Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 225/МА2026/00001

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 225/МА2026/00001

 

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 225/МА2026/00001

 

                                                                         

    Т.Оийн нэхэмжлэлтэй

      иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 320/ШШ2025/01378 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Т.Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Эод холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Автомашины үлдэгдэл үнэ 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг хариуцагч Д.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Т.О нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Д.Эод өөрийн приус 30 маркийн машинаа 16,000,000 төгрөгөөр худалдахаар болж харин Д.Э нь 16,000,000 төгрөгийн 4,600,000 төгрөгийг надад бэлнээр өгөхөөр болж, өөрийнхөө унаж явсан приүс 20 маркийн машинаа 11,400,000 төгрөгөөр үнэлж надад өгсөн.

4,600,000 төгрөгийн 2,600,000 төгрөгийг тэр өдрөө бэлнээр өгсөн. Харин 2,000,000 төгрөгөө 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч тэрээр тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөхгүй өдийг хүрсэн бөгөөд өөр рүү нь залгаж мөнгөө нэхэхэд удахгүй өгнө гэж аргацаалсаар өдийг хүрсэн.

Иймд Д.Эоос 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2024 оны хавар Т.Отэй наймаа хийж өөрийн приус-20 маркийн автомашиныг Т.От өгч түүний приус-30 маркийн авто машин авсан юм.

Ингэхдээ зөрүү мөнгө болох 2,800,000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн. Ингээд наймаа хийж дууссан боловч Т.О нь таны машин 2012 оны биш 2011 оны машин байна. Ингээд машины мөнгө нэмэх боломж байна уу гэсэн ба тэр үед ах нь боломжоороо хэдэн төгрөг өгч болох уу гэсэн юм.

Гэвч би Т.Оээс авсан автомашинаа хотод аваачиж 2024 оны 5 дугаар сард зарахаар үзлэгт оруулахад нүүрсний янданг авсан ашиглалтад оруулах боломжгүй. Нүүрсний янданг авч тавихад 1,650,000 төгрөг мөн ар, урд гуперт их хэмжээний будаг хийж ер нь би муу тэргийг сайн машин мэтээр надад зарсан байсан. Тухайн үед би Т.От хэлж байсан. Түүнчлэн Т.О мөнгө нэхэмжлэх байсан ч би төлөхгүй.

Иймээс Т.Оийн гаргаж буй энэхүү нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ. 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 320/ШШ2025/01378 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Д.Эоос авто машины үлдэгдэл үнэ 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.От олгож,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч .Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 (дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эоос 46,950 (дөчин зургаан мянга есөн зуун тавь) гаргуулж нэхэмжлэгч Т.От олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч  Д.Э давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлсэн баримтыг хэрхэн үнэлж дүгнэх, нотлох баримтаар үнэлэхэд нэхэмжлэгчийн надаас машин солилцсон наймаан дээрээ мөнгө нэмж өгөөч гэж гуйгаад байсан цахимаар бичсэн чатыг намайг мөнгө гаргаж өгөх ёстой гэж нотлох баримтаар үнэлсэн нь гайхмаар байгаа.

Би давж заалдаж гомдох ёстой гэж үзэж байна .Хэрэв тэгж болдог юм бол би одоо нэхэмжлэгчээс машиныхаа эвдрэл гэмтэлд мөнгө өг гэж цахим чатаар элдэв юм бичиж анхан шатны шүүхээр нотлох баримтаар үнэлүүлнэ

Иргэний хуулийн 274.1, 274.3, 243.1 дүгээр зүйлүүдэд заасныг баримтлан надаас арилжааны гэрээ байна ч гээд , худалдах худалдах авах гэрээний төлбөрийн үлдэгдэл байхгүй юманд 2,000,000 төгрөгийг гаргуулж уг заалтууд баримталж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгчийн шаардлагынхаа үндэслэл болгосон нотлох баримт болох чат, бичгээр гаргасан тайлбар нь нотлогдохгүй, харин миний тайлбараар үгүйсгэгдэж тогтоогдож байгаа тул нэхэмжлэл хангагдахгүй байх ёстой. Харин эр хүний хударгагүй зан гаргаж за яахав чамд 2 сая төгрөг хэрэгтэй байгаа бол өгсөн ч яахав гэж сайхан сэтгэл гаргасны хариуд шүүхээр ингэж үндэслэлгүй шийдвэр гаргуулж байгаад гомдолтой байна.

Энэ нь хэрэгт арилжааны гэрээ байгуулагдсан бол солиод л гэрээ дууссан , худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бол зөрүү мөнгийг өгөөд л гэрээний харилцаа дууссан, харин доголдолтой бол шүүхээр тэрийгээ нотолж мөнгөө гаргуулья гэж нэхэмжлэл гаргах ёстой гэж би иргэн хүнийхээ хувьд бодож байна.

Иргэний хуулийн Иргэний хуулийн 274.1, 274.3, 243.1 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч худал мөнгө нэхэж чат бичсэнээрээ шүүхэд гаргаж буй тайлбар мэдүүлгээрээ нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагатай нийцсэнгүй. Нөгөө талаар шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх ёстой гэтэл үндэслэх хэсэг дүгнэлт хоорондоо илт зөрүүтэй.

Нэхэмжлэгч 2,800,000 төгрөг зөрүүнд авсан байна, наймаа дууссан байна гэж шийдвэрт бичиж байснаа 2,000,000 төгрөг дутуу байсан байна, өгөх үүрэгтэй гэх мэт.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

1.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч Т.О хариуцагч Д.Эод холбогдуулан “Автомашины үлдэгдэл үнэ 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тэрээр шаардах эрхээ “...Д.Эод өөрийн приус 30 маркийн машинаа 16,000,000 төгрөгөөр худалдахаар болж харин Д.Э нь 4,600,000 төгрөгийг надад бэлнээр өгөхөөр болж, өөрийнхөө унаж явсан приүс 20 маркийн машинаа 11,400,000 төгрөгөөр үнэлж надад өгсөн. 4,600,000 төгрөгийн 2,600,000 төгрөгийг тэр өдрөө бэлнээр өгсөн. Харин 2,000,000 төгрөгөө 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч тэрээр тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөхгүй өдийг хүрсэн ...Иймд Д.Эоос 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлжээ.

3.Хариуцагч Д.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...муу тэргийг сайн машин мэтээр надад зарсан байсан. Тухайн үед би Т.От хэлж байсан. Түүнчлэн Т.О мөнгө нэхэмжлэх байсан ч би төлөхгүй. Иймээс Т.Оийн гаргаж буй энэхүү нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй...” гэж маргасан байна.

4.Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.О, хариуцагч Д.Э нарын хооронд худалдах, худалдан авах болон арилжааны гэрээ байгуулагдсан байна” гэж дүгнэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1. 274.3-т заасныг баримтлан хариуцагч Д.Эоос авто машины үлдэгдэл үнэ 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.От олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Учир нь: Хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч Т.Оээс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр приус 30 маркийн автомашиныг 15,800,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, тус приус 30 маркийн автомашины үнэд тооцон приус 20 маркийн автомашиныг өгч зөрүү төлбөрт 2,800,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 4 дүгээр сарын 10-ны өдөр төлөхөөр тохиролцож худалдах-худалдан авах гэрээ хийсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэргийн 27-30 дугаар талд авагдсан Т.Оийн ............дугаартай Iphone 14 промакс гар утасны Тунгалагийн О нэртэй мессенжер цэсний ............ нэртэй хэрэглэгчтэй харилцсан чатанд үзлэг  хийсэн  тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч Д.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

5.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “...тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд хариуцагч татгалзлаа нотолсон тохиолдолд эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх үндэслэл бүрдэнэ.

Гэвч хариуцагч нь “Т.Оээс авсан приус-30 маркийн автомашин биет байдлын доголдолтой, нүүрсэн яндан байхгүй байсан тул би нүүрсэн яндан авч тавьсан тул одоо мөнгө өгөхгүй” гэх тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх боловч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй байна.

6.Хариуцагч нь маргаж буй татгалзлаа нотлоогүй тохиолдолд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг үүснэ.

7.Шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт өгөхдөө талуудын хооронд худалдах, худалдан авах болон арилжааны гэрээний шинжийн аль алиныг агуулсан холимог гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчээс приус 30 маркийн автомашиныг 15,800,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон нь худалдах, худалдан авах гэрээний, худалдан авсан машины үнэд тооцуулж өөрийнхөө унаж явсан приүс 20 маркийн машинаа 11,400,000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэгчид өгсөн нь арилжааны гэрээний шинжийг агуулсан байх тул Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт зааснаар арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.

Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн шаардах эрхийг зөв тодорхойлсон, хэргийг шийдвэрлэхдээ хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул хариуцагчийн гаргасан “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагатай нийцсэнгүй...” гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8.Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч Д.Эын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 320/ШШ2025/01378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч Д.Эын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАЯРХҮҮ

                                       ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                                                Л.ЭРДЭНЭБАТ