Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 1883

 

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2016/01883

 

 

М.Ганболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр дугаар 19-ний өдрийн 183/ШШ2016/00731 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Ганболдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Иргэний Нисэхийн Ерөнхий газарт холбогдох

 

Илүү цагийн хөлс 2 476 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонгын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Солонго

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 10 дугаар сараас эхлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Техник хангалт навигацийн үйлчилгээний албанд ээлжийн инженерээр ажиллаж байгаа бөгөөд Дорноговь аймгийн Сайхан дулаан суманд байрлах Иргэний нисэхийн Радар сайтад сар бүр 12 хоног ээлжээр ажилладаг. Манай албаны инженер нь ажлын онцлогоос хамаарч сард 10 өдөр тасралтгүй ажиллаж, ирэх буцахад 2 өдөр зарцуулан, нийтдээ 12 хоног ажиллаад үлдсэн хоногт амарч ээлжийн хуваариар ажилладаг. Миний ажлын байр нь хортой нөхцөлд хамаардаг, тасралтгүй 10 хоногийн турш ажилладаг бөгөөд сард 240 цагаар ажилладаг. Илүү цагийг 40 цагаар тооцон сар бүр тогтмол илүү цагийн нэмэгдэл олгодог байсан. Гэтэл манай байгууллага 2016 оны 4 сараас эхлэн төсөвт хэмнэлт хийх зорилгоор илүү цагийн тогтмол олгодог нэмэгдэл 40 хувийг олгохгүй хасч, хууль бусаар суутгасан. Ингэж хасахдаа удирдлагаас албан ёсоор гаргасан тушаал, шийдвэр, эрхийн акт байхгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Учир нь гэрээ болон тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар захиргаа нь ажилтны хөдөлмөрийн хөлсийг анх тогтоосноос бууруулахгүй, нэмэгдүүлэх бодлого баримтална гэсэн заалтыг зөрчсөн. Миний үндсэн цалин сард 1 318 000 төгрөг бөгөөд тухайн сарын ажлын хоногоос хамаарч нэг цагийн хөлс өөр өөрөөр буюу ажлын 21 хоногтой сард нэг цагийн хөлс 7 845 төгрөг ногдож байна.  Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.2.3-д зааснаар илүү цагийн мөнгийг олгох ёстой тул дутуу олгосон цалин хөлсийг сар бүр 40 цагаар тооцон, 2016 оны 4 - 7 дугаар сарын илүү цагийн хөлс нийт 2 476 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Навигацийн алба нь ажлын онцлогоос хамаарч сард 10 өдөр ажиллаж, 20 хоногоор амардаг ээлжийн хуваарьтай. Хэдийгээр ээлжинд 10 хоног ажилладаг хэдий ч тухайн өдрүүдэд тасралтгүй ажилладаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өдрийн 12 цаг ажиллаж, шөнийн 12 цагт нь амардаг. Хэрэгт нотлох баримтаар авагдсан ээлжийн хуваарьт бичигдсэн 24 цаг гэсэн тэмдэглэгээ нь зөвхөн тухайн ажлын местэн дээр хариуцан байршихыг илтгэж байгаагаас нэхэмжлэгч М.Ганболд тасралтгүй 24 цагаар 10 хоног ажилласан гэсэн үг биш юм. Түүнчлэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд сар бүр илүү цагийн нэмэгдэл олгох талаар харилцан тохиролцоогүй.

Анх 2016 оны 03 дугаар сарын 21-нд тус байгууллагын санхүү, эдийн засгийн газраас Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны 42 инженерийн цалингийн нэмэгдэл нь цалингийн фондод нөлөөлөхүйц хэмжээтэй байгааг нягтлах талаар албан тоот ирсэн. Үүний дагуу хянаж үзэхэд тус албаны инженерүүдэд өмнө нь ямар нэг тушаал шийдвэргүйгээр нэг ч материалгүйгээр нягтлан бодогч автоматаар сар бүр илүү цагийн цалинг 40 цагаар тооцон нэмэгдэл боддог байсан нь тогтоогдсон. Нэхэмжлэгчтэй анх хөдөлмөрийн гэрээ байгуулахад тэрээр Дорноговь аймагт ээлжээр ажиллана гэдгийг хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан. Иймд илүү цагийн мөнгө нэхэмжлэх нь үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийг 10 хоног ажиллуулан, 20 хоног амраах зарчмаар ажиллаж байгаа нь нөхөн амраасан гэж үзэж байна. Дотоод журмаар ажилтан илүү цагаар ажилласан тохиолдолд ажлын цагийн сунгалтын хуудас бөглөдөг бөгөөд уг хуудсын дагуу нэхэмжлэгч М.Ганболдод 2016 оны 6 дугаар сард 8 цаг, 7 дугаар сард 24 цаг нийт 32 цаг илүү ажилласны нэмэгдлийг 2016 оны 8 дугаар сарын цалин хөлс дээр нэмж олгосон. Мөн 2016 оны 8 дугаар сард илүү цагаар ажилласан 10 цагийн нэмэгдлийг мөн тооцож олгосон байгаа. Иймд нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газраас 2 122 764 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ганболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 354 036 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 15 620 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 48 914 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Ганболдод олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс  хариуцагчийн хууль, ёсны ашиг сонирхол зөрчигдөж, талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Шүүх хуралдаанд М.Ганболд хоцорч ирсэн байхад оруулчихаад намайг ажиглагчийн байр суурьнаас хуралд оролцуулсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч М.Ганболд нь хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газарт холбогдуулан илүү цагаар ажилласны нэмэгдэл  хөлс  2 476 800 төгрөг гаргуулахаар  шаардсаныг  хариуцагч эс зөвшөөрч, “...өдрийн 12 цагт нь  ажиллаад шөнийн 12 цагт нь амардаг байсан болохоор нөхөж амраасан гэж үзнэ. Нэхэмжлэгч өөрөө гэрээ байгуулахдаа Дорноговь аймагт ээлжээр ажиллана гэдгээ зөвшөөрч хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд түүний  2016 оны 6 дугаар сард 8 цаг, 7 дугаар сард 24 цаг нийт 32 цаг илүү ажилласны нэмэгдэл хөлсийг 8 дугаар сарын цалин дээр нэмж олгосон” гэж маргажээ.

Нэхэмжлэгч М.Ганболд нь хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газартай 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 129/2015 тоот хөдөлөмөрийн гэрээг бичгээр байгуулж, ажиглалтын хэсэгт Сайншандын радиолокаторын инженерээр, хэвийн бус нөхцөлд ажиллахаар, хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээнд заасны дагуу нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгохоор талууд тохиролцож гарын үсгээ зурсан. Зохигчдын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, талууд гол нөхцлийг тохиролцсон, гэрээ хүчин төгөлдөр байна.  /хх-16-18, 45-51/

 

Иргэний Нисэхийн Ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/852 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.10, 4.1.11-т  “ажилтныг ажлын зайлшгүй шаардлагаар шөнийн болон илүү цагаар ажиллуулсан бол нөхөн амраах ба нөхөн амраах боломжгүй нөхцөлд нэмэгдэл хөлс олгоно”, “инженер техникийн ажилтнууд илүү цагаар болон амралтын өдрүүд, шөнийн цагаар ажилласан бол ...нэг сард 50 хүртэл цагийн илүү ажилласны нэмэгдэл хөлсийг 2,0 дахин нэмэгдүүлэн олгоно” гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлд долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байхаар, ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байхаар зохицуулсан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд ажилтныг илүү цагаар ажиллуулахыг хязгаарласан бөгөөд хэрэв хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон, ажил олгогч санаачилсан зэрэг шалтгаанаар илүү цагаар, тэр дундаа шөнийн цагаар  ажиллуулаад нөхөж амруулаагүй бол ажилтанд нэмэгдүүлсэн цалин хөлс олгохыг Хөдөлмөрийн тухай хуулийн  53, 54 дүгээр зүйлүүдэд  заасан байна.

 

Хэрэгт нотлох баримтаар гаргасан ээлжийн хуваарь гэх баримтад М.Ганболдыг 24 цагаар ажилладаг талаар тэмдэглэжээ. Ээлжийн хуваарийг Ерөнхий инженер нэгтгэж гарын үсгээ зурсан, албаны дарга Д.Баяртогтох батласан байх бөгөөд уг баримтыг нотариатч гэрчилсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлага хангасан баримт гэж үзнэ.  /х.х-ийн 66-88 хуудас/

 

Ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгчийг 12 цаг ажиллуулж, 12 цагт нь амраасан гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч илүү цагаар ажилласан нь өөрийнх нь тайлбар, ээлжийн хуваарь ажлын цагийн сунгалтын хуудас зэргээр нотлогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар болон гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу илүү цагийн нэмэгдүүлсэн хөлсийг шаардах  эрхтэй, 2 122 764 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго“.., анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шүүх хуралдаанд хоцорч ирсэн нэхэмжлэгч М.Ганболдыг  шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, адилхан хоцорч ирсэн  өөрийг нь ажиглагчаар суулгасан“ гэж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо дурдсан ч анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс дээрх байдал харагдахгүй, нотлогдохгүй байхын зэрэгцээ шүүх хуралдаанд хариуцагч талыг төлөөлж Э.Сүхбат, Д.Баяртогтох нарын хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар ажилтны үүсгэсэн цалин хөлсний талаарх маргаан нь шүүх шууд хүлээн авч шийдвэрлэх маргаан биш боловч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ  “..,Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан боловч хариу өгөхгүй удаашруулж байгаа талаар дурдсан” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөлмөрийн маргаан таслах комиссоос хариу авч шүүхэд ирүүлсэн зэргээс үзэхэд  урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2016/00731 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонгын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газар нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                  ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

 

                                                                                    Ш.ОЮУНХАНД