Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2026/0098

 

 

“С***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

нийслэлийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                    Г.Банзрагч

Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

                                                Д.Батбаатар

                                                 П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                         М.Батсуурь

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0140 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2026/0248 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2026/0329 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Төрболд (№3024 цахимаар) нарыг оролцуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.    

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“С***” ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “... тус Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/*** дугаар захирамжийн нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Нийслэлийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/*** дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.11, 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 1-д заасныг тус тус үндэслэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй, хавсралтад дурдсан 2 аж ахуйн нэгж (1 дэх хүснэгтэд “С***” ХХК)-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон.

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг тус тус баримтлан “С***” ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/*** дугаар захирамжийн “С***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2026/0248 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0140 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаагүй байна.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2026/0329 дүгээр тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Төрболдоос шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

6.1.Анхан болон давж заалдах шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлөөр олгогдсон газрын хэвлийг хөндөөгүйтэй, түгээмэл тархацтай ашигт малтмал хийгээгүйтэй талууд маргаагүй тул захирамжид баримталсан Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан нөхцөл бүрдсэн гэж хариуцагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж шийдсэн нь үндэслэлгүй. Учир нь, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон түүнтэй холбогдох харилцааг нарийвчилсан хуулиар буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг. Хариуцагч тал анх тусгай зөвшөөрөл олгохдоо Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг үндэслэн олгосон атлаа “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/*** дугаар шийдвэртээ зөвхөн Газрын хэвлийн тухай хуулийг үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэр.

6.2.Өөрөөр хэлбэл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан бөгөөд тус хуулийн Гуравдугаар бүлэгт “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл” авах бүртгүүлэхтэй холбоотой харилцааг, мөн Дөрөвдүгээр бүлэгт “түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл” авах, бүртгүүлэхтэй холбоотой харилцааг тус тус зохицуулсан байдаг. Дээрхээс үзвэл, тус хуулийн Долдугаар бүлгийн Тусгай зөвшөөрөл дуусгавар болгохтой холбоотой харилцааг 35 дугаар зүйлийн 35.1.3-т “аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэж заажээ.

6.3.Мөн Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т “Газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна”, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч байгууллага хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байтал анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзсэн нь үндэслэлгүй.

6.4.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7.Хариуцагчаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

9.Улсын дээд шүүхээс өмнө нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн газрын хэвлийг ашиглах эрхийг Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг үндэслэн дуусгавар болгосон захиргааны акттай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ уг хуулийн зохицуулалтыг хэрэглэж байсан байна. Тухайлбал, “Зорь итгэ бүтээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй[1] захиргааны хэрэг, “М***” ХХК-ийн нэхэмжлэлтэй[2] захиргааны хэрэг, “О***” ХХК-ийн нэхэмжлэлтэй[3] захиргааны хэрэг, “Э***” ХХК-ийн нэхэмжлэлтэй[4] захиргааны хэрэг, “М***” ХХК-ийн нэхэмжлэлтэй[5] захиргааны хэрэг байна.

10.Гэвч эдгээр хэргийн үйл баримт, маргааны зүйл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хүчингүй болгосон үндэслэл нь  зөвхөн дээрх хуулийн зохицуулалт бус өөр бусад хууль зүйн үндэслэл (тухайлбал, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй, тусгай зөвшөөрлийн талбай нь тусгай хэрэгцээний нутаг дэвсгэрт хамаарч буй гэх мэт) давхар байсныг дурдах нь зүйтэй.

11.Цаашид түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байхад түүгээр олгогдсон эрхийг Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг бие даасан үндэслэл болгон дуусгавар болгож болох эсэх, энэ тохиолдолд Газрын хэвлийн тухай хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтыг хэрхэн уялдуулан хэрэглэх талаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох шаардлагатай байна.

12.Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана” гэж зааснаар дээрх хоёр хуулийн зохицуулалтын агуулга, хэрэглээний жишиг ойлголтыг тогтоож, дараах байдлаар хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

13.Газрын хэвлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Газрын хэвлийн тухай Монгол Улсын хуулийн зорилт нь өнөөгийн болон хойч үеийнхний ашиг сонирхолд нийцүүлэн газрын хэвлийг ашиглах, хамгаалахтай холбогдсон нийгмийн харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Газрын хэвлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж тус тус заажээ.

14.Эдгээр зохицуулалтаас үзвэл, Газрын хэвлийн тухай хууль нь газрын хэвлийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг нийтлэг (ерөнхий) байдлаар зохицуулсан хууль байна.

15.Харин Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлагатай холбоотой харилцааг тус хуулиар зохицуулахаар, 2 дугаар зүйлийн 2.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэх”-ээр, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна”, 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж мөн хуульд заасны дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг ойлгохоор заасан байна.

16.Дээрх хуулиудын зорилго, зохицуулах харилцаа болон тусгай зөвшөөрлийн эрх зүйн агуулгыг харьцуулан үзвэл, Газрын хэвлийн тухай хууль нь газрын хэвлийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг нийтлэг байдлаар зохицуулсан бол Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль нь тухайн төрлийн ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох, эзэмших, дуусгавар болгох, цуцлахтай холбоотой харилцааг тухайлан зохицуулжээ.

17.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Газрын хэвлийн тухай хуулийг тухайн харилцаанд хамаарах хууль тогтоомжийн бүрэлдэхүүнд багтаасан нь уг хуулийн бүх зохицуулалтыг тусгай зөвшөөрлийн эрх дуусгавар болгох, цуцлах харилцаанд бие даан хэрэглэх үндэслэл болохгүй. Харин тухайн маргаантай харилцааг аль хуулиар тухайлан зохицуулсныг тэдгээрийн зорилго, агуулга, зохицуулалтын уялдаанд үндэслэн тодорхойлох шаардлагатай.

18.Энэ хэргийн тухайд, хариуцагч нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэл, журмаар цуцлаагүй, харин Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг баримтлан газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосон.

19.Маргаан бүхий А/*** дугаар захиргааны акт нь тусгай зөвшөөрлийг шууд цуцалсан шийдвэр биш боловч тусгай зөвшөөрлөөр олгогдсон ашигт малтмал ашиглах эрхийг хэрэгжүүлэх боломжид шууд нөлөөлөх үр дагавартай тул уг актыг хуульд нийцсэн эсэхийг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа нөхцөл болон түүгээр олгогдсон эрхийн эрх зүйн зохицуулалтыг харгалзан үзэх шаардлагатай.

20.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэх нөхцөлд үндэслэн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг хэрэглэж, хариуцагчийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь буруу.

21.Шүүхүүд нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байхад газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосон маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үр дагаварт дүгнэлт өгөөгүй, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 35, 37 дугаар зүйлтэй уялдуулан тайлбарлаж хэрэглэхээр байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь үндэслэлтэй.

22.Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хэрэв газрын хэвлийг ашиглагч нь дор дурдсан зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно” гэж, мөн хэсгийн 1-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэж, 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох өөр үндэслэлийг Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоож болно”, 5 дахь хэсэгт “Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно” гэж тус тус заасан.

23.Иймд эдгээр зохицуулалтыг түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцаанд хэрэглэхдээ Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрөл дуусгавар болгох, цуцлах үндэслэл, журмыг зохицуулсан заалтуудтай уялдуулан тайлбарлах шаардлагатай. Учир нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичиг бөгөөд уг тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байхад газрын хэвлийг ашиглах эрхийг тусад нь дуусгавар болгох нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болгох үр дагавартай.

24.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл доор дурдсан тохиолдолд дуусгавар болно”, 35.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан”, 35.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн”, 35.1.3-т “аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална” гээд 37.1.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон”, 37.1.2-т “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 37.1.3-т “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, нөхөн сэргээх үүрэгтэй холбоотой эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан”, 37.1.4-т “түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн ашигт малтмал хайж, ашигласан нь тогтоогдсон” тохиолдлыг тус тус заасан байна.

25.Түүнчлэн мөн хуулийн 37.2-т цуцлах үндэслэлийг тодорхой зааж мэдэгдэх, 37.3-т эзэмшигч нотлох баримт ирүүлэх, 37.4-т ирүүлсэн баримтыг хянан шийдвэрлэх журмыг тогтоосон.

26.Эдгээр зохицуулалтаас үзвэл, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох, цуцлах үндэслэл, журмыг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар тухайлан тогтоосон бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг эрх бүхий этгээд мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэхээр байна.

27.Иймд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байхад түүнийг эзэмшигчийн газрын хэвлийг ашиглах эрхийг Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг бие даасан үндэслэл болгон дуусгавар болгохгүй, харин тухайн харилцааг тухайлан, нарийвчлан зохицуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэж, тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх зохицуулалттай байна.

28.Харин тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байхад Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг бие даасан үндэслэл болгон газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох нь тусгай зөвшөөрлийг цуцлах тухайлсан зохицуулалтыг хэрэглэхгүйгээр түүгээр олгогдсон эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болгох үр дагавартай тул дээрх хуулиудын зорилго, зохицуулах харилцаа, эрх дуусгавар болгох үндэслэл, журмын уялдаанд нийцэхгүй.

29.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, ... заалтыг хэрэглэнэ” гэж заасан.

30.Иймд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа тохиолдолд түүнийг эзэмшигчийн газрын хэвлийг ашиглах эрхийг Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг бие даасан үндэслэл болгон дуусгавар болгохгүй, харин тухайн харилцааг тухайлан, нарийвчлан зохицуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэж, тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ гэж тайлбарлах нь зүйтэй.

31.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байхад газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэрийг Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар зөвтгөж, тус харилцааг тусгайлан нарийвчлан зохицуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа болжээ.

32.Иймд, дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0140 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2026/0248 дугаар магадлалыг хүчингүй болгож, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 35 дугаар зүйлийн 35.1, 37 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч “С***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/*** дугаар захирамжийн нэхэмжлэгч “С***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.БАНЗРАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

              ШҮҮГЧИД                                                                 Д.БАТБААТАР

                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                            М.БАТСУУРЬ

 

 

[1] “З***” ХХК ба нийслэлийн Засаг дарга, 128/2018/0141/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим) 001/ХТ2018/0510, х.4,

[2] “М***” ХХК ба нийслэлийн Засаг дарга, 128/2019/0104/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим) 001/ХТ2019/0433,

[3] “О***” ХХК ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, 128/2019/0824/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим) 001/ХТ2020/0270,

[4] “Э***” ХХК ба нийслэлийн Засаг дарга, 128/2020/0353/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим) 001/ХТ2022/0036,

[5] “М***” ХХК ба нийслэлийн Засаг дарга, 128/2020/363/з/Т, УДШ, (Захиргааны хэргийн танхим) 001/ХТ2022/0046,