Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 755

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Э- хөтлөн,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Шүүгдэгч С.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б охин овогт С-ийн Б-д холбогдох эрүүгийн 1905032860000 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар  сарын 7-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байрны 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /           / Б охин овогт С-ийн Б.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Б-нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны 00 тоот оршин суух гэртээ эхнэр Б.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч С.Б-нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны 03 тоотод буюу гэртээ эхнэр Б.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ажлаа тараад гэртээ харисан. Гэрт ээж Б , охин Б , нөхөр Б- нар байсан. Маргаан болохын өмнөх өдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ажлын хамт олонтойгоо гадуур гараад согтуу ирсэн болохоор нөхөр Б- “...чи одоо ажлынхантайгаа гадуур гарч байнга архи ууж ирээд байна...” гэж хэлсэн. Манай нөхөр архи уудаггүй болохоор хэрүүл маргаан хийсэн. Долоо хоног болгон чи гарч архи уулаа гэж хэлсэн би “...чи ямар ажил төрөл хийдэг биш...” гэж хэлээд маргалдсан. Нөхөр явлаа гэж хэлээд чиний архи уудаг чинь зөв юм уу гэж хэлсэн, чи өөрийгөө зөв юм хийж байна гэж бодож байна уу гэж хэлсэн. Би “...чамд ямар хамаатай юм...” гээд өөдөөс нь хэрэлдсэн, ээж тусдаа амьдардаг болохоор намайг өмөөрсөн. Нөхөр ээжийн өмнөөс та охионоо ямар бэ гэдгийг мэдэхгүй байж битгий өмөөрөөд бай гээд ээжтэй маргалдсан. Ингээд би мөн хажуунаас нь нөхөртэйгээ маргалдаад хэрэлдэж байхад нөхөр миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Би цүнхээ аваад гэрээс гараад шууд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирээд өргөдөл бичиж өгсөн. 2013 оноос хойш хамт амьдарч байгаа, гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид хоёрын дундаас гарсан 5 настай 1 охинтой. Урьд өмнө цагдаад хандаж байгаагүй, урьд өмнө манай нөхөр надад гар хүрч байгаагүй. Намайг архи уугаад байна гэж маргалдсан. Гомдол санал байхгүй. Нөхөр бид хоёр хамт амьдарч байгаа...”  гэх мэдүүлэг / хх-ийн 25-28 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 00000 дугаартай “Б.Э-ын биед баруун нүдний доод зовхи, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 30 тал/,

Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед охин Э-ын гэрт ирсэн. Гэрт нь ирэхэд охин Б  ганцаараа байсан. Би ороод гэрт нь зээ охин Б ийн хамт байж байтал Э- ажлаа тараад 16 цагийн үед ирсэн. Ингээд удалгүй араас хүргэн Б- гаднаас орж ирсэн. Гаднаас орж ирээд Э-тай маргалдаад байсан. Ингээд маргалдах явцдаа охин Э-ын нүүрэн хэсэгт гараараа 2 удаа цохисон. Э- цохиулаад гэрээс гараад явсан би араас нь гадаа гартал байхгүй байсан. Би Э-ын утас руу залгасан чинь цагдаагийн хэлтэс дээр ирсэн байсан. Би Э-ын араас цагдаагийн хэлтэс дээр ирээд Э- цагдаад өргөдөл өгөөд, шүүх эмнэлэгт үзүүлээд Э-ыг дагуулж зургаан буудалд гэртээ харисан. Э-ыг ажлынхантайгаа явж архи уулаа гэж хүргэн Б- уурласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 10-11 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 56, 57 тал/

 

Шүүгдэгч С.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байсан. Урьд өдөр нь эхнэр Э- ажлынхантайгаа гараад шөнийн 04 цагт гэртээ ирсэн. Өглөө сэртэл эхнэр Э- ажилдаа явсан байсан. Би эхнэр Э-ыг ажилдаа явсан байхад нь утсаараа мессеж бичсэн. “...архи уугаад дэмий тэнээд, гэртээ эрт ирэхгүй байна...” гэж хэлсэн. Э- өдрийн 16 цагт ажлаа тараад ирэхээс өмнө хадам ээж Б гэрт ирсэн байсан. ...Эхнэр Э- өөдөөс “...чамаас сална...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ариун цэврийн өрөө рүү ороод нүүрээ угаагаад гартаа алчуураа бариад гараад ирсэн чинь хадам ээж, Э- хоёр өөдөөс орилоод хэрүүл маргаан хийгээд байсан. Би Э-ыг “...архи уугаад яваад байна эрт гэртээ ирж болдоггүй юм уу...” гэж хэлсэн чинь Э- “...би өөрийн дураар байна чамд хамаагүй ээ би өөрөө мэдэж болохгүй бол сална...” гэж хэлсэн. Хадам ээж манай хүүхэд архи дарс уудаггүй юу яриад байгаа юм гээд маргалдсан. Энэ үед гартаа алчуур барисан байсан болохоор гарын алгаараа нүүрэн тус газар нэг удаа цохисон. Ингээд гэрээс шууд гараад явсан. Гадаа гараад сандал дээр суусан. Э- мөн араас гарч ирээд цагдаагийн байгууллага руу явсан. 7 жил хамт амьдарч байгаа. Гэрлэлтийн баталгаа байхгүй, бид хоёрын дундаас гарсан 5 настай 1 охинтой. Нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор С.Б-ыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Б.Э-ын биед “баруун нүдний доод зовхи, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий гэмтэл учирсан нь хэргийн 30 дахь талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч С.Б-ы хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч С.Б-гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч С.Б-ы 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны 00 тоот, гэртээ эхнэр Б.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч С.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б-нь “...Би гараараа цохисон. Хохирогчид учирсан гэмтэл нь миний цохисон үйлдлийн улмаас үүссэн. Хохирол нэхэмжлэхгүй гэсэн...” гэж мэдүүлж оролцсон бөгөөд хохирогч Б.Э- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч С.Б-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч С.Б-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг С.Б-танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч С.Б-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б охин овогт С-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА