдэж тасалж хийгээгүй, албан тушаалаа урвуулан ашиглаагүй. Би ганцаараа халтуур хийгээгүй гэж бодож байна. Хүмүүс энэ тэнд юм хийж байгаа. Тийм бол бүгдийг нь адилхан арга хэмжээ ав. Намайг халах үндэслэл дээрээ ээлжийн ахлах Ц , ахлах инженер Од тэгээд бас бус хүмүүс цалинг нь хасаад сахилгын шийтгэл ноогдуулна гэсэн ногдуулаагүй. Ганцхан над дээр арга хэмжээ аваад ганцхан намайг халаад өнгөрч байгаа асуудал. Би бол энэ дээр гомдолтой байгаа. 2012 онд сургуулиа төгссөнөөс хойш энэ салбарт бүхэл бүтэн 13 жил ажиллаж байгаа. Би чинь бас тэр хугацаанд сайхантай, муутай бүх юмыг энэ мэргэжлийг эзэмшсэнийхээ төлөө үзэж яваа хүн. Та бол энэ салбарыг мэдэх болоогүй гэж бодож байна. Орж ирээд гуравхан сарын дараа энэ салбарыг мэдээд хүн халж байгаа бол та алдаа дутагдалтай байна гэж үзэж байна. Намайг ажил тасалсан гэж байгаа юм. Би 1 дэх өдөр ирээгүй нь үнэн. Би ээлжийн ахлах инженертээ хэлсэн. Манай ээлжийн ахлах инженер өөр хүн гаргая гэж надад хэлсэн. Миний хувьд ажлаас халах тушаалыг аваад ЭБЦТС ТӨХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаж уг гомдлыг 2025 оны 08 сарын 25- ны өдөр хэлэлцээд талуудыг эвлэрүүлэх ажиллагаа явуулсан боловч Б.У дарга нь шийдвэрээ өөрчлөх боломжгүй гэсэн байр суурьтай байсан. Уг маргаан таслах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг 2025 оны 09 сарын 02-ны өдөр гардан авч эс зөвшөөрч энэхүү маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Миний бие 2025 оны 08 сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажилгүй байгаа бөгөөд даргын шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа тул шуурхай үйлчилгээний ээлжийн инженер ажлын байрандаа эгүүлэн тогтоолгох, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд сар тутам дундаж цалин 2,800,000 төгрөгөөр тооцож 8,400,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

            2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2025 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн Б/79 дугаартай Д.М-ийн  хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай Э  компанийн Өвөрхангай аймгийн салбарын даргын тушаал дээр маргаан үүсгэсэн байгаа. Энэ тушаалыг хууль бус гэж үзээд байгаа үндэслэл хэсэгт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 дүгээр зүйлийн 1, 78 дугаар зүйлийн 1.9, 79 дүгээр зүйлийн 1, хамгийн гол үндэслэсэн заалтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 1.4, 123 дугаар зүйлийн 2.5 дахь заалтуудыг үндэслэж тушаал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан. Мөн 80 дугаар зүйлийн 1.4 дээр ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан 2 ба түүнээс дээш удаа гаргасан, эсвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол гэдэг үндэслэлээр, 123 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэг дээр Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно. 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан, сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг оногдуулна. 123 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэсэн үндэслэл байгаа. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг заасан үндэслэл бий болсон уу, үгүй юү гэдгээс хамаарч тухайн гарсан эрх зүйн акт маань хууль зүйн үндэслэлтэй эсэх нь шийдэгдэнэ. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан 2 буюу түүнээс дээш гаргасан, эсвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан зөрчил гарсан эсэх талаар шүүх хуралдаанаар хэлэлцэж нотлох баримт шинжлэн судалж, талууд тайлбар гаргасан. Улсын Дээд шүүхийн тайлбар дээр аливаа байгууллагын ажилтан сахилгын зөрчил гаргасан бол зөрчил тус бүрийг тус тусад нь тогтоох ёстой гэж заасан. Мөн тухайн байгууллага нь сахилгын ёс зүйн зөвлөлтэй бол тэр ёс зүйн зөвлөл нь өөрсдөө тухайн зөрчлийг тус тусад нь тогтоож, зөрчилд холбогдсон хүнээс нь тайлбарыг гаргуулж байж сахилгын зөрчил оногдуулах ёстой гэж заасан. Сахилгын зөрчил нь өөрөө гэмт хэргийн жижиг хэлбэр гэсэн үг. Тодорхой хэмжээгээр нийгэмд учруулах гэм хор бага учраас Зөрчлийн хуульд үндэслээд хаалттай сануулах, нээлттэй сануулах, цалингийн хувийг багасгах, албан тушаал бууруулах, ажлаас халах гээд ажилтандаа эрх зүйн үр дагавар бий болдог, хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрх ашигт нь ингэж халддаг шийдвэр учраас энэ шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 24 цаг ажил тасалсан гэж үзээд байгаа юм. Тушаал дээр Д.М  нийлбэр дүнгээр 24 цагийн ажил тасалсан, цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувийн зорилгоор асуудлыг шийдвэрлэсэн, байгууллагын нэр хүндийг гутаасан, ашиг сонирхолд нь нөлөөлөх сөрөг үр дагавар бий болгосон зөрчлүүдийг гаргасан тул 2025 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсугай гэж тушаал дээр ингэж заасан. Тэгэхээр 24 цагийн хугацаагаар ажил тасалсан, байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан гэсэн ийм 2 үндэслэл яваад байгаа. Д.М-ийн  тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр Э  компанийн албан бичиг зэргээс үзэхэд 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, бямба гарагт тодорхой хэмжээгээр цахилгааны үйлчилгээг хуулийн этгээдэд үзүүлж, тухайн үйлчилгээнээс хамаарч фаз үүссэн гэж яриад байгаа. Мэргэжлийн хэллэгээр энэ нөхцөл байдал нь фаз үүссэн байсныг Бүсийн оношилгооны эмчилгээний төв мэдэхгүй. Яагаад гэхээр бямба гарагт байсан болохоор бямба гараг, ням гарагт магадгүй ажлын бус өдрүүд, амралтын өдөр байсан учраас мэдээгүй байж байгаад 6 дугаар сарын 30-ны өдөр буюу 1 дэх өдрийн өглөө мэдээд Өвөрхангай аймгийн эрчим хүчний газар мэдэгдсэн байна. Энэ талаар 2025 оны 6 дугаар сарын 30-н болон 7 дугаар сарын 1-ний өдөр тухайн байгууллагын шуурхай хуралдаанаар хэлэлцэгдээд ийм асуудал үүссэн байна гэдгийг тухайн байгууллагын удирдлага мэдсэн байна. Мөн нэхэмжлэгч Д.М  ч гэсэн хариу тайлбар дээрээ 6 дугаар сарын 28-нд цахилгааны үйлчилгээг ажлын бус цагаар, тусгай зөвшөөрөлтэй компанийн хүсэлтээр гүйцэтгэж 2 утсыг холбосон. Үүнээс үүдээд фаз үүсчихсэн байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, хүлээн зөвшөөрсөн учраас албан байгууллагадаа хүндрэл учруулахгүйн тулд Э  компанид 3,443,000 төгрөгийг төлж хохирлуудыг барагдуулсан байна. Тушаалд заасан цахилгааны байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс гээд энэ аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн гэдгийг тогтоочихсон юм байхгүй. Тодорхой хэмжээгээр фаз үүсэх эсэх нь асуудал байдаг. Фаз үүсэж болно. Тэгэхээр тэрэн дээр хамгийн гол нь үүссэн эсэх талаар эмнэлгээс тэр байгууллагаас нь дуудлага ирүүлэх байсан. Гэтэл бүтэн 2 өдөр хүлээгээд ерөөсөө ирэхгүй байхаар нь фаз үүсээгүй юм байна гэж бодоод холботол нөгөөдөх нь үүссэн байж таараад 6 дугаар сарын 30-нд дуудлагууд ирсэн байна. Тэгэхээр энэ дээр Д.М  утас холбосон гэдгээ хүлээн зөвшөөрөөд төлбөрөө төлчихсөн байгаа учраас энэ зөрчлийг энэ үйлдлийг хийсэн. Гэхдээ ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн эсэхийг ерөөсөө тогтоосон юм байхгүй. Мэргэжлийн байгууллагаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шинжээчээр ч юм уу тогтоочихсон юм байхгүй. Энэ дээр албан байгууллагаа төлөөлөөд үйл ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрөлтэй компанийн хувийн үйлчилгээ хийж байх явцад алдаа дутагдал гарсан учраас тэр байгууллагатай холбох ёстой. Ганцхан Д.М тэй холбох шаардлагагүй, үндэслэлгүй байна гэж үзэж байна. Д.М-ийг 24-н цагийн хугацаагаар ажлаа тасалсан гээд байгаа. Энэ дээр хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс гаргаж өгсөн нотлох баримт дээр үзэхэд 24 цагийн хугацаагаар ажлаа тасалсан гэдэг юм нь тодорхой ойлгомжтой тогтоогддоггүй. Нэхэмжлэгч Д.М  2 өдөр дараалж гарах боломжгүй гэдгээ хэлсэн. Эрчим хүчний байгууллагад 24 цаг амраад дараагийн өдөр нь орой гарч өглөө нь буугаад 48 цаг амардаг гэж байна. Гэтэл энэ дээр хариуцагч байгууллагын төлөөлөгч буюу эрчим хүчний байгууллагын дарга Б.У  нь 7 сарын дугаар сарын 1, 2-нд ажил тасалсан тэр үед шуурхай хурал хийхэд Д.М  ажилдаа ирээгүй байсан. Хөдөө байгаа гэж утсаар хэлсэн байсан гэж мэдэгдсэн. Түүнээс биш албан бичгээр байгууллагын даргаасаа чөлөө авъя гэж бичгээр мэдэгдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон нотлох баримтаа өгөөгүй. Тийм болохоор ажил тасалсан гэж үзэж байгаа гэсэн. Д.М  7 дугаар сарын 2-ны өдөр хөдөө явж байгаад дугуй нь хагараад 12 цагийн хугацаагаар ажилдаа ирж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ажилдаа ирээгүй, ирэх боломжгүй гэдгээ мэдсэн үедээ 7 дугаар сарын 2-ны өглөө үүрээр 6 цагт ээлжийн ахлах Ц руу утсаар яриад ажилдаа очиж амжихгүй гэдгээ хэлээд Ц  нь дараагийн ээлжийн хүнийг аргалаад гаргачихъя гэж хэлсэн учраас ирээгүй гэж тайлбар гаргаж байгаа. Ажлаа хэл чимээгүй таслаад алга болчихсон юм байхгүй. Оронд нь ажиллах хүн нь байхгүй гэдэг ч юм уу, ажил тасалснаас үүдэж тухайн байгууллагад хохирол учирчихсан зүйл гэдэг ч юм уу тийм зүйл байхгүй. хөдөлмөрийн гэрээн дээр ч гэсэн эрчим хүчний байгууллагын хөдөлмөрийн гэрээн дээр ажил тасалсан бол сануулах арга хэмжээ авахаар заасан байсан. Тэгэхээр энэ дээр 12 цаг ажил тасалчихсан гэж үзээд тодорхой хэмжээгээр бичгээр хүсэлт гаргахгүйгээр утсаар хэлсэн учраас үүнийг ажил тасалсан гэж тооцно гэж үзэж байгаа бол энэ дээр хаалттай юм уу, нээлттэй сануулах арга хэмжээ авахаар хөдөлмөрийн гэрээнд заачихсан байсан. Энэ зөрчилтэй холбогдуулж ажлаас хална гэдэг сахилгын зөрчлийн шинж чанар хэр хэмжээнд нь тохироогүй сахилгын шийтгэл оногдуулсан байна гэж дүгнэхээр байна... гэжээ.

            3. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.У  анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Компанийн дотоод журам болон манай дүрмийн нэгээхэн том ноцтой зөрчлүүдийг гаргасан. Үүн дээр цалингийн 20 хувь дахь арга хэмжээнээс авхуулаад халагдах хэмжээний 2, 3 үндэслэлүүдийг гаргасан. Гол үндэслэл нь ажил тасалсан үндэслэл байгаа. Ээлжийн ажилтан 24 цагийн буюу 2 удаагийн дараалсан ээлжийн ажил тасалсан. Шуурхай үйлчилгээний хэсэг буюу ээлжийн ахлах инженер гэдэг үүрэг бол үндсэндээ энэ компанийн энэ салбарыг тэр чигт нь удирдан зохион байгуулж явах үүрэгтэй онцгой албан тушаал энэ ажлыг 2 өдөр тасалсан. Таслахдаа Д.М  ээлжийн буюу нэгжийн удирдлагадаа хэлсэн гэдэг. Гэтэл тухайн ямар ч хөдөлмөрийн ажилтан салбарын даргаас зөвшөөрөл авч чөлөө олгосонд тооцно. Тэр тусмаа манай дээр бол бүх ажилчдаас өргөдөл аваад өргөдлөө өөрийн биеэр танилцуулаад хүний нөөц дээр цохуулсны дараа тухайн ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болдог. Дараагийн дугаарт хэд хэдэн үндэслэлүүд байгаа. Энэ дээр халагдах үндэслэл нь компанийн нэр хүндийг гутаах хэмжээнд үйл ажиллагаанд нөлөөлсөн. Мөн дээрээс нь цахилгаан хангамжийн байгуулах байгууламжийг засварлах явцдаа хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан гэдэг ийм зүйл заалтууд байгаа. Энэ дээр холбогдох албан байгууллагуудаас тухайн үеийн цаг минуттай холбоотой тасралтын хугацаа тэгээд ямар техник гэмтсэн гээд олон зүйлүүд нотлох баримтаар нэмж өгүүлсэн байна. Мөн дээрээс Д.М  маань өөрийн биеэр хэлж байх шиг байна. Тэрийг хүлээн зөвшөөрч байна, буруутай гэдгээ мэдэж байгаа. Ер нь бол халтуур хийх, ажлын цагаар хийх, хийхгүй байх энэ цахилгаан байгууламжийг дур мэдэн залгах, залгах сэлбэгт гэж байгаа юм. Жишээ нь Богд зочид буудлын гар, хүлээлтийн цахилгаан дамжуулах агаарын шугам нь өөрчлөгдөөд цаана нь байсан Өв гурван лут гэдэг компанийн нутаг дэвсгэрт байгаа манай Эрдэнэт булганы төрийн өмчит хувьцаат компанийн өөрийн эзэмшлийн халаалтын шугамын трансыг өөрчилсөн. Энэ нь бол компанийн хөрөнгө энэ хөрөнгийг зайлуулах, холдуулах үедээ өөрсдийн дансаар буюу Өвөрхангай аймгийн төрийн өмчит Эрдэнэт Булган аймгийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай салбарын нэрийн өмнөөс буюу өмнөөс ямар нэгэн удирдлагын шийдвэргүйгээр хувийн дансаар мөнгө төгрөг авч өөрсдийн эрх мэдэл, албан тушаалаа ашигласан зүйлүүд байгаа. Энэ нь компанийн дотоод журамд харшилна. Энэ ажилд орсноос хойш ямар ч ажилтныг, албан тушаалтныг ямар нэгэн байдлаар ямар нэгэн өнцгөөр, ямар нэгэн шахаасаар ямар нэгэн хувийн эрх ашгаар харж ажлын байранд хандаагүй. Манайх 127 ажилтантай энэ ажилчид хэлэх байх, гэрчлэх байх гэж ойлгож байна. Мөн дээрээс нь Арвайхээр дээр цахилгаан эрчим хүчтэй холбоотой маш олон асуудлууд байдаг. Иргэдээс дуудлага гомдол, өргөдөл гээд асар зүйлүүд ирдэг. Тэр өргөдлүүд, өгсөн үүрэг даалгавруудыг хийхгүй бүтэн 1, 2 сар тэр хүмүүсийг хүлээлгэдэг байж өөрсдийн эрх ашиг бүхий сонирхол бүхий ажлыг маш түргэн хугацаанд хууль бусаар дүрэм журам мөрдөлгүйгээр хийсэн ийм тохиолдлууд байгаа. Ер нь бол цахилгаан эрчим хүчний байгууламжийг өөрчлөх, тоноглолыг өөрчлөх, шугам сүлжээ, трансыг өөрчлөх ажлууд тодорхой дүрэм журамтай явдаг. Тэр тусмаа тусгай зөвшөөрөлтэй компаниар заавал хийж гүйцэтгэсэн байх ёстой. Тухайн компани нь тухайн тасралт ажил дээр албан мэдэгдэл хүргүүлж тасралтын захиалга өгсөн байх ёстой. Мөн дээрээс нь тухайн гүйцэтгэгч компани өөрөө эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй компани байх ёстой. Гэтэл ямар ч дүрэм журамгүйгээр ерөнхийдөө бүх хүмүүс халтуур хийдэг, ингэдэг гэдэг ийм нөхцөл байдал манай салбарын тодорхой хэмжээний дутагдал болж явсаар ужигшсаар ирсэн. Үүн дээр шинэ удирдлагын хувьд зарим зүйлүүдийг өөрчилье гэсэн ийм бодлоор хандаж ирсэн. Дараагийн дугаарт инженер техникийн алба хаагч нар гэж нэгжийн удирдлагууд гэсэн үг. Энэ нэгжийн удирдлагууд бид нар өглөө болгон өдөр болгоны 8 цагт хурал хийдэг. Энэ дээр инженер техникийн албан хаагчид бүгд байдаг. Тэр үед нэхэмжлэгч Д.М-ийн хэлж байгаа техникийн инженер байгаагүй гэдэг ийм юм ярьж байна. Ахлах инженерийг хэлж байгаа гэсэн үг. Тэр үед өглөөний шуурхайд байсан. Өглөөний шуурхайн дараа Д.М тэй холбоотой асуудлаар бид нар зөвшилцөх, ярилцах шаардлагатай гэдэг үүднээс бүх инженерүүдийг цуглуулаад хурал хийсэн. Тус хуралд Д инженер буюу ахлах инженер сууж амжихгүй нь та хэд хуралдчихаарай гэдэг байдлаар хэлсэн. Тэр хүн ч гэсэн хэлсэн үгээ мэдэж байгаа байх гэж ойлгож байна. Ээлжийн ахлах инженер Ц гэдэг эмэгтэйн нэрийг дурдчихъя. Энэ эмэгтэй бол Д.М  нэхэмжлэгчийн нэгжийн удирдлага нь гэвч энэ хүнд чөлөө зөвшөөрөл өгөх тийм эрх мэдэл, үндсэн чиг үүрэг байхгүй. Энэ хүн тухайн үед ар гэрийн гачигдалтай байхгүй байсан. Манайд нийт 7, 8 инженер байгаа. Бүх инженерүүдээ дуудаад хуралдсан. Хурлын протокол дээр нэг нэгэнгүй эхнээс нь ямар алдаа байсан зөв үү, буруу юу мэргэжлийн түвшинд ХАБ нь энийг зөв гэж үзэж байна уу, ашиглалт засварын мастер нь энийг зөв гэж үзэж байна уу гэх мэтчилэн бүгдээс нь хариу тайлбаруудыг авч хурлын тэмдэглэл протоклыг Д.М-ийг ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж гарын үсэг зурж баталгаажуулж өгсөн байгаа. Үүн дээр ашигт засварын инженер үйлдвэрчний эвлэл татгалзсан ийм 2 гарын үсэг байсан. Бусад нь дэмжиж оролцсон байгаа. Төв компани дээр буюу маргаан таслах комисс гээд манай үйлдвэрчний эвлэлийн компани дээр хурал болсон. Энэ хурлаар хариу тайлбаруудыг хийсэн 2 талаараа энэ онлайн уулзалт хурлуудыг хийсэн. Мөн яг одоо энэ шүүх хуралдаан дээр тайлбарлаж байгаа тайлбаруудыг тавьсан. Ажил олгогчийн зүгээс гаргасан шийдвэрээсээ татгалзахгүй. Хэвээр нь үлдээнэ гэдэг байдлаар явсан байгаа. Үйлдвэрчний эвлэлийн хувьд зөвхөн 2 талын байр суурийг сонсоно, тэрнээс аль нэг талд нь шийдвэр гарахгүй гэдэг байдлаар хандсан байгаа... гэжээ.

            4. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч М.Дамбийням анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давтан гаргасан эсвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан дотоод зөрчил гаргасан тохиолдолд ажилтныг сахилгын дотоод зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон, цуцалсан тушаал гаргасан. Нэхэмжлэгч Д.М  тухайн байгууллагадаа байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.9 дүгээр зүйлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах ба дараах сахилгын зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцно хөдөлмөрийн эрх зүйн харилцааг цуцлах хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан. 5.9 дүгээр зүйлд ажилтан эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техникийн аюулгүй ажиллагааны дүрэм, цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгах буюу сахилгын ноцтой зөрчилд тооцох үндэслэл гэж заасан. Тэгэхээр энэ үндэслэлийн тухайд 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс 369 дугаартай албан бичиг ирдэг. Тус албан бичигт 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 05 цаг 30 минутаас 14 цаг 30 минутыг хүртэлх хугацаанд цахилгаан тасраад ирэхэд 380-ын фаз солигдсоны улмаас мэс заслын багаж, ариутгалын 2 ширхэг автоклав ажиллагаагүй болж төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус мэс заслууд хийгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул яаралтай арга хэмжээ авч шийдвэрлэж өгнө үү гэдэг албан бичиг ирсэн. Мөн 7 дугаар сарын 3-ны өдөр Э  компаниас тус компани нь танай байгууллагаас 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 10-12 цагийн хооронд цахилгаан таслалт хийж, засварын ажил хийх явцад 3,80-ын фаз солигдон ирснээс үүдэн 3 дугаар байрны гараашны автомат хаалга эсрэг туйлаар ажиллан эвдэрсэн. Ингээд нийт 3,000,443 төгрөгийн хохирол учирсан гэдэг байдлаар 2 албан бичиг ирсэн. Тэгэхээр хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс тухайн компанид учирсан хохирлыг 3,000,443 төгрөгийн хохирлыг өөрөө хүлээн зөвшөөрч барагдуулсан баримт авагдсан байсан. Мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд учирсан хохирлын тухайд тодорхой хугацааны дараа Улаанбаатар хотоос инженер техникийн албан хаагч нар ирж тухайн гэмтлийг засварлаж хэвийн үйл ажиллагаатай болсон гэх талаар тайлбарладаг. Дээрх гаргасан үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 5.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэдэг үндэслэлд хамаарч байна гэж үзэж тушаал гаргасан гэж тайлбарлаж байгаа. Хөдөлмөрийн гэрээний 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 өдрийн ажил тасалсан бол хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгах сахилгын ноцтой зөрчилд тооцно гэж заасан. Тус компанийн зүгээс сар бүр тухайн ажилчдынхаа ажлын цагийн балансыг ажиллах ээлжийн графикийг урьдчилсан байдлаар гаргадаг. 2025 оны 7 дугаар сарын ажиллах ээлжийн график авч үзэхэд 7 дугаар сарын 1-нд өглөө 8 цагаас нэхэмжлэгч Д.М  ээлжтэй 7 дугаар сарын 2-нд орой 20 цагаас ээлжтэй гэдэг байдлаар графикт ажиллах хуваарийг гаргаж өгсөн. Үүний дагуу 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 7 дугаар сард ажилласан ажилчдын цагийн баланс гэсэн хүснэгтээр 7 дугаар сарын 1, 2-нд огт ажиллаагүй гэдэг байдлаар цагийн баланс, нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэзээ ч 2 өдөр дараалж гардаггүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч энэ ээлжийн график дээр бүх ажилчид 2 өдөр буюу бүр 3 өдөр дараалж гарах байдлаар ээлжийн хуваарь гарсан байдаг. Тэгэхээр 2 өдөр дараалж ажиллах боломжгүй гэдэг нь няцаагдаж байна гэж үзэж байгаа. Мөн ажил тасалсантай холбоотойгоор ээлжийн ахлах инженер Ц  гэдэг хүнд мэдэгдсэн гэж байгаа боловч ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2 өдөр ажилдаа ирээгүй вэ гэдэг талаараа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд зааснаар нотлох баримтаа 3 хоногийн дотор бүрдүүлж өгөх ёстой байдаг. Энэ үүргээ биелүүлээгүй тасалсан учраас 7 дугаар сарын 1-нд ээлжийн хуваарьгүй байсан Э-ыг тухайн өдөр ажиллуулсан гэдэг байдлаар ээлжийн бүртгэл нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн нэгжийн удирдлагын хурлаар орсон тэмдэглэл байдаг. Тухайн хурлаар ажилтан Д.М-ийн  гаргасан үйлдлүүд нь ажлаас халах үндэслэлд хамаарч байна гэдэг байдлаар 80 хувийн саналтайгаар шийдвэр гаргасан байдаг. Дээрх үндэслэлүүд нь Хөдөлмөрийн тухай хууль ажил олгогч болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний гэрээнд заасан ажилтны сахилгын шийтгэл буюу сахилгын ноцтой зөрчилд хамаарах хөдөлмөрийн гэрээг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, цуцлах үндэслэлүүд хамаарч байна гэж үзэж дээрх тушаалыг гаргасан. Нэхэмжлэгчийн тухайн үед ажиллаж байсан ажлын онцлог дээрээс нь тухайн байгууллагын ажлын онцлог, дэг журам, сахилга батын хувьд хатуу шаардлагатай. Үйл ажиллагааны нөхцөл байдлын хувьд хүний эрүүл мэнд, амь нас, нийтийн эрх ашигт шууд нөлөөлөхүйц онцлогтой ажил учраас энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд тухайн тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

            5. Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар Д.М-ийг Э компанийн Өвөрхангай салбарын шуурхай үйлчилгээний инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Хариуцагч байгууллагын төлөөлөгч  Э компанийн Өвөрхангай салбараас ажилгүй байсан хугацааны олговорт 8,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгохоор, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Д.М-ийн  эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагын төлөөлөгч  Э  компанийн Өвөрхангай салбарт үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч Э  компанийн Өвөрхангай салбараас улсын тэмдэгтийн хураамжид 210,550 төгрөгийг гаргуулан улсын төсвийн дансанд оруулахаар, нэхэмжлэгч Д.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,550 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, Хариуцагч байгууллагын төлөөлөгч , тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

            6. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.У давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 314/ШШ2025/00880 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Д.М  нь Э  компанид 2017 оноос эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Д.М  нь 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ямар нэгэн заавар, зөвшөөрөлгүй цахилгаан байгууламжийг залгаж, салган бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан төдийгүй БОЭТ-ын ариутгалын аппаратыг шатааж төлөвлөгөөт хагалгаа хийх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Түүний дээрх зөрчлүүд БОЭТ-н болон Э  ХХК-уудаас ямар хохирол учирсан болохыг нотлох баримтаар ирүүлсэн албан бичгүүдээр тогтоогдож байгаа. Үүнтэй холбоотой Д.М  нь өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч дээрх байгууллагуудад учруулсан хохирлыг өөрөө нөхөн төлсөн байдаг. Мөн удирдлагын ямар нэгэн чөлөө зөвшөөрөлгүй 24 цагийн буюу 2 өдрийн ээлжийн ажлын тасалсан үйлдэл гаргасан. Энэ нь цагийн ажиллах ээлжийн график болон ажлын цагийн балансын бүртгэлээр нотлогдож байгаа. Түүний гаргасан дээрх зөрчлүүд нь түүний байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлахаар тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа юм. 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/79 дугаартай хөдөлмөрийн эрх зүйн харилцааг цуцалсан тушаал нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.У  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.М нь Э-д 2017 оноос эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Нэхэмжлэгч Д.М нь ажлаас халагдах хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан. Нэхэмжлэгч нь онцгой байгууламжид дураараа холболт хийсэн нь буруу гэж үзэж байна. Манай ажилчид үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч нартай хамт хурал хийсэн. Хүний амь настай холбоотой асуудал гаргасан тул байгууллагын нэрийг гутаасан гэж үзэж сануулах арга хэмжээ авах боломжгүй тул ажлаас халах тухай тушаал гаргасан. Нэхэмжлэгч нь ажилдаа ирээгүйгээс шалтгаалж бусад ажилчдын цагийн хуваарьт өөрчлөлт орсон, тэрнээс өөр хуваарь хэрэгт өгөөгүй нэхэмжлэгч үүнийг мэдэж байгаа. 2021 онд ийм холболтоос шалтгаалж хүний амь нас хохирсон асуудал гарсан нь одоо ч шийдвэрлэгдээгүй байгаа. Тиймээс үүнээс илүү хохирол учирч болзошгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

8. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ажил олгогчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 81.4-д зааснаар бусдын эд хөрөнгө хохирсон гэдэг үндэслэлээр тухайн тушаалыг гаргасан. Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.9 дүгээр зүйлд дараах зөрчлүүдийг хөдөлмөрийн эрх зүйн харилцааг цуцлах ноцтой зөрчилд хамааруулна гэж заасан байдаг. Хөдөлмөрийн гэрээний 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ажлын цагийг нэхэмжлэгч Д.М  нь 2 өдрөөр тасалсан. Мөн хөдөлмөрийн гэрээний 5.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт бусдын амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулсан бол гэдэг байдлаар заасан. Нэхэмжлэгчийн тухайд гаргасан зөрчлүүд нь дээрх хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчилд хамаарч байгаа учраас ажлаас халах тушаал гаргасан. Ажлын хуваарьт нэхэмжлэгч нь 7 дугаар сарын 01, 02-нд ажиллах хуваарьтай байсан боловч ажиллаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан. Энэ талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд өөрөө хүлээн зөвшөөрсөн. Д.М нь Ц гэдэг хүнд мэдэгдсэн гэдэг ч байгууллагын дотоод журмын гэрээнд зааснаар байгууллагын удирдлагад мэдэгдэж 3 хоногийн дотор шалтгаанаа нотлох баримтаар нотлох ёстой гэж зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч нь 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ямар нэгэн заавар, зөвшөөрөлгүйгээр цахилгаан байгууламжийг залгаж, салган бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан төдийгүй Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ариутгалын аппаратыг шатааж төлөвлөгөөт хагалгааг хийх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Мөн Э ХХК-д хохирол учруулсан, Б төвд тоног төхөөрөмж эвдэрсэн гэдэг албан бичгүүд ирсэн. Э ХХК-аас ирсэн албан бичигт дурдсанаар автоматаар онгойдог хаалга эвдэрч нийтдээ 3,443,000 төгрөгийн хохирол учирсан байдаг. Үүнийг нэхэмжлэгч Д.М-ийн  зүгээс өөрийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан. Б төвөөс Б аймаг руу багажуудаа явуулж ариутгаж төлөвлөгөөт хагалгааг хийсэн гэдэг байдлаар тайлбарласан. Тухайн эвдрэлийг Улаанбаатар хотоос инженер техникийн албан хаагч нар ирж засварлаж хэвийн байдалд оруулсан гэдэг нөхцөл байдал тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч Д.М-ийн  гаргасан дээрх 2 зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн эрх зүйн харилцааг шууд цуцлахаар заасан сахилгын зөрчилд хамаарч байгаа учраас байгууллагын захирлын гаргасан тушаал нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

9. Нэхэмжлэгч Д.М  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 12 цагт би хуваарийн зургийг авсан. Энэ хүмүүс цагийн балансаа өөрчилсөн байсан. Тэгээд намайг 2 өдөр ажил тасалсан гээд байгаа. Би үүнийг хуурамч гэж бодож байна. Мөн тухайн өдөр намайг шугамыг зөвшөөрөлгүй тасалсан гэж байна. Надад өөрөө мэдээд түүнийг таслах эрх байхгүй. Тухайн байгууллагууд албан хүсэлтээ өгсөн. Манай салбар болон Эрдэнэбулганы толгой компани хоорондоо зөвшилцөөд зөвшөөрлийг нь авсны дараа тасалдаг. Тухайн өдөр  амралтын өдөр байсан. Тэр эмнэлгийн тоног төхөөрөмж шатаагүй программыг нь хаачихсан байсан. Би Улаанбаатар хотоос ирсэн инженерүүдтэй хамт очсон. Э ХХК-аас холболт нь зөрснөөс болж шатсан гэсэн ба хохирлыг би хувиасаа төлсөн. Би 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа ирээгүй. Би 2025 оны 7 дугаар сарын 03-ны орой ажилдаа ирсэн. Бид ээлжиндээ дөрвөн хүн ажиллаж байхад 2 өдөр дараалж ажиллана гэсэн асуудал байхгүй. Харин хүн байхгүй үед нэгнийхээ оронд гарч нөхөж ажиллаж болдог... гэв.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гарсан саналдаа: 2025 оны 8 дугаар сарын 5-ны өдөр гарсан 79 дугаартай тушаалд байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулж, байгууллагын нэр хүнд гутаасан гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өвөрхангай аймгийн Эрчим хүчний газар Б.Д.М  хоёрын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Б.Д.М  хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаа хийж байхдаа магадгүй эд хөрөнгөд хохирол учруулсан бол танай талаас яригдах асуудал. Харин Б.Д.М  ажлын бус цагаар тусгай зөвшөөрөлтэй компанид өөрийнхөө мэргэжлээ үнэлж ажил хийж байх явцдаа тухайн компанитай иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн. Гэтэл ажлын бус цагаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байгааг хөдөлмөрийн гэрээндээ татаж оруулж байгаа нь ямар ч хамааралгүй. Гуравдагч этгээд хооронд үүссэн харилцааг байгууллага хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн гэж шийтгэл оногдуулах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Д.М  2025 оны 7 дугаар сарын 08-нд утсан дээрээ ажлын хуваарийн хүснэгтийг зургийг дарсан байгаа. Д.М  2025 оны 7 дугаар сарын 02-ны өглөө, 2025 оны 7 дугаар сарын 03-ны орой гарна гээд бичсэн байгаа. Гэтэл Хариуцагч байгууллагын төлөөлөгч ийн гаргаж өгсөн нотлох баримтад дараалж 2 өдөр гарна гээд хуурамч нотлох баримт хэрэгт өгсөн байна. Энэ хүснэгт ганцхан Д.М утаснаас гарч ирээгүй, өөр 2 хүний утсанд байгаа. Эрчим хүчний газрын үүдний самбарт ажилчдадаа энэ хуваариар гараарай гэж наадаг. Үүнд Дэмбэрэлсайхан гэдэг салбарын ахлах инженерийнх нь гарын үсэг байдаг. 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс эрчим хүчний газруудад тоног төхөөрөмж эвдэрлээ гэсэн дуудлага ирсэн. 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Э  ХХК-аас албан бичиг ирсэн байдаг. Тушаал нь 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гарсан байдаг.  Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт сахилгын зөрчил гарсан өдрөөс эсвэл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гарсан өдрийн сүүлийн өдрөөс хойш 6 сарын дотор, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан. Гэтэл хамгийн сүүлийн зөрчлийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болон 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр илэрсэн байхад нэг сар өнгөрсний дараа сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халсан шийдвэрүүд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт ажил олгогч нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж үр дагаврыг харгалзаж мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлээс сонгож хэрэглэж шийтгэл оногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж заасан заалтыг зөрчсөн. Үүнийг анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой, дэлгэрэнгүй тусгасан. Өвөрхангай аймгийн Эрчим хүчний газар нь 2021 онд зургаан хүний бүрэлдэхүүнтэй сахилгын ёс зүйн зөвлөл байгуулсан байсан. Энэ зургаан хүнээр сахилгын шийтгэлээ тогтоолгож, өөрийнхөө эргэн тойрны хүмүүсээ цуглуулж  хурал хийгээд сахилгын шийтгэл оногдуулсан. Сахилгын зөвлөл байгуулаад байгаа учир нь бусдын нөлөөнд орохгүй, хүмүүсийн гаргасан сахилгын зөрчлийг хуулийн дагуу шалгаж тогтоож шийтгэл оногдуулах хэмжээний хүмүүсийг хамт олны дундаасаа сонгож сахилгын зөвлөл байгуулдаг. Тэр зөвлөлд сахилгын зөрчил гаргасан эсэхийг тогтоож, шийтгэл оногдуулах эрх нь байдаг. Гэтэл хууль бус бүрэлдэхүүнээр хурал хийж шийдвэр гаргасан байна. Мөн зөрчил гаргасан гээд байгаа хүнээ хуралдаа оролцуулаагүй, тайлбар аваагүй, хууль журамдаа заасан хуулийнхаа шаардлагыг хангаагүй, тогтоогоогүй ажлаас халсан шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрт буруу бичсэн улсын тэмдэгтийн хураамжийг зөвтгөх, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учраас Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжид 210,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М д олгох ёстой гэв.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

            12. Нэхэмжлэгч Д.М  нь хариуцагч байгууллагын төлөөлөгч  Э  компанид холбогдуулан ажлаас халах тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 8,400,000  төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “...Ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй тул хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас халах тушаал гаргасныг хууль зүйн үндэслэлгүй, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна.” гэжээ.

           13. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Тус байгууллагад ажиллаж байсан Д.М  нь ажил үүргээ гүйцэтгэхдээ идэвх санаачилгагүй, байгууллагын нэр барьж хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ажил авч гүйцэтгэх, байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Ажлыг дур мэдэн таслах, ээлжээ зөвшөөрөлгүй солих, ээлжийн  үед хариуцлагагүй хандах зэрэг зөрчил дутагдлыг давтан гаргаж байсан...” гэжээ.

       14. Анхан шатны шүүх Д.М-ийн   нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

       15.  Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон гэж дүгнэв.

       16. Хэргийн баримтаас үзэхэд Э  компанийн Өвөрхангай салбарын дарга Б.У ын  2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Б/79 дугаартай тушаалаар “...Д.М  нь 24 цагийн ажил тасалсан, цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс хүний эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирсан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувийн зорилгоор асуудлыг шийдвэрлэсэн, байгууллагын нэр хүндийг гутаасан, ашиг сонирхолд нь нөлөөлөх сөрөг үр дагаврууд бий болгосон” гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримталж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ.

         Энэ талаар анхан шатны шүүх “...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т заасан гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон бол энэ тухай ажилтанд анхааруулж, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэж мэдэгдэл өгөх тухай хуулийн заалтыг зөрчсөн...” гэж дүгнэсэн.

         Э  компанийн Өвөрхангай салбарын дарга Б.У-ын  2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Б/79 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлийг огт заагаагүй, талууд энэ талаар маргаагүй байхад анхан шатны шүүх тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дэх заалтыг тайлбарлаж хэрэглэсэн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний хүрээ хязгаараас хальж, маргааны агуулгыг алдагдуулсан, шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

        17. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан ба талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2.19-д “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирж чадаагүй тохиолдолд 4-өөс доошгүй цагийн өмнө харьяалах удирдах ажилтанд мэдэгдэж зөвшөөрөл авах ба ажлын 3 өдөрт багтаан холбогдох материалаа бүрдүүлж шийдвэрлүүлэх. / холбогдох материалаа бүрдүүлж өгөөгүй тохиолдолд ажил тасалсанд тооцно/”, 5.9.-д “дараах сахилгын зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцална”, 5.9.1-д “хүндэтгэх шалтгаангүйгээр 2 өдрийн ажил тасалсан“, 5.9.3-т “ажилтан Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник аюулгүй ажиллагааны дүрэм, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирсан” гэж тус тус тохиролцжээ.

         17.1. Нэхэмжлэгч Д.М  “...7 дугаар сарын 2-ны өдөр хөдөө явж байгаад дугуй нь хагараад 12 цагийн хугацаагаар ажилдаа ирж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ажилдаа ирээгүй, ирэх боломжгүй гэдгээ мэдсэн үедээ 7 дугаар сарын 2-ны өглөө үүрээр 6 цагт ээлжийн ахлах Ц  руу утсаар яриад ажилдаа очиж амжихгүй гэдгээ хэлсэн, 2 өдрийн ажил таслаагүй, нэг хүн 2 өдөр дараалж ээлжинд гардаггүй, 7 сард ажиллах ээлжийн хуваарийг шүүхэд өгөхдөө өөрчилсөн байна...” гэж маргаж байгаа хэдий ч ажлын 3 өдөрт багтаан холбогдох материалаа бүрдүүлж шийдвэрлүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй,  “ЭБЦТС” ТӨХК-ийн Өвөрхангай салбарын шуурхай үйлчилгээний хэсгийн 2025 оны 7 дугаар сарын ажиллах ээлжийн графикт /хавтаст хэргийн 77 дугаар хуудас/ Д.М  7 дугаар сарын 1, 2-нд ажиллах хуваарьтай байсан ч  тухайн өдрүүдэд ажиллаагүй болох нь 2025 оны 7 сарын 1-2-нд Ч.Ц , Б.Э, 2025 оны 7 сарын 2-нд Т.Д, Р.М, 2025 оны 7 сарын 2-нд Ц.О, 2025 оны 7 сарын 3-нд Т.Д, Д.Б нар ээлж хүлээн авсан тухай тэмдэглэлээр /хавтаст хэргийн 99-103 дугаар хуудас/ тогтоогдсон байна.

 17.2. Хөдөлмөрийн сахилгын зөрчил нь үйлдэл, үр дагаврын шинжээрээ ялимгүй эсхүл ноцтой байдаг ба ялимгүй зөрчлийн хувьд хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан үндсэн үүргийг зөрчих боловч үр дагавар нь бага байдаг бол ноцтой зөрчил нь хөдөлмөрийн гэрээ болон хуульд заасан үндсэн чиг үүргийг зөрчих байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх хохирол учруулж болохуйц үр дагавар үүсгэдэг.

Д.М  нь бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь Э ХХК болон Ө төвийн албан бичгүүд /хавтаст хэргийн 57, 59, 64 дүгээр хуудас/, шуурхай үйлчилгээний ээлжийн инженер Д.М-с тайлбар авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 93-34 дүгээр хуудас/, байгууллагын нэгжийн удирдлагуудын хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 107-111 дүгээр хуудас/, хохирлыг төлсөн тухай нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3.-т ажилтан цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, олон улс, хот хоорондын болон хот, суурин газрын нийтийн тээвэр, тусгай зориулалтын тээвэр, цахилгаан холбоо, төмөр зам болон иргэний нисэхийн хөдөлгөөний удирдах алба зэрэг хүн амын аюулгүй байдал, эрүүл мэнд, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг бол үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авахаар зохицуулсан байдаг. Гэтэл Д.М-ийн хууль болон хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдлийн улмаас Э  ХХК, Ө төвийн эд хөрөнгөнд хохирол учруулсан болох нь нь Э  ХХК болон Ө төвийн албан бичгүүд /хавтаст хэргийн 57, 59, 64 дүгээр хуудас/, шуурхай үйлчилгээний ээлжийн инженер Д.М-с тайлбар авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 93-34 дүгээр хуудас/, байгууллагын нэгжийн удирдлагуудын хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 107-111 дүгээр хуудас/, хохирлыг төлсөн тухай нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдсон байгаа нь байгууллагын үйл ажиллагаа, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврууд бий болгосон гэж үзэхээр байх тул ... ажлын бус цагаар эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид ажилладаг учраас байгууллагын нэр хүндэд нөлөөлөхгүй, учирсан хохирлыг төлсөн... гэх тайлбар нь түүний гаргасан зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй байна.

18. Нэхэмжлэгч Д.М-ийн  гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 5.9.1, 5.9.3 дахь заалтуудын аль алинд нь хамаарч байхад анхан шатны шүүх “...хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа зөрчлийг тогтоох, түүнд мэдэгдэх, тайлбар авах гэсэн хуулийг зөрчсөн, өөрт ашигтай тайлбар татгалзлаа нотлоогүй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн байна.

           Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Д.М эс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж буцаан олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 314/ШШ2025/00880 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Д.М-ийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Д.М-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ЭНХМАА

                                               ШҮҮГЧИД                               Л.НЯМДОРЖ                

                                                                                               Б.ЦЭРЭНПҮРЭВ