Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 764

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

Улсын яллагч: Г.Хатанцэцэг,

Шүүгдэгч: Д.Ц-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905030770000 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 18-нд Архангай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо 00000 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /     / Б овогт Д-гийн Ц.

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Д.Ц-нь 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд иргэн О.С-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Д.Ц-нь 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд хүүхэд үзүүлэх дарааллын асуудлаар иргэн О.С-тай маргалдан, улмаар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч О.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр би охин 11 настай Гийг 000 дугаартай өрөөний ходоодны эмчид үзүүлэхээр 10:45 цагийг авсан байсан. Би 10:40 үед очиход хүмүүс дугаарлаж байсан бөгөөд би хаалгаар эмчээс цаг авсан хүмүүс яах бэ гэж асуусан чинь эмч цагаараа орно гэж хэлсэн. Удалгүй нэг эмэгтэй гарч ирэхдээ Гийг дуудаж байна гэж хэлсэн бөгөөд эмч мөн адил Г ороорой гэж хэлэн дуудсан. Тэгээд охин Г-ийг хөтлөөд орох гэсэн чинь нэг эрэгтэй урдуур хөндлөн зогсож байгаад эхнэр хүүхдээ эмч рүү оруулчихсан. Хөндлөн зогсохдоо Ц- нь намайг биеэрээ түлхсэн. Би Ц- луу чи яагаад намайг түлхээд байгаа юм бэ, манай охины нэрийг дуудсан шүү дээ  гэж хэлэн Ц-ыг арагш нь түлхсэн чинь Ц- нэг үг хэлээд юу гэж хэлснийг нь би санахгүй байна. Миний баруун талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тухайн даруйдаа миний нүүр улайгаад толгой манараад эхэлсэн чинь миний охин Г уйлаад эхэлсэн. Би Ц- луу чи яагаад намайг цохиж байгаа юм бэ, би цагаараа хүүхдээ үзүүлэх гэж байгаа талаараа хэлээд охин Гийг аавыгаа гаднаас дуудаад ир гэж хэлж маргалдсан. Ц- би цохиогүй гэж хэлээд байсан. Эмч эмэгтэй гарч ирэн хамгаалалтын хүмүүсийг дууд гэж хэлсэн. Ц- нөхөр Батбаяр нар гадаа учраа олно гэж  хэлэн гадаа гарсан. Би цагдаагийн байгууллагын 102 дугаартай дуудлага өгсөн чиь цагдаагийн 2 алба хаагч ирсэн. Тухайн үедээ миний баруун талын шанааны яс хэсэгт хавдаж эхэлсэн. Миний 11 настай охин Г харсан. Мөн эмчийн үүд хэсэг дугаарлаж байсан 5-6 хүн байсан. ...Нэхэмжлэх зүйл байхгүй. Би сайн дурын үндсэн дээр Ц-тай эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25, 64-66 тал/

 

Гэрч А.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр би 10 цаг 45 минутын орчим өрөөндөө үзлэг хийгээд сууж байсан чинь гэнэт эрэгтэй эмэгтэй 2 хүн дарааллаас болоод маргалаад байсан чинь нярай хүүхэд /1 сар/ тэвэрсэн эмэгтэй ороод ирэхээр нь би үзлэг хийх гэсэн чинь нярайн ээж эмэгтэй нь “гадаа маргалдаад байгаа эмэгтэйг оруулах уу..” гэж асуухаар нь “...чи хэрүүлийн дундуур хүүхэд авч гарч яах гээд байгаа юм...” гэхэд нярайн ээж “...маргаан хийгээд байгаа эрэгтэй нь манай нөхөр юм...” гэсэн. Би нярайд үзлэг хийхэд гэдэс нь дүүрсэн, их гулигдаг, биеийн байдал нь хүндэвтэр байсан. Үзлэг хийж байх явцад нэг эмэгтэй манай хаалгаар шагайгаад та дарааллаа цагаар нь оруулж хийгээ ч үүнээс чинь болж магаан болсон. Би цохиулчихлаа гэж хэлсэн. Би тухайн эмэгтэйгийн нүүрэнд гэмтэл шарх үүссэн эсэхийг хараагүй. Учир нь үзлэг хийж байсан. Үзлэгээ дуусаад өрөөний гадна хэрүүл болоод байхаар нь шагайсан чинь 2 эрэгтэй хүн, 1 эмэгтэй хүн маргалдаж байхаар нь би хамгаалалтын ажилтан, бүртгэлийн сувилагч нарыг дуудсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/

 

Гэрч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 10-11 цагийн орчим байх Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхэд эрүүл мэндийн төвд эхнэр О.С-ын хамтаар охиноо үзүүлэх гээд очиход би гадна машиндаа ганцаараа эхнэр, охин 2-оо хүлээгээд байж байхад манай охин Б.Г уйлчихсан машины хаалга нээгээд ээжийг нэг хүн цохичихлоо гэсээр ирэхээр нь би эмнэлэг рүү ороод “Хоол боловсруулах” тасгийн эмч нарын өрөөний гадна ирэхэд манай эхнэрийн баруун талын шанаа хавдсан байхаар нь би эхнэрээс юу болсон талаар асуухад эхнэр надад өндөр махлаг залууг заагаад охины нэрийг эмч нь дуудахад би эмчийн өрөөнд охины хамт орох гэхэд энэ залуу намайг нэг удаа түлхэхээр нь би зөрүүлээд түлхсэн чинь миний баруун талын шанаанд нэг удаа цохисон гэхээр нь уг залууг чи яаж байгаа юм бэ гэхэд би цохиогүй гээд байхаар нь хамт гаръя гэж хэлээд эмнэлгийн гадаа гарахад манай эхнэр, охин хамт гарсан. Гараад би эхнэрийг цохисон залуугаас “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд эхнэрийн толгойг хажуу тийш болгоод баруун шанааны хавдсаныг харуулахад нөгөө залуу “за хөгшөөн уучлаарай, манай хүүхэд уйлаад би бухимдаад, тэгээд танай эхнэрийг цохисон” гэж хэлэхэд эхнэр хажуунаас “чиний уулчлалтаар яах юм, цагдаагийн байгууллагад хандаж шийдүүлнэ” гэж хэлээд манай эхнэр цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/

 

Насанд хүрээгүй гэрч С.Г-ийн: “...Бид 2 эмчийг дуудахаар нь орох гэсэн чинь нэг ах ээжийг арагш түлхээд үүнээс болж ээж С нөгөө ахыг арагш түлхсэн чинь ээжийн нүүрэн тус газар руу цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/

 

Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нөхөр Ц- бид 2, нэг сартай хүү Э-ыг гэдэс нь дүүрээд уйлаад байхаар нь ЭХЭМҮТ-ийн 000 дугаартай хоол боловсруулах эрхтэний эмчид үзүүлэхээр 7 цагаас эхлэн дугаарласан. Тэгээд 10 цаг 45 минутын орчим би хүүгээ аваад эмч рүү орох байсан чинь С гэх эмэгтэй 10-11 орчим насны эмэгтэй хүүхэд дагуулчихсан, охиноо үзүүлнэ дугаар авсан гэж хэлсэн чинь дугаарлан зогсож байсан хүмүүс уурлан, дарааллаараа ор гэсэн шаардлага тавьсан чинь С гэх эмэгтэй 10 цаг 45 минутад үзүүлэх цагтай гэж уурласан. Нэг эмэгтэй би 10 цагийн дугаартай гэж хэлэн уурласан. С энэ шаардлагыг хүлээн аваагүй. Гэтэл эмчийн өрөөнөөс хүн гарсан. Эмч дараагийн хүн ор гэж хэлсэн. Энэ үед би нэг сартай хүүгээ тэврэн орох гэсэн чинь С охиноо дагуулан миний урдуур дайран орох гэхэд нөхөр Ц- баруун гараараа С-ыг хойш нь хашсан маягтай хойшлуулсан. Сыг нөхөр Ц-ын баруун шанаа хэсэг рүү зүүн гараараа нэг удаа “...чи яагаад орох гэж байхад түлхээд байгаа юм бэ...” гэж хэлэн цохисон. Үүний улмаас С бухимдан хашхираад Ц-ыг дахин цохих гээд С гараа далайсан чинь Ц- давраад байгаарай чи чамд ахин цохиулахгүй гэж хэлэн гарыг нь хүчтэй хойш нь савсан маягтай түлхсэн чинь С-ын гар нь савагдаад өөрийнхөө нүүр хэсгийг цохичих шиг болсон. Би шууд эмчийн өрөө рүү яваад орчихсон. Харин Ц-, С нар эмчийн өрөөний гадна маргалдан хэрэлдээд байсан. Би хүүгээ эмчид үзүүлчихээд гараад ирсэн чинь эмнэлгийн гадаа С цагдаагийн байгууллага дуудчихсан гэж хэлсэн. Нөхөр Ц- эмнэлгийн гадаа баруун талын сандал дээр сууж байсан. ...Харин С баруун хацар, шанаа хэсгээ дараад Ц- луу “чи намайг зодлоо, эмэгтэй хүнд гар хүрдэг хэн бэ...” гэж хэлэн хашгираад байсан. ...Мөн С-ын охин нь байсан. Намайг хүүгээ үзүүлчихээд эмнэлгээс гарч ирэхэд саравчин дотор охин нь уйлаад сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,  

 

Хохирогч О.С-ын цохиулсаны дараах гэрэл зураг /хх-ийн 46 тал/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 0000 дугаартай “...О.С-ын биед тархи доргилт, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 41 тал/, 

 

Шүүгдэгч Д.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Манай эхнэрийн урдуур дугаар дайран орох гэхээр нь миний хүү уйлаад байсан учраас нөгөө эмэгтэйн урдуур хөндлөн зогссон. Яагаад хүн орох гэж байхад оруулахгүй байгаа юм гэж хэлэхэд орилж хашгираад байхаар нь би миний хүү нярай бие нь хүндэвтэр байна, чи таараа биз дээ гэж хэлсэн чинь миний нүүр хэсэг рүү самардаад цохих гээд далайхаар нь арагш нь түлхчихсэн чинь нүүрэн тус газар нь цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-59 тал/ хамаарна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Д.Ц-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 тал/, эд хөрөнгөтэй эсэхийн лавлагаа /хх-ийн 69 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 68 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Д.Ц-нь 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд иргэн О.С-тай дугаар дайрч орох гэлээ гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь нэг удаа цохисон, үүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

 

Хохирогч О.С-ын биед учирсан “тархи доргилт, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл хэргийн 41 дэх талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь нотлогдсон байх ба шүүгдэгч Д.Ц-ын хохирогчийн цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч Д.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Ц-гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц-“хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэгт үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Ц-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Ц-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Д.Ц-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.Ц-т мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Ц-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-гийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх ер хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ц-т мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Ц-цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА