| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2023/01904/И |
| Дугаар | 210/МА2026/00151 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2026/00151
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/07580 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 46,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн 113,300,000 төгрөг буцаан гаргуулах, алданги 46,700,000 төгрөг, доголдлыг арилгахад гарсан зардал 108,816,391 төгрөг, шинжээчийн зардал 3,575,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Талууд 2022.12.19-ний өдөр 12/19/01 дугаартай Барилгын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ******* ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, *******хотхон, 318 дугаар байрны ******* тоот хаягт байрлах, 140 м.кв талбайтай орон сууцанд шинэчилсэн засвар хийх, *******ХХК нь засварын төлбөрт 160,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.
******* ХХК-ийн гүйцэтгэж буй ажилд *******ХХК-ийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан, мөн засвар хийж буй орон сууцны өмчлөгч болох *******нь өдөр болгон хяналт тавьж байсан. Гэрээний 3.1-т ажлыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр /хуанлийн 42 хоногт/ багтаан дуусган хүлээлгэн өгөхөөр заасны дагуу ******* ХХК нь 2023.01.26-ны өдөр ажлыг бүрэн хийж дуусган хүлээлгэн өгч, 2023.01.27-ны өдрөөс өмчлөгч 3.Нямзул оршин сууж байна.
*******ХХК нь үлдэгдэл төлбөрөө төлөхөөс зайлсхийж, ажлыг актаар хүлээн авахаас татгалзаж байсан тул ******* ХХК-аас 2023.03.07, 2023.03.15, 2023.03.17, 2023.03.28-ны өдөр тус тус бичгээр, аман болон утсаар удаа дараа мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т заасны дагуу ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг *******ХХК хүлээн авсан гэж үзэж байна.
Гэрээний 4.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэгт төлбөр, түүнийг төлөх талаар заасны дагуу *******ХХК 160,000,000 төгрөгөөс 113,300,000 төгрөгийг төлж үлдэгдэл 46,700,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж байна.
Иймд 46,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* ХХК-тай 2022.12.19-ний өдөр Барилгын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 1.1-д зааснаар гүйцэтгэгч нь Хан-Уул дүүрэгт байрлах 140 м.кв талбайтай орон сууцны засварыг интерьер шинэчлэлтийн ажлын зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон, гэтэл ******* ХХК-ийн хийсэн ажил нь ямар ч чанарын шаардлага хангаагүй, олон алдаа дутагдалтай байсан. Манай зүгээс удаа дараа дуудаж засварын ажлыг шинэчлэх сайжруулахыг хэлсэн боловч өнөөдрийг хүртэл чанарын шаардлага хангаагүй.
Манайд нэг ч удаа мэдэгдэл ирээгүй, бид хүлээн аваагүй, харин компанийн зүгээс 2023.04.04-ний өдөр гомдлын шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч хариу илгээгээгүй мөртлөө шүүхэд хандсан байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Анх ******* ХХК-аар гэрээнээс тусдаа үнээр буюу 7,920,000 төгрөгөөр дотор заслын зураг төсөл гаргуулсан ба зургийн дагуу гүйцэтгэлээ хийхээр үнэ тохирч засварын ажилд орсон боловч бүх зүйл алдаа дутагдалтай байсан. Интерьер заслын төсөв 199,249,930 төгрөгийн тооцоо гаргасныг харилцан ярилцаж 160,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Уг үнээс чулууны үнэ 16,000,000 төгрөгийг хасч, 144,000,000 төгрөг болсон. Манай компани төлбөр тооцоог гэрээний дагуу графикаар төлсөн. 2022.12.20-ны өдөр 52,000, 000 төгрөг, 2022.12.21-ний өдөр 50,000,000 төгрөг буюу 89.5 хувийг гэрээ байгуулсны маргааш төлсөн. 2023.01.15-ны өдөр 21,300,000 төгрөг, 2023.01.27-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 133,300,000 төгрөгийг шилжүүлж, тооцооны үлдэгдэл 10,700,000 төгрөг үлдсэн.
Манай компанийн зүгээс 2023.04.04-ний өдөр ажлын хэсэг гарган шийдвэрлэх, эсхүл гэрээ цуцлах тухай гомдлын шаардлага хүргүүлсэн. Бид шаардлагадаа засварын ажлын ямар хэсэгт доголдолтой байгаа талаар нарийн оруулсан. Гэтэл ******* ХХК-ийн зүгээс ямар ч тайлбар хэлэлгүй, эдгээр доголдлыг арилгах талаар ямар ч арга хэмжээ авалгүй, хүчин чармайлт гаргалгүй шууд шүүхэд хандсан байна. Компанийн зүгээс 2 талаас акт үйлдэж засвараа хүлээлцэх тухай хэлсэн боловч ******* ХХК авч хэлэлцээгүй болно.
Иймд ******* ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул гэрээг цуцалж, ******* ХХК-д төлсөн 113,300,000 төгрөг, гэрээний 11.1-д зааснаар алданги 46,700,000 төгрөг, засварыг буулгаж *******аар шинээр хийлгэсний зардал 108,816,391 төгрөг, мөн шинжээчийн зардал 3,575,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
4.Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Гэрээнээс татгалзах бол Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан урьдчилсан нөхцөл байх ёстой. Мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр хөлс төлөх талаар заасан байдаг. Алданги тооцоолол гаргаагүй, 46,700,000 төгрөг гэсэн нь ойлгомжгүй.
Сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад засварын ажил хийсэн, доголдлыг засварлуулсан гэх боловч ******* нь *******ын таньдаг буюу хамаарал бүхий этгээд юм. Тиймээс гэрч *******тай ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна, шинжээч доголдлыг арилгах боломжтой гэсэн байхад ******* нь боломжгүй гээд өөрөө засчихсан байна. Засвар хийсэн зардалд 108,000,000 төгрөгийг гаргуулна гэсэн боловч үнийн дүн нь эргэлзээтэй, зөрүүтэй, мөн хууль зүйн үндэслэл ойлгомжгүй байна.
Хариуцагч нь чулууны үнэ 16,000,000 төгрөгийг 160,000,000 төгрөгөөс хасаагүй, ийм тохиролцоо байхгүй гэдгийг мэдэж байгаа мөртлөө үндэслэлгүй тайлбар хэлж байгаа зөвшөөрөхгүй гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.3-д зааснаар хариуцагч *******ХХК-аас 6,740,995 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 39,959,005 төгрөг болон Иргэний хуулийн 335 дугаар зүйлийн 355.1-д зааснаар ******* ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 113,300,000 төгрөг, алданги 46,700,000 төгрөг, доголдлыг арилгахад гарсан зардлын үлдэх 68,857,386 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 392,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,677,856 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК-аас 122,806 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д, нэхэмжлэгч ******* ХХК-аас шинжээчийн зардалд 1,325,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******ХХК-д олгож шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч талын зүгээс "Тогтоох нь" хэсгийн 1-т "...нэхэмжлэлээс 39,959,005 төгрөгийг ... хэрэгсэхгүй болгосугай" гэж заасныг эс зөвшөөрч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байгаа болно. Учир нь, шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т "Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэх шаардлагыг хангаагүй.
Тухайлбал, "Үндэслэх нь" хэсгийн 8.11-т "...нэхэмжлэгчийн хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 46,700,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзэв" гэж дүгнэсэн мөртлөө мөн хэсгийн 9.12-т "Харин хариуцагчаас шинжээчийн дүгнэлтээр гарсан доголдлыг арилгах зардал 2,459,005 төгрөг, уг доголдлыг арилгахад гарсан ажлын хөлс болох 37,500,000 төгрөг, нийт 39,959,005 төгрөгийн зардлыг доголдлыг арилгахтай холбогдуулан гаргасан гэдэг нь баримтаар тогтоогдож байна гэж дүгнэв" гэсэн нь үндэслэлгүй болно. Учир нь, шүүхийн шийдвэрийн "Үндэслэх нь" хэсгийн 9.10-т "Гэвч дахин засвар хийхэд зарцуулсан материалын зардалд 17,930,323 төгрөг гаргасан гэх боловч зарлагын баримтууд нь хүлээн авсан гарын үсэггүй, төлбөрийн баримтуудын бараа, ажил үйлчилгээний утга нь тодорхойгүй, шилжүүлгийн мэдээлэлд засварын дуудлага гэх мэтээр тэмдэглэсэн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шинжээчийн дүгнэлтэд дурдсан доголдлыг арилгах зардлыг 2 459 005 төгрөгийг тооцох үндэслэлтэй байна гэж үзэв" хэмээн дүгнэсэн атлаа шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон доголдлыг арилгах ажлын хөлс 525,571 төгрөгийг барилгүй, хариуцагч "*******төв" ХХК болон *******тай байгуулсан 2025.03.20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 37,500,000 төгрөг гэснийг үндэслэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй хэт нэг талын барьсан дүгнэлт гаргасан. Шүүхээс ажлын доголдол нь 2,459,005 төгрөгөөр үнэлэгдэнэ хэмээн үзсэн мөртлөө түүний доголдлыг арилгах зардлын хэмжээ нь 37,500,000 төгрөг байж болох мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болно.
Нөгөө талаар шүүхийн шийдвэрийн "Үндэслэх нь" хэсгийн 9.10-т 17,930,323 төгрөгийн зардлаас гадна хариуцагч болон ******* нарын гэрээнд зааснаар "500,000 төгрөгийг тавилгын хэмжээ авах, 35,000,000 төгрөгийн тавилга захиалга, 10,886,068 төгрөгийн том өрөөний ханын хийц" зэрэг нэхэмжлэгчээс үл шалтгаалах ажил үүргийг гүйцэтгэх ажлын хөлсийг нэхэмжлэгчийг төлөх ёстой гэсэн утга бүхий дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгч "*******" ХХК-ийн зүгээс тодорхой хэмжээний доголдол болох обойны доголдлыг хүлээн зөвшөөрч төлөх, доголдлыг арилгахад татгалзах зүйлгүй гэсэн бөгөөд шинжээчийн зардалд тогтоогдсон доголдлыг арилгах, эсхүл мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй боловч "*******төв" ХХК-ийн хийсэн бүх засварын ажлын хөлсийг төлөх үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д "ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах", 352 дугаар зүйлийн 352.2.3-т "доголдлын улмаас ажлын дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах" гэж заасны дагуу ажлын доголдлын дүнг ажлын үнийн дүнтэй хувь тэнцүүлэх тэрхүү хэмжээгээр бууруулахаар заасан буюу "*******" ХХК, "*******төв" ХХК-ийн Барилгын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн болох 160,000,000 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон доголдол 2,459,005 төгрөг, түүний ажлын хөлс 525,571 төгрөгийн хэмжээг хувьчилж тооцоолон түүнийг бууруулах ёстой болохоос доголдлын хэмжээнээс хэт өндөр дүнгээр түүний ажлын хөлсийг тооцох хууль зүйн зохицуулалт байхгүй. Ингэснээр анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүх хэрэглэх ёсгүй үй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Нэхэмжлэгч талын зүгээс дээрх доголдлыг арилгаж өгөх хүсэл сонирхол байсан болох нь гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож, ажлыг хүлээн авсан этгээд гомдлын шаардлага гаргаж байсныг хүлээн авч, идэвхтэй үйлдлээр доголдлыг арилгахаар хичээсэн боловч хэрүүл маргаан үүсгэх байдлаар доголдлыг арилгах боломжит нөхцлийг бүрдүүлэхгүй байсан.
Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2, 352.2.3-т тус тус заасан журмаар доголдлыг шийдвэрлэлгүйгээр талуудын байгуулсан гэрээнээс өөр засвар үйлчилгээний гэрээний ажлын зардлыг нэхэмжлэгч этгээд хариуцах ёстой мэтээр хуулийг тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 39,959,005 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
******* ХХК-аас доголдлыг арилгах талаар аливаа санаачилга гаргаж байгаагүй. Хариуцагч талаас нэхэмжлэгч талд ямар доголдол үүссэн талаарх 32/23 тоот албан бичгийг 2023.04.04-ний өдөр хүргүүлсэн. Уг өдрөөс хойш 2 хоногийн дараа нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Доголдлын талаарх асуудлыг шийдвэрлээгүй учир хариуцагч талаас төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй. Хариуцагч талаас доголдлыг арилгуулах тухай шаардлага тавихад хариу өгдөггүй атлаа үлдэгдэл төлбөрийг шаарддаг. Уг асуудлыг анхааран үзэж, үүрэг гүйцэтгэх дарааллыг шалгаж өгнө үү. Үүрэг гүйцэтгэх дарааллаас хамааран шаардах эрх тодорхойлогдоно. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарладаг. Уг асуудалд хариуцагч талаас мөн давж заалдах гомдол гаргасан учир давхардуулалгүйгээр тайлбарлах үүднээс орхигдууллаа. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй учир гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Нэгдүгээрт, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухай асуудлаар гомдол гаргасны шалтгаан нь Иргэний хуулийн ямар хэсэг уг хэрэг маргаанд хамаарах эсэх талаар дүгнээгүй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.4-т Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1 дэх хэсэгт зааснаар захиалагчийн өмчлөлд доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй байх тул хариуцагч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй гэж заасан. Уг хуулийн зохицуулалтыг хэрхэн, яаж хэрэглэх нь ойлгомжгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.
Хоёрдугаарт, хэрэглэх ёстой байсан хуулийн зохицуулалтыг дурдвал арилгах боломжтой доголдлын хувьд үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийн оронд хохирол нэхэмжлэх эрхтэй байдаг. Нэхэмжлэгч талын хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл ажил гүйцэтгүүлэгчийн шаардлагад нийцэх ёстой байсан. Барилгыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг нэхэмжлэгчээс шаардсан. Уг гэрээнээс барилгын дотоод тавилга, дотоод засал үнэ цэнтэй байх тухай агуулга харагддаг. Уг асуудлын талаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан. Гэрээнээс татгалзахаас өмнө доголдлыг арилгуулахаар шаардаж, нэмэлт хугацаа тогтоосон байх шаардлагатай бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт дурдагдсан.
Шинжээчийн дүгнэлтэд доголдлыг арилгуулахад 2,000,000 төгрөг шаардлагатай талаар дурдагдсан атлаа 37,500,000 төгрөгөөр доголдлыг арилгуулах нь үндэслэлгүй гэх байдлаар нэхэмжлэгч талаас тайлбарладаг. 134 м.кв орон сууцны зөвхөн обойг солиход хэдэн төгрөгийн зардал шаардагдах талаар тооцоолж болохоор байна. Зөвхөн обойг солиход 2,000,000 төгрөг шаардагдахгүй талаар шинжээч дүгнэж байсан. Орон сууцны дотоод тавилга, барилгын материал, засварын ажлын доголдол үүссэн талаар шинжээч тогтоож дүгнэлт гаргасан. Хариуцагч компанийн захирал *******шүүхэд хүсэлт гаргаж, үүссэн доголдлыг өөрийн биеэр очиж үзэх тухай хүсэлтийг 3-4 удаа илэрхийлснийг шүүх хүлээн аваагүй. *******ын мэдүүлэг, хэрэгт хавсарган өгсөн фото зураг, бичлэгээр уг нөхцөл байдал нотлогдоно. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч компаниас хохирол нэхэмжлэх эрхтэй.
Гүйцэтгэлийн оронд хохирол нэхэмжлэх явдал нь гүйцэтгэлд чиглэсэн анхдагч шаардах эрхийг дуусгавар болгох ба үүнд үүрэг гүйцэтгүүлэгч хохирлыг гаргуулсан эсэх нь хамааралгүй. Өөрөөр хэлбэл, ямар төрлийн хохирол гаргуулсан эсэх тухай асуудал хамааралгүй. Эсрэг тал үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд хариуцагч тал эдийн засгийн хувьд учирсан хохирлыг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч тал үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд хариуцагч тал 2 жилийн дараа нэмэгдүүлсэн үнээр барилгын материал худалдан авах шаардлага гарахгүй байсан. Мөн 2 дахин нэмэгдүүлсэн үнээр засвар хийлгэх шаардлагагүй байсан. ******* ХХК ажлын хөлсөнд 70,000,000 гаруй төгрөг хүлээн авсан. Доголдлыг арилгасан этгээд 37,000,000 төгрөг хүлээн авах үндэслэлгүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй. ******* ХХК-ийн доголдлыг дахин засварласан этгээд 70,000,000 төгрөгөөс үнэмлэхүй бага төлбөр авсан атал уг төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй. Ажлын гүйцэтгэл доголдолтой болох нь тогтоогдсон атал шүүхээс эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн.
Шүүхийн шийдвэрээс үзэхэд хариуцагч талаас мөнгө гаргуулан нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл шүүгч шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа нэхэмжлэгч ******* ХХК-аас 39,959,005 төгрөгийг гаргуулж *******ХХК-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж танилцуулсан. Хариуцагч талаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газарт хүсэлт гаргахад шүүх хуралдааны бичлэгийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу гарган өгөх боломжгүй, гомдолдоо уг асуудлыг дурдвал давж заалдах шатны шүүхээс шалгах боломжтой гэх хариуг ирүүлснийг хавсаргасан. Үүнийг давж заалдах шатны шүүхээс анхааран шалгаж шүүгчийн шүүх хуралдааны дараа танилцуулахдаа гаргасан амаар хэлсэн шийдвэр болон бичгээр гаргасан шийдвэрийн зөрүүг арилгаж өгнө үү гэж хүсэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т "Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно" гэсэн байдаг бөгөөд танилцуулж сонсгохдоо манай компанид ******* ХХК-аас мөнгө гаргуулан шийдвэрлэсэн мөртлөө бичгээр гаргасан шийдвэртээ өөр хууль зүйн дүгнэлт хийж манай компаниас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хуульд зааснаар хэргийн үйл баримт, нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас үнэлж, эргэлзээтэй нөхцөл байдлыг арилгах ёстой байдаг. Гэтэл хэрэгт ач холбогдолтой *******ын гэрчийн мэдүүлэг, *******ын гарган өгсөн бичлэг, *******болон ******* нарын хоорондох фейсбүүк чатыг үнэлээгүй. *******ын *******тай харилцсан чат болон *******ын гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байдаг. Иймд нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.
Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа, үүргийг бүрэн гүйцэтгээгүй зөрчлийн талаарх хууль хэрэглээ, үр дагавраас үзэхэд хариуцагч тал нь нэхэмжлэгчид 46,700,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн тохиолдолд нэхэмжилсэн мөнгийг хүлээлгэн өгөх боломжтой. Ажлыг бүрэн хийж гүйцэтгэснийг доголдолгүйгээр хүлээн авах тухай гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
9.Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч тал дур мэдэн, ажлын гүйцэтгэл доголдолтой эсэх тодорхойгүй атал доголдлыг арилгуулсан. Үүнийг нэхэмжлэгч талын буруу байсан мэтээр тайлбарладаг. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу доголдол үүсээгүй болох нь *******, *******, ******* нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. ******* гэрчийн мэдүүлэгтээ доголдлыг арилгах боломжтой бөгөөд ажлын хөлс хэдэн төгрөг болох талаар *******тай ярьж байсан талаараа мэдүүлдэг. Уг доголдлыг 8,000,000 төгрөгт арилгах боломжтой талаар гэрчийн мэдүүлэг өгсөн. Иргэний хуулийн 219 дүгээр зүйл болон 227 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглээгүй гэж тайлбарлаж байна. Уг хуулийн зохицуулалтуудын урьдчилсан нөхцөл нь гэрээнээс татгалзсан, гэрээний нэг тал үүргээ зөрчсөн тохиолдол байдаг. Хариуцагч тал 113,000,000 төгрөгийн ажлын хөлс бүхий ажлыг гүйцэтгүүлж төлбөрийг төлсөн ба ажлын явцад *******өдөр болгон хяналт тавьж байсан тухай мэдүүлсэн. *******, ******* нарын гэрчийн мэдүүлэгт доголдлыг арилган өгөх талаар санал тавихад хүүхэд өвчтэй байгаа, зунаас болъё гэж хэлж байсан гэдэг. Хариуцагч тал ажлыг хийж гүйцэтгүүлэхгүйгээр хойшлуулж байсан. Хариуцагч талаас мөнгө төлөхгүй, нэхэмжлэгч тал гэрээний дагуу доголдлыг арилгах ёстой байсан гэж тайлбарлаж байна. Иргэний хуульд мөнгөн төлбөрийн үүргийг хойшлуулах тухай зохицуулалт байхгүй. Хариуцагч талаас хуулийг мушгин, буруу тайлбарлаж байна.
Гомдлын 1.2.1-т гомдлын агуулгыг үгүйсгэх агуулга бүхий өгүүлбэр тусгагдсан. Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал шүүх хуралдаанд тавилга надад таалагдаагүй гэх тайлбар гаргадаг. Үүнээс нэхэмжлэгч тал ажлыг хийж гүйцэтгээгүй гэж тайлбарладаггүй. Тавилгыг хийж гүйцэтгэсэн *******шүүх хуралдаанд гэрчээр оролцсон. *******тавилгатай холбоотой санал хүсэлт тавьж байгаагүй, тавилга дахин хийлгүүлэх тухай санал илэрхийлж байсан гэж *******тайлбарласан. Уг этгээд ******* ХХК-д хамааралгүй буюу гэрээний дагуу хамтран ажилладаг этгээд байдаг. *******надад доголдолтой холбоотой шаардлага гаргаж байгаагүй гэж мэдүүлсэн байдаг. Хариуцагч талын гаргаж буй тайлбар бодит нөхцөл байдалтай нийцээгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчил гаргасан буюу 39,959,005 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрт тусгаагүй гэж тайлбарладаг. Шүүхийн шийдвэрийн 9.13 дахь хэсэгт энэ талаар тусгагдсан. Шүүгч шийдвэрийг танилцуулахдаа харилцан тооцох үүрэг байна гэж тайлбарласан. Шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулахдаа бичгээр гарсан шийдвэрээс өөрөөр танилцуулаагүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй.
Шинжээчийн дүгнэлтийг үнэлэхдээ талууд дүгнэлтэд маргаагүй болохыг дурдсан. Хариуцагч тал шинжээчийн дүгнэлтэд маргасан мэтээр тайлбарлаж байна. Уг асуудлын талаар гомдол гаргаагүй. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаагүй. Доголдол гэж тайлбарладаг обой солих ажлыг дахин хийж гүйцэтгэх талаарх саналыг нэхэмжлэгч талын зүгээс тавьж байсан. Гэрлийн бүрхүүлийг өлгөх ёстой байсныг хийж гүйцэтгээгүй ба үүнийг зуны улиралд болъё гэх байдлаар хойшлуулсан. Нэхэмжлэгч тал ажлын доголдлыг арилгахаар санал тавихад уурлаж саналыг хүлээн авдаггүй. Бидний зүгээс мөнгөн төлбөрийг нэхэмжилж байгаа. Доголдлыг арилгуулах тухай шаардлага нь үндсэн гэрээний дараа үүсдэг буюу хоёрдогч эрх байдаг. Нэгдүгээр эрх мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрх байдаг учир үүнийг нэхэмжилсэн.
Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зохигч талуудын гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 46,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн 113,300,000 төгрөг буцаан гаргуулах, алданги 46,700,000 төгрөг, доголдлыг арилгахад гарсан зардал 108,816,391 төгрөг, шинжээчийн зардал 3,575,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3.Талуудын хооронд 2022.12.19-ний өдөр Барилгын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, ******* ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, *******хотхон, 318 дугаар байрны ******* тоот хаягт байрлах, 140 м.кв талбайтай орон сууцанд интерьер шинэчлэлийн ажлыг зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх, *******ХХК нь ажлын төлбөрт 160,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн тул хариуцагчаас үлдэгдэл төлбөр гаргуулна гэж тодорхойлсон ба хариуцагч нь татгалзлаа гэрээнд заасан ажил доголдолтой хийгдсэн учир гэрээг цуцалж төлсөн төлбөрийг буцаан гаргуулна, мөн алданги болон доголдлыг арилгахад гарсан зардал, шинжээчийн зардлыг гаргуулна гэж тайлбарласан.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч *******ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 012/2024 тоот дүгнэлт гарсан байна.
Уг дүгнэлтэд обойны ажилд нормын хүлцэх алдаанаас илүүтэй зарим доголдол байна, обойны гадаргууг бүрэн сайн тэгшилж чадаагүйгээс болж энд тэнд 0.5-1 мм өндөртэй товгор хэсэгчлэн үүссэн, обой дээр хийсэн эмульсыг хэсэг газарт жигд бус алаг тарлан дутуу хийсэн, паркет шалны нэмж хийсэн хэсэгт ханын хүрээ даруулга плинтус хийгээгүй орхисон, агаар сорогчийн янданг дүүжин таазанд байрлуулахдаа нэмэлтээр тавьсан хиймэл модон хавтанг хэмжээ алдаж зүссэн, ирмэг эмтрэлт ихтэй, жигд бус зай завсартай, тавилгын гэрэлтэгч туузны унжилтыг тооцоогүй хийсэн тул гал тогооны ханын тавилгын хаалга бүрэн нээгдэхгүй, гал тогооны тавилгын хөдөлгөөнт төмөр тоноглол механизмууд эдэлгээний чанар муутай, хүүхдийн өрөөний эсгий обойны наалт хуурсан, шкафны хаалга загвар зурагт нэг байхаар заасныг 2 нарийхан болгож өөрчилсөн, шаланд хийсэн цагаан өнгийн гоёлын плинтус бусад хийцтэйгээ зохицохгүй зузаантай учраас өнцөг булан алдаатай буруу болсон гэж тусгажээ.
Дээрх доголдлыг арилгахад обой хуулах, шулуун амалгаа тэгшилж засах, ханын гадаргууд засал хийх, царсан шалыг ширхэгчлэн солих, ханын шүүгээний хаалга угсрах, ширээ, шүүгээ зэрэг ширхэгийн эдлэлүүд угсрах, обой наах, хана таазны гадаргууг зүлгэж өнгөлөх, шалны модон хөвөө, мөлүүг засах булан оруулах 9 төрлийн ажил хийх, үүнд 2,984,576 төгрөг Монгол Улсад мөрдөгдөж байсан төсвийн аргачлал нормативын дагуу шаардлагатай гэжээ. (2хх 102-127)
5.Дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзэхээр байна. Тодруулбал, анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийн ажиллах хүчний зардлаас бусад хэсэг болох 2,459,005 төгрөгийг шийдвэрийн үндэслэл болгож, харин ажиллах хүчний зардлыг хариуцагчаас *******т ажлын хөлсөнд төлсөн гэх 37,500,000 төгрөгийн хэмжээгээр тооцсоноос үзвэл тус шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзээгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой орон сууцны интерьер заслын төсөв, дансны хуулга, материал худалдан авсан зарлагын баримтуудыг (1хх 15-39, 249-250), хариуцагч нь ажлын гүйцэтгэлийг харуулсан фото зургууд, *******тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт болох хийгдэх ажлын нэр, тоо хэмжээ, мөн засварт гарсан нэмэлт зардал, материал худалдан авсан талаарх зарлагын болон төлбөрийн баримтуудыг (1хх 124-139, 2хх 172-174, 177-178, 179, 181-251, 3хх 1-19) тус тус гаргаж мэтгэлцсэн байх ба эдгээр баримтууд талуудын маргааны зүйл болсон ажлын үр дүнгийн доголдол, түүнийг арилгахад гарсан зардлын хэмжээг тогтооход ач холбогдолтой эсэхийг шүүх анхаараагүй нь буруу болжээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана, 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт Шүүх шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэж болно гэж заасан.
Анхан шатны шүүх *******ХХК-ийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байхад хуульд заасан ажиллагааг явуулаагүйгээс маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.
7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/07580 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-аас төлсөн 357,745 төгрөг, хариуцагч *******ХХК-аас төлсөн 1,335,941 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ЗОЛЗАЯА