Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 781

 

                        Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: Б.Батсайхан,

Шүүгдэгч: Б.У-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Б овогт Б-ны Б-д холбогдох эрүүгийн 1905032460000 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1994 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машин механизмын операторчин мэргэжилтэй, “О” ХХК-д аж ахуйн менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дөл хотхоны 00000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 000 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 000 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б овогт Б-ы У, регистрийн дугаар: /            /

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б.У-нь 2019 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” баарны орчим иргэн Н.П-ийн хүзүү хэсэгт шилээр зүсэж, иргэн Г.Г-ийн нүүрэн хэсэгт өшиглөж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.У-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.У-нь 2019 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” баарны орчим иргэн Н.П-ийн хүзүү хэсэгт шилээр зүсэж, иргэн Г.Г-ийн нүүрэн хэсэгт өшиглөж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Н.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө 03 цагийн орчим тус бүр 1 шил пиво авсан. Би гадаа гарч тамхи татаад баар хааж байгаа учир эргэж ороод найз Г-ийг авах гээд ортол өөдөөс гараад ирсэн. Баарны үүдэнд Д.У /цагдаагийн байгууллагаас нэрийг нь сүүлд мэдсэн/ мөрөөрөө Г-ийг мөрөлсөн. Г- эргээд хартал зүүн хацар дээр нь үнсээд чи надад таалагдаад байна шүү гэж хэлсэн. Тэгтэл Г- чи яахаараа намайг үнсдэг юм бэ гээд уурласан. Тэгээд Г- уг залууг баруун гартаа барьж явсан бор шилтэй пивийг нь цохиж газар унагаасан. Би боль боль гээд найз Г-ийг салгаж авсан. Ингээд Г-ийн хамт баарны хашаанаас гараад явтал араас дахиж У нь ирж маргалдаад тэр хоёр заамдалцаад зууралдсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгаад Г-ийг аваад хоёр гурав алхтал дэргэд байсан баарны хамгаалагч залуу энэ цус уу гэж орилсон. Тэгэхээр нь би энгэрээ хартал миний өмссөн цамны энгэр битүү цус болсон байсан ба би зүсэгдсэн хэсгээ зүүн гараараа барьтал эрхий хуруу шарх руу гүнзгий орсон. ...Г- чи миний найзыг алахыг завдлаа гэж хэлтэл нөгөө залуу хөлөөрөө нүүр лүү жийж өшиглөсөн. Тэгтэл Г-иин хамраас нь цус гарсан. ...Гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 тал/,

 

Хохирогч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2019 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө К бааранд 03 цагийн орчим найз П-ийн хамт пиво уух гэж орсон. Бид хоёр тус бүр 0,5 граммтай Сэнгүүр пиво уугаад бүжиглэж байгаад 03-04 цаг өнгөрч байхад баар хаалаа гэхээр нь бид хоёр харих гээд баарнаас гарсан. Ингээд гарч явж байтал нэг залуу намайг мөрөлсөн, би яаж байна гээд эргээд хартал миний зүүн хацар дээр үнссэн. Чи яаж байна яагаад намайг үнсээд байгаа юм бэ зүгээр байгаарай пизда минь би гомо би шүү андуураад байгаарай гэж хэлсэн. Тэр үед У баруун гартаа бор шилтэй 0,5 граммын шилтэй пиво барьсан байсан учир тэр пивоороо цохиж магадгүй гэж бодоод би хажууд нь зогсож байхдаа уг пивог нь гараараа цохиод газар унагаасан. Энэ үед миний дэргэд зогсож байсан баарны хамгаалагч залуу намайг цааш нь түлхээд У-аас холдуулсан. Тэгтэл У араас “...чи яах юм дахиад үнссэн ч болно шүү дээ таалагдаад байна...” гэх мэтээр намайг араас өдөөн хатгаад байсан учир би Уад энд олон хүн байна хоёулаа хашаанаас гарья гэж хэлсэн. Тэгтэл араас найз П- ирээд намайг боль хөгшөөн гэж хэлсэн. Баарны хашаанаас гараад замын дэргэд зогсоод ийшээ явъя гээд би Уыг татаж цааш явтал П- ирээд бид хоёрын дундуур орж салгаад миний араас түлхээд цааш хараад 2-3 алхтал цаанаас У бид нарын дэргэд ирээд зогссон байсан. Хамгаалагч юм уу зохион байгуулагч ажилтай болтой нэг бүдүүн залуу энэ юу вэ цус уу гэхээр нь хартал тэр залуугийн гар цус болсон байсан би эргээд найз П-ийг хартал найзын баруун талын хүзүү шанааны орчмоос их хэмжээний цус гарч байсан. Тэгтэл нөгөө хамгаалагч нь шууд такси бариад яаралтай гэмтлийн эмнэлэг яв гэж хэлсэн би машины урд талд жолоочийн  эсрэг талд суусан ард талд П-, хажууд нь нөгөө залуу суугаад явж байсан. Би урд талын сандал дээрээс эргэж хараад яаж байгаа пизда минь гээд хартал шууд миний нүүр рүү нөгөө залуу хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед хамраас цус гарсан. Тэгээд бид нар гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. П- зүсэгдсэн шархандаа 4 оёдол тавиулсан би бас хамрынхаа цусаа тогтоож эмнэлэгт үзүүлж зураг авхуултал хамар хугарсан байна гэж хэлсэн. ...Тэнд ухаанаа алдтал согтсон хүн байгаагүй. Баар тараад хааж байсан учир хүмүүс орж гараад явж байсан яг хэн гэх хүмүүс байсныг бол мэдэхгүй. ...Гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 тал/

 

Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2019 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө К баарны зохион байгуулагчаар ажиллаж байсан. Манай баар 04 цагийн орчим хаагаад бааранд үйлчлүүлж байсан хүмүүсээ баарнаас гаргасан. Дотор байж байтал баарны үүдэнд хүмүүс маргалдаад байна гэж такс таслагч Б хэлэхээр нь би баарнаас гараад иртэл хашааны гадаа өндөр нам 2 залуу нэг намхан залуутай маргалдаад зогсож байсан. Би таскчин Б-тай хамт очоод одоо больчих гээд ганцаараа явж байсан залууг таксинд суулгаад явуулчихья гэж хэлээд дундуур нь орж болиулаад 2 талдаа гаргаад хартал миний зүүн талын гар нь дээр цус болсон байгааг хараад энэ юун цус вэ гээд хартал миний зүүн гар талд зогсож байсан өндөр залуугийн баруун эрүүний орчмоос цус гарч байсан. Тэгээд юун цус вэ гээд нөгөө залууг нь хартал гарт нь юм анзаарагдаагүй. Тухайн үед хохирогч гэх залуутай маргалдаад байсан намхан залуугаас өөр гэмтэл учруулах хүн байгаагүй учир би тэр залууг барьж аваад нөгөө маргалдаж байсан 2 залуугийнх нь хамт хурдан гэмтлийн эмнэлэг рүү яв гээд зам дээрээс такси барьж өгөөд явуулсан. ...Тэр хүмүүсийн ярьснаар бол эмэгтэй хүмүүсээс мөн үнссэн гээд маргалдаад байсан. Би яг юунаас болж маргалдсаныг бол мэдэхгүй. Хохирогч гэх 2 залуу бол бараг эрүүл шахуу байсан. Харин тэр маргалдаад байсан залуу бага зэрэг согтолттой байсан ба ер нь бол 3-лаа болж байгаа зүйлийг бүгдийг мэдэх хэмжээний байсан. Яг юугаар гэмтэл учруулсаныг бол харж чадаагүй, анзаараагүй. Ямар ч байсан ил харагдах хутга мэсний зүйл гарт нь байхгүй байсан. Би таксины дугаарыг бол хараагүй зам дээр явж байсан приус 20 маркийн саарал өнгийн машинд суулгаад явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-99 тал/

 

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө К бааранд такс таслагчаар ажиллаж байсан. Тухайн шөнө баар хаах гээд хөгжим унтраагаад дотор байсан хүмүүсээ гаргаж байсан. Би тухайн үед баарны гадаа хаалганы дэргэд тамхи татаад зогсож байтал баарнаас 3-4 залуу 2-3 эмэгтэй хамгийн сүүлд гарч ирээд явж байхдаа нэг залуу нь нөгөө залуугаа үнсчихээд нөгөө залуу нь уурласан чинь чи надад таалагдаад байна гээд түүнээс болж тэр хоёр залуу маргалдсан. Тэр үед би та хоёр одоо боль яв гээд хамгаалагч Н бид хоёр салгахад тэр хоёр залуу эхлээд маргалдаж байснаа сүүлдээ гараа бариад эвлэрээд салаад хашаанаас гарцгаасан. Баар хаагдсан учир хашааны хаалга хаахаар хамгаалагч Н бид хоёр хашааны гадаа хүмүүсийг гаргасан. Тэгтэл хашааны гадаа анх үнсүүлсэн гээд маргаан гаргаад байсан намхан залуу нь үнссэн гэх залууг явуулахгүй чирээд хоргоогоод байсан. Энэ үед үнсүүлсэн гэх залуутай явж байсан өндөр залуу тэр хоёрын дундуур ороод салгаад буруу хараад явах гэтэл гэнэт баруун эрүүний орчмоос нь цус гараад эхэлсэн. ...Миний харсанаар өндөр залуугийн хүзүүний орчим намхан маргалдаад байсан залуу зүссэн. ...Сүүлд бид нар камер шүүгээд харж байхад гартаа барьж явсан пиво хагарсан тэрнээсээ аваад гартаа барьж яваа харагдсан тэрүүгээрээ зүссэн байх гэж бодож байна...” /хх-ийн 100-102 тал/

 

Шүүгдэгч Б.У-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Миний хувьд би хохирогч Г- болон П- нартай сайн дураараа эвлэрсэн. Хохиролд Г-т 250.000 төгрөг, П-ид 500.000 төгрөгийг тус тус төлсөн. Одоо бид нарын дунд ямар нэгэн маргаан өш хонзон өр авлага байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй. Өөрийн хийсэн зүйлдээ гэмшиж байгаа дахин гэмт хэрэгт холбогдохгүй учир хэргийг хөнгөн байдлаар шийдэж өгнө үү. ...Би гарнаас унаж хагарсан пивны шилний жижиг хагархайг гартаа барьж явсан санагдаж байгаа. Тэрүүгээр гэмтэл урчуулсан байх. П- гэх залуутай бол би огт маргалдаагүй, харин Г-тэй л маргалдаж байсан. Харин П- гэх залуу бол маргааныг салгаж байсан. Тэр үед гэмтээх санаа байгаагүй. Г- бид хоёр заамдалцсан байсан, тэр үед П- гэх залуу дундуур ороод бид хоёрыг салгасан. Тэгээд би явах гээд цааш хартал гэнэт цус уу гээд хамгаалагч орилхоор нь эргээд хартал тэр залуугаас цус гарч байсан...” /хх-ийн 115-117 дахь тал/ гэх мэдүүлгүүд, 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний 9598 дугаартай “...Н.Пийн биед хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 26 тал/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний 9600 дугаартай “...Г.Г-ийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32 тал/,

 

“К” баарны хяналтын камерт бичигдсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-44 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.  

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Б.Уын хохирогч Н.Пийн хүзүү хэсэгт шилээр зүссэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч Н.Пийн эрүүл мэндэд хүзүүнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч Г.Г-ийн нүүр хэсэгт өшиглөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч Г.Г-ийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 9598, 9600 дугаар дүгнэлтүүд үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн”, гэж мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэг “хоёр, түүнээс олон хүнийг” гэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.  

 

Иймд прокуророос шүүгдэгч Б.Уыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.У-нь хохирогч нарыг зүсэх, өшиглөхөд тэдгээрт хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Уыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У-нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй...” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэж байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.П, Г.Г- нарын  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь Н.П баримтаар 128.850 төгрөгийг нэхэмжилсэнээс шүүгдэгч нь 500.000 төгрөгийг нөхөн төлсөн нь хохирогч Н.Пийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...У надад эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг сайн дураар гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 92 тал/, хүсэлт /хх-ийн 132 тал/-ээр, мөн хохирогч Г.Г- нь баримтаар 120.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.У-нь 250.000 төгрөг нөхөн төлсөн болох нь хохирогч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сайн дураар эвлэрсэн ба надад эмчилгээний зардалд 250.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 96 тал/-ээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймээс шүүгдэгч Б.Уаас гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.У-нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Б.Уын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 55 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 56 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 59 тал/, боловсролын талаарх баримт /хх-ийн 60 тал/,  шийгэх тогтоолын хуулбар /хх-ийн 124-130 тал/ зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 “...учруулсан хохирлыг төлсөн...” хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.У-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Уад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди нь хэргийн үйл баримтыг тогтоосон хяналтын камерын бичлэг учир хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Уад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Б-ы Уыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уад 800 / найман зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 / найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.У-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Н.Пид 500.000 төгрөг, хохирогч Г.Г-д 250.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА