| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 197/2025/31331/И |
| Дугаар | 210/МА2026/00153 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2026/00153
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2025/15199 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох
Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/02893 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2024/01838 дугаар магадлалаар *******ээс 435,000,000 төгрөг гаргуулж *******т олгохоор шийдвэрлэсэн.
Мөн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 197/ШШ2025/03580 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2025/00796 дугаар магадлалаар *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *******байр, ****** тоот хаягт байрлах, 162.46 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0053 дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******т даалгаж шийдвэрлэжээ.
4.******* нь дээрх 197/ШШ2025/03580 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр үүсгэжээ.
Шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 25370795/213-03 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 25370795/213-04 дугаар тогтоолоор хураасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагааг зөвшөөрөөгүй тохиолдолд ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, улмаар шүүхэд хуульд заасан хугацааны дотор шат дараалан гомдол гаргахаар заасан бөгөөд уг журмын дагуу нэхэмжлэгч гомдол гаргаагүй.
5.Шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4-213/20283 дугаар мэдэгдлийн дагуу төлбөр төлөгч талаас үл хөдлөх эд хөрөнгийн нэг м.кв-ыг 6,000,000 төгрөгөөр үнэлэх санал ирүүлсэн, төлбөр авагч уг үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан, өөрөөр хэлбэл төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн талаар тохиролцоогүй байх тул шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 9/152 дугаар тогтоолоор үнэлгээчин *******ыг шинжээчээр томилжээ. Үнэлгээчин *******т Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын Удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор олгогдсон хугацаагүй эрхтэй үнэлгээчний гэрчилгээ хэрэгт авагдсан байна.
Дээрх тогтоолд төлбөр төлбөгчийг ******* гэж алдаатай тусгасан хэдий ч үнэлэх хөрөнгийн мэдээллийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 197/ШШ2025/03580 дугаар шийдвэр, 1648 дугаартай гүйцэтгэх баримт бичигт заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *******байр, ******* тоот хаягт байрлах, 162.46 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө гэж зөв тусгасан.
Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд тавигдах шаардлагыг тодорхойлсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.6-д заасан тогтоол гаргах асуудлын агуулга-ын шаардлагыг хангасан тул уг техникийн алдаа нь тогтоолын хүчинтэй байдалд нөлөөлөхгүй.
Дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн байна.
6.Шинжээч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийг 967,516,703 төгрөгөөр үнэлсэн байх ба шийдвэр гүйцэтгэгчээс энэ талаар талуудад 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4-208/21681, 4-208/21682, 4-208/21683, 4-208/21685 дугаар мэдэгдлүүд хүргүүлжээ.
Анхан шатны шүүх шинжээчийг хариуцагчийн 9/152 дугаар тогтоолоор томилсон байхад 7/44 дугаар тогтоолыг үндэслэн үнэлгээ тогтоосон нь хуульд нийцээгүй гэж үзэж, уг ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд тус тус нийцээгүй байна.
6.1.Хариуцагч байгууллагад хаягласан шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн мэдэгдэлд шинжээч томилох тухай тогтоолын дугаарыг 7/44 гэж буруу тусгасан байх боловч үнэлгээний тайлангийн 1.2-т үнэлгээ хийх үндэслэлийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Шинжээч томилох тухай 9/152 тоот тогтоол нь үнэлгээ хийх үндэслэл болно гэж тусгасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4-т заасанд нийцсэн, мөн шинжээч нь үнэлбэл зохих эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *******байр, ******* тоот хаягт байрлах, 162.46 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн тул дээрх мэдэгдэлд тогтоолын дугаарыг 7/44 гэж тусгаснаар хөрөнгийн үнэлгээ явуулах үндэслэл, явц, үр дүнд нөлөө үзүүлээгүй, өөрөөр хэлбэл техникийн шинжтэй алдаа гэж дүгнэхээр байна.
6.2.Үүнээс гадна зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, мөн нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.6 дахь хэсэгт заасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараас үзвэл тогтоолын дугаар алдаатай бичигдсэн дээрх асуудал маргааны зүйл болоогүй, уг асуудлаар талууд тайлбар гаргаж мэтгэлцээгүй байна.
Иймээс анхан шатны шүүх зохигчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасанд нийцээгүй.
7.Үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийн шинж байдлыг тодорхойлон тусгаж, өртгийн хандлагын болон зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн, үүнээс зах зээлийн хандлагын аргыг ач холбогдолтойд тооцжээ.
Үнэлгээнд үнэгүй.мн (www.unegui.mn) сайтад байршсан мэдээллүүдэд үндэслэн, Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах 3 үл хөдлөх эд хөрөнгийг сонгож, тэдгээрийн зарлагдсан үнэд тохируулга хийж, байршил, хийц бүтээц, зориулалт, ашиглалтын байдал, хүчин чадал, үзэгдэх орчин, засвар тохижилт, гадны орчны тохижилт, борлогдох чадваргүйн хорогдуулга гэсэн хүчин зүйлүүдийг тооцон, нэгж талбайн дундаж үнийг 5,955,414.88 төгрөгөөр тодорхойлж, 162.46 м.кв талбайгаар тооцон 967,516,703 төгрөгөөр үнэлсэн байна.
Дээрх үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус хангажээ.
Нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байна гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
8.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчид холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2025/15199 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******т холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *******байр, ******* тоот хаягт байрлах, 162.46 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Д.ЗОЛЗАЯА