| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2024/05774/И |
| Дугаар | 210/МА2026/00209 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2026/00209
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/09953 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ********, *******-д тус тус холбогдох,
орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
********-ийн хэрэгжүүлж буй Хан-Уул дүүргийн ****** хорооны нутаг дэвсгэрт баригдах ******* нэртэй орон сууцны хотхоноос орон сууц захиалан бариулахаар тохиролцож, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан.
Гэрээгээр 13 давхрын 1302 тоот хаягт байрлах, 74.91 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 890,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт 66,669,900 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө ********-ийн дансанд шилжүүлсэн.
Гэрээний хугацаа хэтэрснээс хойш захиалагчийн хувьд гүйцэтгэгчийг гэрээнд заасан үүргээ богино хугацаанд чанартай гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч ******** нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулж, тантай байгуулсан гэрээний 1 м.кв талбайн үнэ 890,000 төгрөгийг 900,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1,790,000 төгрөг болгох болсныг үүгээр мэдэгдэж байна" гэх албан бичгийг ирүүлсэн. Үнийн дүнд өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бусад захиалагч нарын хамтаар гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй гэдгийг гүйцэтгэгч компанид бичгээр мэдэгдсэн.
******** миний бие ********-ийн үндэслэлгүйгээр нэмж шаардаад буй 67,419,000 төгрөгийг төлөхгүй гэснээс болж өөрийн орон сууцаа өмчилж чадахгүйд хүрээд байна.
Хан-Уул дүүргийн ****** хорооны нутаг дэвсгэрт баригдсан ******* нэртэй орон сууц, үйлчилгээний зориулалттай хотхон нь одоогоор 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *******-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байна.
Маргаан бүхий дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд *******-ийн барьцааны эрх хуульд заасан хэлбэрийн дагуу үүсэхээс өмнө ******** нь ********-тай гэрээ байгуулсан тул барьцааны эрх шударгаар үүссэн гэж үзэх боломжгүй.
Иймд тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү.
2. Хариуцагч нар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч ******** /РД: */-г Хан-Уул дүүргийн ****** хороо, Яармаг, Наадамчдын зам гудамж, ****** байр 1302 тоот хаят байрлах 74.91 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож,
Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн ****** хороо, Яармаг, Наадамчдын зам гудамж, ****** байр 1302 тоот хаят байрлах 74.91м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг *******-д даалгаж,
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5 дахь хэсэгт заасныг баримтлан, дээрх орон сууцны өмчлөгчөөр ********ыг бүртгэхийг Улсын бүртгэлийг байгууллагад даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ****** зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 983,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********-аас 491,300 төгрөг, хариуцагч *******-аас 492,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********т олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 7****** зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх хуулиар тогтоосон ажиллагааг хийгээгүй. *******-д шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
******** нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр *******-тай зээлийн гэрээ байгуулан 2,400,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлсэн. Банкны зүгээс тус компаниас зээлийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШШ2024/02296 дугаартай захирамж гарсан. Уг маргаан нь өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар ажиллагаа явагдаж байгаа.
Банкны зүгээс дээрх маргааны зүйлийн барьцаалагч бөгөөд барьцаалуулагч буюу тухайн хөрөнгийн өмчлөгч ********-д барьцааны зүйлээс татгалзсан талаар мэдэгдсэн удаа байхгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг баримтлан барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг *******-д даалгасан нь хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн үйлдэл болсон.
Иймд шийдвэрийн орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг *******-д даалгасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хэргийг хуульд нийцүүлэн, нотлох баримтуудыг бүрэн үнэлж, талуудад эрхээ хэрэгжүүлэх боломж олгосон. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэргийн материалтай танилцсан, шүүхээс хариуцагчид хуралдааны товыг утсаар, мессежээр, баталгаат шуудангаар хуульд заасны дагуу мэдэгдсэн.
Мөн ******* нь шүүхэд тайлбар, нотлох баримтаа хуульд заасан хугацаанд өгөөгүй, шүүх хуралдаанд оролцоогүй байж эрх нь зөрчигдсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Барьцааны эрхийн хувьд ******** нь орон сууцны төлбөрийг бүрэн төлж, өмчлөх эрхээ шударгаар олж авсан байхад ******* хоёр гаруй жилийн дараа барьцаалсныг шударга барьцаа гэж үзэх боломжгүй. Хариуцагч нь нэхэмжлэгч уг орон сууцыг худалдан авсан эсэхийг шалгаж мэдэх боломжтой байсан.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ******** оролцоогүй, гомдолд бичгээр тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********, *******-д холбогдуулан Хан-Уул дүүргийн ****** хороо, Жаргалантын-1 гудамж, ****** байрны 13 давхрын 1302 тоотод байрлах 74,91 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг холбогдох барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.
2.1. Хариуцагч нар нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцох үндэслэл бүрджээ.
Гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах үүднээс шүүх маргааны зүйлд эрх зүйн дүгнэлт өгөх үүрэгтэй.
Гэвч анхан шатны шүүх уг үүргээ хэрэгжүүлэлгүй алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.
3. 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөх байгуулсан гэрээгээр ******** нь ********-иас Хан-Уул дүүргийн ****** хорооны нутаг дэвсгэрт байрлах, ******* хотхоны 13 давхарт 1302 тоот, 74.91 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 66,669,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, мөн өдөртөө гэрээний үнэ 66,669,900 төгрөгийг төлж барагдуулжээ.
3.1. ******** нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ****** хороо, Жаргалантын 1 дүгээр гудамж 6/2 тоот хаягт байрлах 8,398 м.кв талбайтай орон сууцны барилгыг *******-тай байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна.
Уг орон сууцны барилгад нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан гэрээний зүйл болж буй орон сууц мөн багтжээ.
3.2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эзэмшиж байгаа.
3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч ********-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь хэсэгт худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
4.1. Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийн үнийг бүрэн төлж барагдуулсан, улмаар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өөрийн эзэмшилд орон сууцыг авсан байх ба худалдагч нь тухайн орон сууцыг өөр бусад этгээдэд худалдсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Уг 1302 тоот хаягт байрших орон сууцанд * нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр урьдчилсан тэмдэглэл бүртгүүлсэн боловч тэрээр ********-иас 1604 тоот хаягт байрших орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон.
Иймд дээрх урьдчилсан тэмдэглэл нь нэхэмжлэгчийг тухайн орон сууцны өмчлөгчөөр тооцоход саад болох эрх зүйн үндэслэлгүй юм.
4.2. Гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагчийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулж, орон сууцны 1 м.кв талбайн үнийг 890,000 төгрөгөөс 1,790,000 төгрөг болгох саналыг гаргасан боловч уг саналыг нэхэмжлэгч хүлээн аваагүй байна.
Үүнтэй холбоотойгоор талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, гэрээнээс татгалзаагүй.
4.3. Нэхэмжлэгч нь гэрээгээр харилцан тохиролцсон үнийг бүрэн төлсөн, хариуцагч нь үүргийн эрх зүйн харилцааны хүрээнд орон сууцыг нэхэмжлэгчид бодитоор хүлээлгэн өгсөн боловч өмчийн эрх шилжүүлэх хэлцлийн хувьд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй байна.
Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж, үүний үр дагаварт холбогдох бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийг байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ. Энэ шийдэлд хариуцагч ******** гомдол гаргаагүй.
Харин шийдвэрийн тогтоох хэсэгт уг нэхэмжлэлийн шаардах эрхэд хамааралгүй Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зохицуулалт баримталсан байгааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна. Мөн найруулгын болон дугаарлалтын өөрчлөлт үүнийг дагаж орно.
5. Нэхэмжлэгч нь барьцаалагч *******-тай үүргийн харилцаа үүсгээгүй тул орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг өмчийн эрх зүйн хүрээнд гаргажээ.
5.1. ******** болон ******* хооронд байгуулсан Хан-Уул дүүргийн ****** хороо, Жаргалантын 1 дүгээр гудамж 6/2 тоот хаягт байрлах 8,398 м.кв талбайтай орон сууцны барилгыг барьцаалсан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэх бөгөөд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөвд тооцогдоно.
5.2. Ийнхүү улсын бүртгэлд үндэслэн барьцааны гэрээ хийгдэж байгаа тул барьцааны зүйл болж буй барилгын зарим хэсэгт буюу 1302 тоот хаягт байрших орон сууцтай холбоотой худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болохыг барьцаалагч мэдсэн байх ёстой гэж дүгнэх боломжгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь барьцааны гэрээ хийгдсэний дараа орон сууцыг эзэмшилдээ хүлээн авсан, Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй.
5.3. Хэдийгээр нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хангасан боловч ийнхүү өмчлөгч өөрчлөгдөж байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг дуусгавар болгох үндэслэл болохгүй.
Мөн хэргийн баримтаар барьцааны гэрээ Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон үйл баримт тогтоогдоогүй болно.
5.4. Иймд ******** болон *******-ийн байгуулсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр тул орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт нийцэж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах үүднээс улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөвд тооцогдох зарчмын талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байхад энэ үүргээ хэрэгжүүлэлгүй орхигдуулсныг дээрх байдлаар залруулав.
6. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасантай холбоотой тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна. Мөн анхан шатны шүүх тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ****** зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хуваарилаагүй байгааг залруулна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/09953 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 болон 3 дахь заалтыг нэгтгэж 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ********ыг Хан-Уул дүүргийн ****** хороо, Яармаг, Наадамчдын зам гудамж, ****** байр 1302 тоот хаягт байрлах, 74.91 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийг байгууллагад даалгасугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********, *******-д холбогдох Хан-Уул дүүргийн ****** хороо, Яармаг, Наадамчдын зам гудамж, ****** байр 1302 тоот хаягт байрлах 74.91 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
4 дэх заалтыг 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ****** зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 983,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
хариуцагч ********-аас 491,300 төгрөг, улсын орлогоос 422,300 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********т олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж,
5 дахь заалтын дугаарлалтыг 4 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-ийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16****** зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Т.БАДРАХ