Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2026/00232

 

 

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/09893 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* газарт холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.*******нь Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын түр орлон гүйцэтгэгчээр 2023.01.19-ний өдөр томилогдон ажилласан. *******нь эрүүл мэндийн шалтгаанаар 2023.04.17-ны өдрөөс 2023.05.12-ны өдрийг дуустал акттай байсан. Гэтэл энэ хугацаанд түүнийг ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн Б/51 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн ба энэ нь үндэслэлгүй, ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, ямар үндэслэлээр чөлөөлж байгаа, ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасныг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар Нийслэлийн засаг даргатай зөвшилцсөн баримт байхгүй. Мөн ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй.

1.2.Гуравдагч этгээд *******г ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрээс өмнө *******ажлаас чөлөөлсөн, уг тушаалд шүүхийн шийдвэрийг үндэслээгүй учир энэ маргаанд *******гийн эрх ашиг хөндөгдөөгүй.

1.3.*******нь дээрх тушаалын талаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэж хүлээн авахаас татгалзсан учир маргаанаа шийдвэрлүүлэхээр байгууллагад, улмаар дүүргийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлсэн, уг шийдвэрийг зөвшөөрөөгүй учир шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Иймд *******Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

  2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэгч *******болон гуравдагч этгээд ******* нар нь нэг ажлын байр буюу Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд тухайн үед түр орлон гүйцэтгэгч гэдэг нэршилтэй байсан. Энэ үед Ковидын тухай хууль үйлчилж байсан. Мөн Засгийн газраас 5Ш ажиллагааг явуулж, ажилтнууд нь тухайн албан тушаалд ажиллах болзол, шаардлагыг хангаж байгаа эсэхийг олж тогтоох байсан. Харин Ж.Болортуяа, ******* нар хоёулаа Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын ажлыг хийж гүйцэтгэх шаардлага хангаагүй, удирдах албан тушаалтны шалгалт өгөөгүй байсан.

*******гийн хувьд шүүхийн шийдвэр гарч, байгууллага шийдвэрийг биелүүлж, түүнийг 2023.06.26-ны өдрийн Б/80 тоот тушаалаар ажилд нь эгүүлэн авсан ба тушаалд сонгон шалгаруулалт болох хүртэл хугацаагаар томилсон гэдгийг тодруулж тусгасан.

2.2.Харин *******хувьд ажлаас чөлөөлсөн Б/51 тоот тушаал нь хуулийн шаардлага хангаагүй, түүний өвчтэй чөлөөтэй байсан асуудлыг мэдэгдээгүй, процесс ажиллагааг зөрчсөн байхыг үгүйсгэхгүй юм. Гэхдээ зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч, шүүгчийн 2023.10.26-ны өдрийн 2990 дугаар захирамжаар эвлэрлийг баталсан. Үүнийг үндэслэн *******г ажлаас чөлөөлж *******ажилд нь авсан. Гэтэл *******гийн гомдлоор тус шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгосон. *******2024.02.16-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн ба Б/41 тоот тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

3.1.Энэхүү маргаанд *******гийн эрх ашиг хөндөгдөж байгаа. ******* газраас 2022.07.05-ны өдөр анх *******г Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд томилж, 2023.01.19-ний өдөр ажлаас үндэслэлгүй чөлөөлж, оронд нь *******тухайн албан тушаалд томилсон байсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.12-ны өдрийн 10478 дугаар шийдвэрээр *******г ажилд нь эгүүлэн тогтоосон ба ******* газрын даргын 2023.06.26-ны өдрийн Д/80 тоот тушаалаар *******г ажилд нь эгүүлэн томилсон.

3.2.Харин *******ажлаас чөлөөлсөн тушаалаа зөвшөөрөхгүй шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч гэрээ байгуулсныг шүүгчийн 2023.10.26-ны өдрийн 2990 дугаар захирамжаар баталсан. Гэтэл хариуцагч нь уг шүүхийн шийдвэрийг үндэслэн *******г дахин ажлаас чөлөөлсөн, үүнийг зөвшөөрөхгүй тус шүүхэд дахин маргаан явж байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр *******г ажилд нь эгүүлэн томилсон тохиолдолд түүний оронд ажиллаж байсан *******хөдөлмөр эрхлэлтийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар дуусгавар болно гэж үзэж байна.

3.3.*******өвчтэй байхад ажлаас чөлөөлсөн гэдэг нь үндэслэлгүй. Мөн *******шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч *******нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн бодит нөхцлийг зөв үнэлж дүгнээгүй, үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14.3-т Хэдийгээр гуравдагч этгээд *******гийн гаргасан гомдол, хүсэлтэд үндэслэн зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянаад хүчингүй болгосон байх боловч нэхэмжлэгч *******шүүхийн шийдвэр, шүүхийн тогтоол зэрэгт үндэслэн дахин үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй...", 15-д Тодорхойлбол *******нь ******* газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд 2023.11.03 -ны өдрөөс 2024.02.16-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан, энэ хугацаанд түүний хөдөлмөрлөх эрх бүрэн сэргэсэн байх тул ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн №Б/51 тушаалын хууль зүйн үндэслэлийг дахин дүгнэх нь ач холбогдолгүй буюу маргах шалтгаан, үндэслэл нотлогдоогүй байна", 17-д харин *******хөдөлмөрлөх явцад нь ажил олгогчоос 2024.02.16-ны өдрийн №Б/41 тушаал гаргаж дахин түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, уг асуудал нь маргааны гол зүйл бөгөөд үүнээс өмнө нь ажлаас чөлөөлсөн ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн №Б/51 тушаал нь шалтгаант холбоогүй байхад уг тушаалд холбогдуулан маргасан нь эрх зүйн ач холбогдолгүй юм" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч *******нь ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн Б/51 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд хуульд заасны дагуу уг тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч ******* газраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, талууд эвлэрснийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.26-ны өдрийн 182/ШШ2023/02990 дугаар захирамжаар баталсан. Ингэснээр уг захирамж ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн Б/51 тоот тушаалыг хүчингүй болгож, *******Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилсон эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн. Харин Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.26-ны өдрийн 182/ШТ2024/00037 дугаар тогтоолоор дээрх 182/ШШ2023/02990 дугаар захирамжийг хүчингүй болгосноор ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн Б/51 тоот тушаалыг хүчингүй болгох маргааныг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлэх шаардлага үүссэн.

Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.11.13-ны өдрийн 191/ШШ2025/09893 дугаар шийдвэрээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.26-ны өдрийн 182/ШШ2023/02990 дугаар захирамжийн дагуу *******Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилсон, цалин хөлсийг нөхөн олгосон байх тул дахин ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн Б/51 тоот тушаалын хууль ёсны эсэх талаар шүүх дахин дүгнэх шаардлагагүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр болсон.

Учир нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.26-ны өдрийн 182/ШШ2023/02990 дугаар захирамжаар ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн Б/51 тоот тушаал хүчингүй болсноор *******нь Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилогдож 2023.11.03-ны өдрөөс 2024.02.16-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан бөгөөд ******* газрын даргын 2024.02.16-ны өдрийн Б/41 тоот тушаалаар дахин ажлаас чөлөөлөгдсөн. Одоо уг Б/41 тоот тушаалыг хүчингүй болгуулах маргаан шүүхэд хянагдаж байгаа бөгөөд ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн Б/51 тоот тушаалыг хүчин төгөлдөр эсэх талаар шүүх дүгнэж шийдвэр гаргаснаар *******нь цаашид Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд хууль зүйн үндэслэлтэй томилогдсон эсэх, мөн 2024.02.16-ны өдрийн Б/41 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар маргах эрхтэй эсэх нь тогтоогдох эрх зүйн үр дагаврыг үүсгэх билээ.

Гэтэл шүүхийн шийдвэрээр ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн Б/51 тоот тушаалыг хууль ёсны эсэхийг дүгнээгүй нь *******цаашид өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалан маргах эрхийг зөрчсөн үйлдэл болсон.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.11.13-ны өдрийн 191/ШШ2025/09893 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн Б/51 тоот тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6.Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч нь эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг гуравдагч этгээдийн хүсэлтийн дагуу хүчингүй болгосноор Б/51 тоот тушаалыг заавал дүгнэх ёстой гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд эвлэрлийн гэрээ баталгаажсаны үр дүнд нэхэмжлэгч нь 2023.11.03-ны өдрөөс 2024.02.16-ны өдрийн хооронд албан үүргээ гүйцэтгэн цалин хөлс авч хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дахин хэрэгжсэн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Б/51 тоот тушаалаас үүдэлтэй ажилгүй байх нөхцөл бодитоор тасалдсан бөгөөд уг тушаалын хууль ёсны байдлыг нэгтгэн дүгнэх нь уг хэрэгт нөлөө үзүүлэхгүй гэх агуулгаар анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Б/51 тоот тушаалыг дүгнэвэл өөр хэрэгт маргаж байгаа Б/41 тоот тушаалын хүчинтэй байдлыг дүгнэхэд ач холбогдолтой гэх агуулгаар гомдол гаргасан. Нэхэмжлэгчийг эвлэрлийн гэрээ байгуулж ажилд нь буцаан томилсноос хойш дахин Б/41 тоот тушаалаар 2024.02.16-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн. Маргааны объект нь Б/41 тоот тушаал биш.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн. Дараагийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой гэсэн агуулгаар шүүх дүгнэх үүрэггүй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******нь хариуцагч ******* газарт холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь хариуцагчийн байр суурийг дэмжсэн агуулга бүхий тайлбар гаргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1.*******нь ******* газрын даргын 2023.01.19-ний өдрийн Б/08 тоот тушаалаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан байх ба ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн Б/51 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

3.2.*******дээрх Б/51 тоот тушаалыг эс зөвшөөрч 2023.07.17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.26-ны өдрийн 182/ШШ2023/02990 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Дээрх шүүгчийн захирамжийг үндэслэн 2023.11.03-ны өдөр ******* газар нь *******урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, түүнд ажилгүй байсан 2023.05.01-ний өдрөөс 2023.10.26-ны өдрийг хүртэлх хугацааны олговор 9,587,326 төгрөгийг олгосон байна.

3.3.Үүний дараа ******* газрын даргын 2024.02.16-ны өдрийн Б/41 тоот тушаалаар *******дээрх албан тушаалаас чөлөөлсөн байх ба уг тушаалд байгууллагын үйл ажиллагааг хариуцаж, удирдан зохион байгуулж удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврын биелэлт, албан бичгийн хариуг заасан хугацаанд удаа дараа ирүүлээгүй, хувийн хэргийн материалыг бүрдүүлж өгч хөдөлмөрийн гэрээ хийх тухай удаа дараа хэлсэн боловч одоо болтол хийгээгүй, өргөдөл гомдлын зөрчил тоо их гаргаж хууль тогтоомж, журам, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэсэн үндэслэл заажээ.

Нэхэмжлэгч нь дээрх Б/41 тоот тушаалтай холбоотой нэхэмжлэлээ шүүхэд тусдаа гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тусдаа явагдаж байгаа гэж тайлбарласан.

3.4.Зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн 182/ШШ2023/02990 дугаар захирамжийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн хүсэлтийг үндэслэн шүүхийн 2024.01.26-ны өдрийн 182/ШТ2024/00037 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байна.

 

4.Дээрх баримтууд, зохигчийн тайлбараас үзэхэд ************** газрын даргын 2023.05.01-ний өдрийн Б/51 тоот тушаалаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн байх боловч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2023.11.03-ны өдрөөс *******ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн, түүнчлэн түүний ажилгүй байсан 2023.05.01-ний өдрөөс 2023.10.26-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 9,587,326 төгрөгийг ******* газраас нөхөн олгосон байна.

 

5.Анхан шатны шүүх талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч *******2023.11.03-ны өдөр үүрэгт ажилд нь эгүүлэн томилсноор түүний хөдөлмөрлөх эрх бодитоор сэргэсэн, түүнчлэн ажилгүй байсан хугацаанд хамаарах 2023.05.01-ний өдрөөс 2023.10.26-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9,587,326 төгрөгийг хүлээн авсан талаар маргаангүй, Б/51 тоот тушаалаар *******ажлаас чөлөөлсөн хөдөлмөрийн эрхийн маргаантай холбоотой зөрчигдсөн эрх, ашиг сонирхол бүрэн сэргэсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй гэж заасан ба уг зохицуулалтын дагуу талуудыг хөдөлмөрийн эрхийн маргаанаа харилцан тохиролцож шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

6.Нэхэмжлэгчийн гаргасан Талуудын эвлэрлийг баталсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.26-ны өдрийн 182/ШШ2023/02990 дугаар захирамжийг шүүхийн 2024.01.26-ны өдрийн 182/ШТ2024/00037 дугаар тогтоолоор хүчингүй болгосноор ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн Б/51 тоот тушаалыг хүчингүй болгох маргааныг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлэх шаардлага үүссэн гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.26-ны өдрийн 182/ШТ2024/00037 дугаар тогтоол гарсан эсэхээс үл хамааран нэхэмжлэгч *******нь ажил үүргээ 2024.02.16-ны өдрийг хүртэл гүйцэтгэсэн бөгөөд ******* газрын даргын 2024.02.16-ны өдрийн Б/41 тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь маргаан бүхий Б/51 тоот тушаалтай холбоогүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн 182/ШТ2024/00037 дугаар тогтоолын дагуу талуудын эвлэрэл хүчингүй болоогүй, харин шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон процессын ажиллагаа гэж үзэхээр байна.

 

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/09893 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА