| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 102/2016/04233/и |
| Дугаар | 381 |
| Огноо | 2015-07-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Баянгол, 2 дугаар баг, Баян 5 дугаар хэсэг хаягт оршин суух Их Тугчин овогт Жүгдэрийн Туул /РД: ЧБ59041405/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул голын 81а, 55 тоот хаягт оршин суух Өндөр овогт Цогтбаатарын Балдангомбо /РД:ЙЕ91032812/-д холбогдох
Гэм хорын хохиролд 1.982.200 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Туул, нэхэмжлэгч өмгөөлөгч Л.Ганчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүх, иргэдийн төлөөлөгч Э.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Балдангомбо нь байцаагдаж байхдаа 2.300.000 төгрөг төлнө гээд гарын үсэг зураад явсан байгаа. Мөн миний авто машинд эвдрэлд 1.395.000 төгрөг, эмчилгээнд 1.137.000 төгрөг болсон байгаа. Ц.Балдангомбод миний бие өвдөөд эм тариа хийлгээд явж байгаа гэж хэлсэн. Би авто машинаа бариад явдаг байсан бол одоо чадахгүй байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ганчимэг нэхэмжлэлээ дэмжиж шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Эмээлтийн замд 68-05 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Балдангомбо нь Ж.Туулын машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг хэрэг нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Тухайн үед авто машины хохиролд 1.395.500 төгрөг, Ж.Туул нь осолын үед авсан гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн зардал 1.137.000 төгрөг, нийт 2.532.000 төгрөг гарсанаас хариуцагч Ц.Балдангомбо нь 1.095.000 төгрөг өгсөн. Ц.Балдангомбыг үлдэгдэл 1.438.000 төгрөгийг өгнө үү гэсэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан байгаа. Эрүүгийн хэрэг үүсгээд Ж.Туулыг хөнгөн зэргийн гэмтэлтэй гэж гаргасан шинжээчийн дүгнэлт буруу гаргасан гэж үзэж байгаа. Ж.Туулын бие нь одоо хүртэл хэвийн хэмжээнд очоогүй нуруу нь өвддөг болсон. Ж.Туул нь өөрөө авто машин барьдаг байсан бол одоо барьж чадахгүй эмчилгээтэй байгаа гэв. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд 1.992.200 төгрөг болсоноос эм 3.000 төгрөг, 56-15 УНИ машины ачилтын 80.000 төгрөг, “Мөнхийн тун” ЭХНТөвөөс авсан эмийн төлбөрт 9.300 төгрөг, эм 3.000 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 560.000 төгрөг, шинжилгээ хийлгэсэн 59.500 төгрөг, эмийн сангаас эм авсаны 34.600 төгрөг байгаа. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь зочид буудлын төлбөр 394.000 төгрөг, бензин 61.200 төгрөг, бензин 39.000 төгрөг, бензин 64.000 төгрөг гээд нийт 554.200 төгрөг байгаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1.982.200 төгрөгийг эмчилгээний төлбөр үү, авто машины засварын төлбөр үү гэдгийг тодорхойлж гаргах ирэх боломжгүй байгаа. Ц.Балдангомбын өгсөн мөнгө болох 1.095.000 төгрөг нь бүгд эмчилгээний зардалд орсон байгаа. Авто машины засварыг зардлын мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулаагүй байгаа. Ц.Балдангомбын буруугаас болж зам тээврийн осол гарсаны улмаас Ж.Туулын эрүүл мэндэд хохирол учирсан байгаа. Иймд хариуцагчаас 1.982.200 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүхэд гаргасан тайлбартаа: Уг нотлох баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардлыг Ж.Туул өөрөө эм тариа авч ашиглаж байсан эсэх нь тодорхойгүй байгаа. Ямар нэгэн эмчийн эмчилгээний бичиггүй Ж.Туул нь өөрөө эмийн сангаас эм авч нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байгаа тул хариуцагч Ц.Балдангомбо нь төлөх боломжгүй. Ж.Туул нь шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах боломжтой байгаа. Мөн Ж.Туул нь шар хаданд ахынхаа гэрт байхад нь Ц.Балдангомбо очиж уулзаж байсан тул буудлын мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн уг зочид буудалд Ж.Туулыг байсан гэдэг нь хэрэгт авагдсан энэ материалаар нотлох боломжгүй байгаа. Иймд нэхэмжлэгч талын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Ц.Балдангомбо нь Ж.Туулд 1.308.000 төгрөг өгсөн. Одоо 300.000-400.000 төгрөг л өгөх боломжтой гэсэн байгаа. Мөн Ж.Туул нь Ц.Балдангомбыг 1.000.000 төгрөг өгчих тэгвэл цаашид гомдол санал гаргахгүй гэхэд Ц.Балдангомбо 1.000.000 төгрөгийг төлөхөөр залгахад Ж.Туул нь миний бие өвдөөд байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргана гээд шүүхэд нэхэмжлэл гаргаад өгчихсөн байгаа. Ц.Балдангомбо нь Ж.Туулд бэлнээр 1.000.000 төгрөгийг, прокурорт өргөдөл гаргахад 95.000 төгрөг мөн сая нотлох баримтаар гаргаж өгсөн 213.000 төгрөг, нийт 1.308.000 төгрөг өгсөн байгаа гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүх шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Балдангомбо нь 2016 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Ж.Туулын авто машиныг мөргөж замын осол гаргасан бөгөөд Ж.Туулд хөнгөн зэргийн гэмтэл учирсан байгаа. Ц.Балдангомбо нь буруугаа ойлгож Ж.Туулд бэлнээр 1.095.000 төгрөг, эмчилгээний зардал болон эм тарианы мөнгө 210.000 төгрөг, нийт 1.308.000 төгрөг төлсөн байгаа. Нэхэмжлэгч тал нь ямар нэгэн эмчийн эмчилгээний бичиг байхгүйгээр шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн үндэслэлгүй. Хариуцагч талын гаргаж өгсөн мөнгөний нотлох баримт нь давхардуулан гаргасан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгсөн нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хойш гарсан зардал байгаа. Үүнд: Зочид буудлын 394.000 төгрөг, бензин мөнгө гэх мэт мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх хурал эхлэхээс өмнө үүдэнд Ж.Туулын ажиглахад зүгээр л байсан. Гэтэл шүүх хуралдааны танхимд орж ирээд Ж.Туул нь бие өвдлөө гээд байгаа нь шүүгчид нөлөөлөх гээд байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ж.Туул нь шүүх хуралдаанд өөрийн биеэр ирсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ярихгүй байгаа нь хуульд нийцэж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Мөн Ц.Балдангомбын хувьд 27 настай эхнэр, хүүхдийн хамт амьдардаг эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Ж.Туулд өөрийнхөө бурууг ойлгож аав, ээж, ах, дүүгээсээ мөнгө авч 1.308.000 төгрөг төлсөн байгаа. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Туул хариуцагч Ц.Балдангомбод холбогдуулан гэм хорын хохиролд 1.982.200 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч хэлэхдээ “....хариуцагчийн буруугаас зам тээврийн осол гарч эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирол учирсан гэж Зочид буудалд 390.000 төгрөг, шатахууны зардалд 164.200 төгрөг, нийт 554.200 төгрөг, машины эвдрэлд 300.000 төгрөг, эм тарианы зардалд 1.128.000 төгрөг, бүгд нийт 1.982.200 төгрөгийн хохирол учирсан тул шаардаж байна.” гэжээ.
Хариуцагч Ц.Балдангомбо нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хэлэхдээ “............зам тээврийн осол гарсан гэдэгт маргахгүй. Гэхдээ шүүх эмнэлэгийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гарсан. Мөн би нэхэмжлэгчид бэлнээр 1.095.000 төгрөг, 210.000 төгрөг, нийт 1.308.000 төгрөгийг төлсөн. Одоогийн баримтаар нэхэмжлэгч эмчийн бичгээр шаардлагатай эм аваад байна уу, өөр эм аваад байна уу гэдэг нь эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэж маргажээ.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”гэж тус тус заасны дагуу хариуцагчаас шаарджээ.
Нэхэмжлэгч хариуцагчийн гэм буруугаас Зочид буудалд 390.000 төгрөг, шатахууны зардалд 164.200 төгрөг, нийт 554.200 төгрөг, машины эвдрэлд 300.000 төгрөг, нийт 854.200 төгрөг нэхэмжилсэн нь зочид буудлын төлбөр болон шатахууны зардал /хх76/, 56-15 УНЯ улсын дугаартай автомашины техникийн тодорхойлолт /хх28/ болон талуудын тайлбараар тус тус тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч эмчилгээний зардалд 1.128.000 төгрөг зарцуулсан гэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх, нотлох үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг хэрэгт хавсаргасан буюу нэхэмжлэлийн шаардлагаа нотолж шүүхэд ирүүлсэн Шинжилгээний төлбөрт 59.500 төгрөг төлсөн гэх бэлэн мөнгөний баримт /хх108/, 3000 төгрөг, 9.300 төгрөг, 3000 төгрөг эм авсан гэх зарлагын баримт /хх 99,101/, 34.600 төгрөгөөр эм авсан гэх зарлагын баримт /хх110/, Евро фарм, Монос эмийн мангуудаас 44.180 төгрөг, 47.700 төгрөг, 118.800 төгрөгийн эм авсан гэх баримт, эмчийн бичиг /хх6-9/ болон талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна гэж үзлээ.
Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Люкс мед эмнэлэгт авсан үйлчилгээ гэх 100.000 төгрөгийн баримт /хх100/, эмнэлэгт хэвтсэн гэх бэлэн мөнгөний орлогын баримт /хх36/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх111/, 10.600 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх5/, эмнэлэгт хэвтсэн гэх 560.000 төгрөгийн бэлэн мөнгөний баримт /хх36/-ууд нотлох баримтын шаардлага хангаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийг дээрхи зам тээврийн ослын улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Хариуцагч “.....нэхэмжлэгчид 1.095.000 төгрөг, 213.000 төгрөг, нийт 1.308.000 төгрөгийг төлсөн ” гэсэн нь кассын орлогын ордер болон Люкс мед эмнэлэг, Монфа эмийн сангийн баримт /хх131/ болон талуудын тайлбараар тус тус тогтоогдож байгаа хэдий ч нэхэмжлэгч дээрхи мөнгийг хасч тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагадаа оруулж шаардаагүй гэжээ.
Талууд зам тээврийн осол гарсан гэдэгт болон машины хохирол зэрэгт маргаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч хариуцагч Ц.Балдангомбоос гэм хорын хохиролд 1.982.200 төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар тогтоогдсон Шинжилгээний төлбөрт 59.500 төгрөг, 3000 төгрөг, 9.300 төгрөг, 3000 төгрөг, 34.600 төгрөг, 44.180 төгрөг, 47.700 төгрөг, 118.800 төгрөг, нийт 320.080 төгрөгийг хариуцагч Ц.Балдангомбоос гаргуулж, үлдсэн 1.162.120 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч Ц.Балдангомбоос 320.080 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Туулд олгож, үлдсэн 1.162.120 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 56.746 төгрөг төлсөнийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ц.Балдангомбоос 10.252 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧИД Б.МӨНХЖАРГАЛ
О.ОДГЭРЭЛ