| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 192/2025/02646/И |
| Дугаар | 210/МА2026/00285 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2026/00285
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/09637 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
157,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр "Эрх худалдах худалдан авах гэрээ"-г байгуулж, тус гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо ******** аманд байрлах ******** хотхоны 1-р ээлж, 6-р блок 1 орц, 1 давхрын F айл 47.77 м.кв, 2 өрөө орон сууцны бартерын тооцоогоор авсан захиалгын гэрээний эрхийг ******* ******* шилжүүлэн өгөх, ******* эрх шилжүүлэн авсны төлбөрт 105,000,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн.
Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр *******гийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд 105,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд тус орон сууц 2022 оны 05 дугаар сард ашиглалтад орсон.
Гэвч барилгын гүйцэтгэгч компани ******* нь ******* бартерын гэрээний дагуу гүйцэтгэх ёстой ажил үүргийг бүрэн биелүүлээгүй тул түүнтэй байгуулсан бартерын гэрээний орон сууцыг олгох боломжгүй гэсэн хариуг өгч, улмаар тус орон сууцыг өөр этгээдэд худалдан борлуулсан.
Иймд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээнээс татгалзаж байгаа тул гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 105,000,000 төгрөг, алданги 52,500,000 төгрөг, нийт 157,500,000 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Миний бие эрх шилжүүлэх гэрээнд дурдсан орон сууцны төлбөрийг *******-д цонхны ажил гүйцэтгэж, бартерын журмаар төлсөн. *******гаас гэрээний төлбөрт 105,000,000 төгрөг хүлээн авсан бөгөөд миний бие үүргээ биелүүлж захиалагчийн эрхээ шилжүүлсэн.
******* нь төслийг хэрэгжүүлэгч *******-тай гэрээ байгуулж орон сууцаа авах ёстой байсан. Гэвч ******* нь "*******тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээ цуцалсан, гэрээний төлбөрт орон сууц олгохгүй" талаар тайлбар гаргасан учир 105,000,000 төгрөгийг буцаан өгөхийг зөвшөөрч байна.
Харин алданги 52,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч нь үүргээ биелүүлээгүй буюу эрхээ шилжүүлэхгүй гэж ******* саад учруулсан зүйл байхгүй.
Тухайн байрыг ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх этгээд нь ******* бөгөөд тус компанийн бизнесийн ёс зүйгүй үйлдлийн хариуцлагыг үүрэх үндэслэлгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* 157,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,049,638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 945,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан учир орон сууцны төлбөрт авсан 105,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Татгалзсан гэрээний хувьд алданги шаардах үндэслэлгүй байхад шүүхээс хангаж шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт үүргийг гүйцэтгээгүй этгээд алданги төлөх талаар зохицуулсан. Орон сууцыг барьж хүлээлгэн өгөх үүрэг нь *******-д байсан байхад хариуцагч *******г орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан гэж үзэж алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангид 52,500,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. ******* нь ажлыг хийж гүйцэтгээгүйгээс шалтгаалан ******* нь орон сууцыг шилжүүлж өгөөгүй. Худалдагчийн хувьд хариуцагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй орон сууцыг шилжүүлж өгөх үүрэгтэй байсан.
Эрх шилжүүлэх гэрээнд алдангийн талаар тусгагдсан учир нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан гэрээнээс татгалзсан үндэслэлээр шилжүүлсэн төлбөр 105,000,000 төгрөг, алданги 52,500,000 төгрөг, нийт 157,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлээс 105,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, алданги 52,500,000 төгрөгийг төлөхийг эс зөвшөөрч маргасан.
2.1. Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсаны эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.
3. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан гэрээгээр ******* нь ******* түүний *******-аас ажлын хөлсөд авахаар тохиролцсон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ******** хотхоны 1 дүгээр ээлж 6 дугаар блок, 1 дүгээр орц, 1 давхрын F айлын 47.77 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 105,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээ байгуулсан өдөр орон сууцны үнэд 105,000,000 төгрөгийг төлсөн.
3.1. *******-ийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 25/01-191 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1332 тоот албан бичиг зэргээр хариуцагч нь гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас ******* нь ******** хотхоны 1 дүгээр ээлж 6 дугаар блок, 1 дүгээр орц, 1 давхрын F айлын 47.77 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өөр этгээдэд худалдан борлуулжээ.
3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Мөн шүүхээс хариуцагчийн үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгч орон сууцыг биет байдлаар хүлээн авах боломжгүй болсон гэж дүгнээд гэрээнээс татгалзсантай холбогдуулан төлбөрт шилжүүлсэн 105,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хэсэгт нийцжээ.
Энэ шийдэлд хариуцагч гомдол гаргаагүй.
4.1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.
Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзсаны үр дагаварт талууд анхны байдалд шилжих бөгөөд биет байдлаар буцаах боломжгүй гүйцэтгэлийн хувьд түүний мөнгөн дүнг харилцан төлж барагдуулдаг.
Харин алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга тул нэгэнт гэрээнээс татгалзаж буй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэх ойлголт байхгүй юм.
Иймд нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй тул алдангид тооцож нэхэмжилсэн 52,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн алдангийн талаар өгсөн алдаатай эрх зүйн дүгнэлтийг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/09637 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* 105,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлээс үлдэх 52,500,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад 945,450 гэснийг 682,950 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 420,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Т.БАДРАХ