Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 743

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

Улсын яллагч: А.Баясгалан,

Шүүгдэгч П.М-, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар ҮД:/0115/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч О овогт П-ийн М-д холбогдох эрүүгийн 1905030900000 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл тав, эхнэр гурван хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 29 дүгээр байрны 00 тоотод оршин суудаг, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 000 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 318.000 /гурван зуун арван найман мянга/-н төгрөгөөр торгох ял, Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 000 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 2 жил 6 сар хянан харгалзсан, /  / О овогт П-ийн М.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч П.М- нь 2019 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 29 дүгээр байрны 00 тоотод согтуурсан үедээ маргааны улмаас Н.А-ын цээжний зүүн ар хэсэгт ахуйн хэрэглээний хутгаар хатган хатгагдаж, зүсэгдсэн шарх буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч П.М- нь 2019 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 29 дүгээр байрны 00 тоотод согтуурсан үедээ хохирогч Н.А-тай маргалдаж, улмаар түүний цээжний зүүн ар хэсэгт ахуйн хэрэглээний хутгаар хатган биед нь зүсэгдсэн шарх буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн: “...Диваны дунд хэсэгт саарал бүрээсэн дээр улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байх ба уг улаан хүрэн өнгийн зүйл нь хатсан байв. Уг хэсгийн харалдаа газарт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн сорочкон цамц байв. Өрөөний голд жижиг бор өнгийн явган сандал байх ба сандалын хоёр хажууд улаан иштэй хутга, хар иштэй хутга газарт байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14 тал/

 

Хохирогч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө ажлаа тараад гэр рүүгээ явах замдаа Дөлгөөн нуур гээд нэртэй газрын зүүн талд байдаг бааранд ганцаараа орсон. Тэгээд би тэр бааранд 5 шил пиво аван 3 шилийг нь ганцаараа ууж байгаад 2 шилийг нь бааранд танилцсан хоёр охинд өгсөн. Тэгээд би бааранд танилцсан хоёр охины хамтаар баарнаас гараад явах гэж байтал миний биед халдсан залуу өөр нэг хүүхэн, залуу хоёрын хамтаар ирсэн. Тэгээд надтай танилцаад “...хамт өөр нэг газар орж суух уу...” гэхээр нь би “...тэгье...” гээд дагуулаад явсан. Тэгээд бид нар бөөнөөрөө нэг таксинд суугаад хороолол орсон. Яг хорооллын хаана очсоноо мэдэхгүй байна нэг газар очоод караоке үзсэн боловч хаалттай байна гээд буцсан. Тэгээд би нөгөө баарны гадна танилцсан хүмүүстэй явж байтал миний биед халдсан залуу өөр нэг залуугийн хамтаар бие засах газар хайж явж байгаад нэг байрны булан тойрон бие засаад гарч ирэхдээ хоорондоо маргалдаад байгаа байдалтай гарч ирсэн. Тэр үед миний биед халдсан залуутай маргаад байгаа залууг өөр нэг залуу ирээд хамт явсан хүүхэн болон сууж явсан такситай яваад өгсөн. Тэр үед миний биед халдсан залуу “...миний гар утсыг аваад явчихлаа...” гэхээр нь би өөрийнхөө гар утсыг гаргаж өгөх гэтэл миний гар утас бас алга болсон талаар тэр залууд хэлсэн. Тэгээд тэр залуу бид хоёр буусан газрынхаа ойр орчинд байсан зочид буудал, баар зэргээр орж гар утас авч явсан гээд байгаа залуучуудын талаар сураглаж байтал нөгөө залуу гэр рүүгээ хамт явж хоноод цагдаад өргөдөл гаргах тухай ярисан. Тэр үед би тэр залууг дагаад хамт гэр рүү нь явсан. Тэгээд би тэр залуугийн гэрт ороод байж байтал нөгөө залуу гэртээ өөр нэг гар утас байгаа талаар хэлээд хайж байснаа гэнэт хоёр гартаа цагаан улаан оруулгатай болон хар өнгөтэй хоёр ширхэг хутга бариад над руу “...чи тэр хүмүүстэй хамт явсан, миний гар утсыг гаргаж өг...” гээд байсан. Тэр үед би “...чи юу яриад байгаа юм бэ, би мэдэхгүй, чи өөрөө хамт явсан биздээ...” гэсэн чинь тэр залуу намайг “...гадуур өмссөн савхиа тайл, хувцасаа тайл...” гэхээр нь би “...чи юу яриад байгаа юм, би яах гэж хувцасаа тайлах юм...” гэсэн чинь тэр залуу миний зүүн нүд орчим гартаа барьсан хар иштэй хутганы ишээр нь нэг удаа цохиод, нөгөө гартаа барьсан улаан, цагаан оруулгатай хутгаар миний зүүн дал орчим нэг удаа хатгасан. Тэр үед би нөгөө залууд “...чи намайг хутгалчихлаа...” гэсэн чинь, тэр залуу “...өө яанаа...” гэж хэлээд миний үүрч явсан гар цүнхийг ухаж үзээд байсан. Тэгээд тэр залуу хоёулаа гэмтэл явъя гээд намайг дагуулан Гэмтлийн эмнэлэг явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очоод намайг үзүүлж байхад миний гар цүнхийг дахин ухаж үзээд байсан. Тэр үед би гэмтлийн эмнэлгийн цагдаад мэдэгдэж тэр залууг бариулсан. Би тэр залууг ямар учраас хутга авсаныг мэдэхгүй. Гэртээ зүгээр юм хайж байснаа гэнэт хоёр гартаа хутга бариад надруу харан “...миний гар утсыг гарган өг...” гэсэн. Би тэр залуугийн өөдөөс анх уулзсан цагаасаа хойш нэг ч удаа дайрсан довтолсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

 

Шүүгдэгч П.М-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Надад нэмж ярих зүйл байхгүй. Хэрэг болсон өдөр хохирогчтой буруу ойлголцсоны улмаас маргалдан биед нь хөнгөн хохирол учруулсан асуудалдаа маш их харамсаж байна. Миний бие өөрийн үйлдлээ бүрэн ухамсарлаж, хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Миний бие хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Бид хоёрын хооронд ямар нэгэн гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 74,75 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ний өдрийн 0000 дугаартай хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлтэнд: “...Н.А-ын биед гэмтэл учирсан байна. Цээжний зүүн ар хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах түл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч А.Э-гийн: “...Манай хүн ерөнхийдөө бол маш түргэн ууртай бөгөөд тэрийгээ дагаад маш хурдан тайвширдаг. Маш хурдан уурлах зан төрх нь ихэвчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь илэрдэг бөгөөд бас маш хурдан тайвширдаг. Юманд маш их нухацтай ханддаг бөгөөд аливаа шийдвэрийг маш удаан гаргадаг. Цэвэрч нямбай, эмх цэгцтэй хүн байгаа. Сул тал гэвэл аливаа юманд маш их итгэдэг, гэнэн зантай. Ямар ч хүн ирээд тэгье ингэе гэх юм бол за тэгье гээд итгээд явах хүн. Манай хүний муу зуршил гэвэл хааяа архи уух асуудал байна. Тамхи бол татдаг. Манай хүн чөлөөт цагаараа бол ерөнхийдөө гурван хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөдөг бөгөөд гэр бүлийн тал дээр бол сайн аав. Аавын үүрэг хариуцлагаа маш сайн хариуцдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,  П.М-ыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 49 тал/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 50 тал/, боловсролын талаарх баримтууд /хх-ийн 51-54 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тоггоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Н.А-ын биед “цээжний зүүн ар хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт” гэмтэл учирсан нь хэргийн 28 дахь талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч П.М-ы хохирогчийг хутгаар хатгасан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч П.М- гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгчийн 2019 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 29 дүгээр байрны 00 тоотод согтуурсан үедээ маргааны улмаас Н.А-ын цээжний зүүн ар хэсэгт ахуйн хэрэглээний хутгаар хатган хатгагдаж, зүсэгдсэн шарх буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч П.М-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.М- нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирол төлбөрт 400.000 төгрөг нөхөн төлсөн” гэж мэдүүлж оролцсон бөгөөд хохирогч Н.А- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:.

Шүүгдэгч П.М- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

 

Шүүгдэгч П.М- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг П.М-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч П.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.М- өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт П-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М- шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй хутга 1 ширхэг, улаан иштэй хутга1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шүүгдэгч П.М- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид П.Ариунбаатарт 400.000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА