Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 742

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

Улсын яллагч: Ж.Энхжаргал,

Шүүгдэгч Б.Ж-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч И овогт Б-ны Ж-д холбогдох эрүүгийн 1903007440000 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ЕРТМ ХХК-д барилгын туслах ажилтан ажилтай, бүл 4, аав, ээж, дүүгийн хамт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамж, 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, / / И овогт Б-ны Ж,

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б-н овогтой Ж-нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Голомт банкны урд замд “Corolla Rumion” маркийн 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 49 настай, эмэгтэй Д.Д-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б-н овогтой Ж-нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Голомт банкны урд замд “Corolla Rumion” маркийн 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 49 настай, эмэгтэй Д.Д-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, /хх-ийн 3-7 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 тал/

 

Хохирогч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Голомт банкны урд замаар хойноосоо урагшаа чигтээ зам хөндлөн явган хүний зохицуулдаггүй гарцтай газраар ганцаараа гарч явсан. Тэгээд цааш нь юу болсоныг мэдэхгүй байна. Нэг сэртэл би гэмтлиин эмнэлэг дээр ирсэн насилкан дээр хэвтэж байсан. Би хөдлөх гэтэл бөгсөн бие хөдөлж чадахгүй байсан. Нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэхээр нь МRI хийлгэхэд нурууны сэртэн яс хугарсан байна гэсэн.  Одоо нуруу хэсгээр бага зэрэг зовирутай байна. Хэвтрийн дэглэм баривал хурдан эдгэрнэ гэж эмч хэлсэн. Би Голомт банкны урд замаар зам хөндлөн гарах үед зүүн талаас эхний эгнээгээр явж байсан хоёр автомашин надад зам тавьж өгсөн. Тэгээд хартал гурав дахь эгнээнд автомашин харагдаагүй. Тэгээд би зам хөндлөн гарах үед л гуравдугаар эгнээнд явсан автомашин намайг мөргөсөнийг сүүлд гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа дүү нараасаа сонсож мэдсэн. Би автомашинд мөргүүлээд ухаан алдсан байсан. Намайг мөргөсөн автомашины жолооч эмнэлэгт хэвтэх хугацаанд байнга эргэж тойрч байсан. Жолооч миний эмчилгээний зардал болох гурван сая төгрөгийг барагдуулсан тул гомдол санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 16 тал/,

Шүүгдэгч Б.Ж-мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 25-ны 16 цаг өнгөрч байхад “Corolla Rumion” маркийн 0000 УНО улсын дугаартай автомашинаа жолоодон Баянбүрдийн тойргоос хорооллын эцэс орохоор явсан. Би БГД-ийн 13 дугаар хороо Голомт банкны урд замаар зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр явж байтал хоёрдугаар эгнээнд явж байсан автомашин хурдаа хасахаар нь яагаад хурдаа хасав гэж бодоод хартал цаанаас нь явган зорчигч гараад ирсэн. Тэгэхээр нь би хурдаа хасаад зогсох гэтэл миний автомашин зогсохгүй би хувьдаа зайлуулж дарах гээд тусгаарлах зурвас луу дартал тэр хүнийг баруун талын их гэрлээрээ мөргөхөд явган зорчигч зүүн хэсгээрээ мөргүүлээд газарт унасан. Би автомашинаа зогсоогоод буугаад хартал мөргүүлсэн эмэгтэй гараараа газар тулсан бөгсөөрөө газар суусан миний автомашины урд байсан. Та зүгээр үү гэтэл мөргүүлсэн эмэгтэй би хаана байна гэж асуусан. Та Өргөөгийн уулзвар дээр байна, та хамаатан садангийнхаа утсыг надад өгөх үү гэхэд тэр эмэгтэй юу ч дуугараагүй. Хартал толгой зүүн хэсгээс нь цус гоожиж байсан. Би өөрийнхөө утсаар 103, 102 руу ярисан. Тэгээд түргэн тусламжийн автомашин ирээд тэр эмэгтэйг аваад явсан. Би 40 км цагийн хурдтай явсан. Явган зорчигч ертөнцийн зүгээр хойноос урагшаагаа явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан. Би 2-3 метрийн цаанаас явган зорчигчийг харсан. 2 дугаар эгнээнд явж байсан автомашин хурдаа хасахаар нь хартал гэнэт цаанаас нь явган зорчигч гараад ирсэн. Би зам хөндлөн гарч яваа явган зорчигчийг хараад шууд тормоз гишгэсэн боловч миний автомашин зогсолгүй гулсаад явган зорчигчийг мөргөсөн. Цаг агаар тогтуун үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Зам хуурай байсан. Би эрүүл явсан. 2019 оны 1 дүгээр сард би ХХБ-наас арван таван сая төгрөгийн зээл аваад энэ автомашиныг авсан юм. Монгол даатгал ХХК-д даатгалтай. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх бий. Би 2014 онД “Мөнгөн хөсөг" нэртэй жолооны дамжаа төгссөн. ...Замын хөдөлгөөнд оролцох бүрэн бүтэн байдлыг хангасан байсан, үзлэг оношлогоонд 2018 оны 2 дугаар сард орсон. Би хохирогч Д.Д-гийн эмчилгээний зардалд 3.000.000 төгөрг бэлнээр төлсөн. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү, би хохирлоо бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2019 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 0000 дугаартай хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлтэнд: “...Д.Д-гийн биед бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зулайн хуйханд шарх, зүүн тохойд зулгаралт, цус хуралт, зүүн даланд зулгаралт, бүсэлхий, аарцгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 25 тал/,

Хохирогч Д.Д-гийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн өвчний түүх /хх-ийн 52-59 тал/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 80, 81 тал/

Иргэний хариуцагч Т.Ганболдын: “...Corolla Rumion загварын 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Худалдаа хөгжлийн банкны өмч. Бүрэн бүтэн байсан. Хамгийн сүүлд 2018 онд үзлэг оношлогоонд орсон. Гэрээнд зааснаар жолооч учруулсан хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/

“Автотээврийн Үндэсний Төв” Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 00000 дугаартай: “...Toyoto маркийн Corolla Rumion загварын 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь урд буферийн баруун талын түгжээ мултарсан, урд копут баруун булан бага зэрэг нугарсан, баруун урд талын гэрэл хагарсан, баруун урд дохио ажиллахгүй болсон зэрэг байдалтай байна. Мөн зүүн талын ойрын, баруун талын ойр ба холын их гэрлийн тусгалын эрчим стандартын шаардлага хангахгүй байна. Дээрхи эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн болно. Ослоо өмнө үүссэн осолд нөлөөлөх эвдрэл, гэмтэлгүй болно. Уг автомашин нь шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй. Энэхүү тээврийн тоормосны ажиллагаа нь хэвийн стандартын шаардлага хангаж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-31 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Б.Ж-ыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 62 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 63 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 64 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 65 тал/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 66 тал/, Худалдаа хөгжлийн банкны зээлийн хүсэл, бусад баримтууд /хх-ийн 59-79 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

          Хохирогч Д.Д-гийн биед “бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зулайн хуйханд шарх, зүүн тохойд зулгаралт, цус хуралт, зүүн даланд зулгаралт, бүсэлхий, аарцгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл учирсан нь хэргийн 25 дахь талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Б.Ж-ын хохирогчийг автомашинаар мөргөсөн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд шүүгдэгч Б.Ж-ын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэг, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчиж, явган зорчигч Д.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

         Иймд шүүгдэгч Б.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

         Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч Д.Д- мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Жолооч миний эмчилгээний зардал болох гурван сая төгрөгийг бүрэн барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэнд дүгнэлт хийж шүүгдэгч Б.Ж-ас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй..

 

Шүүгдэгч Б.Ж-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ж-д ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн бусад туслалцаа үзүүлсэн, учирсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Ж-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Ж-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Хохирогч Д.Д- эмчилгээний зардалд нийт 805.383 төгрөгийн баримт гаргаж өгснөөс шүүгдэгч Б.Ж-эмчилгээний зардалд 782.472 төгрөг, гэм хорын хохиролд 3.000.000 төгрөг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүйг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болох жолооны үнэмлэх шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ж-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Б-ны Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний  аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Ж-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид нийт 3.782.472 /гурван сая долоон зуун наян хоёр мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийг нөхөн төлсөн тул шүүгдэгч төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА