| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 305/2025/00769/И |
| Дугаар | 215/МА2026/00001 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 215/МА2026/00001
М.Т-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 305/ШШ2025/00720 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ***** сумын *** -р багт оршин суух О овогтой М.Т-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ***** сумын *** -р багт оршин суух И овогтой Ц.Б-д холбогдох,
3,100,000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч М.Т нь ноолуурын үнийн үлдэгдэл 1,600,000 төгрөг, 6 сарын үлдэгдэл хөлс 1,000,000 төгрөг, дутаасан 25 ямааны үнэ 2,500,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
1.2. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Т нь 22 ямаа болон мотоциклийн үнэ нийт 3,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Нэхэмжлэгч М.Т нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1 жилийн хугацаатай 78 ямааг хариулуулахаар аман тохироо хийж хөлсөнд шинэ мотоциклоо өгсөн. Мотоциклоо 2 саяд бодож тохирсон. Мөн нэг малыг 2000 төгрөгөөр бодож жилд 1872 мянга буюу мотоциклийн үнэд тохирч малаа маллуулсан. 2025 оны 06 сард очтол 53 ямаа байсан бөгөөд 25 ямаа дутсан. 78 ямааны 8 кг ноолуурыг авсан. Бэлнээр 600,000 төгрөг өгсөн. Үүний нийт дүн нь 1,4 сая төгрөг болсон. Үлдэгдэл 1,6 сая төгрөг өгөөгүй. Ноолуур 30 кг гарах байсан. Үүн дээр 6 сарын үлдэгдэл хөлс 1,000,000 төгрөг, нийт 2,6 сая, 25 ямааны дундаж 2,5 сая төгрөг бүгд 5,100,000 төгрөг гаргуулна. Одоо идшинд хийсэн 3 ямаагаа хасаад 22 ямаа болон мотоциклийн үнэ нийт 3,100,000 төгрөг гаргуулна...” гэж тайлбарлажээ.
2. Хариуцагч Ц.Б нь “...2024 онд М.Т-аас манай малыг хариулаад өгөөч, үнэ хөлсийг нь өгнө гэсэн хүсэлтийн дагуу 2024.11.16-нд 75 ямаа, 2 хонь нийт 77 тооны бог малыг Ц.О, М.Т нар авчирч өгсөн. Уг малын хөлсөнд бэлэн мөнгө байхгүй учраас 2017 онтой мотоциклоо өгье, хавар хүртэл хариулаад өгөөч гэсэн тул уг мотоциклыг авсан. Мал маллах хугацаанд өвлийн хүнсэндээ 5 ямаа хийлгэж авсан. 12 сараас эхлээд мал нь төллөж эхэлсэн ба муудаж төллөсөн малыг нь өөрийн хадаж авсан 2 машин өвс тэжээлээр хавар хүртэл тэжээж онд оруулсан. Энэ хугацаанд нийт 8 ямаа, 1 хонь үхэж хорогдсон ба эдгээр малыг тэр дор нь ирж үзээрэй гэхэд аймагт байгаа тул очих боломжгүй гэсэн. Хавар болж ямаагаа самнаж ав гэхэд би чадахгүй ээ, та 2 самнаад өгөөч үнэ хөлсийг нь өгье гэсэн. Ингээд бид хоёр нийт 62 ямаа самнаж өгсөн. Нэг ямаа 10,000 төгрөгөөр бодож самнуулсан. Хөлсөө яаж өгөх юм бэ гэсэн ахад нь мөнгөний бололцоо байхгүй зээлтэй ямаа бодоод авчих гэсэн. Самнасан ноолуураас өөрөө ирж 4600 гр, 5500 гр, дараа 3600 гр-аар тус тус авч явсан. Үлдсэн 6 кг ноолуурыг нь тушааж 600,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн сүүлд мөнгө хэрэгтэй байна гэхэд Ц.М гэдэг хүнд 350,000 төгрөг шилжүүлсэн. М.Т-ын 61 ямаа, 9 ишиг, 1 хонь нийт 71 тооны бог мал байсан бөгөөд үүнээс 7 ямааг ямаа самнуулсан хөлсөнд өгсөн. Ингээд үлдсэн 64 малыг Б, М.Т нарт 06 сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд үхэж үрэгдсэн малыг эргүүлэн төлж өгнө. Өвөл мал нь муудахад би хэлсэн 10 ямаагаа авчих гэж. Бие өвдөөд ирж чадахгүй гэсэн. Өөрөө сая 10 дугаар сарын 08-нд тохиръё гээд надаас 500,000 төгрөг авсан” гэж татгалзжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Б-аас 3,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Т-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-аас 3,100,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 64,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Т-д олгож, ..... шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Миний бие Ц.Б нь Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 305/ШШ2025/00720 дугаар шийдвэртэй санал нийлэхгүй байна. Анхан шатны шүүхээс М.Т-ын нэхэмжлэлийн дагуу мал дутуу байсан, ноолуурын мөнгө өгөөгүй гэх үндэслэлээр миний эсрэг төлбөр гаргуулсан. Уг шийдвэр нь бодит байдалд нийцээгүй учир гомдолтой байна. Би малыг нь онд оруулж өгсөн. Ямааг нь самнаж бүрэн хүлээлгэж өгсөн. Гэвч зөвхөн нэхэмжлэгчийн мэдээлэлд тулгуурлан миний санал, хүсэлт, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан авч үзээгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, М.Т-ын мал маллахад зарцуулсан 2 портер өвсний үнэ 700,000 төгрөг, 20 сав тэжээлийн үнэ 500,000 төгрөгийг гаргуулж өгч, надад оногдуулсан төлбөрийг бууруулахыг хүсэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
6. Нэхэмжлэгч М.Т нь ноолуурын үнийн үлдэгдэл 1,600,000 төгрөг, 6 сарын үлдэгдэл хөлс 1,000,000 төгрөг, дутаасан 25 ямааны үнэ 2,500,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Т нь 22 ямаа болон мотоциклийн үнэ нийт 3,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
6.1. Нэхэмжлэгч М.Т нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1 жилийн хугацаатай 78 ямааг хариулуулахаар аман тохироо хийж хөлсөнд шинэ мотоциклоо өгсөн. Мотоциклоо 2 саяд бодож тохирсон. Мөн нэг малыг 2000 төгрөгөөр бодож жилд 1872 мянга буюу мотоциклийн үнэд тохирч малаа маллуулсан. 2025 оны 06 сард очтол 53 ямаа байсан бөгөөд 25 ямаа дутсан. 78 ямааны 8 кг ноолуурыг авсан. Бэлнээр 600,000 төгрөг өгсөн. Үүний нийт дүн нь 1,4 сая төгрөг болсон. Үлдэгдэл 1,6 сая төгрөг өгөөгүй. Ноолуур 30 кг гарах байсан. Үүн дээр 6 сарын үлдэгдэл хөлс 1,000,000 төгрөг, нийт 2,6 сая, 25 ямааны дундаж 2,5 сая төгрөг бүгд 5,100,000 төгрөг гаргуулна. Одоо идшинд хийсэн 3 ямаагаа хасаад 22 ямаа болон мотоциклийн үнэ нийт 3,100,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ.
7. Хариуцагч Ц.Б нь 2024 онд М.Т-аас манай малыг хариулаад өгөөч, үнэ хөлсийг нь өгнө гэсэн хүсэлтийн дагуу 2024.11.16-нд 75 ямаа, 2 хонь нийт 77 тооны бог малыг Ц.О, М.Т нар авчирч өгсөн. Уг малын хөлсөнд бэлэн мөнгө байхгүй учраас 2017 онтой мотоциклоо өгье, хавар хүртэл хариулаад өгөөч гэсэн тул уг мотоциклыг авсан. Мал маллах хугацаанд өвлийн хүнсэндээ 5 ямаа хийлгэж авсан. 12 сараас эхлээд мал нь төллөж эхэлсэн ба муудаж төллөсөн малыг нь өөрийн хадаж авсан 2 машин өвс тэжээлээр хавар хүртэл тэжээж онд оруулсан. Энэ хугацаанд нийт 8 ямаа, 1 хонь үхэж хорогдсон ба эдгээр малыг тэр дор нь ирж үзээрэй гэхэд аймагт байгаа тул очих боломжгүй гэсэн. Хавар болж ямаагаа самнаж ав гэхэд би чадахгүй ээ, та 2 самнаад өгөөч үнэ хөлсийг нь өгье гэсэн. Ингээд бид хоёр нийт 62 ямаа самнаж өгсөн. Нэг ямаа 10,000 төгрөгөөр бодож самнуулсан. Хөлсөө яаж өгөх юм бэ гэсэн ахад нь мөнгөний бололцоо байхгүй зээлтэй ямаа бодоод авчих гэсэн. Самнасан ноолуураас өөрөө ирж 4600 гр, 5500 гр, дараа 3600 гр-аар тус тус авч явсан. Үлдсэн 6 кг ноолуурыг нь тушааж 600,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн сүүлд мөнгө хэрэгтэй байна гэхэд Ц.М гэдэг хүнд 350,000 төгрөг шилжүүлсэн. М.Т-ын 61 ямаа, 9 ишиг, 1 хонь нийт 71 тооны бог мал байсан бөгөөд үүнээс 7 ямааг ямаа самнуулсан хөлсөнд өгсөн. Ингээд үлдсэн 64 малыг Б, М.Т нарт 06 сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд үхэж үрэгдсэн малыг эргүүлэн төлж өгнө. Өвөл мал нь муудахад би хэлсэн 10 ямаагаа авчих гэж. Бие өвдөөд ирж чадахгүй гэсэн. Өөрөө сая 10 дугаар сарын 08-нд тохиръё гээд надаас 500,000 төгрөг авсан гэж татгалзжээ.
8. Нэхэмжлэгч М.Т 2024 оны 12 сард ямаа маллуулахаар хариуцагч Ц.Б-д хүлээлгэн өгч, мал хариулсны хөлсөнд өөрийн мотоциклийг өгөхөөр харилцан тохиролцсон байна.
9. Нэхэмжлэгч М.Т хариуцагч Ц.Б нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Учир нь хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
10. Нэхэмжлэгч нь нэг малыг сард 2,000 төгрөгөөр хариулахаар тохиролцож, бүтэн жилийн хугацаанд 78 ямааг 1,872,000 төгрөгөөр маллуулахаар тохиролцож, энэ үнэд тооцож мотоциклио өгсөн гэж тайлбарладаг ба хариуцагч Ц.Б нь мал хариулах хөлс болон мотоциклийн үнэлгээтэй маргаагүй.
11. Нэхэмжлэгчийн хариуцагч Ц.Б-д мал хүлээлгэн өгсөн 2024 оны 12 сараас малаа буцаан авсан 2025 оны 06 сар хүртэлх хугацааг тооцож үзэхэд хариуцагч Ц.Б нь 6 сар буюу нэхэмжлэгчтэй тохиролцсон хугацааны хагаст нь малыг нь хариулсан байна.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 367 дугаар зүйлийн 367.3-т ажиллагч ажлынхөө хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ гэж заасан. Иймд нэхэмжлэгч М.Т нь илүү төлсөн ажлын хөлс буюу мотоциклийн үнийн тал 900,000 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
13. Нэхэмжлэгч нь анх 78 ямаа хүлээлгэн өгсөн боловч хавар 53 ямаа хүлээн авсан. 25 ямаа дутсан. Үүнээс 3 ямааг өвлийн идшинд хэрэглэсэн тул 22 ямааны үнийг гаргуулна гэж шаарджээ.
Харин хариуцагч Ц.Б нь нийт 75 ямаа, 2 хонь хүлээн авснаас өвөл 8 ямаа, 1 хонь өвөл үхсэн, 5 ямааг М.Т идшинд хэрэглэсэн, ингээд 61 ямаа үлдсэн байснаас ямаа самнасны хөлсөнд 7 ямааг суутган авч, 55 ямаа, 9 ишиг, 1 хонь нийт 64 малыг М.Т-д хүлээлгэн өгсөн, 10 дугаар сарын 08-нд тохиръё гээд надаас 500,000 төгрөг авсан, үхсэн 9 малыг төлнө гэж татгалзжээ.
14. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй,
227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заажээ.
15. Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч Ц.Б-д тодорхой тооны малыг хариулуулахаар хүлээлгэн өгсөн бөгөөд гэрээ дуусгавар болоход хариуцагч Ц.Б нь анх хүлээлгэн өгсөн малын тоог дутаалгүйгээр буцаан хүлээлгэн өгөх үүрэгтэй.
16. Хариуцагч нь 8 ямаа, 1 хонь өвөл үхсэн гэдгийг хүлээн зөвшөөрч дээрх хохирлыг төлөхийг зөвшөөрдөг.
17. Нэхэмжлэгч М.Т нь ямаагаа хавар самнаж чадахгүй даралт ихсээд байна гэж ямаа самнасны хөлсөнд 7 ямаа өгөхөөр тохиролцож, 1 ямааг 80,000 төгрөгөөр тооцжээ. Энэ талаарх байдал анхан шатны шүүх хуралд мэдүүлсэн түүний тайлбараар тогтоогдож байна.
18. Давж заалдах гомдлын талаар:
18.1. Хариуцагч Ц.Б нь “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, М.Т-ын мал маллахад зарцуулсан 2 портер өвсний үнэ 700,000 төгрөг, 20 сав тэжээлийн үнэ 500,000 төгрөгийг гаргуулж өгч, надад оногдуулсан төлбөрийг бууруулахыг хүсэж байна...” гэж давж заалдах гомдол гаргасан байна.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмаар явагдах ба энэ хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч талууд өөрийн шаардлага татгалзалаа нотлох баримтыг шүүхэд цуглуулж, бүрдүүлж гаргах үүрэгтэй.
20. Хариуцагч Ц.Б нь М.Т-ын мал маллахад зарцуулсан 2 портер өвсний үнэ 700,000 төгрөг, 20 сав тэжээлийн үнэ 500,000 төгрөгийг гаргуулж авна гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлээ гаргаагүй тул хэлэлцэх боломжгүй байна.
21. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж заасан болно.
22. Анхан шатны шүүх хариуцагч Ц.Б-аас мотоциклийн үнийн хагас 900,000 төгрөг, дутагдуулсан 22 ямааны үнэ 2,200,000 төгрөг нийт 3,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Т-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүнээс нэхэмжлэгч М.Т нь ямаагаа самнаж чадахгүй даралт ихсээд байна гэж ямаа самнасны хөлсөнд 7 ямаа өгөхөөр тохиролцож, 1 ямааг 80,000 төгрөгөөр тооцсон байх тул нийт 3,100,000 төгрөгнөөс 560,000 төгрөгийг хасч 2,540,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 305/ШШ2025/00720 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...3,100,000 төгрөг...” гэснийг “...2,540,000 төгрөг...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх нь хэргийг эцэслэн шийдвэрлэх болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ш.БАТТОГТОХ