| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1571 |
| Огноо | 2019-10-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 1571
2019 10 14 2019/ШЦТ/1571
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Шүүгдэгч Э.О , түүний өмгөөлөгч Ч.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.О д холбогдох эрүүгийн 1906 03122 1374 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй, ам бүл 3, ээж хүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Э.О .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.О нь 2019 оны 5 дугаар сарын 21-22-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ок” нэртэй бааранд иргэн Х.Мөнхжаргалтай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Х.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-9-11/, гэрч Ш.Баттулгын мэдүүлэг /хх-75/, шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №6316 дугаартай дүгнэлт /хх-18/, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.О мэдүүлэг /хх-45-49/, ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-22/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.О нь 2019 оны 5 дугаар сарын 21-22-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ок” нэртэй бааранд иргэн Х.Мөнхжаргалтай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Мөнхжаргалын өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 21-22-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Ок нэртэй бааранд найз Тэмкэгийн хамт очиж үйлчлүүлж байгаад тэр газартаа архи хэрэглэсэн. Эзэн эмэгтэй хамт ууж байхдаа юунаас болж уурласныг мэдэхгүй намайг шууд баруун гараараа миний толгой руу цохиж эхэлсэн, тэгээд үсдсэн... би чи намайг зодчихоод яагаад цагдаа дуудаж байгаа юм бэ гэсэн чинь би энэ хавиарх цагдаа нарыг бүгдийг нь танина би зөндөө цагдаа найз нартай гэж хэлсэн. Ок нэртэй пабын эзэн эмэгтэй хэлтэс дээр ирээд намайг дахин миний толгой хэсэгрүү цохисон. Тэр үед цагдаа түүнийг гавлаад цаана байдаг сандал дээр суулгасан... Би 3 ширхэг пиво хэрэглэсэн биеэ хянах чадвартай байсан. Харин уг эмэгтэй биеэ хянах чадваргүй байсан... Миний толгой их зовиуртай байгаа учир шүүх эмнэлэгт үзүүлнэ...” /хх-9-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Баттулгын өгсөн: “...Тэр үед Ок нэртэй пабад Мөнхжаргал, Э.О бид 3-аас өөр нэг ч хүн байгаагүй. Тухайн үед ямар ч хэрүүл маргаан болоогүй, миний ажигласнаар Мөнхжаргал, Э.О нар анх танилцаж байж хоорондоо чухам л найзууд болоод үлдэцгээсэн... Мөнхжаргал бид 2-ын хооронд ямар ч хэрүүл маргаан болоогүй... Мөнхжаргал надтай уулзахад зүв зүгээр байсан” /хх-75/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.О өгсөн: “...Мөнхжаргал нь манай найз Баттулгыг гараад явчихсан байхад нь тахир дутуу гэх мэт хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би түүнийг зүүн хацар руу нь нэг удаа алгадсан... Манай найз Баттулга нэг хүүхэнтэй хамт орж ирсэн. Баттулгатай тэр хүүхэнтэй нь хамт бид 3, 3-уулаа үлдэж хүний гурав, гурван пиво авж уусан...Тэгээд уугаад сууж байхдаа Баттулга нь нөгөө хүүхэндээ хандаж, явья гэтэл нөгөө хүүхэн явахгүй гэртээ харина гэсэн. Тэгсэн чинь Баттулга юундаа маяглаад байгаа юм бэ гээд тэр 2 зад хэрэлдсэн. Тэгээд би Баттулгыг хөөгөөд гаргасан. Гэтэл Баттулгыг гараад явсны дараа нөгөө хүүхэнтэй юм яриад сууж байсан чинь тэр хүүхэн Баттулгыг гар хөлнийх нь өвчнөөр доромжлоод байсан. Би Баттулгатай найз болохоороо өмөөртөл тэр хүүхэн намайг үсдэж авсан. Харин би биеэ хамгаалах гэж адилхан үсдэлцсэн. Ингээд хоёулаа харилцан үсдэлцээд байгаад байсан. Би тэр хүүхнийг цагдаагийн хэлтэсд нэг л удаа алгадчихсан. Тэр цагдаа намайг эрүүлжүүлэхэд хүргэсэн...Хоёрын хооронд юман дээр хэн хэндээ гомдолгүй гээд салчихмаар байх юм. Нэг их сүртэй юм болоогүй. Адилхан л бие биенээ цохилцсон...” /хх-45-49/ гэх мэдүүлэг,
Х.Мөнхжаргалын биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн
шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №6316 дугаартай дүгнэлтэд:
1. Зүүн зулай дагзны зүүн хэсэг, цээжинд баруун суганы урд шугамаар наймдугаар хавирга орчимд тэмтэрхэд эмзэглэлтэй, тархи доргилт, зүүн зулай дагзны хэсэг, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон үйлчлэлээр 1 бус удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-18/ гэх дүгнэлт,
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч Э.О нь 2019 оны 5 дугаар сарын 21-22-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ок” нэртэй бааранд иргэн Х.Мөнхжаргалтай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Хэрэгт авагдсан хэмжээгээр хохирол нөхөн төлөгөдсөн тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Э.О хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдсон 2 шмрхэг сиди авагдсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.О д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.О нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС