| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0150/Э |
| Дугаар | 155 |
| Огноо | 2019-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч Б.Б,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б.Б
О.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ Шүүгдэгч Б.Бнь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Бы баруун гарыг хутгаар зүсэж баруун шууны шарх гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Б нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Бг зодож дагз ясны цууралт, тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, нурууны зулгаралт гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад аав ирээд ээж нь яасан юм гэхээр нь ангийнх нь хүүхдүүд ирээд аваад явсан гэж хэлсэн. Аав ээж нь соёлын төвийн тэнд явж байх шиг байна гээд гараад явсан. Төд удалгүй ээж гэртээ орж ирсэн. Намайг гарч очиход соёлын төвийн баруун талд аав нэг хүнтэй уулзаад зогсож байхаар нь гэрээс хутга аваад очиж байтал нөгөө хүн нь зугтаагаад манай хажуу талын хашаа руу ороод хашаанд байсан гэрийг 2-3 удаа тойрч байгаад ойчихоор нь би очоод өшиглөсөн. Аав тэр хоёр маргаж байгаад яваад өгсөн. Соёлын төвийн хойно Б, Н нар явж байхаар нь дуудахад цагдаагийн байр руу зугтахаар нь бид хоёр хойноос нь хөөхөд цагдаагийн хаалгыг балбаад зогсож байсан. Удахгүй цагдаа гарч ирээд юу болоод байгаа юм гээд тараагаад явуулсан. 15-20 минутын дараа гэрийн хашааны гадна хүмүүс ярьж байгаад хаалга балбаад ална, гараад ир гээд чанга хашгираад байсан. Удахгүй хашааны хаалгыг төмрөөр цөмлөөд ороод ирэх шиг болсноо гэрийн хаалга балбаад гараад ир, үзье гээд байсан. Хаалгаа наанаас нь татаад байж байтал гэрийн зүүн урд байсан мотоциклийг унагаах шиг болсон. Удахгүй бензин үнэртээд ирэхээр нь гал тавьчих вий дээ гэж бодсон. Гэтэл дөчин литрийн усны сав гэр рүү шидэхэд нь гэрийн баруун урд хана цөмрөөд ирсэн. Аав бид хоёр за болохоо байлаа гээд би хутга аваад, аав гар чийдэн аваад гартал 3-4 залуу байсан. Гэрээс гарахад миний зүүн гар руу нэг нь модоор цохихоор нь хутгаа унагаад эргүүлээд шүүрч авсан. Миний араас дал руу хэн нэг нь цохьсон, мөн энэ тэндээс цохиод байх шиг байсан. Цаана нь аав намайг аллаа гээд хашгирсан, удалгүй сумын цагдаа ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч О.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Б, Н бид гурав нэг шил архи хувааж уучихаад байж байтал Соёлын төвийн Сгийн төрсөн өдөр болж байгаа гээд уулзахад Бын ээж Сг дагаад 00 цаг өнгөрч байхад ирсэн. Тэнд юм ярьж сууж байгаад уусан архиа дуусгаад 02 цаг өнгөрч байхад тарсан. Б, Н бид гурав гэр рүүгээ явж байтал хойноос Б дуудахаар нь Б бид хоёр яваад очиход цаашаа дагуулаад явсан. Гэтэл өөдөөс энэ залуу хашаанаасаа хутга бариад гарч ирээд ална гээд хөөсөн. Тухайн үед Б байр руугаа гүйгээд явахад нь би гэр рүүгээ гүйгээд Ныг дуудсан. Намайг гарч ирэхэд энэ гурав байхгүй байхаар нь Бийг олох санаатай явахад нэг нь хутгатай, нөгөө нь труба барьчихаад та хоёр наашаа хүрээд ир гээд хөөхөөр нь зугтаагаад цагдаагийн хашаа руу ороод цагдааг дуудахад энэ хоёр хойноос орж ирээд юу юугүй ална гээд байхаар нь бариад авахад миний зүүн гарын эрхий хурууг эсгэсэн. Тэр үед цагдаа гарч ирээд салгасан. Энэ хоёр түрүүлээд харьсан, бид хоёр хашааны гадна 10 гаруй минут сууж байгаад очиход Б намайг зодчихлоо буцаад очъё гээд байхаар нь яах юм бэ, хэдүүлээ амарцгаая гэж хэлчихээд 00 руу явсан. Тэгтэл труба чирэх чимээ гарахаар нь эргээд хартал Н, Б хоёр Бын хашаа руу орж байсан. Би хойноос нь хүрзний иш мулталж аваад яваад очиход эдний хаалга үүдийг нь дэлгэчихсэн байсан. Энэ хоёр гарч ирэхдээ нэг нь гартаа хутгатай, нөгөө нь труба шиг зүйл барьчихсан байсан. Тэгэхээр нь би барьж явсан хүрзний ишээрээ Бг 2-3 удаа цохьсон. Ноцолдоод байж байтал цагдаа ирээд салгаад чиний гар чинь эсгүүлсэн байна гээд намайг эмнэлэг дагуулж явсан...” гэсэн мэдүүлэг
Хохирогч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гарсан, гартаа гар чийдэн барьсан байсан намайг шууд трубагаар толгой болон мөрийг хавсраад цохьсон залуу нь Б байсан, тэгээд миний хамар руу бас цохьсон, би тэгээд шууд хэвтээд намайг аллаа гэж хашгирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/
Хохирогч О.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр хоёр орж ирээд хутга барьсан залуу нь юу юугүй далайгаад байхаар нь би хоёр гарнаас нь бариад авсан чинь миний зүүн гарын хурууг эсгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/ Гэрч Э.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б хүүтэйгээ араас хөөж ирсэн. Тухайн үед Бы зүүн гарын хуруунд нь зүсчихлээ гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-19 дүгээр хуудас/
Гэрч О.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгэхэд Бы гарыг хутгаар эсгэсэн байсан болохоор нь бид гурав Бгийн гэрт очсон. ...Б хүрзний иш барьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-24 дүгээр хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн .... дугаартай: “...С.Бгийн биед дагз ясны цууралт, тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан дагз ясны цууралт, тархи доргилт, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь Гэмлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нурууны зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ...... дугаартай: “...О.Бы биед баруун шууны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82-83 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Бнь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Бы баруун гарыг хутгаар зүсэж баруун шууны шарх гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч О.Б нь хохирогч С.Бг зодож дагз ясны цууралт, тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, нурууны зулгаралт гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг шууд трубагаар толгой болон мөрийг хавсраад цохьсон залуу нь Б байсан, тэгээд миний хамар руу бас цохьсон...” гэсэн мэдүүлэг, хохирогч О.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хутга барьсан залуу нь юу юугүй далайгаад байхаар нь би хоёр гарнаас нь бариад авсан чинь миний зүүн гарын хурууг эсгэсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б хүүтэйгээ араас хөөж ирсэн. Тухайн үед Бы зүүн гарын хуруунд нь зүсчихлээ гэж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Бы гарыг хутгаар эсгэсэн байсан болохоор нь бид гурав Бгийн гэрт очсон. ...Б хүрзний иш барьсан байсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн .... дугаартай дүгнэлт, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ...... дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б, О.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Б, О.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б.Б, О.Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, О.Б нар нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн ишийг ногоон өнгийн цахилгааны лентээр хагас ороож боосон, 25 см урттай, ажлын хэсэг нь 14 см, бариул нь 11 см хэмжээтэй 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.
Шүүгдэгч Б.Б, О.Б нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 82-83 дугаар хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Б, О.Б нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.овогт Б. Б., Х. овогт О Б. нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б., О.Б. нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б., О.Б. нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /3 сарын/ хугацаанд торгуулийн ялыг биелүүлэхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б., О.Б. нар нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн ишийг ногоон өнгийн цахилгааны лентээр хагас бариулыг ороож боосон, 25 см урттай, ажлын хэсэг нь 14 см, бариул нь 11 см хэмжээтэй 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б., О.Б. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН