Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2020/0334

 

2020.05.19-ний өдөр                                       221/МА2020/0334                                            Улаанбаатар хот

 

  “Террасатори” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 179 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 179 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2.5 га газрын эзэмших эрхийг сунгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруу дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Тодруулбал нэхэмжлэгч нь шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1-т заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн бөгөөд анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн эсэхэд ямар нэг дүгнэлт хийгээгүй нь зөвхөн Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэн ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай юм.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 5172958 дугаартай “Т” ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд аялал жуулчлалын бизнес эрхлэх зорилгоор 2011 онд Хан-Уул дүүрэгт Богдхан уулын дархан цаазат газар буюу Жаргалантын аманд 2.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар эрх бүхий байгууллагаас гэрчилгээ авсан.

Тухайн газар дээр зочид буудал барихаар төлөвлөж 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 493/2013 тоот барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1754/2013 тоот техникийн нөхцөлийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас, 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1036 тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулж барилгын ажлыг эхлүүлсэн.

Барилгын ажил зохих журмын дагуу хэвийн явагдаж байсан ба 2017 онд манай компанийн газар ашиглах гэрээний хугацаа дууссан бөгөөд газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгуулахаар эрх бүхий байгууллагад хандан өргөдөл гаргасан.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахад татгалзах зүйлгүй болохоо 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 893 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэдэгдсэн бөгөөд бидний зүгээс гэрчилгээ сунгагдахыг хүлээн барилгын ажлаа хэвийн үргэлжлүүлсээр байсан.

2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр манай компанийн ажилтан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар ашиглах гэрчилгээг сунгасан эсэх талаар тодруулахаар очиход Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тухай мэдээллийг бидэнд өгсөнөөр манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээ дуусгавар болсон гэдгийг мэдсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон үндэслэлээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.8-д заасныг үндэслэсэн нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд зохих журмын дагуу тухайн газрыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу газар ашиглах хугацаа дуусгавар болох хүртэл ашиглаж байсан болох нь эрх бүхий байгууллагуудаас авсан зөвшөөрөл болон Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахад татгалзах зүйлгүй болохоо 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 893 дугаар албан бичгээс тодорхой харагдана.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасныг газар ашиглагч манай компанид мэдэгдэлгүйгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаал нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Богдхан уулын Жаргалантын аманд байрлах 2.5 га газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газар ашиглах гэрээг нь цуцлах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын холбогдох заалт нь Газрын тухай болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн холбогдох заалтуудад нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Анх “Т” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар болох “Жаргалантын ам” нэртэй газарт 2.5 га газрыг “Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн/ “аялал жуулчлалын” зориулалтаар шилжүүлж ашиглуулсан байна. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр 78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсны дотор “Т” ХХК хамрагдаж, тус компанийн 2.5 га газар ашиглах эрхийг цуцалжээ.

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан байна.

Хэдийгээр нэхэмжлэгч 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалыг гаргахдаа бодит байдалд нийцээгүй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахад татгалзах зүйлгүй болохоо 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 893 дугаар албан бичгээр илэрхийлсэн гэжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар газар ашиглах эрх олгосон Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ажуй нэгж байгууллагатай газар ашиглах гэрээг дүүргийн Засаг дарга болон Хамгаалалтын захиргаа байгуулах зохицуулалттай байна. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчид газар ашиглуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр нэгэнт гарсан байхад газар ашиглах гэрээг холбогдох захиргааны байгууллагаас байгуулаагүй, энэ нь нэхэмжлэгчээс хамаараагүй, газар ашиглах гэрээ байгуулснаар газар ашиглагчийн эрх, үүрэг үүсэхээр байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Т” ХХК 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1/002 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийн хугацаа дуусч байгаа тул зохих журмын дагуу сунгуулах хүсэлтээ илэрхийлж, хүсэлтээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан байна. Энэ талаар анхан шатны шүүх “...Я.Э нь тухайн үед уг компанийг төлөөлөх эрхгүй, зөвхөн хүчин төгөлдөр, гэрээ, гэрчилгээний үндсэн дээр тухайн газрыг ашиглах эрх үүсч үргэлжлэх бөгөөд нэгэнт газар ашиглах хугацааг сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад гаргаагүй, уг газрыг ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгагдаагүй байжээ...” гэж зөв дүгнэлтийг хийжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг зөв дүгнэн, хэрэглэвэл зохих Газрын тухай болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 179 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН