Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Ховд  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор даргалж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

          Нэхэмжлэгч: Иргэн *******ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Аймгийн Засаг дарга М.Гансэлэмд холбогдох 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн аймгийн Засаг даргын А/418 дугаартай захирамжийн 3, 4 дүгээр заалтыг хүчингүй болгуулах, 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн аймгийн Засаг даргын А/110 дугаартай захирамжийг хүчингүй болгож, намайг Орон нутгийн өмчийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож энэ хугацаанаас хойших ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэсэн  шаардлага бүхий захиргааны хэргийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны  өдөр  Давж заалдах шатны шүүхээс хүлээн авч,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Батнаран, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов. 

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 9 дүгээр сард  албан томилолтоор явах хугацаандаа ажлаас чөлөөлөгдсөн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргаад ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлт гаргасан. Аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр уг захирамжийг хүчингүй болгоод 12 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл орон нутгийн өмчийн газрын даргын ажил үүргийг гүйцэтгэж цалин хөлсөө авсан. Энэ хооронд 10 дугаар сарын 20-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гараад Орон нутгийн өмчийн албыг татан буулгасан. Шүүхэд нэмэгдүүлсэн нэхэмжлэл гаргаад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь миний болоод тэнд ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашгийг зөрчлөө татан буулгаад дараагийн албыг байгуулах ёстой гэсэн хүсэлт гаргасан байсан. Энэ нэхэмжлэлийг гаргаад 12 дугаар сарын 09-ны өдөр орон нутгийн өмчийн газар байгуулаад шинээр үүрэг гүйцэтгэгч томилсон. Тэгээд нэмэгдүүлсэн шаардлага гаргаж 12 дугаар сарын 9-ний өдрийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагын дагуу шүүх хурал явагдаж Орон нутгийн өмчийн газрын даргаар үргэлжлүүлэн ажиллах шийдвэр гаргасан. Давж заалдах шатнаас буцаад анхан шатанд ирсэн байгаа. Дээрх нэхэмжлэлүүдээс яагаад татгалзсан  гэхээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь 10 дугаар сарын 20-ны өдөр гараад намайг ажлаас чөлөөлөх шийдвэр нь 12 дугаар сарын 09-ний өдөр гарсан. Энэ хооронд аливаа эрх зүйн акт үүсээгүй. Цалин авах боломжгүй болсон байсан. Үүнийг хүсэлт тавихад 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл миний цалинг Орон нутгийн өмчийн газрын даргын цалингаар ТЗ9-өөр олгоод тэр хоорондох цалингаа авсан. Энэ хооронд аудитын акт гараагүй учраас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 55 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагагүй байна гэж татгалзсан юм. Одоо аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжийн 3, 4-р заалтыг хүчингүй болгож, мөн 12 дугаар сарын 09-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/110 дугаар захирамжийг хүчингүй болгож, Орон нутгийн өмчийн газрын даргын ажилд эгүүлэн томилж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг тодотгож гаргасан юм. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжийн 3 дахь заалт нь Орон нутгийн өмчийн газрын даргын сонгон шалгаруулалтыг явуулахаар тусгасан. Яагаад сонгон шалгаруулалт явуулах боломжгүй бэ гэхээр би Орон нутгийн өмчийн албаны даргын ажлыг 2014 оноос хойш хийсэн. Энд би даргаар ажиллах ажлын байрны шаардлага хангасан байсан учраас томилогдон ажилласан. Би төрийн албанд тасралтгүй 20 жил, улсад хийт 28 жил тасралтгүй ажилласан байсан. Үүнээс удирдах ажлыг 7 жил хийсэн. 1988-1992 онд Усны аж ахуйд систем засварын оператрын дарга, 1998-2000 онд  аймгийн Газрын албаны даргыг хийж байсан нь удирдах ажлыг 7 жил хийсэн учраас энэ албанд ажиллах боломжтой гэж томилсон.

          Тэгээд Худалдан авах газрын дарга нь мөн 9 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдөөд гомдол гаргаагүй учраас би Орон нутгийн өмчийн газрын даргын ажилд сонгон шалгаруулалтгүйгээр үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэж үзсэн учраас энэ заалтыг хүчингүй болгож өгнө үү гэсэн байгаа. Мөн 4 дүгээр заалт нь манай Орон нутгийн өмчийн албаны ахлах мэргэжилтэн Ц.Мөнхнасан гэдэг хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Энэ үүрэг гүйцэтгэгчээр томилохгүйгээр намайг томилох боломжтой байсан гэж үзээд энэ заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн аймгийн Засаг даргын Б/110 дугаар захирамж нь миний ажлыг хүлээж авахад А/418 дугаар захирамжаар хүлээж авсан. Сүүлд энэ захирамжийг би 2017 оны 1 дүгээр сарын 10-даар олж авч шүүхийн хавтаст хэргийн материалд нотлох баримтаар гаргуулж өгөөч гээд гаргуулж авсан юм. Энэ захирамж нь гарснаар миний хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан. Үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой байхад янз бүрийн шалтаг шалтгаанаар намайг томилоогүй учраас энэ захирамжийг хүчингүй болгож Орон нутгийн өмчийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж шаардлага гаргасан юм. Би 2009 оноос хойш би аливаа ямар нэгэн намын харьяалал байхгүй намаас татгалзсан төрийн жинхэнэ албан хаагч явсан.

          Би боловсролын тухайд Политехникийн дээд сургуулийг төгссөн. 1998 онд удирдлагын академи, 2008 онд төрийн удирдлагын магистрын анги, 2016 онд Гедергеологи магистр гэсэн сургуулиудыг төгссөн. Боловсрол мэргэжил, удирдах ажил хийж байсны хувьд энэ ажлыг үргэлжлүүлэн хийх бүрэн боломжтой. Орон нутгийн өмчийн алба нь Орон нутгийн өмчийн газар болсон. Худалдан авах ажиллагааны чиг үүрэг, Орон нутгийн өмчийн албаны чиг үүрэг нэгдээд Орон нутгийн өмчийн газар болсон болсон бөгөөд бүгд агентлагын дарга гэдэг утгаар ТЗ9-өөр цалинждаг. Сонгон шалгаруулалт зарлахгүйгээр үргэлжлүүлэн намайг томилон ажиллуулах бүрэн боломжтой гэж үзсэн юм. Тийм учраас миний нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэв. Орон нутгийн өмчийн алба татан буугдсан гэдэг нь статус нь өөрчлөгдөөд иргэдийн хурлын дэргэд байсан алба нь Засаг даргын дэргэд очоод газар болж байгуулагдсан. Татан буугдсан гэдэг ойлголт нь хаалтын баланс хийгээд байхгүй болохыг ойлгоно. Манай орон нутгийн өмчийн алба нь Засаг даргын дэргэд очоод Орон нутгийн өмчийн газар болсон доторх чиг үүргүүд нь өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа. Мэргэжилтнүүдийн хийх ажил, хийгдэх ажлын чиг үүрэг нь хэвээрээ байгаа учраас татан буугдсан гэж үзэхгүй.  Орон нутгийн өмчийн албаны чиг үүрэг дээр Худалдан авах албаны чиг үүрэг нэмэгдээд Орон нутгийн өмчийн газар болж байгуулагдсан гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ албандаа үргэлжлүүлэн ажиллах боломжтой.

          Алба нь газар болсон ТЗ9 нь ТЗ10 болоогүй. Хариуцагч талаас Орон нутгийн өмчийн газрын дарга болоход худалдан авахын сертификат байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан. Тийм учраас шинээр худалдан авахын сертификатыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллах шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байгаа.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: ******* нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар Засаг даргын захирамжийн 3, 4 дүгээр заалтуудыг хүчингүй болгуулах, мөн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаар Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж оролцож байна.  2016 оны 12 дугаар сарын 06-ны А/418 дугаар захирамжийн тухайд авч үзвэл 3 дугаар заалт нь сонгон шалгаруулалт зарлах, 4 дээр нь Мөнхнасанг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байгаа. Эдгээрийг яагаад хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа юм бэ гэхээр энэ захирамжаар ******* гэдэг хүний ажлыг хүлээж авсан байгаа. 12 дугаар сарын 06-ны өдөр ажлыг нь хүлээж аваад үүнээс хойш энэ хүний хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн учраас 3, 4 дүгээр заалтуудыг хүчингүй болгуулъя гэж шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Орон нутгийн өмчийн алба байж байгаад Орон нутгийн өмчийн газар болсон байгаа. 

           Нэр нь солигдсонтой холбоотой энэ хүний ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлуулахаар энэ хүнийг ажлаас нь чөлөөлсөн байгаа. Энэ дээр сонгон шалгаруулалт зарлах шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Ямар ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарладаг юм бэ гэхээр хөдөлмөрийн хуульд журам заагаад өгсөн байгаа. Энэ дээр сул ажлын орон тоо дээр сонгон шалгаруулалт зарлаж өндөр оноогоор тэнцэж орж ирсэн хүнийг энэ ажлын байран дээр авах зохицуулалттай байгаа. Мөн 4 дэх заалтан дээр Мөнхнасанг түр орлон гүйцэтгэгчээр томилоод ажиллуулсан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр ******* энэ ажил дээр үргэлжлүүлэн ажиллах боломжтой байсан гэж үзэж байгаа. Хуулийн этгээд нь татан буугдсан учраас *******ийг ажлаас чөлөөллөө гээд захирамж гаргаад байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Иргэний хууль дээр хуулийн этгээдийг ямар үндэслэлээр татан буулгадаг юм бэ гэхээр Иргэний хуулийн 32 дугаар зүйлээс Орон нутгийн өмчийн албыг татан буулгасан үндэслэл харагдахгүй байгаа юм. Иргэний хуулийн 31 дүгээр зүйл дээр хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах гэж байгаа. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хуулийн этгээдийн үйл ажиллагаа нь зогсоод түүний эрх, үүрэг хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ гээд байж байгаа. Тэгэхээр энэ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Орон нутгийн өмчийн албыг гэдэг хуулийн этгээдийг татан буулгаагүй нь харагдаж байгаа. Худалдах, худалдан авах ажиллагааны алба, Орон нутгийн өмчийн алба хоёрыг нэгтгэсэн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.  Хуулийн этгээдийг татан буулгах гэхээр Орон нутгийн өмчийн алба байхгүй болоод энэ албаны чиг үүрэг байхгүй болохыг ойлгоно.

           Худалдан авах ажиллагааны албыг Орон нутгийн өмчийн албатай нэгтгэсэн байна гээд Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан байгаа. Энэ үйл ажиллагааг хийсэн байна гэж харагдаж байгаа юм. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан байгаа. 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ******* 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл энэ ажилд ажиллаад явж байсан. Тухайн үед татан буулгачихаад ажлаас чөлөөлөөгүй. 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаад явж байсан нь хавтаст хэргийн материалд байгаа нотлох баримтуудаас тодорхой харагдаж байна. Засаг даргын анх гаргасан захирамж дээрээ өөрчлөн байгуулсантай холбоотой *******ийг ажлаас чөлөөлсүгэй гэсэн байгаа. Дараа нь энэ захирамжаа 11 дүгээр сарын 08-ны өдөр Засаг даргын Б/74 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай гэсэн байгаа. Тэгэхээр энэ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад ******* гэдэг хүнийг ажлаас чөлөөлөх гэсэн шалтаг шалтгаан хайж энэ хүнийг ажлаас чөлөөлсөн байгаа. Аль нэг намын үзэл бодлоор Үндсэн хуульд заасан эрхийг хязгаарлаад байна.

          Энэ хүн чинь хөдөлмөрлөх эрхтэй. Үндсэн хууль зөрчөөд намын нэгэн үзэл бодлоор энэ хүнийг яаж ажлаас нь чөлөөлөх вэ гэсэн үндэслэл хайж энэ хүнийг 12 дугаар сарын 9-ний өдөр ажлаас чөлөөлсөн захирамжийг 2 дугаар сарын 2-ны өдөр шүүх дээр гаргаж өгсөн. Энэ захирамжийг үзээгүй явж байгаад шүүх хурал дээр нотлох баримт гаргаж өгөхөд нь энэ захирамжийг олж харсан байгаа. Ингээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд явсан байгаа. ******* гэдэг хүнийг ажлаас чөлөөлөх гэсэн ямар нэгэн хуулийн заалт гаргалгаа хайж эцэс сүүлд нь Орон нутгийн өмчийн алба татан буугдчихлаа гэж энэ хүнийг ажлаас чөлөөлснийг хууль бус үндэслэлгүй юм байна. 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Б/10 дугаар Засаг даргын захирамжаар *******ийг ажлаас чөлөөлсөн байгаа. Энэ захирамжийн үндэслэл болгосон заалтан дээр нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг барьсан байгаа. Энэ заалт дээр Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээнд захирамж гаргах эрх хэмжээ нь байж байгаа.

          Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн барьсан байгаа. 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч улс төрийн албанд томилогдон ажиллах болсон эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэсэн заалтыг барьсан байгаа. Тэгэхээр ******* гэдэг хүн улс төрийн албан тушаал болон үйлчилгээний албанд томилогдсон зүйл байхгүй тул энэ заалтыг барьсан нь үндэслэлгүй юм. ТЗ9 дүгээр зэргээр цалин авдаг байсан. Одоогийн үүрэг гүйцэтгэгч нь ТЗ9 дүгээр зэргээр цалин авч байгаа. Ийм учраас 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг барьсан нь үндэслэлгүй юм. Мөн Төрийн албаны тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.2.4 дэх хэсгийг барьсан байгаа. Энэ заалт нь төрийн байгууллага татан буугдсан, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо хасагдсан тохиолдолд албан тушаал бууруулахгүйгээр мэргэжил мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжүүлэх буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшүүлэх болон энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалын цалин хөлс авч хууль тогтоомжид заасны дагуу ажлын байраар хангуулах гэсэн заалт байгаа. Тэгэхээр нь 24 дүгээр зүйлийн 24.2.4 дэх хэсгийг аваад үзэхээр орон нутгийн өмчийн алба нь бүүр татан буугдсан биш. Энэ хүний албан тушаал нь Орон нутгийн өмчийн албаны дарга гэсэн орон тоо нь хасагдаад алга болсон зүйл хавтаст хэргийн материалаас харахад харагдахгүй байгаа юм.  Тэгэхээр 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаар захирамжийн удирдлага болгоод байгаа заалтууд нь хуульд нийцээгүй үндэслэлгүй захирамж гарсан байна.      

          Энэ хүний нийгмийн даатгалын дэвтэр дээр цалин бодогдоод бичигдээд авчихсан. Ажилгүй байсан хугацааны цалин 9.791.226 төгрөгийг гаргуулж мөн энэ хүний 2017 оны 1-8 дугаар сар дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Тийм учраас Б/110 дугаар захирамжийг хүчингүй болгож *******ийг Орон нутгийн өмчийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож энэ хүний ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг нь бүрэн хэмжээнд дэмжиж оролцож байна.    

         Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

        Орон нутгийн өмчийн албыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2016 оны 55 дугаар тогтоолоор татан буулгасан байгаа. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг дарга Орон нутгийн өмчийн газрыг зохион байгуулах шаардлагатай болсон. Энэ дагуу орон нутгийн өмчийн газрыг 2016 оны 418 дугаар захирамжаар байгуулсан байгаа. Тухайн Орон нутгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулаад бүтэц орон тоо нь өөрчлөгдөж нийлүүлж нэгтгэсэн байгуулсан байгаа. Тэгэхээр даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь нэмэгдсэн. Уг орон нутгийн өмчийн алба бол зөвхөн Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг байсан бол  орон нутгийн өмчийн газар болсноороо Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Орон нутгийн өмчийн газар /Худалдан авах ажиллагааны алба/-тай гэж заасны дагуу даргын ажлын байрны тодорхойлолтод чиг үүрэг нэмэгдэж орсон байгаа. Үүнтэй холбогдуулаад *******ийг чөлөөлсөн байдаг. Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Мөнхнасан бол Төрийн албаны тухай хууль болон түр орлон гүйцэтгэх журмын дагуу түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Энэ бүх аймгийн Засаг даргын захирамжаар гарсан шийдвэрүүд нь хууль тогтоомжид нийцүүлж гаргасан захиргааны акт байгаа 

           Орон нутгийн өмчийн алба бол өмнө нь аймгийн иргэдийн хурлын дэргэдэх алба байсан. Тийм ч учраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурал тухайн албыг өмнө нь байгуулж байсан. Энэ үүднээс байгуулсан газар нь татан буулгаж байгаа асуудал. Эргээд Орон нутгийн өмчийн газар Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг болж 2016 оны 09 дүгээр тогтоолоор харьяалал нь өөрчлөгдсөн байгаа. Тэр дагуу Орон нутгийн өмчийн албыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид татан буулгах нь хуулийн шаардлага хангана гэж үзэж татан буулгасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ажлын байрны тодорхойлолттой холбогдуулаад тавигдах шаардлага худалдан авах ажиллагааны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх гээд энэ бол Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн албан тушаалыг эрхлэх шаардлага хангасан байх шаардлагатай. Орон нутгийн өмчийн газрын даргын сонгон шалгаруулалтыг зарлана гэдгийг төрийн албаны салбар зөвлөлөөс хэрэгт албан тоот ирүүлсэн байгаа түүний дагуу сонгон шалгаруулалтыг зарлана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Гуравдагч этгээд Мөнхнасан нь миний эрх ашиг хөндөгдөөгүй. Би түр орлон гүйцэтгэгч хийж байгаа боловч ямар нэгэн дарга томилогдоод ирвэл би энэ хүний ажлыг өгөхөд бэлэн байна гэдгээ бичгээр ирүүлсэн байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжийг 3, 4 дүгээр заалтыг хүчингүй болгуулах, 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Б/110 дугаар захирамжийг хүчингүй болгож, Орон нутгийн өмчийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, энэ хугацаанаас хойших ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

          Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжийн 3, 4 дүгээр заалтыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

          Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолийн 4 дэх хэсэгт аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд “Орон нутгийн өмчийн газар /Худалдан авах ажиллагааны албатай/” хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосон. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны 55 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх заалт, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.4 дэх заалтууд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Орон нутгийн өмчийн албыг татан буулгасан байна.

          Аймгийн Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 55 дугаар тогтоолын хүрээнд  2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/418 дугаар “Тогтоол хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, 2016 оны 12 дугаар сарын 21-ны А/442 дугаар “Захирамжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай” захирамж гарган, захирамжийн 1 дэх заалтаар аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албыг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөр татан буулгаж, татан буугдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн алба, Худалдан авах ажиллагааны албаны чиг үүргийг нэгтгэн аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрыг шинээр байгуулж, шинэчлэн зохион байгуулагдсан Орон нутгийн өмчийн газрын хэрэгжүүлэх чиг үүрэг, бүтэц, дүрмийг хавсралтаар баталсан байна. А/418 дугаар захирамжийн 3 дугаар заалтаар Орон нутгийн өмчийн газрын даргын сонгон шалгаруулалтыг холбогдох журмын дагуу зохион байгуулахыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд даалгаж, 4 дүгээр заалтаар Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Орон нутгийн өмчийн албаны мэргэжилтэн З.Мөнхнасанг томилсон байна.

           Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 31.2-т “Хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэнэ” гэж зааснаар аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба, Орон нутгийн өмчийн албаны үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болгосон хуулийн этгээд шилжүүлж нийлүүлэн аймгийн Орон нутгийн өмчийн газрыг байгуулсан байна.

          Аймгийн Орон нутгийн өмчийн газар шинээр байгуулагдсанаар уг газрын даргыг Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, төрийн жинхэнэ албан тушаалд бэлтгэгдсэн байдал, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулж, Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн  албан тушаал дэвшүүлэх замаар уг орон тоог нөхөхөөр сонгон шалтгаруулалт зарлах  бөгөөд хуулийн 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй”, хуулийн 10.1-т “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай мэргэшсэн байх явдал мөн” гэж зааснаар тухайн албан тушаал (ажлын байр)-д тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгохоор сонгон шалгаруулалтыг холбогдох журмын дагуу зохион байгуулахыг Төрийн албаны салбар зөвлөлд даалгасан мөн аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж томилогдох хүртэл даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч томилсоныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

          Аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ны Б/110 дугаар захирамжийг хүчингүй болгож, Орон нутгийн өмчийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, энэ хугацаанаас хойших ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

          Аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Б/110 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.11, Төрийн албаны тухай хуулийн 23.4, хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэг, аймгийн ИТХ-ын 2016 оны 55 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн алба татан буугдсантай холбогдуулан тус албаны дарга *******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа хэдий ч төрийн байгууллага өөрчлөн байгуулагдаж аймгийн Орон нутгийн өмчийн газарт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албыг нийлүүлсэнээр албаны даргаар ажиллаж байсан *******ийн ажлын чиг үүрэг тухайн газарт хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Орон нутгийн өмчийн албаны дүрэм /ИТХ-ын 2011 оны 04 сарын 29-ны 16 дугаар тогтоолын хавсралт/, *******ийн 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлт, албаны 2015, 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, шинээр байгуулагдсан аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2016 оны А/418, А/442 дугаар захирамж, Орон нутгийн өмчийн газрын хэрэгжүүлэх чиг үүрэг /А/418 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт/, зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

          Нэхэмжлэгч ******* нь төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн албан хаагчийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж зааснаар аймгийн Орон нутгийн өмчийн газарт ажиллах нөхцөл боломжоор хангагдах үндэслэлтэй байна.

           Харин дээрх хоёр албыг татан буулгаж шинээр газар байгууллагдаж байгаатай холбоотойгоо тухайн газрын даргын ажиллах чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын зэрэглэл өөрчлөгдөх бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албаны даргаар ажиллаж байсан албан тушаалтныг аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоох боломжгүй юм.

           Мөн аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/418 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба, Орон нутгийн өмчийн албаны татан буугдаж шинээр аймгийн Орон нутгийн өмчийн газрыг байгуулж захирамжийн 1 дүгээр хавсралтаар Орон нутгийн өмчийн газрын хэрэгжүүлэх чиг үүргийг 1. Өмчийн бодолгын асуудлаар 2. Худалдан авах ажиллагааны асуудлаар гэсэн байдлаар тодорхойлсон /хуудас 49/, 2 дугаар хавсралтаар Орон нутгийн өмчийн газрын дарга, орон нутгийн өмчийн бүртгэл, хяналтын ахлах мэргэжилтэн, өмчийн бодлого зохицуулалт, хяналтын мэргэжилтэн, архив бичиг хэргийн ажилтан, худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч /хуудас 50/ гэсэн бүтэц орон тоотой байхаар баталсан байгааг дурдах нь зүйтэй байна.

           Дээрх нөхцөл байдлаас үндэслэн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасны дагуу аймгийн Засаг дарга Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дэх заалтад нийцүүлэн  *******ийг зохих албан тушаалд томилсон дахин шинэ акт гаргах хүртэл аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ны Б/110 дугаар захирамжийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

           Шүүх дахин шинэ акт гаргах хүртэл Засаг даргын Б/110 дугаар захирамжийг түдгэлзүүлж байгаа тул ажилгүй байсан хугацааны цалинг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

          Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтас хэргийн мартериалд авагдсан *******ийн сарын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 7-9 дүгээр сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон. Иймд нэхэмжлэгч *******т 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 29-ныг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 9.860.913 төгрөгийг олгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.7, 106.3.11, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжийг 3, 4 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай иргэн *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргад даалгаж, тус аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ны Б/110 дугаар захирамжийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд хариуцагч Говь-Алтай аймгийн аймгийн Засаг дарга нь Орон нутгийн өмчийн газрын зохих  албан тушаалд *******ийг томилсон шийдвэр гаргаагүй бол тус аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ны Б/110 дугаар захирамжийг хүчингүй болохыг дурдсугай.

4. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан *******ийн ажилгүй байсан 179 хоногийн  цалин 9.860.931  /есөн сая найман зуун жаран мянга есөн зуун гучин нэгэн/ төгрөгөөс зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргад даалгасугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.СОНИНБОЛОР

        

                                ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД-ОЧИР

 

                                ШҮҮГЧ                                      Э.ЗОЛБАДРАХ