| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0148/Э |
| Дугаар | 154 |
| Огноо | 2019-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн,
Хохирогч Х.С,
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэд овогт Гансүхийн Төд холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг 2019 оны 08 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г.Т,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Т нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.Сыг байнга зодсон буюу 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хацар луу нь алгадсан, 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр элэг рүү цохисон, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нүүрэн тус газарт нь цохьсон, хоолойг нь багалзуурдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би эхнэрээ зодоогүй. Тухайн өдөр эхнэр маань13 цагийн үед ажил дээр очиж гал түлнэ гээд гэрээс гарч яваад алга болсон. Тэр өдөр амралтын өдөр байсан, 17 цагийн үед хүн юм авъя гэхээр нь ажил дээр очиход байгаагүй, 21 цагийн үед дахин нөгөө хүн маань юм авъя гээд ирэхээр нь дагуулаад ажил руу очиход архи уусан байдалтай байсан. Тэгэхээр нь би уурлаад ажлын байранд амралтын өдөр архи уулаа гэж загнасан. 08 дугаар сард эхнэрээ хайгаад Огийнд очиход архи уугаад байж байсан. Тэгэхээр нь би одоо гэр лүүгээ явъя, Сайншанд явах боллоо, явах юм аа бэлдье гэхэд явахгүй архиа ууж дуусгана гэхээр нь наад архи чинь хэрэгтэй байгаа бол уу гэж хэлчихээд явсан. гэсэн мэдүүлэг
Хохирогч Х.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цайны цагаараа гэрт ирээд байж байтал найзууд ирээд пиво уусан. Удаагүй нөхөр маань ирсэн. Тэгээд намайг ажлын цагаар уулаа гээд уурлаад маргалдсан. Удалгүй маргаан ширүүссэн. Би ер нь их уугаад байдаг хүн биш. Цэцэрлэгийн шинэ жилээр эцэг эхчүүд нийлээд 01 цагийн үед гэртээ ирсэн. Тухайн үед утсаар яриад ирээч гэж байсан ч би зөрүүдлээд яваад байсан. Гэртээ ороод байж байхад нөхөр уурлаж, маргасан. Гэхдээ биед хүрсэн зүйл байхгүй. Би нөхөр лүүгээ юм аваад шидэхэд надруу эргүүлээд шидсэн. Би дахин авах гэтэл долоовор хуруугаа зүссэн байсан Би найзындаа ууж байтал нөхөр ирээд гэрлүүгээ явах уу гэхээр нь найзтайгаа юм ярьж суумаар байна гэхэд алгадсан. Гэхдээ хүчтэй чанга алгадаагүй ч хацар маань хавдсан байсан. Тухайн үед би эмнэлгийн байгууллагад хандъя гэж бодоогүй, хавдсан байхаар нь эмчид нь нөхөр алгадчихлаа гэж хэлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр амралтын өдөр ажил дээрээ байж байтал найз ирэхээр нь яриад сууж байтал манай хүн гаднаас хүнтэй орж ирсэн. Тухайн үед барилцаж авсан зүйл байхгүй. Гар хүрээгүй” гэсэн мэдүүлэг
Хохирогч Х.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр...бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад хажууд 2 хүүхэд хадам ээж Гансүх нар байсан болохоор би хэрүүл хийхгүй гээд гараад хойд айл болох Ганболдын гэрт нь орсон тэгтэл миний хойноос орж ирээд хэрүүл хийж байгаад гэнэт араас гараараа миний хоолойг боогоод авсан тэгэж боож байхдаа зандраад ална шүү гээд байсан тэгээд би айгаад болиод тавихаар нь эгч Хоролсүрэн рүү залгаад манай нөхөр Т намайг зодоод байна намайг ирж аваачээ гэсэн тэгтэл эгч хамт амьдарч болохгүй байгаа бол салаад ир сал гэж зөндөө хэлж байна гэсэн тэрийг Т сонсоод улам их уурлаад дахиад намайг багалзуурдаж аваад яасан их ах эгч нартайгаа ярьдаг юм надаас сална гэж бодож байна уу, үхсэнийхээ ар дээр салаарай гээд байсан. Тэгээд намайг багалзуурдсан байдалтай надаас салах уу гэхээр нь би салахгүй гэсэн тавиулах гээд гэртээ орох уу гэхээр нь орьё гзсэн тэгтэл багалзуурдахаа болиод хамт гэртээ ороод гаигүй болох байх гэж бодсон тэгтэл тэгээгүй намайг гэрийн хаяанд сууж байхад гэнэт уурлаад утас авч шидээд намайг ална гээд хажуудаа байсан том чулууг авч шидсэн гэхдээ намайг оноогүй, бас жижиг банз байсан тэрэнгээр миний мөрний хэсэгт нэг удаа цохьсон толгой руу бол гараараа маш олон удаа цохьсон... Ганболд ахын гэрт байхад хажууд Амгалан ах байсан... 2017 оны 12 сард агсан тавиад миний өөдөөс шил шидээд миний гарыг нэг удаа зүсэж байсан тухайн үед эмнэлэг дээр ирж хуруугаа үзүүлж боолт хийлгэж байсан яг хэдний өдөр гэдгээ санахгүй байна... 2018 оны 07 сард намайг найз Огийнд сууж байхад эрүүл орж ирээд намайг миний хацар луу алгадаад хөхрөөхөөр нь би уйлаад эмнэлэг дээр ирж байсан бас хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна...Т ер нь бол намайг өөрийнхөө эрхшээлд байлгах санаатай байдаг юм би нэг юм хийе гэхээр дургүйцэж уурладаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/
Гэрч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр би гэрээсээ гараад хажууд байдаг айл болох Тийн гэрт нь очиход эхнэр С нь архи уусан байдалтай нөхөр Т нь ууртай хоорондоо хэрэлдэж маргалдсан байдалтай байсан. Тэгээд Т эхнэр Сыг нүүр лүү нь хоёр гурван удаа цохиод авахаар нь чи болио одоо наад нүүр ам нь хэцүүдлээ гэсэн тэгтэл миний үгэнд ороод гайгүй болоод салсан... Намайг байхад бол гараараа нүүр лүү нь гурван удаа цохьсон тухайн үед бол цус гараагүй нүүрээ дараад уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/
Гэрч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 25-ны 21 цагийн орчимд эмнэлэг дээр намайг дуудсан тэгээд яваад очиход Х.С нь баруун нүд хөхөрч хавдсан байдалтай байсан... Манай нөхөр Т нь найз Огийн гэрт унтаж байхад ирээд гараараа цохьсон гэж ярьж байсан... Сая 2019 оны 06 дугаар сард эмнэлэг дээр нөхөртөө зодуулсан гээд ирж байсан манай нөгөө эмч үзэж байсан нүдэнд нь цус хурсан хоолой боолгосон улайсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/
Гэрч З.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 23 цаг 45 минутанд эмнэлэг дээр намайг хүнд зодуулсан хүн ирлээ гэсэн дуудлагын дагуу очиж үзэхэд Х.С байсан толгой нь өвдөнө хэвлийдээ хүнд цохиулсан хөндүүрлэн өвдөнө зовиуртай байсан өвчин намдаах эм уулгаад ЭХО-д харуул гэсэн зөвөлгөө өгсөн...Нөхөр болох Т зодсон гэж ярьж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/
Гэрч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т халамцуу манай хаалгыг гаднаас нь түгжээг нь эвдэж орж ирээд манай гэрт хэрүүл хийгээд байхаар нь би гарцгаа битгий гэр оронд хэрүүл хийгээд бай гээд би хүний хүүхэд айлгаад гээд авах гэхэд С тэвэрчихсэн Т зодолдоод байсан... Би хүүхдийг аваад гараад явсан сүүлд нь хашаан дотороо зодолдоод байгаа бололтой С орилоод байсан... Өмнө нь байнга зодож дарамталдаг энэ удаагийн асуудал бол 4 дахь удаагаа болж байгаа...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 12 дугаар хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 22-23 дугаар хуудас/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 24-
Яаралтай тусламжийн хуудасны хуулбарууд /хх-ийн 29-31 дүгээр хуудас/
Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаартай:
“...Х.Сын биед баруун нүдний дотор салстын цус харвалт, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан баруун нүдний дотор салстын цус харвалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт/хх-ийн 14 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-33 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.Сыг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хацар луу нь алгадаж, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нүүрэн тус газарт нь цохиж хоолойг нь багалзуурдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Х.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр найзындаа ууж байтал нөхөр ирээд гэрлүүгээ явах уу гэхээр нь найзтайгаа юм ярьж суумаар байна гэхэд алгадсан. Гэхдээ хүчтэй чанга алгадаагүй ч хацар маань хавдсан байсан.2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр хөдөөнөөс ирэхэд нь би уусан байсан. Ажил хийсэнгүй, хүүхдээ харсангүй гээд уурлаж намайг боосон, салах уу гэхээр нь үгүй гэж хэлсэн. Би тухайн үед хойд айлд байсан. Гэртээ ороод гайгүй болох байлгүй гэж бодсон ч дахин уурлаад толгой руу цохьсон, мөн гэрт байсан банзаар миний зүүн тал руу цохьсон....” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэрээсээ гараад хажууд байдаг айл болох Тийн гэрт нь очиход эхнэр С нь архи уусан байдалтай нөхөр Т нь ууртай хоорондоо хэрэлдэж маргалдсан байдалтай байсан. Тэгээд Т эхнэр Сыг нүүр лүү нь хоёр гурван удаа цохиод авахаар нь чи болио одоо наад нүүр ам нь хэцүүдлээ гэсэн тэгтэл миний үгэнд ороод гайгүй болоод салсан....” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 25-ны 21 цагийн орчимд эмнэлэг дээр намайг дуудсан тэгээд яваад очиход Х.С нь баруун нүд хөхөрч хавдсан байдалтай байсан... Манай нөхөр Т нь найз Огийн гэрт унтаж байхад ирээд гараараа цохьсон гэж ярьж байсан... Сая 2019 оны 06 дугаар сард эмнэлэг дээр нөхөртөө зодуулсан гээд ирж байсан манай нөгөө эмч үзэж байсан нүдэнд нь цус хурсан хоолой боолгосон улайсан байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т халамцуу манай хаалгыг гаднаас нь түгжээг нь эвдэж орж ирээд манай гэрт хэрүүл хийгээд байхаар нь би гарцгаа битгий гэр оронд хэрүүл хийгээд бай гээд би хүний хүүхэд айлгаад гээд авах гэхэд С тэвэрчихсэн Т зодолдоод байсан...” гэсэн мэдүүлэг, Аюулын зэргийн үнэлгээний маягт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Яаралтай тусламжийн хуудасны хуулбарууд, Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02/0341 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.Төд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон
гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Харин хохирогч Х.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 01 сарын 06-ны өдөр амралтын өдөр байсан. Би найзтайгаа хамт пиво уугаад сууж байтал манай нөхөр гаднаас орж ирээд ажил дээр архи уулаа,хүн эм авах гээд байхад гээд уурласан.Орж ирээд намайг түлхсэн,би зөрөөд гараад явсан. Ажлын гадаа сууж байтал гэдэс хүчтэй өвдөхөөр нь эмнэлэг орсон. Эмч намайг чи архи уусан байна,яасан гэж асуугаад байхаар нь санаа зовоод нөхөр цохьсон гээд хэлсэн юм...” гэсэн мэдүүлгийг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Ш.Тийн 2019 оны 01 сарын 06-ны хохирогч Х.Сын элэг рүү цохьсон гэх үйлдэл гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчмыг баримтлан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх ба улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн талаар дүгнэлт гаргахаас татгалзсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /хохирол төлбөр төлсөн/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Ш.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан саналыг харгалзан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Төвшинтөгс нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хохирогч Х.С нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Т нь урьд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж уг торгуулийн ялын 450000 төгрөгийг бүрэн төлж Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 01/951 тоот албан бичгээр /хх-ийн 33/ тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Т.. аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай анийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч Т. овогт Г.ийн Т.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т.ийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т.. торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугцаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Г.Т. нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгө. шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т.. урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН