Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 769

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч: М.М-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт М-гийн М-т холбогдох эрүүгийн 1905032540000 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1975 оны 7 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Монгол хэлний багш мэргэжилтэй, Мейсо ХХК-д борлуулалт, түгээлт ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч Ц.Н-, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 14 дугаар хороо, 3 дугаар хороолол, 00в байр 00 тоотод оршин суух хаягтай /  / Б овогт М-гийн М-.

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч М.М-нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 14 дугаар хороо, 00/в дугаар байрны 00 тоотод хамтран амьдрагч Ц.Н-ын толгой тус газар стаканаар цохиж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.М-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч М.М-нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 14 хороо, 13в дугаар байрны 00 тоот гэртээ хохирогч Ц.Н-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Ц.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өчигдөр шөнө гэртээ 03 цагийн орчимд өөрийн 11 настай охин, эгч, тэрний төрсөн дүүгийн 11 настай охины хамт бид 4 унтаж байхад манай нөхөр согтуу орж ирээд таксины мөнгө болох 8000 төгрөг нэхэхээр нь би 10000 төгрөг өгөөд таксины жолоочийг явуулсан юм. Тэгээд надаас архи тамхины мөнгө нэхээд машины түлхүүрээ нэхээд маргаан үүсгэсэн. Ер нь архи уусан үедээ унтдаггүй. Бид 2 гал тогооны өрөөнд маргалдаад байж байхад манай эгч орж ирэхэд улам асаж над руу дайрсан. Тэгээд ширээн дээр байсан стакантай усыг над руу шидээд, миний толгой хагараад цус гарсан байдалтай байхад миний 11 настай охин орж ирээд цагдаа дуудсан. Өмнөх 7 хоногт согтуу орж ирээд бас унтуулаагүй. Архидан согтуурсан үедээ унтаж амраадаггүй үглэж загнаад, ганцаараа ярьж, хүн амьтан харааж загнаж байдаг. Архи уугаагүй үедээ маш их ааштай яхир зантай бид 2 ойлголцож чаддаггүй. Сард 1, 2 удаа гадуур хэдэн хоногоор явдаг болсон. Миний толгой хагарсан би гэмтлийн эмнэлэг орж толгойндоо оёдол тавиулсан. Нуруу руу маш хүчтэй цохисон болохоор хөхөрсөн байгаа. Бид 2 гэрлэлтээ батлуулж амьдраад 25 жил болж байна. Одоо 2 хүүхэдтэй. 2000-2007 онд манай нөхөр Солонгос улсад ажиллаж байгаад ирсэн. Эрүүл үедээ гэр бүлийн гишүүдээ дарамталж зоддоггүй. Архи уухаараа л агсам тавьдаг. Манай нөхөр М- эрүүлдээ номхон дөлгөөн зантай, уухаараа ууртай агсам болчихдог, зантай. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Манай нөхөр М- надаас уучлалт гуйж эвлэрсэн байгаа…” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 20-21 тал/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 0000 дугаартай “...Ц.Н-ын биед баруун зулайн хуйх, зүүн тавхайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 29 тал/, 

 

Шинжээч М.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг гэмтлүүд нь буюу зулай хуйх шарх, тавхай шарх гэмтэл зэрэг гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэг тус тусдаа хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 61-62 тал/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгч, хохирогч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 69-70 тал/

 

Шүүгдэгч М.М-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ялтай холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй. Тухайн үед би хохирогч Ц.Н-ын биед учирсан гэмтлийг стакан шидэж учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж хойшдоо ийм зөрчил дутагдал гаргахгүй байх болно. Би өөрийн эхнэр Ц.Н-аас уучлалт гуйж эвлэрсэн байгаа тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... ”   гэх мэдүүлэг, нотлох баримтууд хамаарна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Б.Т-ийн: “...Манай ах М- нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Айлын хамгийн том хүүхэд доороо 3 дүүтэй. Бага насаа 40-н мянгатад өссөн. 00  дугаар сургуулийг сурч төгссөн. Мөн БНСУ-д 7, 8 жил хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн. Одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Манай ах М.М-нь хувь хүнийхээ хувьд даруу төлөв зантай, тайван дөлгөөн зантай, гэр бүлдээ анхаарал халамж сайтай, бусдад их тусархуу, бусадтай их эвтэй харьцаатай, спортоор хичээллэдэг, бусадтай их нийтэч харьцаатай сайн хүн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/, М.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42 тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 43 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44 тал/, боловсролын талаар баримт /хх-ийн 45 тал/, хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-ийн 46-54/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч М.М-нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 14 хороо, 13в дугаар байрны 00 тоотод эхнэр Ц.Н-ыг зодож, түүний бие махбодод “зулайн хуйх, зүүн тавхайд шарх гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогджээ.

 

Хохирогч Ц.Н-ын биед учирсан хөнгөн гэмтэл нь хэргийн 29, 33 дахь талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлт, шинжээч эмч М.Золжаргалын “...энэ гэмтлүүд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлгээр нотлогдсон байх ба шүүгдэгч М.М-ийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Мөн шүүгдэгч М.М-, хохирогч Ц.Н- нар нь гэрлэлтээ 1994 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтээ баталгаажуулсан, гэрлэлт бүртгэлийн лавлагаатай, эхнэр, нөхрийн харилцаатай болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд юм.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

 

Иймд шүүгдэгч М.М-нь эхнэр Ц.Н-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч М.М-нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Мөнхбилэг гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Манай нөхөр М- надаас уучлалт гуйж эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг, хүсэлт /хх-ийн 21, 70 тал/-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч М.М-нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.М-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг М.М-танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 470 /дөрвөн зуун дал/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470.000 /дөрвөн зуун далан мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.М-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт М-гийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар 470 /дөрвөн зуун дал/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.М-т мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.М-цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА