| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 101/2025/00037/И |
| Дугаар | 210/МА2026/00284 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2026/00284
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/08514 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
27,511,110.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*******, ******* нар ******* Өмнөговь салбарын ******* тооцооны төвтэй 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 14,900,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар ахуйн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч нар нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 6,642,460.90 төгрөг, хүү 1,132,633.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,174.99 төгрөг, нийт 7,810,269.85 төгрөг төлсөн.
*******, ******* нар зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, нийт 2,845 хоногоор зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн.
Иймд гэрээний 7.1.1, 7.1.8-т заасныг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үндсэн зээл 8,257,539.10 төгрөг, хүү 17,204,184.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,024,386.76 төгрөг, нотариатын төлбөр 25,000 төгрөг, нийт 27,511,110.15 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч ******* шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй.
3. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:
*******той 2009 онд танилцаж, 2014 онд хүү *******, 2016 онд охин ****** нарыг төрүүлсэн. ******* нь зээл авахаар болж хамтран зээлдэгчээр орчих гээд гарын үсэг зуруулан 2016 оны 02 дугаар сард 15,000,000 төгрөгийн цалингийн зээл авч автомашин худалдаж авсан. Миний хувьд зээлийн мөнгөнөөс огт хэрэглээгүй.
******* нь 2019 оны 4 дүгээр сард намайг зодож, хамар, хацрын яс хугалсан тул холбоогоо тасалсан. Энэ гэмтлээс болж 2021 оныг дуустал 4 удаа хагалгаанд орсон.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 138/ШШ2021/00613 дугаар шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, хүү *******, охин ****** нарыг эхийн асрамжид үлдээж, ******* нь хүүхдүүдэд сар бүр тэтгэмж төлж байхаар шүүхээс шийдвэрлэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ******* нь хүүхдүүдийнхээ тэтгэмжийг бүрэн төлж байгаагүй.
Миний хувьд одоогоор суралцаж байгаа тул цалин хөлс авахгүй байгаа, мөн ******* дансанд хязгаарлалт хийгдсэн ба уг дансанд хүүхдийн мөнгө, тэтгэмж ордог боловч зээлийн төлөлтөд шууд татагддаг.
Иймд зээлийн төлбөрийг төлөх эдийн засгийн боломжгүй тул үндсэн зээлдэгч *******оор төлүүлэх арга хэмжээг авч өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч *******, ******* нараас 27,494,110.15 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,506 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 295,421 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.
5. Хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Маргаантай зээл нь *******ын нэр дээр олгогдсон бөгөөд зээлийн хөрөнгөөр автомашин худалдан авч, уг хөрөнгийг тэрээр дангаараа ашигласан. Би болон хүүхдүүд бодит ашиг хүртээгүй.
2016 оноос эхлэн бид тусдаа амьдарч, 2019 онд түүний удаа дараагийн гэр бүлийн хүчирхийллийн улмаас 4 удаа хамрын хагалгаанд орсон боловч ******* нэг ч удаа мөнгөн тэтгэмж өгөөгүй. Энэхүү нөхцөл нь миний санхүүгийн шийдвэр гаргах чадамжид шууд нөлөөлсөн.
******* нь хүүхдийн тэтгэлгийг шүүхээр тогтоолгосон хэдий ч төлөөгүй, харин миний ******* дансанд орж ирэх хүүхдийн мөнгө хүртэл зээлийн төлөлтөд татагдаж байсан нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Би одоогоор хүүхдүүд болон өндөр настай эцэг, эхээ ганцаараа асардаг, 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халагдсан тул зээлийг төлөх санхүүгийн чадваргүй.
Анхан шатны шүүх зээлийг бодитоор ашигласан этгээдийг ялган тогтоолгүй, зөвхөн хамтран зээлдэгч гэдэг үндэслэлээр хариуцлага ногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, зээлийн төлбөрийг бодитоор ашигласан этгээд *******од ногдуулах, эсхүл миний хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч нар гэр бүлийн хэрэгцээндээ автомашин худалдан авах зорилгоор зээл авсан байдаг. Зээлийн гэрээнд хариуцагч нар гарын үсэг зурж, зээл авсан цагаас хойш хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх тул зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******ын гаргасан тайлбарын агуулга:
Би өөрөө зээлийг төлж барагдуулах хүсэлтэй байгаа учир *******ыг зээлээс чөлөөлж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч *******ын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,257,539.10 төгрөг, хүү 17,204,184.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,024,386.76 төгрөг, нотариатын төлбөр 25,000 төгрөг, нийт 27,511,110.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2.1. Хариуцагч ******* нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн хувиар оролцсон, зээлийн мөнгөнөөс хэрэглээгүй, зээлийг төлөх эдийн засгийн боломжгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй.
3. ******* нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний дагуу хадгаламж барьцаалсан зээл зориулалтаар 14,900,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр *******, ******* нарт олгосон байна.
3.1. Гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нар нь үндсэн зээл 6,642,460.90 төгрөг, хүү 1,132,633.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,174.99 төгрөг, нийт 7,810,269.85 төгрөг төлсөн ба 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу зээлийг төлөлгүй үүргийн зөрчил үүсгэсэн.
3.2. Эдгээр үйл баримт хэрэг авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдов.
Хариуцагч талын төлсөн зээлийн хэмжээ, үүргийн зөрчилд холбогдох үйл баримтыг анхан шатны шүүх дүгнэлгүй орхигдуулсныг дээрх байдлаар залруулж, нэмж дүгнэв.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.
Гэрээгээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцжээ.
4.1. Гэрээний хугацаа дуусгавар болсон ч үүргийн зөрчил арилаагүй байгаа тул шүүхээс үндсэн зээл 8,257,539.10 төгрөг, хүү 17,204,184.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,024,386.76 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар тооцооллын талаар мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй.
4.2. Уг гэрээнд хариуцагч ******* нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон.
Иймээс тэрээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцна.
Учир нь хариуцагч ******* нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр зээлийн гэрээний нөхцөл, зориулалт, зээл олгох данс зэрэгтэй танилцаад хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохыг зөвшөөрсөн байх тул зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглаагүй хэдий ч хамтран хариуцах үүргээс чөлөөлөгдөхгүй.
4.3. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13 дахь хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна гэж заасан байдаг.
Гэхдээ хариуцагч ******* нь төлбөрийн чадваргүй болсноо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Хэрэгт авагдсан гэрлэлт цуцлуулсан, гэмтэл авсан зэрэг баримтууд нь хариуцагч нарын хоорондын харилцаад хамаарах тул эдгээр баримтад үндэслэн *******ыг төлбөрийн чадваргүй гэж дүгнэх боломжгүй юм.
5. Нотариатын төлбөр 25,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 8,000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, үлдэх 17,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир энэ шийдэл хэвээр үлдэнэ.
Гэхдээ уг шаардлага нь үүргийн зөрчилтэй холбогдон гарсан байхад үүнд хамааралгүй гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирлыг шаардах эрхэд хамаарах зохицуулалтыг анхан шатны шүүх баримталсан байгааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн орхигдуулсан зарим үйл баримтад нэмэлт эрх зүйн дүгнэлт өгч, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/08514 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 453.1-т 227 дугаар зүйлийн 227.3-т гэснийг 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,421 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Т.БАДРАХ