| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/11308/И |
| Дугаар | 210/МА2026/00236 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2026/00236
*******хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/09766 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******хүсэлттэй
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга:
Миний бие Авто тээврийн яамны харьяа 40 дүгээр бааз, 14 дүгээр баазад шүүхээр тогтоолгох 1986 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн нотлох баримтыг хавсаргаж нотариатаар батлуулав.
Жич: Улмаар Дорноговь аймгийн холбооны газрын харьяа Радио релейны цехэд цахилгаан техникийн монтёроор 1988-1994 онд ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй халагдсан тушаал нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн. Цалингийн цэсийг мөн хавсаргав.
Үүнд: Миний 40 дүгээр бааз, 14 дүгээр баазын ажилласан жил, Дорноговь аймгийн холбооны газрын харьяа Радио релейны цехийн ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******1986 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Автотээврийн яамны харьяа 40, 14 дүгээр баазуудад цахилгаан техникийн монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анх шүүхэд ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргахдаа 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Автотээврийн яамны харьяа 40, 14 дүгээр баазуудад засварчнаар, 1988 оноос 1994 онд Дорноговь аймгийн холбооны газрын харьяа Радио релейны газарт цахилгаан техникийн монтёроор ажиллаж байсан хугацааг тооцуулахаар нэхэмжлэлийн дагуу материалыг бүрдүүлж өгсөн. 2 дахь шаардлага 1988-1994 оны хоорондох асуудал нь тухайн байгууллагад орсон тушаал нь олдоогүй боловч халагдсан тушаал нь нийгмийн даатгалын дэвтэрт хууль ёсны дагуу бичигдсэн. Ажилд орсон тушаал олдоогүй боловч Дорноговь аймгийн холбооны газар, Монгол Улсын төв архивын тодорхойлолтууд, хамт ажиллаж байсныг батлах 2 хүний тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажиллаж байсан үеийн шагналын тушаал, фото зураг, цалингийн цэсийг архиваас авч хавсаргасан боловч огт орхигдуулан орхиж дутуу шүүхийн шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна.
Шийдвэр гаргасан байдлыг харвал хоёр өөр байгууллагын албан тушаал зөрүүлж бичсэн, орсон тушаал олдоогүй гэдгийг халагдсан тушаал бичигдээгүй гэж буруу бичсэн, мөн холбооны байгууллагад ажилласан цалингийн цэсийг Автотээврийн 40, 14 дүгээр баазынх гэж бичсэн зэрэг нь нэхэмжлэлтэй бүрэн гүйцэд танилцаагүй, ойлгоогүй, өнгөц хуумгай хандсан зэрэг байдал илэрхий харагдаж байна.
Иймд миний ажилласан жилийг нэхэмжлэлд заагдсан материалын дагуу бүрэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч *******нь Авто тээврийн яамны харьяа 40 дүгээр бааз, 14 дүгээр баазад засварчнаар 1986 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд, Дорноговь аймгийн холбооны газрын харьяа Радио релейны цехэд цахилгаан техникийн монтёроор 1988-1994 онд ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
3.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 149708 тоот хөдөлмөрийн дэвтрээс үзвэл, Авто тээврийн 40 дүгээр баазаас 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон байх бөгөөд уг хөдөлмөрийн дэвтэрт 40 дүгээр баазын даргын 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 106 тоот тушаалыг үндэслэн 1-р зэргийн засварчнаар авч ажиллуулав, баазын захиргааны даргын 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаалыг үндэслэн Тээврийн яамны шийдвэрээр 40 дүгээр баазыг 14 дүгээр баазад төвлөрүүлж байгаа тул 14 дүгээр баазад засварчнаар шилжүүлэв, 14 дүгээр баазын захиргааны даргын 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаалыг үндэслэн шилжин ирсэн тул засварчнаар авч ажиллуулав, 1987 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 143 тоот тушаалыг үндэслэн Налайхад суурьших шилжүүлэггүй тул ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүд хийгджээ.
Түүнчлэн Тээврийн яамны харьяа 14 дүгээр авто баазын захиргааны даргын 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 149 тоот тушаалаар *******орон тооны илүүдлээр 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс Айргийн ХНХ-ийн мэдэлд шилжүүлж чөлөөлсөн байна. *******нь ажиллаж байх хугацаандаа баазын захиргааны даргын 1987 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 тоот тушаалаар тээврийн ажил үйлчилгээний хүрээгээр Хар айраг дахь ажлын хэсэгт томилогдож байжээ.
Дээрх баримтуудаар нэхэмжлэгч *******нь Авто тээврийн яамны харьяа 40 дүгээр баазад засварчнаар 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, мөн Авто тээврийн яамны харьяа 14 дүгээр баазад засварчнаар 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл тус тус ажилласан болох нь тогтоогдож байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх ажилласан байдлыг тогтоохдоо 40 дүгээр бааз, 14 дүгээр бааз тус бүрээр хугацааг тооцож тодорхойлоогүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн албан тушаалыг буруу тусгасан байх тул уг алдааг залруулах нь зүйтэй.
4.Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн холбооны газрын харьяа Радио релейны цехэд цахилгаан техникийн монтёроор ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байхад шүүх шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
4.1.Хэрэгт нэхэмжлэгчийн 1990, 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996 он тус бүрийн цалингийн тооцооны бүртгэл, нэхэмжлэгчид эхний хагас жилийн үр дүнгээр шагнал олгох тухай Дорноговь аймгийн холбооны газрын даргын 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 165 тоот тушаал, мөн нэхэмжлэгчийг Техникийн албаны ЦТМ албан тушаалаас чөлөөлөх тухай Дорноговь аймгийн холбооны газрын даргын 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 239 тоот тушаал тус тус авагдсан.
4.2.Үүнээс гадна 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тооцоо бичигдсэн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт дээрх ажлаас чөлөөлсөн тушаал бичигджээ.
4.3.Дорноговь аймгийн холбооны газарт нэхэмжлэгчтэй хамт 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилласан тухай *******ын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан.
Тус хөдөлмөрийн дэвтэрт *******ыг Дорноговь аймгийн холбооны газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 200 тоот тушаалыг үндэслэн Алтан ширээ суманд тавих радиофедерийн шугамд өргөтгөлийн төсөвт ажил хийлгэх түр ажилчнаар авч ажиллуулав, 1988 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 239 тоот тушаалыг үндэслэн ...төсөвт ажил дууссан тул түр ажилчнаас чөлөөлж Радио релейны газрын мэдэлд шилжүүлэв, 1989 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 тоот тушаалыг үндэслэн Радио релейны цехэд цахилгаан техникийн монтёроор авч ажиллуулав, мөн 1994 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 106 тоот тушаалыг үндэслэн өөрийнх нь хүсэлтээр Радио релейны цехийн цахилгаан техникийн монтёрын үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүд хийгджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхээр заасан бөгөөд ******* Дорноговь аймгийн холбооны газарт 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ажилласан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрээр нотлогдож байх тул *******ын тодорхойлолт нь нэхэмжлэгчийн хүсэлтийг нотлох ач холбогдолтой гэж үзэв. Харин *******ын тодорхойлолтод нэхэмжлэгчтэй хамт 1989 оноос ажилласан талаар тусгагдсан байх боловч түүний нийгмийн даатгалын дэвтэр 1995 оны бичилттэй буюу цаг хугацааны хувьд нэхэмжлэлд дурдсантай хамааралгүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлэх боломжгүй.
4.4.Эдгээр баримтыг тал бүрээс нь харьцуулан үзвэл, нэхэмжлэгчийг Дорноговь аймгийн холбооны газрын харьяа Радио релейны цехийн цахилгаан техникийн монтёроор 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан болохыг тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасанд нийцэж байна.
5.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч *******Дорноговь аймгийн холбооны газрын харьяа Радио релейны цехэд цахилгаан техникийн монтёроор 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан болохыг тогтоосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, мөн Авто тээврийн яамны харьяа 40 дүгээр бааз болон 14 дүгээр баазад нэхэмжлэгчийн ажилласан цаг хугацаа, албан тушаалыг залруулсан найруулгын өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/09766 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******Авто тээврийн яамны харьяа 40 дүгээр баазад засварчнаар 1986 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, Авто тээврийн яамны харьяа 14 дүгээр баазад засварчнаар 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл, Дорноговь аймгийн холбооны газрын харьяа Радио релейны цехийн цахилгаан техникийн монтёроор 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсныг тогтоосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Д.ЗОЛЗАЯА