Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 765

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

Шүүгдэгч: Ч.Э-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905028270000 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 2 дугаар сарын 10-ны Хөвсгөл аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, Чулуутын 000 тоотод оршин суудаг, /Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 70а байр,000 тоотод хаягийн бүртгэлттэй/ урьд 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, /    /, Х овогт Ч-гийн Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Ч.Э-/        / нь үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “БСБ Мегастор” дэлгүүрт бараа олгогчоор ажиллаж байхдаа 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Никон Ди-7200 маркийн, Никон Ди-3500 маркийн 2 ширхэг дижитал аппарат, мөн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Никон Ди-3500 маркийн, пи-900 маркийн 2 ширхэг дижитал аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 9.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Ч.Э-/       / нь үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “БСБ Мегастор” дэлгүүрт бараа олгогчоор ажиллаж байхдаа 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Никон Ди-7200 маркийн, Никон Ди-3500 маркийн 2 ширхэг дижитал аппарат, мөн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Никон Ди-3500 маркийн, пи-900 маркийн 2 ширхэг дижитал аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 9.700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч БСБ Мегастор ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр худалдан авагч дэлгүүрээс зургийн аппарат худалдан авахаар болж хайрцагтай шинэ бараа авна гэсний дагуу нярав болох Д нь БГД-ийн 13 дугаар хороо БСБ Мегастор дэлгүүрийн падволын давхрын агуулах руу ороод авах гэхэд 4 ширхэг аппаратны хайрцаг хоосон дотор нь бахь, скоч, мөнгөний хавчаар зэрэг эд зүйлийг хийсэн байдалтай байхаар нь зургийг нь дараад юу болсон талаар менежер Х-т мэдэгдээд Д нь тухайн өдөр амарч байсан бараа олгогч болох Э- руу залгаж асуухад би тэр аппаратуудыг авсан тэгээд ломбарданд тавьсан гэсэн байдаг. Тэгээд яаралтай аппаратуудаа авчирч өг гэхэд за гэж хэлээд тэр өдрөө ирээгүй маргааш нь бас ирээгүй. Харин Э- нь 7 дугаар сарын 01-ний өдөр ирж зургийн аппаратуудыг Х-, Д нарт хүлээлгэн өгсөн байдаг. Энэ талаар төв оффист мэдэгдэж цагдаагийн байгууллагад хандаад байна, яг одоо манай дэлгүүрт учирсан хохирол байхгүй уг алдагдсан аппаруутыг Э- нь хүлээлгэн өгсөн байгаа. Уг асуудлыг хуулийн дагуу шалган шийдвэрлэж өгөөч гэж хүсэлт гаргаж байна. Уг асуудлаас болж манай компанид үнэлгээ хийж үзэхэд 9.699.700 төгрөгийн хохирол учирахаар байсан. Бараа олгогчийн ажил үүргийн хуваарь гэж худалдан авагч нарт бараа материалыг шалган хүлээлгэж өгөх үүрэгтэй, агуулахын дотор хэсгийн хоёр нярав хариуцдаг ба Э-од бол ямар нэг эд хариуцах эрх байхгүй, няравууд нь байхгүй эсвэл завгүй үед хэрэглэгчдийг хүлээлгээд байж болдоггүй. Тийм учраас бараа олгогчийг яг бас агуулах руу оруулахгүй байх боломж байдаггүй. Баг болгон бүрдүүлж ажилладаг, бид нар ажилчиддаа итгэж ажилчид маань ч итгэл алддаггүй …” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

 

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би БСБ мегастор ХХК-д 2017 оны 9 дүгээр сараас хойш ажиллаж байгаа ба няравын албан тушаалтайгаар ажлаа эхлээд одоог хүртэл ажиллаж байна. Миний ажил үүргийн хуваарь бол агуулахад байгаа бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хариуцдаг, өөрөөр хэлбэл компани надад бараа бүтээгдэхүүнээ даалгадаг гэсэн үг, манай компанид 2018 оны 7 дугаар сард Ч-гийн Э- гэх бараа олгогч албан тушаалтайгаар ажиллаж эхэлсэн, бараа олгогч албан тушаал нь ямар нэг байдлаар компаний бараа бүтээгдэхүүнийг хариуцдаггүй бараа бүтээгдэхүүн үйлчлүүлэгч авахаар болбол надад мэдэгдэж бараа оруулдаг гэсэн үг. Тэгсэн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр намайг ажлаа хийж байтал үйлчлүүлэгч Никон 900 маркийн камер худалдан авахаар болсон, тэгээд би доошоо агуулах руу ороод барааг хайрцаганд нь үзтэл дотор нь камер байхгүй харин бахь өөр бас бус зүйл хийж хүндрүүлсэн байдалтай камергүй хайрцаг байсан. Тэгээд үзтэл манай өмнө нь сольсон хаалганы нугас зэрэг эд зүйлийг хийсэн байхаар нь би дотроо манайд ажилладаг хэн нэгэн энэ камерыг авч дээ гэж бодсон. Энэ талаар нөгөө няравтаа хэлсэн, бид хоёр ярилцаад хамгийн эхний ээлжинд Э- гэх залууг сэжиглээд залгасан. Яагаад заавал Э-ыг сэжиглэсэн бэ гэхээр Э- байнга л мөнгөний асуудал ярьдаг дээр ломбард руу явлаа энэ тэр гэсэн зүйлийг байнга ярьдаг учраас шууд сэжиглэсэн. Э- руу залгаад үзтэл Э- утсаа авсан. Тэгээд би Э-од Никоны П-900 гээд камер яасан бэ гэхэд Э- надад байгаа би маргааш камераа аваад очъё гэж хэлсэн, би өөр хүнд хэлээгүй байсан ба менежер Х-т мэдэгдсэн. Менежер Х- Э- руу залгаад нэн яаралтай камераа аваад хүрээд ир гэсэн шаардлага тавьсан, тэгээд авчирна гэсээр байгаад тэр өдөр болон тэр өдрийн маргааш мөн л авчирна гээд ирээгүй, тэр өдөр сар бүрийн тооллого давхцаж таарсан ба тооллого хийгээд үзтэл дахин 3 ш камер алга болсон байсан, тэгээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Э- 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 4 ш камерыг манай дэлгүүр дээр бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, одоо манай дэлгүүрт ямар нэг учирсан хохирол бол байхгүй. ...Агуулахын түлхүүр нь няравын ширээний хажууд байдаг ба хараа хяналтгүйг далимдуулж түлхүүр аван агуулахыг онгойлгож камеруудыг Э- нь хулгайлан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/

 

Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн 13 дугаар хороо БСБ Мегастор дэлгүүр 2016 оноос хойш дэлгүүрийн менежер албан тушаалтайгаар ажиллаж байна. Миний ажил үүргийн хуваарь нь дэлгүүрийнхээ ажилчдийг зөв зохион байгуулж борлуулалтаа өсгөх зэрэг ажил хийдэг. Ч-гийн Э- гэдэг залуу 2018 оны 7 дугаар сараас манай дэлгүүрт бараа олгогч албан тушаалтайгаар ажилд орсон, бараа олгогч нь худалдан авагчид бараа бүтээгдэхүүнийг шалгаж хүлээлгэн өгөх үүрэгтэй ба ямар нэг байдлаар компанийн эд хөрөнгийг хянан хариуцдаггүй, агуулахад байгаа бараа бүтээгдхүүнийг хянан хариуцдаггүй, гэхдээ үйлчлүүлэгч бараа авлаа гэж бодоход хүлээлгээд байлгүй агуулахаас бүтээгдэхүүн аваад өгдөг. Тэгтэл 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээ байж байтал манай дэлгүүрийн агуулахаас бүтээгдэхүүний хайрцаганд өөр эд зүйл хийсэн байна гэж нярав Батцэнд хэлсэн. Тэгээд үзтэл бүтээгдэхүүний хайрцаганд бахь зэрэг эд зүйлс хийсэн байсан Тооллого хийгээд үзтэл нийт 4 ширхэг камер алдагдсан байсан. Нэн түрүүнд Э-ыг сэжиглэсэн ба хоёр нярав хэлэхдээ Э- байнга л мөнгө төгрөгийн асуудалтай явдаг. Э- л авсан байх гээд залгахад Э- би эдгээр зүйлсийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр эхлээд 2 ширхэг аппарат 6 дугаар сарын 14-ний өдөр дахин 2 ширхэг аппаратыг авсан гэдгээ хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Э- нь агуулахын түлхүүрийг зөвшөөрөлгүй авч хүн хараагүй байгааг далимдуулан зургийн аппарат хулгайлан авч компанид хохирол учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/

 

“Итгэлт Эстимэйт” ХХК-ний 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн: “...Nikon үйлдвэрийн Монгол улсад орж ирсэн, шинээр худалдаалагдаж байгаа 4 ширхэг дижитал аппарат нийт 9.700.000 /есөн сая долоон зуун мянга/-н төгрөгийн үнэ ханштай худалдаалагдаж байгаа болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 23 тал/

 

Шүүгдэгч Ч.Э-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би БСБ мегастор дэлгүүрт 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр бараа олгогч албан тушаалтайгаар ажилд орсон. Миний ажил үүргийн хуваарь хэрэглэгчидэд бараа бүтээгдэхүүнийг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх, няравын зөвшөөрлийн дагуу агуулахын бараа бүтээгдэхүүний эмх цэгцтэй байдал, хайрцаг савны бүрэн бүтэн байдлыг хангах, сар бүрийн эцсийн барааны тооллого тооцоо бэлтгэх, агуулахад хураах барааны бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авах гэсэн ажил хийдэг. Гэхдээ ер нь бол няравыг байхгүй үед няравыг орлодог мөн надад агуулахын түлхүүр байдаг байсан хэрэглэгч бараа авлаа гэж бодоход агуулах руу орж авдаг. Надад мөнгөний хэрэг гараад яах ч аргагүй байдалд ороод 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өглөө ажил эхлэхээс өмнө буюу 09 цагийн үед би түрүүлж ирээд агуулахын түлхүүрийг бараа олгох хэсгийн ажлын компьютерийн хажууд байсныг аваад агуулахыг онгойлгосон хураалттай байсан 7 номерын агуулахын тавиур дээр байсан Никон-Ди 7200 маркийн, Никон-Ди 3500 маркийн 2 ширхэг аппаратыг хайрцагнаас нь гаргаад, хайрцаган дотор оронд нь ойролцоо жинтэй бараа олгох дээр байсан өөрийн багаж хэрэгсэлээс хийсэн эхлээд бол хийгээгүй дараа нь сарын сүүлээр л баригдах байх гэж айсандаа дотор нь бахь скоч метр хэмжигч зэргийг хийсэн. Эдгээр эд зүйлс бараа олгохын шүүгээнд байсан. Никон- Ди 7200 маркийн, Никон-Ди 3500 маркийн 2 ширхэг аппаратыг би аваад 6 сарын 04-ний өдрөө хорооллын Өргөө кинотеатрын баруун талд байрлах Б- гэсэн нэртэй ломбарданд Ди 7200 маркийн аппаратыг, харин Ди 3500 аппаратыг Гүүд нэртэй Өргөөгийн баруун талын ломбарданд тавьсан, тухайн үед Б-эд 750,000 төгрөгөөр Гүүдэд 300,000 төгрөгөөр тус тус ломбарданд тавьсан. Тавьсан мөнгөөрөөр өөрт байсан өрөө дарсан мөн өөр ломбарданд тавьсан байсан эд зүйлээ авч сунгасан. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ломбардны мөнгө нэхэгдээд байсан болохоор мөн агуулахаас 9 цагийн үед ирээд Никон Ди З6ОО, Пи-900 маркийн 2 ширхэг аппаратыг нэмж авсан. Өргөөгиин баруун талын хишиг төвийн хажуу талын ломбарданд 400.000 төгрөгөөр Ди-3500 аппаратаа, мөн тэр ломбарданд Пи-900 аппаратыг 300.000 төгрөгөөр тус тус тавьсан. Тэгээд авсан мөнгөө энд тэнд л нэхэгдээд байсан зээлээ төлсөн. ...2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр намайг амарч байхад орой 18 цагийн үед манай нярав болох Л.Д надруу залгаад 7 номерын тавиурт аппарат хоосон хайрцага байна чи энийг мэдэж байгаа юу гэхээр нь би мэдэж байгаа би авсан гэдгээ шууд хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/ хамаарна.

 

“Б-” барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 37 тал/,

 

“Good” ломбард, “Арвижих” барьцаат зээлдүүлэх газруудын баримт /хх-ийн 38-40 тал/,

 

“Болор манлай”, “Арнумт Угтаал”, “Их зэвсэг” компаний  тодорхойлолт /хх-ийн 41-43 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Ч.Б-ын: “...Миний дүү Э- нь 1991 онд манай бага дүү болж төрсөн, хүүхэд байхдаа Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1-р 10 жилийн төгссөн 10 жилдээ онц сурдаг байсан. Э- нь эхнэр 3 хүүхэдтэй, үр хүүхдээ өсгөх гээд л явж байгаа залуу хүн. 0-9 насны хооронд 3 охинтой. 2018 оноос БСБ мегастор дэлгүүрт ажилд ороод ажиллаж байсан. Эхнэр нь хүүхдээ хараад гэртээ байдаг, өөрсдийг гэр орон байхгүй, 3 охин эхнэрээ дүү маань л тэжээдэг, өмнө нь гэмт хэрэгт огт холбогдож байгаагүй, Э- нь элдэв янзын муу зангүй дуугай дөлгөөн зантай хэрцгий догшин авиргүй, хүнд их тусархуу, их сургуульд сурч байгаад төлбөрийг нь төлж чадахгүй болоод 3-р курсээсээ гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/, Ч.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 тал/, БСБ Мегастор ХХК-ний захирлын тушаал /хх-ийн 48-50 тал/, Хөдөлмөрийн түр гэрээ /хх-ийн 51-52 тал/, Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 53-54 тал/, ажилтны анкет /хх-ийн 57-60 тал,  боловсролын талаарх баримт /хх-ийн 61 тал/, ШУТИС-ийн тодорхойлолт /хх-ийн 62 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 тал/, гэрлэлт бүртгэлийн тухай лавлагаа /хх-ийн 65 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 66 тал/, эд хөрөнгөтэй эсэхийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 67 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ч.Э-нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “БСБ Мегастор” дэлгүүрт бараа олгогчоор ажиллаж байхдаа 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Никон Ди-7200 маркийн, Никон Ди-3500 маркийн 2 ширхэг дижитал аппарат, мөн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Никон Ди-3500 маркийн, пи-900 маркийн 2 ширхэг дижитал аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “БСБ Мегастор” ХХК-д 9.700.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

 Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.Э-ын дээрх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч Ч.Э-ын бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар хууль бусаар авсан дээрх үйлдлийн улмаас хохирогчид 9.700.000 хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлангуудаар нотлогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохирол учирсан гэж үзнэ. 

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ч.Э-нь 2019 оны 6 дугаар сарын 04, мөн оны 6 дугаар сарын 14-ний өдрүүдэд буюу 2 удаагийн үйлдлээр өөрийн ажиллаж байсан компанийн эд хөрөнгө болох 4 ширхэг зургийн аппаратыг авсан үйлдэл үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

       

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ч.Э-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Э-гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э-“хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болно.

 

Шүүгдэгч Ч.Э-нь хулгайн эд зүйлийг хохирогчид биет байдлаар буцаан өгсөн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х-ын мэдүүлгээр нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Э-хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

.Шүүгдэгч Ч.Э-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ч.Э-од талуудын тохиролцсон ялын саналын хүрээнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Ч.Э-од шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

            Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Э-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Ч-гийн Э-ыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Э-од мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.Э-цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э-од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА