Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 749

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч: Н.Энхболд,

Шүүгдэгч Б.А-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Ц овогт Б-ын А-д холбогдох эрүүгийн 1905032820000 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн 24 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 ээж, 2 охин дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоот 0000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шийтгэлгүй, /     / Цовогт Б-ын А,.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б.А-нь 2019 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Москва их дэлгүүрийн авто буудлын орчим иргэн Б.Ө-ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.А-нь 2019 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Москва их дэлгүүрийн авто буудлын орчим иргэн Б.Ө-ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө хоёр найзыгаа Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Москва их дэлгүүрийн авто буудлын орчмоос аваад явж байхад намхан биетэй хар өнгийн гадуур хувцастай жинсэн өмдтэй залуу шууд миний эрүү хэсэг рүү 2 удаа цохисон. Манай найз П, С 2 салгаад цагдаа дуудаад уг залууг цагдаа нар бариад эрүүлжүүлсэн. Дүгнэлтэд дурдагдсан гэмтлийг гадуураа хар хувцастай жинсэн өмдтэй залуу учруулсан. Би эрүүл байсан. А- гэгч архи уусан байсан. Яагаад зодсоныг нь мэдэхгүй байна. Шууд над руу ирээд миний нүүр рүү цохичихсон. Гарсан зардлыг А- өөрөө төлж байгаа. Надад эмчилгээний баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2019 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө хоёр найзыгаа Баянгол дүүргийн 14 дүгээр хороо нэрийг нь мэдэхгүй нэг караокед А-, А бид нар орсон. Пиво уугаад гараад явж байхад А- нэг залуутай маргалдсан. А-г уг залуу цохисон А, А-г салгаад тэгээд А- уг маргалдаж байсан залуугаа цохих гэж байгаад хажууд нь явж байсан залууг андуураад нүүрэн хэсэг рүү нь цохичихсон. Тэгээд А-д цохиулсан залуугийн найз нь А- руу манай найзыг цохичихлоо гээд дайраад байсан. Тухайн үед А- уг залууг андуураад нүүрэн хэсэгт нь гараараа цохисон. Манай найз багаасаа эцэг эхтэйгээ амьдарч байсан. Сантехникч мэргэжилтэй. Даруухан дуугүй, архи дарс хэрэглээд байдаггүй, төлөв зан ааштай...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

Гэрч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө хоёр найзыгаа Баянгол дүүргийн 14 дүгээр хороо нэрийг нь мэдэхгүй нэг караокед А-, О бид нар орсон. Тэгээд пиво уугаад гараад явж байхад А- нэг залуутай маргалдсан. А-г уг залууг цохисон би салгаад А-г холдуулахад А- тонгойж байсан. Тэгээд дээшээ хараад залууг цохих гэхэд хажуугаар явж байсан 3 залуугийн нэгийг нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/        

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн: “...Б.Ө-ын биед тархи доргилт, зүүн нүдний гадна талд шалбаралт, дээд эрүүний 1 шүд хагас хугарал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 47, 48 тал/

 

Шүүгдэгч Б.А-мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Өсөхбаярыг цохиж гэмтэл учруулсан гэм буруугаа ухаарч уучлалт гуйсан. Хохирлыг бүрэн барагдуулсан. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Б.А-г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 тал/, боловсролын талаарх баримтууд /хх-ийн 34-36 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Б.Ө-ын биед “биед тархи доргилт, зүүн нүдний гадна талд шалбаралт, дээд эрүүний 1 шүд хагас хугарал” гэмтэл учирсан нь хэргийн 23 дахь талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Б.А-нь хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.А-гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.А-гийн 2019 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Москва их дэлгүүрийн авто буудлын орчим иргэн Б.Ө-ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Б.А-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А-нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогч Б.Ө-т 628.000 төгрөгийг нөхөн төлсөн” гэж мэдүүлж оролцсон бөгөөд хохирогч Б.Ө- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.А-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.А-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.А-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.А-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Б-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.А-нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Ө-т 628.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА