| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 314/2025/00511/И |
| Дугаар | 204/МА2026/00001 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 204/МА2026/00001
2026 оны 01 сарын 19 204/МА2026/00001
Б.Гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн хуралдаанд
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г /цахимаар/
Нарийн бичгийн дарга З.С нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 314/ШШ2025/00856 дугаар шийдвэртэй Б.Гийн нэхэмжлэлтэй “Д И” ХХК-д холбогдох 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А-29 дугаар “Арга хэмжээ авах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин орлогод 30,000,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг “Д И” ХХК-д даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Ажилгүй байсан хугацааны цалин, олох байсан орлого 60,000,000 төгрөгийг нөхөн гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Н-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Г анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Миний бие Б.Г нь "Д И" ХХК-д 2020 оны 03 дугаар сараас эхлэн өөрийн эзэмшлийн 45 хүний суудалтай тээврийн үйлчилгээний онцгой нөхцөлт хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Гэтэл 2025 оны 07 дугаар сард явах байсан 6 удаагийн тээвэрлэлтийг хасаж, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А-29 дугаар тушаал гарган 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан байсан. Надад ямар нэгэн тушаал шийдвэр танилцуулаагүй, гардуулаагүй. Ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа талаар мэдэгдээгүй. Улмаар миний бие Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Тус хорооноос маргаан шийдвэрлэхэд талууд харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Би өнгөрсөн хугацаанд "Д И" ХХК-д ажиллах хугацаандаа ямар нэгэн ёс зүйн болон мэргэжлийн хариуцлага гаргаж байгаагүй. Ямар нэгэн сахилын хуудас болон сахилгын шийтгэл авч байгаагүй болно.
Иймд "Д И" ХХК-ийн захирлын "Арга хэмжээ авах" тухай 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А-29 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, орлого 30,000,000 төгрөгийг нөхөн гаргуулж, нийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг "Д И" ХХК-д даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин, олон байсан орлого 60,000,000 төгрөгийг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Б.Г анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Би “Д И” ХХК-д 2019 оноос эхлээд өөрийнхөө хувийн автобусаараа явж эхэлсэн. Хамгийн сүүлийн рейс нь 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хийгээд 7 дугаар сарын 01-нээс нь надад хуваарь хийгээгүй байсан. Яагаад 7 дугаар сард хуваарь хийгээгүй вэ гэхэд дотоод хяналтын шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан гэсэн. Дотоод хяналтын шалгалтыг бид нарт урьдчилж хэлж танилцуулаагүй, мэдэгдээгүй байхад шалгалтын дүн хангалтгүй гэсэн үнэлгээ гаргаж үндэслээд тушаал гаргаж байна гээд 7 дугаар сард хуваарь тавьж өгөөгүй.
Бид өдрийн 8 цагийн ажилтай ажилчид биш болохоор сард 6 рейсийн буюу тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байх цагаар явдаг болохоос өдөр болгон Дэлгэрэх дээр очиж цагаа бүртгүүлэх шаардлагагүй байдаг. 7 дугаар сард надад хуваарь нэгэнт тавьж өгөөгүй болохлоор нь би амралтаа аваад гэрийнхэнтэйгээ хөдөөгүүр явчхаад ирсэн чинь 8 дугаар сарын 1-нээс дахиад хуваарь хийгээгүй болохоор нь яагаад хийгээгүй юм бэ гэсэн чинь тушаал гаргачихсан байна гэсэн. Надад тушаалыг ерөөсөө танилцуулаагүй.
Сүүлд гурван талт хороогоор дүгнэлт гаргаж заавал ор гэсэн. Тэр арга хэмжээ авах тухай тушаалыг гэрчээр оролцож байгаа Чулуунчимэг, Золзаяа 2 авч ирж өгсөн. Тээвэрлэлт хийж байх хугацаанд Улаанбаатар хотын Драгоноос тухайн өдрийнх нь шалгаж байцаагч нар нь бүгд шалгаж гаргадаг. Хамгийн анх 2023 оны 12 дугаар сард Дэлгэрэх 10 тээврийн хэрэгсэлтэй байсан. 2 тээврийн хэрэгсэл нь явахаа болиод 8 тээврийн хэрэгсэлтэй болсон. 2 тээврийн хэрэгсэл дээрээ тендер зарласан. Зарласан тендерт машин орж ирээгүй учраас Дэлгэрэх хүчээр явж байгаа 8 жолооч нараас нь нэг машины нийт төлбөрийг 10,000,000 төгрөгөөр бодоод 20,000,000 төгрөгөө бид нараас хүчээр суутгаж авсан. Яг тэр үед нь ажиллаж байсан инженер Лхагвадорж одоо ажиллаж байгаа нягтлан Сувдсүрэн нар нь бүгд мэдэж байгаа. Тэр 20,000,000 төгрөгийг тухайн үеийн баримтаар нь зураад явъя гэсэн. Наймуулаа үйл ажиллагаандаа яваад тун удаагүй байж байтал Алтаншагай гэдэг нөхрийг оруулж ирсэн. Бид А орж ирж байгаа бол 20,000,000 төгрөгөө авъя гэсэн. Түүнээс болж хэрүүл маргаан үүсээд надад ажлаас халах юм явчихлаа. “Д И” ХХК-аас 7 дугаар сард хуваарь тавиагүй учраас би ажил хийх боломжгүй болсон. 7 дугаар сарын 30-нд ирсэн гэдэг нь худлаа, 8 дугаар сарын 04-ний өдөр тушаалаа авах гэж ирсэн. Яагаад гэвэл би авто тээврийн ойд оролцоод маргааш нь ирсэн байдаг. Тэгээд тушаалтай танилцаад авах гэтэл надад тушаал өгөөгүй гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Манай байгууллага нь Авто тээврийн тухай хууль болон Шуудангийн тухай хууль, Зам тээврийн эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021 дугаартай Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн зохион байгуулалт гүйцэтгэх гэрээг Авто тээврийн үндэсний төвтэй байгуулан ажилладаг. Энэхүү гэрээний дагуу 13 дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр, Улаанбаатар хот, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум чиглэлд хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн чиглэлийн хөдөлгөөний цагийн хуваарь, жолоочийн хөдөлмөр амралтын горимыг баримтлан тээврийн хэрэгслийн тав тухтай, соёлтой, аюулгүй байдал, шуурхай, асралтгүй үйлчилгээг үзүүлж ажилладаг.
Манай байгууллагын ажилтан Б.Г нь өөрийн 35 хүний суудалтай том оврын автобусаар хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг байсан. Тээврийн хэрэгслийг бид зах зээлийн боломжийн нөхцөлөөс шалтгаалан өөрийн хөрөнгөөр худалдан авах, үйлчилгээнд явуулах боломж хомс байсан тул нэг удаагийн тээвэрлэлтийн хөлсөөр нь тодорхойлж, сард 6 удаагийн рейс явна гэж тооцоод авто тээврийн автобусны үйлчилгээг хэвийн явуулах шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байсан. Гэвч манай байгууллага тээвэрлэлтийн үйлчилгээний захиалгат байгууллага болох Авто тээврийн үндэсний төвөөс өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүний нөөцийн томоохон шинэчлэлийг хийх зорилгоор 2025 оны 5 дугаар сараас эхлэн жолооч Ц.Аг хөдөлмөрийн гэрээний дагуу авч ажиллуулж эхэлсэн байдаг. Гэтэл жолооч А-тай холбоотойгоор жолооч Ч, Г, А нар 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдэл хүргэх тухай албан бичиг, мөн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай хот хоорондын тээврийн замын хуудас, төлбөр батлах захирлын тушаал хүчингүй болгуулах шаардлагыг тус тус гаргасан байдаг.
Байгууллагын зүгээс энэхүү шаардлагуудыг нь тодорхой шат дараатай хүлээж авч шийдвэрлэсэн бөгөөд тухайн шаардлагынх нь дагуу тухайн тушаалыг хүртэл хүчингүй болгосон байдаг. Мөн тэд өөрсдийн хамт ажиллаж байгаа жолооч болох Алтаншагайг үүрэгт ажлаас нь халах, цаашид нэмэлт автобус үйлчилгээнд гаргахгүй байх, тухайн үйл ажиллагааг ажиллагааны цэвэр ашгаас хувь хувааж өгөхийг шаардах болсон. Үүнтэй холбоотойгоор хууль бус шаардлагын дагуу шаардлагыг удаа дараа хариу өгч байсан.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1-д заасны дагуу Үйлдвэрчний эвлэл зохион байгуулах эрхтэй гэх тус хуулийн зохицуулалт мөн тус хуулийн 25.1.1-25.1.5.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байхад ажил хаялтыг зохион байгуулсан байдаг. Үүнтэй нь холбоотойгоор байгууллагаас өөр жолоочдыг гаргаад автобус гаргах гэтэл суудал дүүрсэнтэй холбоотойгоор жолооч нар ажлаа хаялаа гэдэг байр суурь гаргаад буцаад ажилласан. Жолооч нартай холбоотой асуудал нь өөрөө хууль зөрчсөн асуудал гэж бид харсан.
Гэхдээ байгууллагын захирлын зүгээс жолооч нартайгаа олон жилийн хугацаанд хамтарч ажиллаж байсан. Тийм учраас бид энэ хууль бус ажил хаялттай холбоотой асуудлыг нь ярихгүйгээр асуудлыг эндээ нэг мөр шийдмээр байна гэдэг асуудлыг ярьсан. Тухайн мэдэгдэлтэй нь дарга нар болон бид нар танилцаад үзэхэд мэдэгдлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд жолооч нарт 5 жилийн хугацаатай гэрээ байгуулах, жолооч тус бүр дээр нэг жилийн гэрээний төлбөр 1,000,000 төгрөг, сар бүр компанийн жолооч тус бүрд 200,000 төгрөг, гараашны түрээсэнд жолооч тус бүр 100,000 төгрөг төлөх, компанийн зүгээс цаашид нэмж жолооч авахгүй, тээврийн хэрэгсэл оруулахгүй байх асуудлыг мөн оруулсан байсан. Гэхдээ энэ нь захиалагч байгууллагын хүсэл сонирхол болон бусад зүйлээр боломжгүй байсныг тухайн үед нь бид харилцан тохиролцож шийдвэрлээд өнгөрсөн.
Мөн 2025 оны тээврийн хэрэгслийн татварыг төлөөгүй, авто тээврийн хэрэгслийн доторх санамж бичгүүдийг үйлчлүүлэгчид ойлгомжтой, ил харагдахуйц газар байрлуулах захиалагч байгууллагын шаардлагыг мөн биелүүлээгүй. Тэгээд өөрийн энэхүү үйлдэлтэй холбоотой буюу энэхүү шалгалттай холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрч байна гээд гарын үсэг зурчихсан байдаг. Хяналт шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан ажилтан, албан хаагч нартай харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах, хамтран ажиллах, алдаа дутагдлаа арилгах хугацааг тогтоож өгсөн байдаг.
Гэвч жолооч Б.Г нь үүрэгт ажлаа цааш нь гүйцэтгэх боломжгүй болсноор хөдөлмөрийн гэрээг дуусгах асуудлыг ярьж, мөн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн бүртгэлээс хасуулах хүсэлтээ удаа дараа гаргасан байдаг. Манай байгууллага ямар нэгэн байдлаар түүнийг хүчээр албан тушаалаас нь чөлөөлсөн зүйл байгаагүй бол хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ, жолоочийн онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 4.2.6-д заасан үүргээ биелүүлээгүй 7.3.11-д заасан ажилтан, албан хаагчийг тавьсан хууль болон энэхүү гэрээний дагуу ёсны шаардлага, хүсэлтийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан, мөн гэрээний 4.7.3.16-д заасан бусад ажилтныг дарамтлах, дээрэлхэх зэргээр тохуурхах, үйл ажиллагаа явуулах болсон зэрэг үндэслэл нь мөн 7.3.22-т заасан байгууллагын захирлын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хувийн зарлагаар ашигласан байх магадлалтай нөхцөл байдлуудыг тогтоогдсон гэдэг байдлаар үзсэн.
Мөн жолооч Г нь өөрийн санаачилгаар ажил үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй болсон тул харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болгосон тул “Д И” ХХК-ийн захирлын арга хэмжээ авах тухай 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, ажил эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин орлого 30,000,000 төгрөгийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөж баталгаажуулалт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө үндэслэлгүй байна гэсэн бичгийн тайлбарыг гаргаж өгсөн. Дотоод хяналт шалгалттай холбоотой асуудал юу болсон бэ гэхээр ер нь жолооч нартай холбоотой нэлээдгүй асуудал гараад дээр нь хүнс дээр бас асуудал гараад байсан. Тухайн цаг хугацаанд би юу гэж зөвлөсөн бэ гэхээр байгууллагынхаа хэмжээнд танайх хяналт шалгалт хийдэг үү гэхэд тийм зүйл байхгүй гэсэн. Тэгвэл хэдүүлээ нийт хэмжээгээр нь хяналт шалгалт хийгээд ер нь ажилчид ямар байгаа юм, ямар нөхцөлд ажиллаж байгаа юм, шаардлагатай хөдөлмөрийн нөхцөлийг нь сайжруулах зүйл байвал асуудлаа шийдүүлээд, ингэхдээ дандаа мэргэжлийн хүмүүсийг нь энэ ажлын хэсэгт нь оруулаарай гэсэн.
Үүний дагуу тээвэр зохицуулагч болон хүний нөөц гээд холбогдох албан тушаалтнуудаас нь бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаад энэ ажлын хэсэг шалгалт хийсэн байна. Шалгалтын үнэлгээнд хангалтгүй үнэлгээ авсан асуудал гарсан. Тайланг нь өөрт нь танилцуулаад түүнд нь өөрөө хүлээн зөвшөөрсөн гээд гарын үсэг зурчихсан. Ийм асуудал байгаа. Үүнээс үүдэлтэйгээр сахилгын шийтгэл оногдуулах гээд байна шүү, арга хэмжээ авна шүү гэдэг асуудал яриад А гэдэг хүн ирж уулзаад танилцаад, тэгээд дараагийн шатууд явсан гэдэг асуудал яригдаж байгаа.
Шүүхэд хэлэлцүүлсэн баримтууд болон бусад нотлох баримтуудынхаа дараах дүгнэлтийг хийж байна. 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай арга хэмжээ авах тухай тушаалаар Б.Г, Д.А нар дотоод хяналт шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан тул арга хэмжээ авах шаардлагатай талаар мэдэгдэл бүхий тушаалыг гаргасан бөгөөд энэхүү тушаалтай холбоотойгоор ажилчдад танилцуулж, уулзалт зохион байгуулсан байдаг. Уулзалтын үр дүнд А нь өөрийнхөө зөрчил дутагдлыг ойлгож, энэ талаар арга хэмжээ авах талаар ойлгоод зөвшөөрсөн байдаг.
Б.Гийн хувьд тухайн уулзалтад зөвшөөрөөгүй, ирээгүй бөгөөд өөрөө тухайн үед өөр байгууллагад ажиллаж байсан гэдэг байдлаар ярьж байсан нь нийгмийн даатгалын лавлагаагаар нотлогдож байна гэж үзэж байгаа. 2025 оны 5, 6 дугаар сард өөр байгууллага буюу “***” констракшн ХХК-д ажиллаж байсан байна гэдэг нь нийгмийн даатгалын лавлагаагаар гараад байгаа. Эдгээр үйлдлүүд нь өөр байгууллагад ажил үүргээ гүйцэтгэж явсан тул хөдөлмөрийн гэрээний 5.4.9 дэх заалт буюу тухайн үйл ажиллагаанд ажилтан үндсэн ажил, чиг үүрэг эс үгүй бол үйл ажиллагаа, ажил олгогчийн энэ хөрөнгийг ашиглах гэж заасан заалтыг мөн зөрчиж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, ажил олгогч ямар нэгэн байдлаар мэдэгдээгүйгээр өөр албан тушаал хашсан. Мөн энэ дайврын асуудал яриад байна. Гэтэл ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд энэ талаар ийм асуудал гарах юм бол та мэдэгдээрэй, эс үгүй бол байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулаад арга хэмжээ байгууллага авна шүү гэдэг байдлаар хандсан байтал нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ шууд оруулаад ирсэн. Би давхар орлого олдог байсан шүү дээ. Энэ бас нэг төрлийн зөрчил гэдэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдлоо гэж үзээд байгаа.
Мөн хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан талаар Хөдөлмөрийн гэрээний 7.3.3-д байгууллагын эд хөрөнгө, мөнгө, бараа материалын хариуцаж байгаа ажил дээр ажил олгогчийн итгэлийг алдсан, буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь мөнгөнд хамаарч байгаа. Мөн гэрээний 7.3.5-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийг ажил тасалсан гэдэг асуудлыг мөн талууд зөвшөөрсөн байдаг. Үүнийг зөрчсөн гэж ажил олгогчийн зүгээс үзсэн.
Мөн тэрээр тухайн гэрээний 7.3.7-д ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр өөр ажил олгогчдыг хөдөлмөрийн гэрээ эс үгүй бол контрактын зэрэгцээ гэрээ байгуулахыг хориглоно гэх заалтыг зөрчсөн баримт хэргийн материалаас нь тогтоогдож байна гэж үзэж байна. Мөн тэрээр сахилгын шийтгэл тушаал гарсантай холбоотойгоор ажлаас гарах хүсэлт гаргаж өөрийн тээврийн хэрэгслийг байгууллагын бүртгэлээс чөлөөлж хөдөлмөрийн гэрээгээр цуцлах хүсэлтийг гаргасан тул шилжүүлэх талаар албан бичгийг тухайн шүүхэд нь өгсөн байдаг. Байгууллагын арга хэмжээ авах тухай тушаал нь 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гарсан.
Мөн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тус тус гарсан байдаг. Энэхүү шийдвэртэй холбоотой гомдол саналыг хүлээж аваад 2025 оны 7 дугаар сарын 01, мөн 2025-ны 8 дугаар сарын 01-ний өдөр тушаал шийдвэрүүдийг гаргачихсан байдаг. Нэхэмжлэгч өөрөө энэхүү сахилгын шийтгэлтэй холбоотой асуудлаар маргаагүй зөвшөөрсөн. 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ирж уулзсан.
Гэтэл арга хэмжээ авах тухай тушаал нь 25-ны өдөр гарсан байдаг бөгөөд тухайн өдөр энэ хүнд танилцуулагдсан байгаа. Үүнтэй тэр тухайн тушаалыг хуулбарлан авах асуудал яригдах боломжгүй. Учир нь энэ мэдэгдэл маягийн гарч байгаа тухайн хүний санал хүсэлтийг сонсох байдлаар тушаалаа 8 сарын 1-ний өдөр өгсөн байгаад байгаа. Үүнийгээ ирж ав, тушаал шийдвэр чинь гарчихсан байна гэдэг зүйлийг гэрч Ч ярьсан. Гэтэл би өөр газар явж байна чи миний өмнөөс зурчих гэдэг асуудлыг ярьсан. Мөн тухайн үнэлгээний хорооны дүгнэлтэд бичгээр гарын үсэг зуруулсан асуудал яригдлаа.
Гэвч харах юм бол нэхэмжлэгч болон Ч, З гэдэг эмэгтэй нар хүчээр зуруулах боломж байна уу гэдэг нь харагдахгүй байгаа юм. Яагаад гэвэл ямар ч боломжгүй харагдаад байна. Мөн ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээтэй холбоотойгоор 1,010,000 төгрөгийн цалин олгогдож байгаа шүү гэдэг байдлаар ажилтантай тохирсон байдаг. Яагаад гэвэл тухайн оны 3 дугаар сард нийгмийн даатгалаас шалгалт ороод та нар яагаад энэ жолооч нарт их хэмжээний мөнгө өгөөд байгаа юм бэ? Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна гээд байгууллага торгуулсан байдаг. Тухайн үед бид торгуулсан учраас жолооч нартайгаа тохироод сая 1,010,000 төгрөгийн цалинг та бүхэнд олгоно гэсэн хөдөлмөрийн гэрээ байгаа. Бид хамтран ажиллах гэрээний дагуу автобус ашигласантай холбоотой зардлыг та бүхэнд гаргаад өгчихнө. Та бүхэн зөвхөн энэ замын хуудасны мөнгөө бид нарт өгөөрэй. Бид та бүхний энэ зохицуулагч болон бусад ажилчинд цалинг нь олгодог гэсэн асуудлаар яригдсан байдаг. Үүнд талууд 1,010,000 төгрөг бусад орлого нь болохоор тэргүй хамтран ажиллах гэрээний дагуу явж байгаа.
Тэгэхээр онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй холбоотойгоор бид нар 60,000,000 төгрөг гаргаж өгөх ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл ажилтан ажилд эргүүлэн тогтоолгох юм уу гэдэг шүүгчийн асуултад тогтоолгохгүй гэдэг зүйлийг ярилаа. Өнөөдрийг хүртэл 60,000,000 төгрөгийг ямар үндэслэлээр авах гээд байгаа юм бэ гэхээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр.
Гэтэл хөдөлмөрийн гэрээ болон бусад баримтаар бид нар нийгмийн даатгалын шимтгэл зэрэг баримтаар бид нар 1,010,000 төгрөг авдаг байсан гэдгийг нотлогдож байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага өөрөө их тодорхойгүй нөхцөл байдал бий болгоод байна. Өөрөөр хэлбэл 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах гэж байгаа. Энэ тушаал мэдэгдэл байдлаар гарсан гэдгийг гэрч бусад хүмүүс маргасангүй. Яагаад гэвэл энэхүү тушаалтай танилцсан, нэг хувь хуулбарлая гэсэн тушаалыг хуулбарлуулаагүй асуудал яригддаг. Энэ нь ийм тушаал гарах гээд байна шүү гэдэг байдлаар тухайн үедээ хандаад байгаа. Түүнийх нь маргааш өдөр буюу 8 дугаар сарын 1-нд тушаал нь гарчихсан, энэ тушаалыг ирж аваарай, танилцаарай гээд хэд хэдэн удаа залгасан гэрчүүд залгасан гээд байгаа. Тэгтэл ирж аваагүй. Тэгээд гурван талт хороонд хандсан. Хороонд аваачиж өгөхдөө арга хэмжээ авах тухай ийм урьдчилсан тушаалыг гаргаад тушаалыг аваачаад өгсөн. Үндсэн тушаалыг бид шүүхэд нотлох баримтаа гаргах эрх үүргийнхээ хүрээнд гаргаж өгсөн.
Мөн гурван талт хорооноос ямар нэгэн байдлаар энэ тушаал шийдвэрийг авчир гэсэн албан бичиг тухайн үед ирж байгаагүй. Хамтран ажиллах гэрээтэй холбоотой хөдөлмөрийн гэрээ байгуулагддаг. Хөдөлмөрийн гэрээний дагуу бид нар 1,010,000 төгрөгийн цалин олгож байгаа. Хамтран ажиллах гэрээ гэдэг энэ тусдаа зохицуулалттай буюу түрүүний гэрч хүртэл хэлж байсан. Хамтран ажиллах гэрээ нь өөрөө ямар учиртай вэ гэхээр тухайн сард энэ автобусыг ашигласны төлбөр гэдэг байдлаар өгөх, тэр хууль зүйн зохицуулалтыг хамтран ажиллах гэрээний дагуу гээд гарч байгаа байгууллагын хувьд тээвэрлэлттэйгээ холбоотой нэг ч төгрөгийн ашиг олдоггүй. Жолооч нар жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулчихсан, манай найдвартай жолооч нар байгаа гэдэг байдлаар тухайн үедээ хандаж байсан.
Дотоод хяналт шалгалт зохион байгуулаад үүний үр дүнд Г, А жолооч нараас сахилгын шийтгэл оногдуулах ийм үндэслэлтэй байгаа талаар арга хэмжээ авах нь зүйтэй байна гэдэг шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой тайлбар мэдүүлэг авахад ирээгүй. Тэгээд хэрвээ сахилгын шийтгэл оногдуулсны дараа ирсэн тухай шийдвэрийг ч хүлээн зөвшөөрөөд 8 дугаар сард нь ирсэн. А зөвшөөрөөд ирсэн. Б.Г огт уулзаагүй гэж байгууллагын зүгээс яриад байна. Байгууллагын шийдвэрүүд нь өөрөө хуульд үндэслэн үндэслэл бүхий байгууллага нь дарааллын хувьд тухайн ажилтны эрх ашиг сонирхлыг зөрчихгүйн үүднээс гаргасан шийдвэрүүд харагдаад байгаа.
Цалингийн хувьд ямар нэгэн байдлаар бид хэдхэн сарын хугацаанд 60,000,000 төгрөг олох ямар ч боломж байхгүй. Цалин өөрөө 1,010,000 төгрөг байгаад байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон тушаал болон энэ цалин гэж үзээд байгаа 60,000,000 төгрөг нь өөрөө үндэслэлгүй байна гэж байгууллагын зүгээс хараад 7 дугаар сард ажилтан ажил дээрээ ирээгүй ч гэсэн ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийн төлөөд хүлээгээд байж байсан байдаг. Хэд хэдэн удаа ажлаа хийх юм уу, яах юм гэдэг талаар ярьсан гэдэг зүйлийг тухай цаг хугацаанд нь над руу мэдэгдээд явж байсан. Тийм учраас хууль зүйн хувьд тушаал шийдвэр үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Д И” ХХК-ийн захирлын 29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх гэсэн үндсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч 2020 оноос эхлэн тус компанид жолоочоор 45 хүний автобусаар ажиллаж эхэлсэн. Хоорондоо онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл 2025 оны 6 дугаар сарын сүүлээр 7 дугаар сард явах байсан хуваариас хассан талаар компаниас мэдэгддэг. Үүний дагуу 7 дугаар сард яваагүй. 8 дугаар сарын 01-нээс үргэлжлүүлэн ажлаа хийх гэхэд ажлаас чөлөөлсөн тушаал гарсан гэдэг байдлаар ажиллуулдаггүй.
Ийм нөхцөл байдал үүссэн тул Арвайхээр сум хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороонд гомдол гаргасан. Гомдол гаргахдаа тухайн хорооны тэмдэглэлд дурдсанаар тушаал танилцуулаагүй, гардаж аваагүй гэдэг үндэслэлээ тайлбарласан. Огт тушаалгүй байсан учраас хэдний өдрийн ямар дугаартай тушаалыг хүчингүй болгох гомдол гаргаж байгаа талаар дурдаагүй байгаа нь харагдаж байгаа.
Хөдөлмөрийн маргаан таслах комисс хороонд 2 талаас нотлох баримт гаргуулах ажиллагаа хийгдсэн. Үүний дагуу 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай тушаалыг тухайн компаниас гаргуулж ирсэн гэдэг байдлаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. Уг тушаалыг хорооноос авсныхаа дараа нэхэмжлэлд хавсаргаж шүүхэд нэхэмжлэлээ өгсөн. Уг тушаалтай холбоотой асуудалд огт танилцуулаагүй, тушаал гарсан талаар огт мэдээгүй ийм нөхцөл байдал тогтоогддог. Тушаалын үндэслэх хэсэгт нь 2025 оны 5 дугаар сарын зорчигч тээврийн салбарт явуулсан дотоод хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэв гэдэг байдлаар тушаалаа гаргасан. Тушаалынхаа нэгдүгээр заалтаар Б.Г ийн *** улсын дугаартай зорчигч тээврийн автобусыг 2025 оны 8 дугаа сарын 01-нээс эхлэн хамтран ажиллах гэрээг цуцалж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гээд ажлаас чөлөөлсөн гэдэг байдлаар тушаалыг өгсөн байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компаниас 3 тушаал гаргаж өгдөг. Эхний тушаал нь 6 дугаар сарын 25-ны өдрийн арга хэмжээ авах тухай 27 гэдэг тушаал авагддаг. Тэгэхээр энэ тушаалд мөн адил дотоод хяналт шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан, өөрийн эзэмшлийн автобусаа компанийн өмчөөс хасуулах хүсэлт гаргаж байсан гэдэг үндэслэлийг дурдаад 07 дугаар сарын 01-нээс эхлэн 1 сарын хугацаатайгаар хуваариас хассугай гээд Д.А-н хамт хуваариас хассан.
Үүнээс 6 хоногийн дараа сахилгын шийтгэл оногдуулах тухай гээд 28 дугаартай тушаал гарсан. Тус тушаалын нэгдүгээр заалтад жолооч А, Г нар дотоод хяналт шалгалтаар дутагдалтай үнэлгээ авсан, замын хуудас аваагүй, заавар зөвлөгөөний самбар байрлуулаагүй зөрчил гаргасан тул 1 сарын хугацаатай арга хэмжээ авав гэсэн байгаа. Сахилгын шийтгэл нь хуульд зааснаар хэд хэдэн төрлийн сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй боловч Хөдөлмөрийн хуульд заасан ямар сахилгын шийтгэл оногдуулсан бэ гэдэг тушаалаас харагдахгүй, тодорхойгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авч ажилтны сахилгын зөрчлийн шинж үр дагаварт харгалзаж дээрх сахилгын шийтгэлээс сонгож хэрэглэнэ гэж заасан.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.А ч тэр нэхэмжлэгч Б.Гийн зүгээс тухайн сахилгын шийтгэл оногдуулах талаар огт мэдэгдээгүй. Бид нараас тайлбар аваагүй гэдгээ илэрхийлж байгаа. Мөн сахилгын шийтгэлд 1 сарын хугацаатай арга хэмжээ авсугай буюу ямар арга хэмжээ авсан юм гэдэг нь тодорхойгүй, цалингийн хувь хасаж байгаа юм уу, сануулах арга хэмжээ авч байгаа юм уу гэдэг нь ингээд тодорхойгүй тушаал гарсан.
Үүний дараа 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 29 дугаартай буюу өмнө нь Хөдөлмөрийн маргаан таслах хороонд гаргасан хүсэлтэй нэг адил 29 гэсэн дугаартай ажилтан Б.Гийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай гэсэн ийм тушаал гарсан. Тушаалынхаа үндэслэх хэсэг нь тус компанийн захирлын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал болон дотоод хяналт шалгалтын ажлын дүгнэлтийг тус тус үндэслээд өгч байна. 7 дугаар сарын 01-ний өдрийн гаргасан энэ сахилгын шийтгэлийг үндэслэж дээрх тушаалыг гаргасан мөн тушаалынх нь үндэслэх хэсэг Хөдөлмөрийн тухай хуулийн 81.4-д заасан үндэслэлийг баримталж ажлаас чөлөөлсүгэй гэдэг байдлаар тушаал гаргасан.
Дотоод хяналт шалгалтын дүгнэлт хэсэгт тухайн жилийн татварыг төлөөгүй гэдэг үндэслэлийг нэг зөрчилд тооцсон байдаг. Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, эсхүл аж ахуйн нэгж байгууллага албан татвар төлөгч байна гэж заасан.
Тухайн үед үйл ажиллагаа явагдаж байсан автобусны эзэмшигч буюу тухайн гэрчилгээнд “Д И” ХХК эзэмшигч нь байсан. Тэгэхээр тухайн татвар төлөх үүрэг нь тухайн компанийн өөрийнх нь үүрэг байтал тухайн жолоочид хариуцуулж зөрчилд тооцож дүгнэлтдээ тусгасан байдаг.
Гаргаж өгсөн нийт 4 удаагийн тушаалд хариуцагчийн төлөөлөгчөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-д заасан сахилгын шийтгэлийг 2-оос дээш удаа гаргасан, мөн гэрээнд заасан ноцтой зөрчил үүссэн учраас аль аль нь хамаарч байгааг тайлбарлаж байгаа боловч 4 тушаалын аль дээр ч гэрээний 7.2-т заасан ноцтой зөрчлийг гаргасан талаар дурдаагүй, тухайн заалтыг баримталсан, нэг ч зүйл заалт бичигдээгүй. Тийм учраас ажлаас чөлөөлсөн тушаалыг сахилгын шийтгэлийг 2-оос дээш удаа гаргасан гэдэг үндэслэлээр авсан юм байна гэдэг байдлаар ойлгогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор зорчигч нар Авто тээврийн үндэсний төв рүү төлбөрөө төлдөг, төлбөрийг нь “Д И” ХХК руу шилжүүлдэг. “Д И” ХХК нь тухайн жолооч нарт төлбөрийг нь төлдөг. Цалин гэдэг байдлаар олгогддог тогтмол орлого нь байсан.
Мөн дээрээс нь жолооч нар хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэхдээ давхар дайвар авдаг, хувь хүмүүсээс орлого олдог байсан. Тухайн мөнгөн дансаар ордог байсан талаар дансны хуулгаа гаргаж өгсөн. Тухайн саруудынх нь дунджаар буюу өмнөх 25 оныхоо 1-6 дугаар сарын дунджийг дансны хуулгаар аваад дунджаар нэг сар нь 15,000,000 төгрөг гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нийтдээ 60,000,000 төгрөг гаргуулах тухай гэдэг байдлаар нэмж нэхэмжилсэн.
Дээрх тушаалууд нь хуулийн шаардлага хангахгүй, ажилтны болон Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа учраас дээрх тушаалыг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэсэн саналтай байна.
Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа арга хэмжээ авах тухай гэсэн толгойтой хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гарсан байдаг. Үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтыг үндэслэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байдаг.
Мөн арга хэмжээ авах тухай 6 дугаар сарын 25-ны өдрийн тушаалд хөдөлмөрийн ямар төрлийн сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь тодорхойгүй. Хуваариас хасах тухай гэсэн байдаг. Мөн 1 сарын хугацаатайгаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдлаар гаргасан тушаал нь хөдөлмөрийн ямар төрлийн сахилгын шийтгэл нь ойлгомжгүй. Эдгээрийг үндэслэж 8 дугаар сарын 01-ний өдрийн тушаал нь мөн үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дүгээр зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар “Д И” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А-29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин болох 1,515,000 төгрөгийг “Д И” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28,485,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дээрх олговроос зохих журмын дагуу суутган төлөхийг “Д И” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Д И” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 39,190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,350 төгрөгийг орон орлогод хэвээр үлдээж, шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч Б.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Г миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 314/ШШ2025/00856 дугаартай шийдвэрийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна.
Миний бие “Д И” ХХК-д 2020 оны 03 дугаар сараас эхлэн өөрийн эзэмшлийн 45 хүний суудалтай том оврын автобусыг тус компанийн нэр дээр шилжүүлэн “Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний онцгой нөхцөлт хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.
Гэтэл 2025 оны 07 дугаар сард явах байсан 6 удаагийн тээвэрлэлтийг хасаж, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А-29 дугаар тушаал гарган 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан байсан. Надад ямар нэгэн тушаал шийдвэр танилцуулаагүй, гардуулаагүй. Ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар мэдэгдээгүй. Миний бие “Д И” ХХК-д ажиллах хугацаандаа тогтмол хот хооронд зорчигч тээвэрлэн орлого олдог байсан.
Мөн давхар дайвар авч орлого олдог байсан. Тус компанийн захирлын хууль бус шийдвэрээр ажлаас халагдсанаас шалтгаалж 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цалин орлогогүй байна. Зорчигч тээврийн хөлс болон иргэдийн дайврын орлого нийлээд сард дунджаар 15,000,000 төгрөг олдог байсан.
Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр надад 1,515,000 төгрөг олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариуцагч “Д И” ХХК-с 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх цалин, олох байсан орлого болох 60,000,000 төгрөгийг нөхөн гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгч Б.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Д И” ХХК-аас цалин авч байгаагүй. Би өөрийнхөө орлогоос эрсдэлээ тооцож, компанидаа татвар өгч явдаг байсан. Мөн нийгмийн даатгалаа компани руу мөнгөө өгч төлдөг байсан. “Д И” ХХК-аас цалин авдаггүй. Бид тээвэрлэлтийнхээ орлогоор цалинжиж, эрсдэлээ өөрсдөө тооцож татвараа өгч явдаг байсан болохоор шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс ажлаас чөлөөлсөн тушаалуудыг хуульд заасан үндэслэлгүй тушаалууд гэж шийдвэрлэсэн. Цалин хөлстэй холбоотой асуудалд нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргасан. Нийтдээ нэг сард орох байсан цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тооцоо дурдагдсан. Үүнийг 10,000,000 төгрөг хүртэл тооцсон. Тооцох хугацаагаа 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэдэг байдлаар 1 сар 10 хоногийг тооцдог. Гэтэл 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр тооцсон тухайд нэхэмжлэгчийн зүгээс ажилгүй болсноос хойш 2025 оны 9 дүгээр сарын 15-ны үед компанийн зүгээс тухайн автобусыг давхар шилжүүлж байгаа гэдэг байдлаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын харьяат учраас Өвөрхангай аймгийн автомашины дугаар авах боломжгүй байсан. Тэгээд нөхөрлөлд бүртгүүлж авсан. Тухайн нөхөрлөл үйл ажиллагаа явуулаад удаагүй байсан.
Тухайн хоршооноос ямар нэгэн цалин хөлс авсан, үйл ажиллагаанаас нь орлого олдог гэсэн нотлох баримт байхгүй байхад тухайн компанид ажилладаг юм байна, тухайн компаниас орлого олдог юм байна гэдэг байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нь сард дунджаар 15,000,000 төгрөг олдог байсан гэдэг нь түүний шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогдож байгаа. Мөн Голомт банкны дансны хуулгыг дэлгэрэнгүй хуулганд тухайн “Д И” ХХК-аас сар бүр жолоочийн замын зардал, шатахуун түлшний зардал гэдэг байдлаар гүйлгээг шилжүүлдэг мөнгөн дүнгүүд гаргаж өгсөн байгаа. 2025 оны 7 сарын 01-ний өдрөөс эхэлж тухайн сар 6 удаа явдаг хуваарьтай байсан боловч хуваарь байхгүй байсан учраас өнөөдрийг хүртэл ажилгүй байгаа. Учир нь тухайн авто тээврийн үйл ажиллагааг тээвэрлэх хуулийн этгээдийн болон эрхтэй этгээд хийлгэхээр зохицуулсан учраас тухайн хүний гэрээ, тухайн автобусыг ашиглаж орлого олох боломжгүй гэсэн учраас 2025 оны 8 дугаар 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд авах ёстой байсан орлогыг бүрэн гүйцэт шийдвэрлээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, компаниас нөхөн гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байсан. Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмж байдаг. Мөн түүнтэй холбоотой шийдвэрүүд бас байгаа. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг тус хуулийн 57.1, 57.4-д заасан төлөх үүргийг хүлээнэ гэж заасан. Үндсэн нэхэмжлэлийн хувьд ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгалыг төлөхийг даалгах асуудад гомдлоор үүссэн маргаан мөнгөн хөрөнгө гаргуулахтай холбоотой асуудалд улсын тэмдэгтийн хураамж заавал төлөх учиртай. Иймд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа.
Хэргийн үйл баримт нэхэмжлэлийн шаардлагын хувьд бид хуульд заасан хэмжээгээр цалингийн хэмжээ нийгмийн даатгал төлсөн хэмжээгээр олгох, хөдөлмөрийн гэрээгээр заасан үүрэгтэй байдаг. Харин орлогын хувьд бид нэхэмжилж байгаа төлбөрийг хамтран ажиллах гэрээ байгуулж тухайн гэрээний дагуу олгодог байсныг гэрчүүдийн мэдүүлэг болон 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” тушаалтай хамт гарсан шийдвэрүүдтэй холбоотойгоор хамтран ажиллах гэрээг цуцалсан асуудал яригддаг. Манай байгууллагын хувьд тендерт ямар нэгэн ашиг орлого олох, ажилчдаас татвар авдаггүй. Бид зөвхөн ажилчдаас замын хуудасны мөнгө гэдэг зүйлийг авдаг юм. Тухайн мөнгөөрөө юу хийдэг вэ гэвэл зохицуулагч, албан тушаалтан хүн байдаг. Мөн давхар хариуцсан 2, 3 хүн байдаг учраас эдгээр хүмүүсийн цалинг олгодог байсан. Өөр ямар нэгэн байдлаар цалин шимтгэл авдаггүй байсан.
Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа тээврийн компанийн жолооч нар 20,000,000 төгрөг олдог байсан. Мөн түүнийхээ хажуугаар ачаа тээврийн мөнгө олдог байсан гэдэг зүйл яриад байдаг. Гэтэл ажил олгогчийн зүгээс ачаа тээвэртэй холбоотой зүйлийг мэдээгүй байдаг. Мөн хууль зүйн хувьд автобус байгууллагын өмч байгаа. Байгууллагын өмчийг ашиглаж ашиг олж байгаа үйлдлээ байгууллагад мэдэгдээгүй үйл баримтад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон гэдгийг хэлэх нь зүйтэй байна. А болон Б.Г нар байгууллагыг хяналт шалгалтаар зөрчил дутагдал илэрсэн тул тодорхой арга хэмжээ авахаар ажилчидтайгаа уулзалдаж байсан. Гийн хувьд 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” тушаалтай холбоотой Б.Г, А хоёр уулзсан. Агийн хувьд зөрчил дутагдлаа арилгаад үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгдээд явсан. Харин Б.Гийн хувьд огт ирээгүй. Бидний зүгээс Б.Гийг ирж тушаал шийдвэрээ ав, танилц гэдэг асуудлаар хандсан боловч ирээгүй. 2025 оны 8 дугаар сар болон 7 дугаар сарын 25-ны өдөр арга хэмжээ авсан тушаалаар 2 буюу түүнээс дээш зөрчил гаргасан гэж үзсэн. Өөрөөр хэлбэл дотоодын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажлын байрыг 2 буюу түүнээс дээш хоногийн хугацаагаар ажил олгогчид ямар нэгэн зүйл мэдэгдэлгүйгээр орхисон, ажилчидтай зүй бусаар харьцсан, байгууллагын мэдээллийн хэсэгт төрийн байгууллагад худал мэдээлэл гаргах байдлаар хандсан болон өөр баримтуудыг үндэслэж “Арга хэмжээ авах тухай” тушаал гаргасан байдаг. 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал нь гарсан. 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн тушаалыг өөрөө танилцсан гэдгээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдэгдсэн байгаа. 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг аваагүй. Тухайн үед авто тээврийн 100 жилийн ой болж байсан гэдэг зүйлийг тайлбарласан байгаа. Гэрч Ч-н хувьд хэд хэдэн зүйлийг ярьдаг. Мөн Б.Гийг 2025 оны 7 дугаар сард огт ажиллаагүй ч бид нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байдаг. Цалингийн хувьд хөдөлмөрийн гэрээг бид байгуулсан. Тухайн гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалыг бид нар цалинг нь олгож төлж хамтран ажиллах гэрээний дагуу өгсөн төлбөр болон хөдөлмөрийн гэрээтэй холбоотой цалинг өөр лүү нь шилжүүлдэг байсан. Ажил олгогчийн зүгээс олон жил тогтвортой ажиллаж байгаа ажилчдыг шууд ажлаас халах үндэслэл байж болохгүй учраас ярилцаж хэд хэдэн удаа уулзалт хийж өөрийг нь дуудсан боловч байхгүй. Гэтэл өөрийн автомашиныг шилжүүлж авсан бөгөөд компани нь ямар учиртай вэ гэвэл манай байгууллагын шугамд өөрийнхөө машиныг явуулмаар байна гэж Авлигатай тэмцэх газар мөн Авто тээврийн үндэсний төв, Зам тээврийн яамны дэд сайдад хандсан байсан. Ингээд манай байгууллага дээр 5-6 байгууллагын хяналт шалгалт ороход ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй учраас үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах нь зүйтэй байна гэж үзсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэг ойлгомжгүй нөхцөл байдал болсон нь 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч анхан шатны шүүх 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бие даасан байдлаар шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна гэв.
ХЯНАВАЛ:
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
11. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
12. Нэхэмжлэгч Б.Гийн нь “Д И” ХХК-д холбогдуулан 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А-29 дугаар “Арга хэмжээ авах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин орлого 30,000,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг “Д И” ХХК-д даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалин, олох байсан орлого 60,000,000 төгрөгийг нөхөн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “...Би “Д И” ХХК-д 2019 оноос эхлээд өөрийнхөө хувийн автобусаараа явж эхэлсэн. Хамгийн сүүлийн рейс нь 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хийгээд 7 дугаар сарын 01-нээс нь надад хуваарь хийгээгүй байсан. Яагаад 7 дугаар сард хуваарь хийгээгүй вэ гэхэд дотоод хяналтын шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан гэсэн. Дотоод хяналтын шалгалтыг бид нарт урьдчилж хэлж танилцуулаагүй, мэдэгдээгүй байхад шалгалтын дүн хангалтгүй гэсэн үнэлгээ гаргаж үндэслээд тушаал гаргаж байна гээд 7 дугаар сард хуваарь тавьж өгөөгүй.
Бид өдрийн 8 цагийн ажилтай ажилчид биш болохоор сард 6 рейсийн буюу тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байх цагаар явдаг болохоос өдөр болгон Дэлгэрэх дээр очиж цагаа бүртгүүлэх шаардлагагүй байдаг. 7 дугаар сард надад хуваарь нэгэнт тавьж өгөөгүй болохлоор нь би амралтаа аваад гэрийнхэнтэйгээ хөдөөгүүр явчхаад ирсэн чинь 8 дугаар сарын 1-нээс дахиад хуваарь хийгээгүй болохоор нь яагаад хийгээгүй юм бэ гэсэн чинь тушаал гаргачихсан байна гэсэн. Надад тушаалыг ерөөсөө танилцуулаагүй” гэжээ.
Хариуцагч “Д И” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргахдаа “...2025 оны 6 дугаар сард байгууллагын хэмжээнд зочид буудал, үйлчилгээ зэрэг бүх салбартаа хяналт шалгалт зохион байгуулсан. Захирлын тушаалаар батлагдсан ажлын хэсэгт ** нар оролцож 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч болох Б.Гийн *** ӨВХ тээврийн хэрэгслийг үндсэн 5 шаардлагын дагуу шалгахад 100 онооноос 63 үнэлгээтэйгээр дутагдалтай, хангалтгүй үнэлгээ авсан. Энэхүү үнэлгээний тайланг задлаад үзэхэд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.4 дэх заалт зөрчсөн онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 4.2.6, 4.2.17, 5.4.2 дахь заалтуудыг зөрчсөн байсан.
Манай байгууллага ямар нэгэн байдлаар түүнийг хүчээр албан тушаалаас нь чөлөөлсөн зүйл байгаагүй бол хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ, жолоочийн онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 4.2.6-д заасан үүргээ биелүүлээгүй 7.3.11-д заасан ажилтан, албан хаагчийг тавьсан хууль болон энэхүү гэрээний дагуу ёсны шаардлага, хүсэлтийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан, мөн гэрээний 4.7.3.16-д заасан бусад ажилтныг дарамтлах, дээрэлхэх зэргээр тохуурхах, үйл ажиллагаа явуулах болсон зэрэг үндэслэл нь мөн 7.3.22-т заасан байгууллагын захирлын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хувийн зарлагаар ашигласан байх магадлалтай нөхцөл байдлуудыг тогтоогдсон гэдэг байдлаар үзсэн.
Мөн жолооч Г нь өөрийн санаачилгаар ажил үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй болсон тул харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болгосон тул “Д И” ХХК-ийн захирлын арга хэмжээ авах тухай 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, ажил эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин орлого 30,000,000 төгрөгийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөж баталгаажуулалт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө үндэслэлгүй байна.” гэжээ.
13. Анхан шатны шүүх “... “Д И” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А-29 дугаартай тушаалд нэхэмжлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан ба хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр цуцалж байгаа талаар Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг удирдлага болгоогүй...” гэж дүгнээд “Д И” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А-29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин болох 1,515,000 төгрөгийг “Д И” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28,485,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.
14. Нэхэмжлэгч Б.Г хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, Арвайхээр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, тус хорооны 2025.08.18-ний өдрийн 4 дугаартай хуралдааны тэмдэглэлийг авч, шүүхэд 2025.08.25-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д нийцсэн, энэ талаар талууд маргаагүй.
Хэрэгт нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/, Б.Гийн *** *** дугаартай дансны хуулгууд /хавтаст хэргийн 81-96 дугаар хуудас/ нотлох баримтаар авагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод Б.Г 1,010,000 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлсон бол дансны хуулгуудад ажлын хөлс, цалин гэх утгатай орлогод өөр үнийн дүнгүүд бичигдсэн, анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тус байгууллагаас цалин гэж авдаггүй хуваарийн дагуу хот хооронд явж олсон орлогыг л буцааж шилжүүлдэг тухай, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус байгууллага нь жолооч нарын төлсөн хураамжийн хэмжээгээр НДШ төлдөг гэх тайлбарыг өгч байжээ.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтууд харилцан зөрүүтэй, байхад шүүх зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн ажилгүй байсан хугацааны олговрыг шийдвэрийн үндэслэл болгож бусдыг нь хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.
Хамтран ажиллах гэрээ байгуулж байсан эсэх, хэрэв ийм гэрээ байгуулж байсан бол энэ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, цалин болон бусад орлогод хамаарах эсэхийг дүгнэх боломжтой юм.
Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан тушаалууд нь эх хувь эсвэл хуулбар эсэх нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар маргааныг хэлэлцэх үед хэрэгт ач холбогдол бүхий баримтууд хуульд заасан хэлбэрээр хангалттай бүрдээгүй байсан тул эрх зүйн маргааны талаар зохих дүгнэлтийг хийх боломжгүй байна.
Хэдийгээр дээрх асуудлаар зохигчид мэтгэлцээгүй, хариуцагч гомдол гаргаагүй боловч үүнийг тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх талуудын зарчмыг хөндөхгүй.
15. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүхийн хууль хэрэглээний асуудлаар эцэслэн шийдвэр гаргах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
16. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 314/ШШ2025/00856 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж,
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б.ЦЭРЭНПҮРЭВ