Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2026/00212

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/08589 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******** холбогдох,

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №0461 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******** 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүрэг, *******, Зайсан гудамж *******-р байр, 11 тоот хаягт байрлах 102 м.кв талбайтай орон сууц, 14 м.кв талбайтай автозогсоолын хамт худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, нотариатаар батлуулж, улмаар 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан.

Уг орон сууцад ******** 6 сар суугаад хүлээлгэж өгнө гэсэн боловч одоог хүртэл чөлөөлж өгөөгүй.

Иймд орон сууцыг хариуцагч ********гээс албадан чөлөөлүүлж өгнө үү.

1.2. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг 2 тал хүсэл зоригоо илэрхийлж, сайн дурын үндсэн дээр хуульд заасан журмын дагуу хийсэн тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө зөвхөн ********гийн өмч биш, ********гийн эхнэр болон түүний хүүхдүүдийн өмчлөлд байдаг.

200,000,000 төгрөгийг, хүүтэй нь өгнө гэж нотариатаар орж, тухайн өдөр нийт 2 хэлцэл хийсэн. Худалдах, худалдан авах гэрээг зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан гудамж ******* байр, 11 тоот, 102 м.кв талбайтай орон сууцыг 14 м.кв талбайтай автозогсоолын хамт 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 200,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан.

Уг гэрээг зээлийн гэрээний барьцаа болгож халхавчилж хийсэн тул 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 0461 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

2023 оны 04 дүгээр сарын дундуур ********гийн хамтран зээлдэгчээр оролцоод өгөөч гэсэн хүсэлтийн дагуу зээл судлуулах зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тухайн маргааны эд зүйл болох орон сууцыг миний нэр дээр шилжүүлсэн.

2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ******** нь орон сууцаа барьцаалж, хувь хүнээс хамтран зээлдэгчгүйгээр авахаар боллоо гэсэн тул 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******** итгэмжлэл өгч, уг эд хөрөнгийн өмчлөгч биш, зээл судлуулах зорилгоор шилжүүлсэн талаарх тайлбарыг гараар бичиж өгсөн.

Тус эд хөрөнгийн үндсэн өмчлөгч нь талийгч ******* асан болон эхнэр ********, түүний хүүхдүүд юм. Иймд худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоход татгалзахгүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******** өмчлөлийн Хан-Уул дүүргийн ******* Зайсан гудамж ******* байр 11 тоот 102 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч ******* ********* хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар нэхэмжлэгч ********д холбогдуулан гаргасан 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр №0461 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч ********гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа урьдчилан төлсөн 1,157,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн талаар зохих дүгнэлтийг хийх ёстой байсан. Нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь зээлийн гэрээ гэж тохиролцсон гар бичмэл хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.

********гийн хувьд ********аас зээл авах шаардлагатай байсан тул ********гийн тавьсан шаардлагын дагуу тухайн орон сууцыг шилжүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр зурваст үзлэг хийх ажиллагаа хийж гүйцэтгэсэн гэсэн боловч ямар ажиллагааг ямар үндэслэлээр хийсэн талаар огт дурдаагүй. ******* худалдах, худалдан авах гэрээг худалдах зорилгоор хийгээгүй, зээл авах зорилгоор халхавчилж хийсэн учраас өдий хүртэл хүүхдүүдтэйгээ тухайн байрандаа амьдарч байгаа.

Гуравдагч этгээд ******** нь уг үл хөдлөх хөрөнгө надад огт хамаагүй, зээл судлуулах зорилгоор над руу шилжүүлсэн тул талийгаач ******* болон түүний эхнэр ********, түүний хүүхдүүд болох ******, *******, ******* нарын өмч хөрөнгө гэж тайлбарласан байдаг.

Мөн тогтоох хэсэгтээ тухайн үл хөдлөх хөрөнгө дээрх 14 м.кв талбайтай авто зогсоолын талаар дурдаагүй, дүгнэлт хийгээгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримт, бодит нөхцөл байдлыг зөв үнэлж, хуульд нийцсэн, үндэслэлтэй шийдвэр гаргасан. Талууд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцож маргаан бүхий орон сууц болон 14 м.кв автозогсоолыг 200,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээг нотариатаар батлуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээ хүчин төгөлдөр болсноор өмчлөх эрх худалдан авагч ********д шилжсэн.

Хариуцагч тал уг 200 сая төгрөгийг зээл байсан гэж маргадаг боловч үүнийг нотлох баримт байхгүй, одоо хэлж буй баримт нь хуулбар бөгөөд нэхэмжлэгчийн гарын үсэггүй.

Харин 14 м.кв талбай бүхий автозогсоолын хувьд орон сууцтайгаа нэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй тул анхнаасаа хамтад нь нэхэмжилсэн боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт орхигдсон. Тиймээс уг автозогсоолыг ******* өмч болохыг шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж тусгаад шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцоогүй, гомдолд хариу тайлбар ирүүлээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******** холбогдуулан Хан-Уул дүүргийн *******, Зайсан гудамж ******* байр 11 тоот 102 м.кв талбай бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч ******** нь зээлийн барьцаа болгож орон сууцыг барьцаалсан үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар ******** болон ******** нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2.1. Анхан шатны шүүхээс хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардах эрхтэй эсэхийг тодруулаагүй, түүнчлэн маргааны зүйлд хамаарах ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байна.

 

3. Хан-Уул дүүргийн *******, Зайсан гудамж ******* байрны 11 тоот хаягт байрлах 102 м.кв талбай бүхий орон сууц, 14 м.кв талбайтай авто зогсоолыг ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ********ад 50,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд үүний дараа ******** нь уг орон сууцыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 200,000,000 төгрөгөөр ********д худалдсан байна.

******* нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нас барсан ба түүний эхнэр ******** хүүхдүүдийн хамт одоог хүртэл маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаа ажээ.

Нэхэмжлэгч нь ******** худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч гэрээний төлбөрийг ******** төлж барагдуулсан.

 

3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******** нь гуравдагч этгээдээр оролцохдоо *******д зээл авч өгөх зорилгоор орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан, энэ орон сууц нь *******гийн эхнэр ******** болон түүний хүүхдүүдийн өмч гэж тайлбар гаргасан байна.

 

3.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.4 дэх хэсэгт зааснаар хэлцэл байгуулсан этгээд, эсхүл сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаарддаг.

Дээрхээс үзэхэд ******** болон ******** нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг гаргах сонирхогч этгээд нь ******* байх боломжтой байжээ.

******* нас барсны дараагаар түүний Хан-Уул дүүргийн *******, Зайсан гудамж ******* байр 11 тоот 102 м.кв талбай бүхий орон сууцтай холбоотой шаардлага гаргах эрхийг ******** залгамжлан авсан эсэх баримт хэрэгт авагдаагүй.

Иймээс хариуцагч нь ******** болон ******** нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргах эрхтэй эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

4. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх мэтгэлцээний байр суурийг илэрхийлсэн.

Өөрөөр хэлбэл, 200,000,000 төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээг хариуцагчийн зүгээс бодит байдалд худалдах бус, барьцаалах зорилготой байсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ байгуулагдах үеийн зах зээлийн үнэ нь маргаанд ач холбогдолтой.

Уг нөхцөл байдлыг анхан шатны шүүх нь хэргийн оролцогчдод эрх, үүргийг тайлбарлах замаар тодруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу бодит байдлыг тогтоосны үндсэн дээр маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх боломжтой байсан.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн гаргасан алдааг одоо залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/08589 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,157,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ