| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 314/2025/00130/И |
| Дугаар | 204/МА2026/00003 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 204/МА2026/00003
2026 оны 01 сарын 19 204/МА2026/00003
Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын
газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Н даргалж, Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Б.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн хуралдаанд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,
Нарийн бичгийн дарга З.С нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 314/ШШ2025/00934 дугаар шийдвэртэй Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй *** ХХК-д холбогдох барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Н-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, *** ХХК-тай БАУ-ХНХЯ/201901013-04/2019 дугаартай Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр Усан спорт цогцолборын барилга угсралт, халаалт, салхивч, тоног төхөөрөмжийн угсралт хийж хүлээлгэн өгөх үүргийн гүйцэтгэлээс боулингийн тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч суурилуулах ажлыг хүлээлгэж өгөөгүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Тухайн барилга угсралтын ажил 2019 онд эхлээд боулингийн тоног төхөөрөмжийн хамт угсарч ашиглалтад оруулна гэсэн гэрээ хийгдсэн. Энэ ажлаас боулингийн тоног төхөөрөмжийн ажил Ковид цар тахалтай холбоотой хийгдээгүй. Боулингийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг одоо хүртэл хийгээгүй тул энэ ажлыг хийлгүүлж гэрээний үүргийг биелүүлж авах л хүсэлтэй байна. Тухайн компани тендерт оролцохдоо эрсдэлээ өөрөө 100% хариуцаж орж байгаа. Барилга угсралтын гэрээнд боулингийн тоног төхөөрөмжийг барилгын хамт хүлээлгэж өгнө гэж заасан. Хоёрдугаарт манайх *** ХХК-тай гэрээ байгуулсан. “***” ХХК-тай гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэлдээ тус компанийг хариуцагчаар татсан гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Гэрээнийхээ үүргийг биелүүлж, боулингийн тоног төхөөрөмжөө авчирсан. Гэхдээ ажил нь жигдэрч, үйл ажиллагаа нь эхлээгүй байгаа. Үйл ажиллагааг нь эхлүүлээд, жигдрүүлээд өгөөч гэсэн гэрээний үүргийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Одоо ашиглалтад оруулъя гэсэн хүсэлтэй байгаа. Захиалагч байгууллагын хувьд үндсэн гэрээ байгуулсан *** ХХК нь усан спортын төвийн барилгыг хүлээлгэн өгөхдөө боулингийн тоног төхөөрөмжийг хамт хүлээлгэн өгөх ёстой байсан. Тендерийн тоо хэмжээнд ч мөн заасан байгаа. “***” ХХК-ийг санал болгосон гэдэг баримт байхгүй. Тухайн үед бид бас байгаагүй учраас мэдэхгүй байна. Иймд гэрээний үүргийнхээ дагуу нэхэмжлэл гаргасан гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: *** ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 25-нд Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газартай БУАХНХЯ20190101304/2019 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасан ажлуудаас усан спорт цогцолборын барилга угсралт, халаалт, салхивч, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Харин *** ХХК нь усан спорт цогцолборын 2 давхарт байрлах боулингийн тоног төхөөрөмж байрлуулж, угсарч суурилуулах ажлыг 160,000,000 төгрөгт хийх боломжгүй, доод тал нь 300,000,000 төгрөг байж стандартын шаардлага хангасан төхөөрөмж авахаар байна гэж ажлыг хийх боломжгүй гэж тухайн үеийн Засаг дарга Г.Год хэлэхэд Г.Г дарга, тухайн үеийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Б, *** ХХК-ийн захирал Х нар уулзаж дахин тендер зарлахад хугацаа алдах учраас 160,000,000 төгрөгөөр гүйцэтгэх боломжтой хүн олно гээд “***” ХХК-ийн захирал О.Гийг дуудсан. О.Г нь 160,000,000 төгрөгөөр гүйцэтгэх боломжтой гэсний дагуу “***” ХХК-тай гэрээ байгуулчих захиалагчид туслан гүйцэтгэгчийг санал болгоод улмаар “***” ХХК-тай *** ХХК нь гэрээ байгуулж, “***” ХХК-ийн 5561302949 тоот дансанд 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 100,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 01, 04-нд тус тус 20,000,000 төгрөгийг нийт 160,000,000 төгрөгийг “***” ХХК-ийн 5561302949 тоот дансанд шилжүүлж өгсөн байдаг. Захиалагч талаас туслан гүйцэтгэгчийг санал болгосны дагуу туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан. Мөн гэрээний үнийн дүнг шилжүүлсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй нь “***” ХХК-ийн буруутай үйлдэл байх ба *** ХХК-д хамааралгүй байдаг.
Өөрөөр хэлбэл туслан гүйцэтгэгчийг захиалагч өөрөө туслан гүйцэтгэгчийг санал болгож, *** ХХК нь түүний дагуу гэрээ байгуулж өөрөөс хамаарах ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ хэрэг үүссэний дараа “***” ХХК-д *** ХХК нь нэхэмжлэл гаргаад “***” ХХК-ийн захирал О.Г нь 160,000,000 төгрөг хүлээн авсан нь үнэн, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор доголдолтой тоног төхөөрөмжийг засаж, янзалж, хүлээлгэж өгнө гэсэн тохиролцоотойгоор эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгчийн захирамж гарсан.
Нэгдүгээрт захиалагч өөрөө туслан гүйцэтгэгчийг санал болгосон. Хоёрдугаарт уг асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарчихсан байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр эсвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан.
Нэхэмжлэлд дурдсан үйл баримт давхцаж байгаа буюу Усан спорт цогцолборын 2 давхарт баригдсан боулингийн тоног төхөөрөмжийн ажлын доголдлын асуудал нь *** ХХК, “***” ХХК-ийн хооронд хэлэлцэгдээд шүүгчийн захирамж гараад хүчин төгөлдөр болчихсон.
Нэг үйл баримтад давхардуулж хэрэг шийдэхгүй байхаар Иргэний хууль, иргэний эрх зүйн онолд давхардсан нэхэмжлэлийг шийдэхгүй гэж байдаг. Иймд Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар “***” ХХК-г өөрсдөө санал болгочхоод, санал болгосон компани нь доголдол гаргаад байхад тэр компанитайгаа хариуцлага тооцохгүй *** ХХК руу нэхэмжлэл гаргаад байгаа нь учир дутагдалтай тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “***” ХХК-ийн захирал О.Гийн хувьд *** ХХК-аас туслан гүйцэтгэх тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан. Туслан гүйцэтгэх гэрээний дагуу тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Тоног төхөөрөмжийн зарим нь ажиллахгүй байгаа учраас Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Туслан гүйцэтгэгчийн ажлын доголдолтой холбоотой *** ХХК-аас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандсан байдаг. Үүний дагуу “***” ХХК-ийн захирал О.Гтэй эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталгаажуулж, хэрэгсэхгүй болгож шийдсэн байдаг.
Иймд нэгэнт шийдвэрлэсэн хэрэг учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар энэ асуудал бүрэн шийдвэрлэгдэх боломжтой тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт тус тус зааснаар Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч *** ХХК-д холбогдох 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн БУА-ХНХЯ/201901013-04/2019 дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Усан спортын цогцолборын барилга угсралт, халаалт, салхивч, тоног төхөөрөмж угсралт хийх ажлыг гүйцэтгэх тухай гэрээний үүргээс гүйцэтгээгүй үүрэг болох боулингийн тоног төхөөрөмжийн угсралт хийх ажлын гүйцэтгэлийг хариуцагч *** ХХК-аар хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *** ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 314/ШШ2025/00934 дугаар шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж гомдол гаргаж байна.
Хариуцагч *** ХХК нь туслан гүйцэтгэгч “***” ХХК- д холбогдуулж Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд Арвайхээр сумын 5-р багт байрлах Усан спорт цогцолборын 2 давхарт байрлах боулингийн тоног төхөөрөмжийн доголдлыг арилгуулах, гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргаж “***" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч талууд эвлэрч хэргийн хялбаршуулан журмаар шийдвэрлэж тус шүүхээс 2025 оны 06 сарын 06-ны өдрийн 314/ШШ2025/00364 дугаартай шүүгчийн захирамж гарч хүчин төгөлдөр болсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “65 дугаар зүйлийн 65.1.6. нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа, 117 дугаар зүйлийн 1. Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан.
Гэтэл шүүх хэргийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгохгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн гомдолтой байна Боулингийн тоног төхөөрөмж угсарч суурилуулах ажлыг 160,000,000 төгрөгт хийх ямар ч боломжгүй талаар *** ХХК-ийн тухайн үеийн удирдлага Захиалагч тал болох Өвөрхангай аймгийн тухайн үеийн засаг дарга Г.Г, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Баясгалан нартай уулзаж хэлэхэд эдгээр дарга нар нь “дахин тендер зарлахаар хугацаа их орно, 160 саяд багтааж хийх компаниа мэднэ гээд “***” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ хийчих гэж хэлсний дагуу *** ХХК нь туслан гүйцэтгэгчийн гэрээг хийсэн байдаг.
Иймд *** ХХК нь захиалагчийн оруулж ирсэн туслан гүйцэтгэгчийн хариуцлагыг хүлээх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 314/ШШ2025/00934 дугаартай шийдвэрийг өөрчилж, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 314/ШШ2025/00934 дугаар бүхий шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч *** ХХК-ийн төлөөлөгч Б.Хгийн гаргасан гомдлыг хүлээн авч танилцаад дараах хариуг хүргүүлж байна.
Анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 314/ШШ2025/00934 дугаартай шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гарсан бөгөөд хариуцагчаас гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаад анхаарч үүнийг шүүгчийн захирамжаар баталгаажуулж, гэрээний үүргээ биелүүлэхийг үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар нь *** ХХК-тай анхлан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “БУА-ХНХЯ/201901013-04/219” дугаартай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан, энэхүү гэрээний үүргээс биелэгдээгүй үлдсэн “боулингийн тоног төхөөрөмжийн угсралтын ажил” өнөөдрийг хүртэл хийгдээгүй байгаа бөгөөд захиалагч тал болох аймгийг Засаг даргын Тамгын газрын зүгээс Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.3 дахь хэсгийг үндэслэн гэрээний үүргийг биелүүлэхээр үндсэн хариуцагч болох гэрээ анх байгуулсан *** ХХК-иас нэхэмжлэх хууль зүйн үндэслэл үүсэж байгаа болно.
Аймгийн Засаг даргын Тамгын газар нь “ӨВМТХ" ХХК, туслан гүйцэтгэгч “***” ХХК нарын хооронд байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой асуудалд огт оролцоогүй, тэдгээрийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болох анхан шатны шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 314/ШШ2025/009364 дугаартай шийдвэрийг уг асуудалд хамааралгүй гэж үзэж байна.
Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 314/ШШ2025/00934 дугаар бүхий шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар тухайн үйл явдлын талаар шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Маргаан бүхий үйл явдал нь усан спортын боулингийн тоног төхөөрөмжийн доголдлыг засварлах асуудал байгаа. Тэр асуудлын талаар *** компани “***” ХХК –ийн хооронд 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэхэд доголдлыг засаж өгнө гэсэн эвлэрлийн гэрээ байгуулж 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 364 дугаартай захирамж гарсан байхад давхардуулаад хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт захиалагч тал нь туслан гүйцэтгэгчийг санал болгосон гэдгийг нотлоогүй гэж тайлбарласан байсан. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Л.Лаас 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд асуусан асуултад 160,000,000 төгрөгөөр боулингийн тоног төхөөрөмжийг хийх боломжгүй гэсэн. Тэгээд тендер зарладаг юм уу? эсвэл төсвийг нь нэмж 300,000,000 төгрөг болгож чанарын шаардлагыг хангасан тоног төхөөрөмж авахаар байна гэж хэлэхэд 160,000,000 төгрөгөөр хийж чадах хүнийг мэднэ гээд О.Гийг дуудсан байсан. О.Г нь “***” ХХК-ийн захирал байгаа. Тэгээд аймгийн засаг дарга байсан Г.Г, Өмчийн газрын дарга Баясгалан нартай уулзсан гэсэн шүүх хуралдааны тэмдэглэл байгаа. Мөн *** компанийн гаргасан албан бичгийг нотлох баримтаар өгсөн байгаа. Хавтаст хэрэгт мөн захиалагч туслан гүйцэтгэгчийг захиалагч тал нь өөрөө хандивласан талаар *** компанийн “***” ХХК–ийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн шүүхэд гаргасан тайлбарт байгаа. Мөн О.Г захирлын өөрийнх нь гаргаж байсан тайлбар байгаа. Энэ тайлбарын 1 дүгээр хуудасны хамгийн доод хэсэгт улмаар комиссын гишүүдийн саналаар орж ирэхгүй байгаа онооны жижиг самбарын дэлгэцийг 5 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө сольж хэвийн болгож байж эцсийн акт зурагдана гэдэг саналыг манай компани дээрх хугацаанд багтаан хэвийн болгож дахин комисс ажиллахаар болсон. Иймд манай компани 5 дугаар сарын 10-ны өдөр багтаан жижиг дэлгэцийг сольж хэвийн болгох, тус хугацаанаас эхлэн цаашид боулингийн тоног төхөөрөмжийг хүний буруутай үйлдэл, орчны ус чийг, буруу ашиглалт зэргээс шалтгаалсан эвдрэл гэмтлийг нэг жилийн хугацаатай хариуцах болно. Мөн тус тоног төхөөрөмжийг угсарч нийлүүлэх үед тухайн үеийн Засаг даргын захирамжтай 11,000,000 төгрөгийн угсрах зардал шийдвэрлэж өгч байсан. Энэ зардлын үлдэгдэл мөнгийг комисс ажиллаж хүлээж авсны дараа буюу 5 дугаар сарын 10-ны дотор үлдэгдэл мөнгийг манай компанид гаргаж өгнө үү гэж хүсэж байгаагаа аймгийн Засаг даргын Тамгын газарт илэрхийлж албан тоот хүргүүлж байна гээд 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн тайлан байгаа. Тендерийн материалд тоног төхөөрөмжийг 160,000,000 төгрөгөөр хийхээр заасан. Тэр 160,000,000 төгрөгийг *** компанийн зүгээс “***” ХХК руу 4 хувааж эхний удаа 100,000,000 төгрөг, дараа нь 20,000,000 төгрөгөөр 3 удаа шилжүүлж өгсөн байдаг. Тэгээд 160,000,000 төгрөг авсны дараа “***” ХХК аймгийн Засаг даргын Тамгын газартай ямар ч харилцаа холбоогүй байсан. Энэ 160,000,000 төгрөг дээр нэмж 11,000,000 төгрөгийн угсралтын зардал гээд авсан байгаа. Дахиад үлдэгдэл мөнгө авна гэж ярьсан байдаг. Хэрвээ “***” ХХК *** компанитай гэрээ байгуулсан бол Засаг даргын Тамгын газраас дахиад нэмж зардал гаргаж өгөхгүй байсан. Аймгийн Засаг даргын Тамгын газраас “***” ХХК-ийг *** компанид туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулахыг өөрсдөө санал тавьсан. Захиалагч тал нь санал тавьж байгаа нөхцөлд гүйцэтгэгч компани түүнээс татгалзах үндэслэл байхгүй. Төсвөөс өгсөн 160,000,000 төгрөгийг бүгдийг өгсөн. Иймд захиалагчийг санал болгосон туслан гүйцэтгэгчийн ажлын доголдлыг *** ХХК хариуцах хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэв.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн усан спорт сургалтын төвийн барилгыг барихдаа тухайн компани эрсдэлээ 100 хувь дааж бид нарын өгсөн тоо хэмжээний дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ гэж гэрээ байгуулсан. Тухайн компани гүйцэтгэнэ гэсэн учраас үүргээ гүйцэтгэж боулингийн тоног төхөөрөмжийг угсарч нийлүүл гэдэг шаардлага тавьсан. Эвлэрсэн хугацаа буюу 2025 оны 5 дугаар сарын 11-ний өдөртөө багтаад тоног төхөөрөмжөө янзлаад, ажиллагаа бүх юм нь болж байсан бол бид цаг заваа алдаад яваад байх шаардлага байхгүй. Иймд гэрээнийхээ үүргийг биелүүлнэ үү гэв.
ХЯНАВАЛ:
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
12. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
13. Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас *** ХХК-д холбогдох барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж маргасан.
14. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт тус тус зааснаар Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч *** ХХК-д холбогдох 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн БУА-ХНХЯ/201901013-04/2019 дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Усан спортын цогцолборын барилга угсралт, халаалт, салхивч, тоног төхөөрөмж угсралт хийх ажлыг гүйцэтгэх тухай гэрээний үүргээс гүйцэтгээгүй үүрэг болох боулингийн тоног төхөөрөмжийн угсралт хийх ажлын гүйцэтгэлийг хариуцагч *** ХХК-аар хангуулахаар шийдвэрлэжээ.
15. Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар нь ӨВМТХ ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр БАУ-ХНХЯ/201901013-04/2019 дугаартай Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан ба гүйцэтгэгч байгууллага болох *** ХХК нь Усан спортын цогцолборын барилгын ажлын нэгдсэн төсөвт заасан /хавтаст хэргийн 179 дүгээр хуудас/ боулингийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “***” ХХК-тай “Туслан гүйцэтгэгчтэй хийх гэрээг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/ үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.
16. Хариуцагч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х “***” ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** ХХК “***” ХХК-д холбогдуулан ...08/2020 дугаартай туслан гүйцэтгэгчтэй хийсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай баримтыг шүүхэд өгсөн боловч энэхүү шүүгчийн захирамж нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаж байгаа асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэж байгаа боловч урьд шийдвэрлэгдсэн хэрэгтэй холбоотой боловч тухайн маргааны талаар өөр этгээдэд холбогдох нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.- д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй.
Мөн хариуцагч талаас “...захиалагчийн санал болгосон этгээдтэй туслан гүйцэтгэх гэрээ хийсэн...” гэж маргаж байгаа боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, энэ нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байх шалтгаан биш юм.
17. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 314/ШШ2025/00934 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Н
ШҮҮГЧИД Н.Э
Б.Ц